Шинэ төмөр замаас шинэ хот хүртэлх Ерөнхийлөгчийн "төсөл"

2018-12-24

Шинэ төмөр замаас шинэ хот хүртэлх  Ерөнхийлөгчийн "төсөл"

Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлсэн гурван  ШИНЭ тодотголт төсөл бий. Харамсалтай нь, эдгээр төслүүд нь эдийн засгийн хувьд өнөөдөр үр ашиггүй болсон гэх шүүмжлэл сонсдог. Харин өдгөө дахин нэг ШИНЭ төсөл эхлүүлэхээр яригдаж буй бөгөөд эдгээр дөрвөн төслүүдийн нь  гол автор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга.


ШИНЭ ТӨМӨР ЗАМ

УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг Монголын Засгийн газраас Чингис бондын 280 сая ам.доллараар санхүүжүүлсэн юм.  Төмөр зам барих далангийн ажил 2013 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд өдгөө овоолсон шороотой үлдсэн. Энэ талаар 2017 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төмөр зам барина гээд овоолсон шороо босгосон хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ” хэмээн чуулганы хуралдааны үеэр асууж байв.

Экспортын хэмээн нэрлэгдсэн Гашуунсухайтын 267 төмөр замын асуудлаар 2016 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засагтай тэмцэх хэлтэс, АТГ-аас  УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт албан тушаал эрх мэдээл урвуулан, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Ерөнхийлөгчийн ойр дотныхонтой холбоотой эл хэрэг  Улсын дээд шүүхийн  арванхоёрдугаар сарын хуралдаанаас гаргасан БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарыг 32.8 сая төгрөгөөр торгох шийдвэрээр эцэслэгдсэн гэж хэлж болно. Төмөр замын энэхүү хэрэгт холбогдуулан Х.Баттулгын эзэмшлийн гэх Баянгол зочид буудалд цагдаа нар нэгжлэг хийхээр очих үед жүдогийн бөхчүүд хамгаалалт хийсэн дуулиант үйл явдлыг тухайн үед  Монголын бүх хэвлэл мэдээллээр  шууд дамжуулж байв. Харин  шинэ төмөр замын төсөл хэрэгжүүлэх явцдаа  олон тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт  нэр холбогдож, гадаад ру зугатсан гэх "Либерти Партнерс" компанийн захирал Ч.Ганбат, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор эрэн сурвалжиж байсан ч 2018 онд тэдний нэр хасагдсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан юм.

ШИНЭ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК

Шинэчлэлийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн нэгэн ШИНЭ төсөл бол Сайншандын аж үйлдвэрийн парк. Монгол Улсыг импортлогчоос экспортлогч  болгох амбицтайгаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын санаачилсан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих бэлтгэл ажлыг хангахад зориулж, Шинэчлэлийн Засгийн газраас 14.2 тэрбум төгрөг олгохыг Хөгжлийн банкинд үүрэгдсэн байдаг. Энэхүү мөнгөний 6.2 тэрбум төгрөг нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд шилжсэн бөгөөд энэ хөрөнгө хаашаа алга болсныг мөн тогтоох зорилгоор АТГ, ЦЕГ хамтран 2016 оны хавар  УИХ-ын гишүүн Х.Баттулгыг  салбарын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад  их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр Баянголд зочид буудалд байрлах түүний хувь эзэмшдэг “Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" ХХК-д санхүүгийн шалгалт хийж байв.  Харин 2018 оны нэгдүгээр сард У.Хүрэлсүхийн Засгийн газрын хуралдаанаар, байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг үндэслэлээр   “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ыг татан буулгасан юм.

ШИНЭ СУМ

Шинэчлэлийн Засгийн газрын үед эхлүүлсэн нэгэн ШИНЭ төслийн нэр нь шинэ сум. Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө нийтдээ 100  суманд “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд 2013 онд Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг, Дорноговь аймгийн Замын-Үүд гэсэн гурван сумыг шинэчлэхэд төсвөөс тус бүр 10 тэрбум төгрөг зарцуулсан билээ. Шинэ сум төслийн хүрээнд Баянхонгорын  Баянлиг, Бууцагаан сумдад 20 ортой хоёр давхар эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр барьж өгсөн юм. Мөн инженерийн шугам сүлжээ, явган хүний болон авто замууд, хөлбөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцуудыг шинэчилсэн гэдэг. Ингэснээр хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн буурч, утаа багасахад нөлөөлнө гэж үзэж байв.

ШИНЭ ХОТ

“Майдар хот” байгуулах 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ оны наймдугаар сард гаргасан билээ. Энэ талаар Сангийн сайд “Майдар хот” бол хувийн хэвшлийнхний хэрэгжүүлэх төсөл. Хувийн хэвшлийн төсөл учраас санхүүжилтээ хэрхэн босгодог  яг л тэр зарчмаар явна. Засгийн газрын баталгаа ч юм уу, төрөөс ямар нэгэн байдлаар дэмжих зүйл байхгүй” гэсэн тайлбар тухайн үед өгч байлаа.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдах уг төслийн талаар “Майдар хот” ХХК-ийн  төслийн удирдагч, ерөнхий менежер Лүндэгийн Баяртуул “Бүтээн байгуулалтын аил ирэх жилээс эхэлнэ. Төр засгийн шийдвэрт хүлээлт  үүссэн учир хөрөнгө оруулагч нартай уулзаж,  ажлаа эхлүүлж чадахгүй байсан. Одоо бол Засгийн газар дэмжээд эхлэлийг нь тавиад өгчихсөн. Тиймээс хөрөнгө оруулалт эрчимтэй орж ирээд, бүтээн байгуулалтын ажил хурдтай явах байх” гэсэн ярилцлага  хэвлэлд өгчээ. Улаанбаатарын төвлөрөл, ачааллыг бууруулах зорилготой Майдар хотыг барихад 40 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ. Өнөөдрийн ханшаар тооцвол 100 их наяд төгрөг.

Ирэх оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хориг хэлэлцэх үеэр түүний Тамгын газрын дарга З.Энхболдын хэлсэн “Хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна” гэснийг олон нийт хүлээж авахдаа “Майдар хот”-од зарцуулах мөнгө яригдаж байна хэмээн хардаж байгаагаа сошиалаар шүүмжилцгээсэн билээ.

ШИНЭ төмөр замаас эхэлсэн ШИНЭ хот хүртэлх шинэ төслүүдийн Ерөнхийлөгчийн амбицыг тоймлон хүргэхэд нэг ийм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй