Д.Хаянхярваа: ЖДҮ бүдгэрвэл нийгэмд асар том хагарал бий болно

2018-12-13

Д.Хаянхярваа: ЖДҮ бүдгэрвэл нийгэмд асар том хагарал бий болно

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эрх баригч намын дотоод үл ойлголцлоос болж УИХ-ын Байнгын хороо, Чуулганы хуралдаан хуралдаж чадахгүй, төрийн ажил гацаанд орчихлоо. Гэхдээ энэ бүхэн зөвхөн танай намын дотоод зөрчлөөс үүдэлтэй асуудал уу?

-Намын зовлон, төрийн зовлон болсон байна гэж улстөрчид, сөрөг хүчин, ард иргэд хэлж байна. Энэ бол гарцаагүй үнэн. Манай намын зовлон төрийн зовлон болж хувирсан. Энэ бүхэн чухам юунаас болж байгааг ард түмэн гадарлаж байгаа. Намын зовлонг илааршуулах, гэтэлж гарах, арга ухаан, улс төрийн соёлтой түвшинд хэлцэл хийгээд гарах боломж манай намын дарга, гишүүдэд бий гэж харж байна. Улс төрийн түвшинд хий хоосон зохиомол яриа үүсгэж, түүндээ итгэчихсэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгаас л үүссэн. 60 тэрбум, ЖДҮ-ээс улбаалсан далай шиг ховноосоо манай намын удирдлагууд гарч чадахгүй байна. Далай шиг хов гэдэг нь Засгийн газартай хариуцлага тооцох асуудал яригдсанаас хойш олон нийтийн сүлжээгээр маш их гүтгэлэг, доромжлол өрнөлөө. Энэ зүйлдээ ч маш их мөнгө зарсан. Уг нь энэ мөнгөөр ард түмэнд хэрэгтэй жаахан ч гэсэн ажил хийсэн бол хэрэг болох байлаа. Ер нь бол хэн хүчтэй, эрх мэдэлтэй нь буулт хийж, зөв арга замыг хайж ажиллах ёстой гэсэн бодолтой байдаг хүн, би. Энэ бодол маань ч хэвээрээ, бага ч гэсэн итгэл тээж л явна. Өнөөдөр хэнд эрх мэдэл байна вэ гэвэл намын дарга, Ерөнхий сайд, намын Удирдах зөвлөлийг атгаж байгаа хүнд л бий. Төрийн дээр нам байгаа гэдгийг манай намын дарга өөрөө чуулганы индрээс зарласан шүү дээ. Тиймээс эрх мэдэл тэр хүнд л байна. Намын дарга өөрөө ярьж, шийдэж учраа олох ёстой. Эцсийн дүндээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хоорондоо улс эх орныхоо цаашдын хувь заяаны талаар маш хатуу ярьж, тохирох ёстой асуудал юм.

-Ер нь танай намд, улс төрд үүсээд байгаа асуудал та хувь хүнийхээ хувьд дүгнэлт хийж байгаа байх?

-Би улс төрийн тогоонд орж ирээд 10 гаруй  жилийг үдэж байна. Яг л адилхан дүр зураг. Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан, Хууль зүйн сайд гээд дандаа дарга нар ярилцлага өгч байна. Тэд хулгай, луйвар, хуйвалдаан л ярьж байна. Шударга бусын хонгил гэж нэг юм гаргаж ирээд, тэрний гол буруутан нь М.Энхболд гэдэг л хүн болгож харагдуулахыг хичээж байна. УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнийг л суудлаас нь авчихвал ард түмний амьдрал сайхан болох гэж байгаа юм шиг ойлголтыг олон нийтэд өгөөд байна. Би нэг зүйлийг тодотгоё. Н.Энхбаяр гэдэг хүн том улстөрч байсан. Гэтэл тэр хүнийг оймсыг нь гозолзуулаад л өнгөрсөн. Дараа нь Ц.Элбэгдорж, Б.Хурц, С.Баяр гэх мэт олон улстөрчид байв. Энэ хүмүүсийг бүгдийг нь шоронд оруулах ёстой гээд одоо  ярьж байна. Гэтэл одоо М.Энхболд зайлах ёстой гээд яриад эхэлж. Үүнээс үзэхээд 10-хан жилийн дотор манай төрийн толгойд байсан  хүмүүс бие биенийгээ хэмлэж идээд, дуусч байна. Тэгээд шинээр гарч ирж байгаа улстөрчид нь одоо л бид юм хийх гэсэн чинь тэдний бий болгосон зүйл болохгүй байна гээд л орилоод байх юм. Үнэхээр шинэ хуучингүй бүгд буруугүй тийм сүрхий юм бол бүгдээрээ хөтлөлцөж очоод шалгуулах хэрэгтэй. Ер нь бол М.Энхболдыг хамгийн ихээр ад үзэж, элдэвлэж байгаа хүмүүс бол сүүлийн 20 жил энэ хүний хажууд нь байж хамгийн их тус, дэмжлэгийг нь авсан хүмүүс. Тэр хүмүүст л энэ хүн адгийн болж хувирч байгаа юм. Улстөрч хүний явсан мөр дардан байдаггүй ч сайн, муу бүх зүйлийн нэгдэл байгаа.

Би нэг зүйлийг хатуу хэлье. Энэ хүнтэй 2000 оноос хойш нөхөрлөх хугацаандаа “Алив надад нэг ийм газар өгчих, тэр компанид тендер авъя, энэ хүнийг ажилд томилоод өгөөч” гэж нэг удаа ч хэлж байсангүй. Харин би өнөөдөр тус дэмийг нь аваад явж байсан хүмүүс шиг “Энэ миний нөхөр биш, нийгмээс зайл” гэж орилохгүй. Монгол эр хүний жудаг байх ёстой биз дээ. Нөхөрлөлөө хадгалаад,  нүүр нүүрээ хараад халуун дулаан үгээ яриад, эр хүний ёсоор тулгах орон зай үлдээх ёстой. УИХ-ын даргаа өгнө л биз. Би М.Энхболд гэдэг хүнийг өмөөрч хаацайлаад байгаадаа биш нийгэмд жудаг, хүн чанар өдөр бүхэн алсарч байгааг хараад сэтгэл эмтэрч байгаа юм.

УИХ-ын дарга шаардлага тавьж буй гишүүдийг хуулийн дагуу асуудлаа оруулж ир гэж байгаа. Харин нөгөө талдаа УИХ-ын дарга ажлаа өгчихвөл бүх зүйл болно гэж яриад байгаа?

-УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг гэж шаардаж байгаа нэг зүйл бол 60 тэрбум. Энэ хэрэг нотлогдоогүй. Ер нь бол ОХУ-д пи-арын чиглэлээр суралцсан нэг хүний зохиосон 60 тэрбум гэх зохиолыг л яриад байгаа тухай манай намын Энхмандах гэж хүн хэвлэлд ярьсан байсан. Энэ үнэн ш дээ. Миний тавьдаг шаардлага бол 60 тэрбумын  асуудал яривал энэ 65 гишүүнд бүгдэд хамаарна. Сонгуулийн дараа хэн нэгнийг ажилд оруулдаг нь нууц биш. Хэн нь хэдэн хүн хаана, ямар албан тушаалд томилсноо ил болго гэж шаарддаг юм, би. Ингээд шаардахад зөвшөөрөх нь хэд байхыг мэдэхгүй. Тэгэхгүй бол М.Энхболд гэдэг хүн тэнд сууж байсан гэдгээрээ намыг худалдсан, ажлаа өг гэж ярьж байна. Энэ бүх яриагаар ЖДҮ-г л дарах гээд бгаа. Би бол асуудал ЖДҮ биш шал өөр чиглэлд явах болов уу гэж харж байна. Төгсгөлд нь бид 60 тэрбум, ЖДҮ гэдэг сонгуулиас сонгууль дамждаг үлгэртэй л үлдэнэ. Тиймээс л хуулийн байгууллага ЖДҮ-тэй холбоотой асуудлыг тодорхой болгоод, шийдээд өгөөч гэж хүсч байгаа юм. Олон жил яригдаж байгаа Эрдэнэтийн 49 хувь, АСЕМ, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банктай холбоотой гэх мэт олон асуудлыг нэг талд нь гаргаж, шийдээсэй гэж хүсч байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, А.Гансүхтэй холбогдоод байсан 280 сая ам.долларын төмөр замын хэрэг өнөөдөр хаачсан. Энэ бол 800 орчим тэрбум төгрөгийн асуудал. Энэ хэрэг одоо яасан, алга болсон шүү дээ.  Манай Монголд эрх мэдэлтэй болохоороо тэр хүмүүстэй хамааралтай, холбоотой хэрэг нь алга болдог өвчин зөвхөн МАН-ын үед ч байгаа юм биш. МАН, АН, бусад эрх барьж байгаа хүмүүст ч байна. Ийм зүйлийг эцэслэхгүйгээр Монголын нийгэмд эрүүл саруул болоход хэцүү. Түүнээс гадна Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд байсан хүмүүс хэвлэлээр ард түмний дунд яс хаядгаа болимоор байна. Баримттай, баримтгүй, багц материал хийсэн цүнх барьж ирээд л асуулт хариултаа бэлтгэсэн ярилцлага өгдөг байдлаа болимоор байгаа юм. Тиймээс л ЖДҮ-тэй, 60 тэрбумтай холбоотойгоор халдашгүй эрхээсээ татгалзаж, ном дүрмийн дагуу шалгуулахаар бидний хэдэн гишүүд хүссэн.

Хүн цагаандаа  гарч жудгаа алдаж, ёс зүйгүй хандаж байгаа бол адилхан хариуг нь барих хэрэгтэй гэж УИХ-ын дарга М.Энхболдод хэлсэн. Энэ хүмүүстэй улс төрийн болоод ажил хэргийн ямар холбоо байгааг би мэдэхгүй. Гэхдээ  шулуухан ярьчих, хэрэв энэ хүмүүсийн яриад байгаа үнэн бол хариуцлагаа хүлээчих л гэж хэлдэг. Ямар нэгэн албан тушаалыг өгч болно, амархан асуудал. Харин улс төрийн энэ ороо, бусгаа  цагт УИХ-ын даргын албан тушаал бол нэг хэсэг бүлэг хүмүүс ямар ч үндэслэлгүй өг гэхээр өгдөг асуудал биш. Цаг үе нь ч биш гэж би харж байгаа. Нийгэм, улс төрийн таагүй нөхцөл байдал илаарштал, бүх зүйл ойлголцолд хүрсний дараа өгч болох албан тушаал. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн гурван гишүүн болох УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд энэ улс орныхоо хөгжил, тусгаар тогтнолын талаар нэг нэгдмэл ойлголттой болоод, байр сууриа нэгтгэсний дараа хийж болох асуудал гэж бодож байна. Ер нь бол асуудлыг өөр хоорондоо түлхэж, чангаагаад байгаа хүмүүс ширээний хоёр талд суугаад яриасай гэж хүсч байна. Ярих хэрэгтэй гэдэг нь ойлголцох, учраа олох л асуудал.

-УИХ-ын дарга ажлаа өгөх хэнд ашигтай, өгөхгүй байх нь хэнд ашиггүй гэж?

-УИХ-ын дарга “Эхлээд Ерөнхийлөгч намайг ажлаа өг гэсэн. Дараа нь Ерөнхий сайд ажлаа өг гэж шаардсан. Хэрэв ажлаа өгөхгүй бол гудамжинд гарна гэж хэлсэн” гэж ярьж байсан. Түүнийх нь дараа 27 гишүүн бид Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Ерөнхий сайд парламентын засаглалыг би дэмжинэ, гудамжинд гарахгүй гэдгээ үйл явдлын үеэр хэлсэн. Энэ бол сайн хэрэг. Ямар ч гэсэн нийгэмд тогтворгүй байдал үүсгэхгүй, парламентын засаглалыг дэмжих юм байна гэдэг итгэл үнэмшлийг авсан. Тиймээс бидний тавьсан шаардлага тодорхой зорилгодоо хүрсэн гэж харж байна.

-ЖДҮ-тэй холбоотой гишүүд, сайд нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хуулийн байгууллагаас хэсэг бүлэг гишүүдийг түдгэлзүүлээд чөлөөлөх асуудал оруулж ирнэ гэж байсан ч таг байна?

-ЖДҮ-ийн хэргийг зохион байгуулалттай хэрэг гэж би бодож байгаа. Энэ гэхдээ миний хувийн бодол шүү. Хууль хяналтын байгууллагууд шалгаад тодорхой болох биз. Гол нь УИХ-ын гишүүн мэдээлэлд ойр давуу эрхээ ашиглаж, ард түмний хүртэх боломжийг хаан энэ сангаас зээл авсанд нь эгдүүцэж, сэтгэл дундуур байгаа юм. Энэ хэрэг хэрвээ шийдэгдэхгүй бүдгэрвэл МАН-д, нийгэмд асар том хагарлыг бий болгоно. Сүүлдээ хэдэн жилийг дамжсан сонгуулиас сонгуулийн хооронд ярьдаг үлгэр болж хувирна. ЖДҮ бол зохион байгуулалтайгаар авсан, өгсөн процесс нь тодорхой. Эхнээсээ л банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан байж болзошгүй гэж хэргийг нь шалгаж эхэлсэн. Шалгаад эхлэнгүүт л прокурор санал оруулж ирж, гишүүдийг эргүүлэн татах гэж байна гэдэг яриа гарч М.Энхболдыг огцруулах асуудлыг тавьж эхэлсэн. Гэтэл одоог хүртэл Батзориг сайдаас өөр хүнийг хууль хяналтын байгууллага оруулж ирээгүй л байна. Хэрэв хуулийн байгууллагаас ЖДҮ авсан гишүүдийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан гэж түдгэлзүүлэх санал оруулж ирвэл би эргэлт буцалтгүй дэмжинэ. Түдгэлзээд, хуулийн дагуу  шалгуулах хэрэгтэй. ЖДҮ-ийн зээл хүссэн маш олон иргэд ханддаг. Гэхдээ ихэнх нь тэрбум, 950 саяыг биш, 100-300 сая төгрөгийн хооронд л хүсдэг шүү дээ. Жирийн иргэд, хөдөө орон нутгийн иргэд ЖДҮ-ийн зээл авч чадахгүй, бас аргаа барсандаа л тойргийнхоо гишүүнд ханддаг. Бид энэ төслийг нь дэмжиж өгөөч гэж албан бичиг явуулдаг.  Тэгээд ч зээл нь бүтэх нь ховор. Яг ЖДҮ эрхэлдэг жинхэнэ хүмүүс чинь цөөн хэдэн хүнийг ажлын байртай болгоод, улсдаа татвараа төлөөд, үйлдвэрлэлээ өргөжүүлээд л явдаг хүмүүс. Харамсалтай тэд энэ боломжийг нь олгоогүй. Хэрэв гишүүдийн авсан гээд байгаа мөнгийг яг ард түмэнд тарааж өгсөн бол өнөөдөр маш олон хүнийг ажлын байраар хангах бололцоо байсан. Харамсалтай нь тэр боломжийг УИХ-ын гишүүд хулгай хийсэн гэж ард түмэн яриад байгаатай би санал нэг байгаа юм. Тиймээс хуулийн байгууллага ч мөн маш сайн, хурдан шалгах ёстой. Өнөөдөр энэ асуудал бүдгэрч байна. М.Энхболдыг огцруулах асуудал болон 60 тэрбум хоёрт дарагдаж байна.

Танай намын энэ хагарал, УИХ дахь бүлэг цаашид эв зүйгээ олох, нэг намын бүлэг шиг болж чадах нь уу?

-Сая Засгийн газартай хариуцлага тооцох тухай асуудал яригдах үеэр нэг процесс болсон. Бид ер нь яах вэ, МАН 32/32 хуваагдмал болчихлоо. Үүнийг цаашид яаж илааршуулах вэ гэж би гарын үсэг зурсан 27 гишүүнтэй ярьсан. Жишээлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар огцроход дараагийн Ерөнхий сайд хэн болох, хуваагдсан бүлгийн хэн эвлэрүүлж чадах вэ гэдгийг ч бид ярилцсан. Тэр үед би нэг хүн дээр орж уулзаад энэ хоёр хуваагдсан бүлгийг нэгтгээд, зангидаад аваад яваач гэж хэлсэн. Гэхдээ тэр хүн зөвшөөрөөгүй. Манай намын дарга бол бидний хувьд аав. Гэтэл манай аав өөр айлын гэрт орж суучхаад тэр аавтай нь нийлээд биднийг загнаад суучихлаа гэж бид ярьдаг. Манай нам ийм л өрөвдөлтэй болсон. Тиймээс бид намын удирдлага, намтай холбоотой асуудлыг хөндөж яриад байгаа юм. Өнөөдрийн үүсээд байгаа талцал, хагарал М.Энхболд гэдэг хүндээ биш албан тушаалын төлөө, засаглал хоорондын зөрчил. Энэ зөрчил дээрээ энэ хүнийг зайлуулж чадвал өөрсдийг нь аялдан дагадаг, засаглалыг хэлбэрийг цаашид яах вэ гэдгийг ярилцаж байгаа болов уу гэсэн болгоомжлол байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

БНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ
Газар дундын тэнгист 170 цагаач сураг алдрав
Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө
Онцгой гавьяа байгуулсан ГУРВАН АЛБА ХААГЧИД 16 сая төгрөг олголоо
Арктик дахь Луугийн сонирхол буюу Хойд туйлыг дамнасан шинэ Торгоны зам
Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ
“Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ
Б.Анужин: Намайг дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа
Төрийн ордны авто зогсоолд тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглолоо
Македон улсын нэрний өөрчлөлтийг эсэргүүцэж, олон мянган Грекчүүд жагслаа
Удаан хүлээгдсэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн тийзний үнийг бууруулах тухай хэлэлцээр хийгдэж байна
Гахайн мялзан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ
НҮБ-ын гурван ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байсан гэжээ
БОКС: Канело Алварес – Даниель Жэкобс нар тулна
Фэйсбүүк Оростой холбоотой 500 гаруй хаягийг хаажээ
Сандра Буллокийн гол дүрд нь тоглосон "Bird Box" кино ч "Netflix"-ийн орлогыг таамагласан хэмжээгээр өсгөж чадсангүй
2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамгийн их гарчээ
Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
“Good Price", "Номин" супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулж байжээ
Алхалт нь илүүдэл жингээс сэргийлж чадна