Си, Ким нарын НУУЦ

2019-01-11

Си, Ким нарын НУУЦ

Гадаад ертөнцөд хамгийн хаалттай БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны БНХАУ-д хийсэн гэнэтийн айлчлалын үр дүнгийн талаар дэлхийн хэвлэлүүд өөр өөрийн өнцгөөр онцолсоор байна. Манай урд хөршийн төрийн тэргүүний урилгаар айлчилсан Ким Жон Уны айлчлал эхлэхээсээ л нууцлаг байв. Тэр Хятадад айлчлахаа нууцалсан бөгөөд түүнийг тус улсад очсон хойно л дэлхийн хэвлэлүүдэд мэдээллүүд түгж эхэлсэн билээ.

Ким Жон Ун нэгдүгээр сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Хятадад ийнхүү дөрөв дэх удаагаа айлчлав. Түүний гэнэтийн айлчлалын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Тун удахгүй Трамп, Кимийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт болно. Уулзалт болох газрыг судалж байна" гэж мэдэгдсэн билээ. Кимийн хувьд Трамптай анх уулзахаасаа долоо хоногийн өмнө Бээжин хотноо айлчилсан юм. Энэ талаар олон улсын шинжээчид өөрсдийн тайлбарыг хэлдэг ч дийлэнх нь Си Жиньпинээс заавар зөвлөгөө авсан гэж үзэх хандлагатай байдаг.

Ким Жон Уныг БНХАУ-д айлчлахад түүний гэргий Ли Соль Жу, түүний зөвлөх бөгөөд Солонгосын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Ён Чоль, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар дагалдан явав.

БНХАУ-ын дарга Си Жиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзаж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. “Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижрахад идэвхитэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Хятад улс “энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө” цөмийн зэвсэг хураахад дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэжээ. Мөн тэрбээр Хятадын тал БНАСАУ-тай хүчин чармайлтаа нэгтгэж, хоёр талын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгааг онцлон тэмдэглэсэн байна. Хоёр орны удирдагчид цаг орчим хаалттай хаалганы ард уулзацгаасан ч өнөөг хүртэл юуны талаар ярилцсан нь нууц хэвээр байгаа юм.

Си Жиньпин “Солонгосын Хөдөлмөрийн намын хэрэгжүүлж буй хөгжлийн шинэ стратеги нь эерэг үр дүнгээ хэдийнэ өгсөн бөгөөд Хойд Солонгосын ард түмний болон Солонгосын Хөдөлмөрийн намын хөгжил дэвшлийн төлөөх шийдэмгий эрмэлзлийг харуулсан. Шинэ бодлогыг Хойд Солонгосын ард түмэн чин сэтгэлээсээ дэмжиж байгаа бол дэлхийн хамтын нийгэмлэг эерэг үнэлгээ өгсөн” гэж хэлжээ. Хөгжлийн шинэ бодлогыг тууштай хэрэгжүүлэх замд Хятад улс БНАСАУ-ыг шийдэмгий дэмжинэ гэж тэрбээр онцлон дурдсан байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай Бээжин хотноо уулзахдаа, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулахад чиглэсэн хөгжлийн шинэ бодлогыг нь нааштайгаар үнэлээд, сайн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яам хоёр орны удирдагчдын уулзалтын дараа мэдээлсэн байна.

Дэлхийн хамгийн хаалттай улсын төрийг жолоодож буй Ким Жон Ун богино хугацаанд олон улсад өөрийн гэсэн байр сууриа тогтоож, цэнхэр гаригийн нөлөө бүхий эрхмүүдийн тоонд зүй ёсоор бичигдэх болсон билээ.

СИ ХҮНДЭТ ЗОЧНОО ДАЙЛЖЭЭ

Хятадад хийсэн айлчлалынх нь үеэр Ким Жон Уны 35 насны ой тохиов. Си Жиньпин уг баярт үйл явдлыг тохиолдуулан Пеньянаас ирсэн хүндэт зочноо дайлжээ. Ким Жон Ун өнгөрсөн 2011 онд төрийн эрхийг авсан цагаасаа хойш төрсөн өдрөө тэмдэглээгүй. Түүний хэдэн онд мэндэлсэн гэх хувийн мэдээлэл өнөөдрийг хүртэл нууц хэвээр. “Нэгдүгээр сарын 8-ны өдөр удирдагчийн мэндэлсэн өдөр мөн” хэмээн тус улсын албаныхан баталсан ч яг хэдэн онд мэндэлсэн гэх мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Хятад дахь төлөөлөгчид “Ким Жон Ун өчигдөр 35 нас хүрсэн. Тиймээс тэрбээр 1984 онд хорвоод мэндэлсэн” гэж мэдээлсэн байна. Дэлхийн удирагчид Кимийн төрсөн өдөрт ихээхэн анхаарал хандуулж, ховор нандин бэлгүүд илгээжээ. Тухайлбал, БНХАУ, Өмнөд Солонгосоос гадна Ким Жон Унд ОХУ, Япон, Куба зэрэг улсын удирдагчид баяр хүргэж, бэлэг илгээсэн байна.

Ким Жон Ун гэргий Ли Соль Жугийн хамтаар Бээжин хотноо тасралтгүй 300 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй уламжлалт эмийн үйлдвэртэй биечлэн танилцсан байна. Мөн тус үйлдвэрийн удирдлагууд ховор эмийг удирдагчид бэлэг болгож өгчээ.

Бээжингийн албаныхан залуу удирдагчид төрсөн өдрийн бэлэг болгож, түүхэн гэрэл зургийг хавсаргасан зургийн цомог бэлэглэжээ. Уг цомогт өмнө нь Бээжин хотноо айлчилж байсан Хойд Солонгосын II удирдагч Ким Чен Ирийн ховор зургууд багтсан байна. Ким Чен Ир хүүгийнхээ адилаар Бээжин хотноо гурван удаа айлчилж, БНХАУ-ын үе үеийн дарга нартай нь биечлэн уулзаж байжээ.

Си Жиньпиний хувьд Ким Жон Уныг өнгөрсөн онд Бээжин хотноо ирэх үед нь маш ховорт тооцогдох, тансаг ваар, архи болон бусад гарын бэлгийг дурсгаж байсан билээ.  Тэрбээр энэ чухал өдрөө Бээжин хотноо айлчилсан нь ямар нэг учиртай хэмээн шинжээчид үзэж буй юм.

ТРАМП, КИМ НАР ХАНОЙД УУЛЗАЖ МАГАДГҮЙ

Трамп, Ким нар өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт уулзсан бол хоёр дахь удаагаа Ханой хотноо уулзах магадлал өндөр байгаа юм.  Цагаан ордны тэргүүн саяхан “Кимтэй дахин уулзана гэдэгтээ итгэж чадахгүй нь, сэтгэл хөдөлж байна” хэмээн твиттерээрээ эерэг мессеж түгээж, Кимийн анхаарлыг татахыг оролджээ. Трамп ийнхүү Кимд тал засах нь аргагүй гэж хэвлэлүүд онцолж буй юм. Учир нь Ким Жон Ун 2019 оны анхны мэдэгдлээ АНУ болон Дональд Трампад хандан хийсэн. Тэрбээр “АНУ, Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригоо цуцлахгүй бол бид цөмийн зэвсгээсээ татгалзахгүй, улам өргөжин тэлэх болно” гэж сүрдүүлсэн билээ.

Анхны уулзалтын үеэр удирдагчид харилцан тохиролцоонд хүрч, Пеньян цөмийн зэвсэг, баллистик пуужингийн үйлдвэртээ хязгаарлалт хийсэн ч АНУ амлалтаа биелүүлэхгүй, эдийн засгийн хориг арга хэмжээгээ улам чангаруулсаар байгаа юм.

Анх Ким  Трамптай уулзахаасаа нэг долоо хоногийн өмнө Си даргатай Бээжин хотноо уулзаж, заавар зөвлөгөө авсан гэхэд болно. Мөн Трамп, Ким нарын уулзалтын дараагийн тов гарахаас хэдхэн өдрийн өмнө ийнхүү төрсөн өдрөөрөө алсын нутагт хөл тавьж, Си даргатай ганцаарчлан уулзсан нь уламжлал боллоо гэж хэвлэлүүд тэмдэглэж байна.

Вашингтон хот дахь Стратегийн болон Олон улсын судалгааны төвийн  Азийн ахлах зөвлөх Бонни Глэрер “Си, Ким нарын уулзалт Хятад-Хойд Солонгосын харилцаа бэхжиж байгаагийн томоохон илрэл" гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Xinhua, Reuters, Daily Mail, Japan Times

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Газар доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглохоор хуульд тусгажээ
Д.Жавхлан, М.Амарболд хоёр дээд шүүхэд ханджээ
Пүрэв гарагийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо
Хашаандаа тоглож байсан нэг настай хүүхдийг харалгүй дайрч амь насыг нь хохироожээ
Хоёр төрсөн өдөр
ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал
12 хүртэлх насны 960 хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ
ЕБС-ийн улсын шалгалтын ХУВААРЬ гарлаа
13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ
Сансарт зочид буудал хөөрөх нь
ЭМГЭНЭЛ
Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ