ХУУРАМЧ МЭДЭЭГ НЯГТАЛЖ СУРЪЯ: Хятадууд вансэмбэрүү “түүсэн” жишээн дээр

2018-10-17

Олон нийтийн сүлжээгээр өчигдөр хоёр мэдээлэл давалгаалав. Нэг нь “Туушин”-гийн урд талын явган хүний замыг албадан чөлөөлж буйг сайшаасан, нөгөө нь хятад жуулчид нууцаар вансэмбэрүү цэцэг түүж буйг жигшсэн мэдээлэл. “Хайран сайхан Вансэмбэрүү цэцгийг өмхий хужаа нар түүгээд дууслаа” гэх мэтээр урд хөршийн жуулчдыг үзэн ядсан бичвэрүүд дүүрэн тархжээ.

 

“Босоо Хөх Монгол Завхан” гэсэн профайл хаяг энэ талаар нийтэлсэн харагдав. Тус постыг 2,000 гаруй хэрэглэгч цааш түгээсэн харагдлаа.  150 хэрэглэгч сэтгэгдэл бичсэний дийлэнх нь хятадуудыг үзэн ядсан байлаа.

Гэвч энэ бол хуурамч мэдээлэл. Сошиал медиа дээр түгээсэн бүх мэдээлэлд итгээд байж болохгүйг баталсан нэг жишээ. Сонгуулийн үеэр энэ сошиал гэдэг бүр хэцүүдэх байх даа гэж эмээж байна. Тиймээс өнөөдрийн хуурамч мэдээг баталгаажуулсан туршлагаа хуваалцая. Та сэтгүүлч биш ч хуурамч мэдээ эсэхийг баталгаажуулах боломжтой. 

Хуурамч мэдээг илрүүлэхийн тулд дараах 5 амархан шатыг дамжина.

  1. ТҮГЭЭЖ БУЙ ЗҮЙЛЭЭ АНХААРАХ. Мэдээллийг түгээхээсээ өмнө хуурамч мэдээлэл байх вий гэж дандаа эргэлзэж бай. Өнөөдрийн хуурамч мэдээний тайлбар нь “Хайран сайхан Вансэмбэрүү цэцгийг тэртээ уулын оройд байвал ээжийгээ би үүрээд очно оо гэж дуу байдаг. Гэтэл өмхий хятадууд очоод түүгээд байдаг. Энэ төр юу болж байна аа?” гэж бичжээ. Эргэлзээ төрөв. Учир нь бичвэрт хоёр зургаас өөр “баримт” гэх зүйл үгүй. Зургийг нь сайн харвал вансамбэрүү гэхээсээ илүү байцаа шиг харагдана. Бас энэ асуудлыг шууд л өнөөгийн төр засгийн эсрэг турхирсан нь хэн нэгний явуулга байх вий гэсэн сэжиг төрүүлэв. Ингээд цааш түгээхээ больж, баталгаажуулахаар шийдлээ.

  2. ЭХ СУРВАЛЖИЙН АНАЛИЗ ХИЙХ. “Тус мэдээллийн ард хэн байна вэ?” гэж дандаа асуух хэрэгтэй. Мэдээлэл түгээсэн хаяг руу орж гүйлгэж харваас хятадуудыг зэвүүцсэн, өнөөгийн эрх баригчдын эсрэг турхирсан постууд цуврав. Мөн тус мэдээллийг 4-5 удаа дахин нийтэлсэн байсан нь мэдээлэхээс өөр зорилго агуулж буйг илтгэв. Мэдээллийн албан ёсны эх сурвалж биш байсан тул тус мэдээн итгэх дэмий гэж үзэв. Хувь хүн байсан тохиолдолд жинхэнэ хаяг мөн эсэхийг нягталж үзэх хэрэгтэй. Мөн байсан ч тэд бол мэргэжлийн сэтгүүлчид биш гэдгийг мартах ёсгүй.

  3. КОНТЕНТ АНАЛИЗ ХИЙХ. ЭНЭ ШАТАНД ӨӨРӨӨСӨӨ 5 АСУУЛТ АСУУ.

Үүнд:

- Контент үнэн зөв, баримт нотолгоотой, нэг талыг бариагүй байна уу?

-Баримт нотолгоо байхгүй. Бичвэрийн хоёр зураг итгэл үнэмшил төрүүлж байгаа ч зургийг анхааралтай тогтож харвал Вансэмбэрүү цэцэг гэхээсээ илүү байцаатай адилхан харагдаж байна. 

- Уур бухимдал, айдас жигшүүр гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөлийг бий болгож байна уу?

-Тийм ээ. Ховор цэцгийг өөр улсын иргэд хууль бусаар түүж буйд хэн дуртай байхав. Хэрвээ би хятадуудыг үзэн ядагч байсан бол бүр их уур хүрэх байсан биз. Ер нь сүүлийн үед гарч буй хуурамч мэдээний дийлэнх нь урд хөршийнхэнтэй холбоотой байгааг уншигч та анзаарсан биз. Хуурамч мэдээ үйлдвэрлэгчид Монголын сошиалчид хятадтай холбогдсон хуурамч мэдээллийг эргэлзээ сураггүй түгээн дамжуулна хэмээн итгэж буй учраас тэр. Тэдний санаснаар болж буй гэдгийг өнөөдрийн жишээ нотолно.

- Хэл зүйг шинжил. Бичвэр найруулга зүйн алдаатай, өдөөн турхирсан шинжтэй байсан тул энэ шалгуур дээр мөн л унав.

- Вэб дизайнд анализ хий. Хэрвээ тус мэдээлэл вэбсайт дээр гарсан бол та шууд итгэх үү? Тэрхүү вэбсайт хуурамч домайн хаяг эсэх, тогтмол шинэчлэгддэг эсэх, мэдээллүүд нь бүгд итгэж болох эсэхийг ухаад үзэхэд гэмгүй.

- Мэдээллийн гарчиг сенсаацилсан, өдөөн хатгасан байна уу? Тийм бол кликбэйт байж болохыг анхаарна уу. Харин өнөөдрийн мэдээний тухайд вэбсайт дээр байршаагүй тул энэ хоёр хэсэгт хариулах шаардлагагүй.

Ингээд контент анализийн шатанд үнэн бодитой биш гэдэг нь тогтоогдлоо.

  1. БУСАД ЭХ СУРВАЛЖУУД ЮУ ГЭЖ ВЭ? Энэ хэсэгт итгэж болох мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд юу гэж мэдээлсэн тухай олж үзэхийг хичээгээрэй.Хэрвээ мэдээлэл үнэн бодитой байсан бол мэргэжлийн сэтгүүлчид ийм ноцтой мэдээг заавал мэдээлэх нь ойлгомжтой. Тиймээс мэдээллийн томоохон вэбсайтууд дээр энэ талаар мэдээлээгүй бол түгээхээ түр азна гэсэн үг.

  2. TINEYE-ИЙГ АШИГЛА. Мэдээлэл зурагтай бол бусад эх сурвалжийг хүлээлгүйгээр дараах аргыг ашиглаж болно. Энэ бол зургийн эх сурвалжийг шалгадаг www.tineye.com сайт. Сайтад зочлоод баталгаажуулахыг хүссэн зургаа ачааллаж эсвэл холбоосыг нь оруулж хайж болох бөгөөд илэрц нь маш хурдан байдаг.

 

Монголд Вансэмбэрүү “түүсэн” хятад жуулчны зургийг хайхад ижил 20 зураг гарч ирэв.

 

Тэдгээрээс хамгийн эхэнд нийтлэгдсэнийг үзүүл хэмээн шүүж үзвэл ЭНЭ холбоос гарч ирэх бөгөөд “Хятадын Тианшан гэх газар ховор ургадаг Бадамлянхуа цэцгийг хууль бусаар түүсэн” тухай 2015 оны 8 дугаар сарын 14-нд тус улсын сайтад нийтэлсэн болох нь гарч ирлээ.

Ингээд “Өмхий хятадууд Монголын минь Вансэмбэрүү цэцгийг түүж байна” гэх мэдээлэл худал болох нь нотлогдов. Таныг нийгмийн сүлжээнд мэдээлэл түгээхээсээ өмнө нягталж заншихыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Уурын зуух дэлбэрч галч амиа алджээ
Ч.Чамин-Эрдэнийн ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ гарлаа
Бээжин хот агаарын бохирдлын шар гэрлээ асаажээ
Өвчнөө үл хайхран амжилтад хүрсэн алдартнууд
Япон залуу голограмаар бүтээсэн виртуал дуучин бүсгүйтэй гэрлэжээ
Дүүргүүдийг хуваахыг иргэдийн 60 гаруй хувь нь дэмжээгүй
Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Жонни Деппийн шинэ кинонд 2 жүжигчин тоглож байна
АНУ-тай дайсганадаг 13 улс С-400 худалдаж авах хүслээ илэрхийлжээ
Шүүгдэгч Б.Жавхлант, М.Амарболд нар талийгч охиныг ээжийнхээ хамтаар биеэ үнэлдэг байсан гэжээ
Өндөр үнэтэй шахмал түлшийг түлэх айл олдохгүй нь
Машинтайгаа шатсан жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
А.Гитлер болон түүний бяцхан еврей найз
Гашуунсухайтын замд 1000 гаруй автомашин 5 хоног дугаарлаж байна
“Насанд хүрээгүй” аав ээжүүд
10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол бүртгэгджээ
Амьдралын төлөө эмэгтэйчүүд...
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
АТГ: Сум хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгожээ
Судалгаа: Амжилттай яваа хүмүүсийн ард “хатуу” ээж нар байдаг