2019-01-10
Дэлхий нийтээрээ эх газрын Хятад болон Тайваний маргаан зөрчилд анхаарлаа хандуулдаг бол хятадуудыг ирэхээс өмнө уг арал дээр өөр ард иргэд амьдарч байсныг ихэнхдээ мэддэггүй.
Саяхан Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Тайванийг Хятадтай нэгтгэх үйл явц гарцаагүй болохыг мэдэгдсэн. Тэгвэл хоёр хоногийн өмнө Тайвань арлын уугуул иргэдийн төлөөлөл Ши Жиньпинд хариу захидал бичжээ. Захидлын агуулга нь "та нарын булаацалдаад байгаа газар шороо өөр эзэнтэй" гэсэн сануулга байв.
Өнгөрсөн Мягмар гарагт олонд ил болсон захидлыг Тайвань арлын олон уугуул овог аймгийн төлөөлөгчид хамтран бичсэн байна.
6,000 орчим жил тус аралд амьдарч байгаа иргэд өөрсдийгөө Хятад үндэстэн биш гээд Тайвань, Хятад хоёр түүхийн турш нэгдмэл байсан гэх Ши Жиньпиний баримтыг няцаажээ.
1949 онд Хятадын иргэний дайнаар коммунистуудад ялагдсан үндсэрхэг үзэлтнүүд Тайваньд дүрвэж ирээд өөрийн засгийн газрыг байгуулсан юм. Харин эх газарт коммунистууд өөрийн улсыг байгуулж байв.
Тэр цагаас хойш Бээжингийн эрх баригчид Тайванийг өөрийн нэг хэсэг гэсэн үзлээс ухралгүй явсаар ирсэн юм. Өнөөдөр Бээжинд төвтэй Хятад улсыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, Тайваний Хятадтай зөвхөн худалдаа, эдийн засгийн харилцаатай байдаг.
Тайваний уугуул оршин суугчдын тоо 500,000 орчим буюу нийт хүн амын 2 хувийг эзэлдэг байна. Дэлхийн бусад бүс нутгийн уугуул иргэдийн нэгэн адил тэд олон зуун жилийн эзлэн түрэмгийлэл, колоничлолыг туулж ирсэн түүхтэй.
Ши Жиньпинд илгээсэн захидалдаа тэд “Бид түүхийнхээ туршид испаничууд, голландчууд, Кошингагийн вант улс, Чин гүрэн, япончууд, хятадуудаас ийм үг олон удаа сонсож байсан” гэж бичжээ.
Кошинга нь Мин гүрнээс зугтаж, тухайн үед Голландын колони байсан Тайваньд 1661 онд ирээд төр улс төвхнүүлж байсан цэргийн жанжин юм. Тэр Японд төрсөн хятад хүн байжээ.
Уугуул иргэдийн төлөөлөл захидалдаа “Бид таны тулгаж байгаа нэгдмэл соёл, нэг үндэстэн, их гүрний дээрэнгүй үзэлтэй санал нийлэхгүй байна, ноён Ши!” гэж анхааруулсан байна.
Тэд бас Хятадын Шинжаан, Төвд, Хонг Конгод хүний эрх зөрчигдөж байгааг дурдаад Ши Жиньпиний санал болгож буй “Нэг улс, Хоёр систем” загварыг шүүмжилжээ.
Мөн одоогийн Тайваний төр засгийг ч тэд шүүмжилсэн байна. Өөрсдийнх нь газар шороонд ирж суурьшсан одоогийн эрх баригчид хэзээ ч уугуул иргэдийн эрхийг хүндэтгэж байгаагүй, дөнгөж 2016 онд Цай Ин Вэн ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа үндэсний цөөнхүүдийн соёлыг хүлээн зөвшөөрч эхэлснийг захидалдаа дурдсан байна.
Тайваний одоогийн ерөнхийлөгч Цай Ин Вэн түүхэнд анх удаагаа арлын уугуул иргэдээс уучлал гуйж, тэднийг хэлмэгдүүлж, хохироосон түүхэн үйл явдлуудын баримтыг үнэн зөвөөр тогтоох ажлыг эхлүүлсэн юм.
Ши Жиньпинд илгээсэн захидалд Тайваний 20 гаруй овог аймгийн төлөөлөгчид гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: Quartz
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд