"Мисс, нэвтрүүлэгч хоёрыг яагаад хослуулж болохгүй гэж"

2019-01-11

"Мисс, нэвтрүүлэгч хоёрыг яагаад хослуулж болохгүй гэж"

Магадгүй ихэнх охин бага байхдаа өөрийгөө миссийн титэм зүүснээр төсөөлөн, гараа даллан ялдам инээмсэглэн алхаж байсан л болов уу. Тэдгээр охины нэг нь мөрөөдөлдөө хүрч  “Манжуурын мисс-2018″ олон улсын уралдааны тэргүүн  титмийн эзэн болжээ. Түүнийг Г.Содгэрэл гэдэг. Отгонтэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн гуравдугаар дамжаанд сэтгүүлч-нэвтрүүлэгч хэмээх хосолсон мэргэжлээр суралцдаг аж. Тэрбээр 2017 онд буюу 17 насандаа арванхоёрдугаар сард Хятад улсын Шанхай хотноо болсон “ Miss tourism queen of the year international ” тэмцээнд оролцож  топ таван охины дөрөвдүгээр байрт шалгарч, “Miss elegance” гэх шагнал хүртэж, хамгийн анх оролцсон олон улсын тэмцээнээсээ хоёр шагнал хүртэж байжээИнгээд түүнтэй  хийсэн ярилцлагаа сонирхуулъя.


-Юуны өмнө тэргүүн титмийн эзэн болсонд тань баяр хүргэе. Тэмцээн хэдэн үе шаттайгаар болж өндөрлөсөн бэ? Тэмцээний талаар товч мэдээлэл өгөөч?

Баярлалаа. “Манжуурын  мисс-2018″ олон улсын уралдаан нь "Эрүүл, үзэсгэлэн, энх тайван, найрамдал” уриа дор болж өндөрлөсөн. Хятад, Монгол, Орос гурван улсын гоо бүсгүй шалгаруулах олон улсын уралдаан гурван орны соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал индэр. Тус уралдаан нь Манжуур хотноо арванхоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Уралдаанд Хятад улсаас 15, Монгол улсаас 15, Орос улсаас 30 нийт гурван орны 60 гоо бүсгүйчүүд эхний өдөр үндэсний хувцас, усны хувцастай бүжгийн гараа гарсан бол дараагийн өдөр нь гоёлын даашинз, усны хувцастай алхаа зэргээр өрсөлдсөн. Ерөнхийдөө гурван үе шаттай гэсэн үг.

Харин сүүлийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр шагнал гардуулах ёслол болж өндөрлөсөн юм. Тус тэмцээнд шилдэг арав, тусгай байр зургаа, тэргүүн, дэд, гутгаар гэсэн нийт 19  шагналтай. Үүн дээр шилдэг зохион байгуулагч хамт олон нэмэгдээд нийт 20 шагналтай. Энэ жил Монгол Улсын баг нийт 20 шагналын 11-ийг эх орондоо авчирсан. Монголоос 40 хүний бүрэлдэхүүнтэй баг Манжуур хотыг зорьсон. Түүхэндээ ингэж олуулаа явж байсангүй. Би хувьдаа чамлахааргүй том амжилт гэж бодож байна. Миний хувьд үндэсний хувцас болон усны хувцастай бүжгийн гараагаа амжилттай гүйцэтгэсэн. Харин гоёлын даашинзтай гараа дээрээ урт даашинзныхаа хормойнд бүдэрсэн. Тэмцээнд олон сар хөдөлмөрлөсөн учраас шагнал авах байх гэсэн нууцхан горьдлого байсан ч бүдэрсэндээ сэтгэл гонсгор байсан.

Тэргүүн байрын мисс хэмээн зарлуулсан торгон агшин руу эргэж очин тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал

Гурван улсын дунд зохион байгуулагддаг тэмцээн учраас гурван улсын хөтлөгчид тэмцээнийг хөтөлдөг. Хятадын хөтлөгч анх миний хувийн дугаарыг зарлахад л тэргүүн байр авсан гэдгээ ойлгосон. Сэтгэл хөөрөл дээд цэгтээ тулсан. Мэдээж  нуухыг оролдсон ч баярын нулимс унагаж орхисон. /инээв/ Учир нь дан ганц миний хувийн хичээл зүтгэл биш манай 14 монгол охидын ард ажилласан баг хамт олны хичээл зүтгэлийн үр дүнд тэргүүн байр авч чадсандаа маш их баярласан.

Ер нь бол ямарваа нэгэн тэмцээн уралдаанд орохоороо түрүүлнэ гэсэн зорилготой орно. Тийм ч учраас би тэр үед “Ямар ч гэсэн би чадахаараа хичээсэн. Одоо намайг хэрхэн дүгнэх нь шүүгчид болон зохион  байгуулагчдын үнэлэмж” гэж дотроо бодоод найдвар тээн хүлээж байсан.

-Анх загварын өмсөгчийн гараагаа хаанаас хэрхэн эхэлж байв?

Би Эрдэнэтийн уугуул хүүхэд. 2011 онд зохиогдсон “Miss Mongolia”тэмцээнийг үзээд мисс болохыг хүссэн. Азаар 2011 онд Эрдэнэт хотын Хүүхдийн ордон байгуулагдаж байлаа. Хүүхдийн ордон байгуулагдахад загвар өмсөгч хөгжлийн хөтөлбөр дугуйланд хамгийн эхэнд бүртгүүлж байсан. Гэр бүлийнхэн маань ч охин хүүхэд учраас гоо зүйн мэдлэг эзэмшүүлэхийн тулд уг сургалтад хамруулсан. Анх загварын дугуйланд явахдаа 11 настай байсан. Түүнээс хойш долоон жил загвар өмсөх хүсэл мөрөөдөл эрмэлзэлдээ хөтлөгдөөд явж байна.

МОНГОЛ ОХИД БУСАД ОРНЫ  МИСС ОХИДООС АЛХААНЫ ТЕХНИКЭЭРЭЭ ЯЛГАРДАГ

-Тэмцээнд хамт өрсөлдсөн охид бүсгүйчүүдээсээ яг ямар чанараараа илүү байсан болохоор ялагч болсон гэж бодож байна вэ?

-“Манжуурын мисс” олон улсын уралдаан нь энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг төлөөлж оролцсон охид  зургаан удаа тэргүүн титмийн эзэн болж байсан.

Миний анзаарснаар монгол охид бусад орны мисс охидоос алхааны техникээрээ болон бага хамт олонтойгоо илүү сайн  тулж  ажилладаг болох нь анзаарагдсан шүү.

-Олон улсын тэмцээнд оролцоход мөнгө, санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэх үү?

Ер нь бол тэмцээн уралдааны бэлтгэлийг  өөрсдөө хангана. Харин очоод байрлах  газар болон хоол унд, хоёр талын  нислэгийн зардлыг зохион байгуулагч талаас нь гаргадаг.

Ингэхэд  яагаад  загварын агентлагт харьяалагддаггүй юм бэ?

Би оюутан учраас хичээлдээ шамдан суралцахгүй бол болохгүй. Мэдээж их сургуулиа амжилттай төгсөөд ямар нэгэн агентлагт харьяалагдах бодол байгаа.

Миний хувьд анх удаагаа мэргэжил нэгт хүнтэй ярилцаж байна. Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгон суралцах болсон бэ?

Би сэтгүүлч гэхээсээ илүү нэвтрүүлэгч болох мөрөөдөлтэй. Бага байхаасаа л зурагтаар гардаг хөөрхөн эгч нар шиг болох юмсан гэж боддог байлаа. Бага ангиасаа утга уран зохиол яруу найраг монгол хэлний хичээлээ илүү сонирхдог байсан. Тийм учраас сэтгүүлч,  нэвтрүүлэгч гэдэг  мэргэжлийг сонгоод орсон доо.

-Оюутан учраас  хичээл ихтэй байгаа байх  тэмцээн уралдаанд оролцох зэрэг цаг төлөвлөлтийг хэрхэн хийж байна вэ?

Тэмцээнд оролцох гээд хичээлээсээ гурван сарын чөлөө авсан. Оюутан хүн гурван сарын чөлөө авна  гэдэг мэдээж хүнд хэрэг. Энэ долоо хоногоос эхлэн  хичээлдээ сууж эхэлж байгаа. Хичээлээ нөхөх,  үндсэн хичээл гэхчлэн  хийх хичээл  их бий.

ТЭРГҮҮН МИССИЙН ТИТМИЙГ ХҮРТСЭНЭЭР  АСАР ИХ ХАРИУЦЛАГА НЭМЭГДЭЖ БАЙНА

Хоёулаа яриагаа таны хувийн амьдралын талаар үргэлжлүүлье. Бага насныхаа тухай ярихгүй юу?   

Миний бага нас Эрдэнэт хотод өнгөрсөн. Бага насны маань ихэнх дурсамж эмээ өвөөтэй минь холбоотой. Би чинь эмээ өвөөгийн хүүхэд. /инээв/ Хүмүүс эмээ өвөөгийн хүүхдүүд цаанаа нэг өөр байдаг  гэж  ярьдаг даа. Үүнтэй би санал нийлдэг учир нь ямарваа нэгэн зүйл хийхдээ илүү няхуур ханддаг  юм шиг санагддаг. Гэр бүлийн тухайд би айлын том хүүхэд дороо хоёр охин дүүтэй.

-Нууц биш бол найз залуутай юу?

Би зорилгоо ухамсарласан. Тиймээс найз залуу болон ирээдүйн гэр бүл төлөвлөлтөд яарахгүй байна. Болох ёстой зүйл цаг хугацаандаа болдог гэдэгт итгэдэг.

-Тэгвэл цаашдын зорилгоосоо хуваалцаач. Магадгүй тив, дэлхийд нэрээ дуурсгах дэлхийн дараагийн мисс миний урд сууж байгаа ч юм бил үү?

Цаашдаа мэдээж загварын чиглэлээр явна. Гэхдээ загвар өмсөгч, мисс хоёр тусдаа ойлголт учраас гол төлөв миссийн чиглэлээр явна гэж бодож байна. “Манжуурын мисс-2018” олон улсын уралдааны тэргүүн миссийн титмийг хүртсэнээр асар их хариуцлага нэмэгдэж байна. Тиймээс өөрийгөө илүү их  хөгжүүлж,  суралцах ёстой юм болов уу гэж бодож байгаа.

Би хувьдаа  2019 онд  өөрийнхөө авьяас чадварыг  хөгжүүлж өөртөө байж болох бүхий л боломжоо дайчлан суралцахыг илүү их эрмэлзэж байна. Надад хоёр том мөрөөдөл бий. Нэг нь олонд хүндлэгдсэн нэвтрүүлэгч болох. Удаах мөрөөдөл маань Дэлхийн миссийн тэмцээнд оролцох. Мисс, нэвтрүүлэгч хоёр мэргэжлийг яагаад хослуулж болохгүй гэж. Одоогоос эхлээд өөрийгөө бүх талаар хөгжүүлж, өөрийгөө бэлдэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Зорилгодоо хүрч олонд хүндлэгдсэн мундаг  нэвтрүүлэгч болоорой.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

БНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ
Газар дундын тэнгист 170 цагаач сураг алдрав
Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө
Онцгой гавьяа байгуулсан ГУРВАН АЛБА ХААГЧИД 16 сая төгрөг олголоо
Арктик дахь Луугийн сонирхол буюу Хойд туйлыг дамнасан шинэ Торгоны зам
Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ
“Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ
Б.Анужин: Намайг дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа
Төрийн ордны авто зогсоолд тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглолоо
Македон улсын нэрний өөрчлөлтийг эсэргүүцэж, олон мянган Грекчүүд жагслаа
Удаан хүлээгдсэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн тийзний үнийг бууруулах тухай хэлэлцээр хийгдэж байна
Гахайн мялзан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ
НҮБ-ын гурван ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байсан гэжээ
БОКС: Канело Алварес – Даниель Жэкобс нар тулна
Фэйсбүүк Оростой холбоотой 500 гаруй хаягийг хаажээ
Сандра Буллокийн гол дүрд нь тоглосон "Bird Box" кино ч "Netflix"-ийн орлогыг таамагласан хэмжээгээр өсгөж чадсангүй
2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамгийн их гарчээ
Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
“Good Price", "Номин" супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулж байжээ
Алхалт нь илүүдэл жингээс сэргийлж чадна