2018-11-15
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваахыг НИТХ-аас дэмжиж 2019 оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгасан байна.
Одоогоос жил гаруйн өмнө нийслэлийн Баянзүрх дүүргийн хуваахаар санал асуулга явуулахад нийт иргэдийн 65 хувь нь дэмжихгүйгээ илэрхийлж байжээ.
Хамгийн сүүлд СХД-ийг хуваахаар иргэдээс санал асуулга явуулжээ. Тус дүүрэг өнөөдрийн байдлаар 325 мянга гаруй хүн амтай. Хүн амын тоогоороо Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн хоёр дүүрэг л 300 мянга давчихаад байгаа. Тиймээс ч хуваах тухай асуудал гарч ирдэг.
Гэхдээ дүүрэг хуваах асуудлыг зөвхөн энэ жил ярьж байгаа юм биш. Сүүлийн тав, зургаан жилийн турш хөндөж ирлээ. НИТХ-аас гаргасан саналаар бол ийнхүү дүүргүүдийг хуваах нь зөв гэж НИТХ үзсэн байна. Шалтгаан нь хүн амын тооноосоо хамаараад иргэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байна гэж тайлбарладаг. Тэгвэл дүүрэг хувааснаар энэ байдал сайжрах уу?
СХД-ийн Засаг дарга Сандагсүрэн энэ талаар ярихдаа, зүй нь энэ асуудлыг эхлээд Сонгинохайрхан дүүргийн ИТХ хэлэлцээд, дэмжих эсэхийг шийдэх ёстой юм хэмээн байр сууриа илэрхийлжээ. Зүй нь энэ асуудлыг эхлээд Сонгинохайрхан дүүргийн ИТХ хэлэлцээд, дэмжих эсэхийг шийдэх ёстой юм. Тэрээр, “Бид ямар нэгэн байдлаар хэлэлцэж, шийдвэр гаргаагүй. Харин иргэдээр хэлэлцүүлсэн. Иргэдийн 60 гаруй хувь нь дүүрэг хуваахыг дэмжээгүй. Миний байр суурь бол “Дүүрэг хувааснаар юу өөрчлөгдөж, ямар асуудлыг шийдэх юм бэ” гэдэгт л байна. Зүгээр л 325 мянган хүнтэй Сонгинохайрхан дүүргийг хоёр хуваагаад нэг нь 155 мянга, нөгөөх нь 165 мянган хүнтэй болчихлоо гэдэг өөрчлөлт бидний хүсч байгаа үр дүн биш. Цаад санаа нь иргэн Баатарын амьдралд дүүрэг хуваасны маргааш ямар сайн сайхан зүйл мэдрэгдэх вэ гэдэг л байна.
Өнөөдөр эргээд харахад октябрийн районоос /Баянгол дүүрэг/ тасалж Сонгинохайрхан дүүргийг байгуулахдаа гаргасан бодлогын алдааны горыг Сонгинохайрханчууд 26 жилийн турш амсаж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бааз суурь, судалгаагүйгээр, зүгээр л газар нутгийн солбилцлоор хуваачихсан. Миний болгоомжлоод байгаа зүйл бол яг ийм байдлаар Сонгинохайрханыг дахин хуваачихвал мөн л төсвөөс татаас авдаг хоёр дүүрэгтэй болно гэсэн үг. Магадгүй нэг нь арай жаахан гайгүй, нөгөөх нь тэр чигээрээ гэр хорооллоос бүрдсэн бүр ч хэцүү эдийн засагтай, үйлдвэр үйлчилгээ багатай байна байх” гэжээ.
Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох нь мэдээж тулгамдсан асуудал. Харин дүүрэг хуваахад энэ нь иргэндээ хүрэхэд хугацаа орохоор байгаа аж. Тодруулбал, дүүрэг хуваагдсаны дараа иргэдийн үл хөдлөх хөрөнгийн эрх шилжинэ. Зөвхөн үүнд 700 гаруй сая төгрөг шаардлагатай аж.. Иргэний үнэмлэхийн харьяалал солиход 400 орчим сая төгрөг гарахаар тооцоо байна. Мөн дүүргийн байр барих, хороодын байр авах эсвэл барих гээд дэд бүтцийн олон асуудал шаардлагатай. Нийслэлийн БЗД, СХД тус бүрт ганцхан эрүүл мэндийн төв байна. Хэрвээ дүүрэг хуваагдсаны дараа аль нэгэнд нь шинэ эмнэлэг барьж өгөх үү, нөгөө дүүргийн эмнэлэгтээ үзүүлсэх үү мэтчилэн асуудал байгааг хариуцсан албан тушаалтан хэлсэн байсан.
Тиймээс дүүргийн иргэд саналаа өгөхдөө хуваахыг олонхи нь дэмжээгүй байдаг. Яагаад вэ.
Иргэдийн хүсдэг төрийн үйлчилгээний дийлэнх нь хорооны түвшинд байдаг байх нь. Халамжийн үйлчилгээ авах, өрхийн эмнэлэгт үзүүлэхийн тулд хол явдаггүй баймаар байна. Хорооны даргатай уулзах гэж автобусаар олон буудал явахгүй байхыг л иргэн хүсдэг.
Харин иргэний бүртгэл, газар өмчлөх, эзэмших зэрэг дүүргээс авдаг үйлчилгээ нэг иргэний хувьд байнгынх биш. Тиймээс иргэдэд төрийн үйлчилгээг сайжруулахын тулд дүүрэг хуваах биш, хорооны тоог нэмэх гэсэн саналыг жилийн өмнө БЗД иргэдийн санал хураалтын дүнтэй нэгтгэн нийслэлдээ уламжилсан бол СХД ч мөн өгчээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд