Аялал жуулчлалын үл хөдлөх хөрөнгийн талаар

2018-10-09

Аялал жуулчлалын үл хөдлөх хөрөнгийн талаар

Сум, аймаг, хот бүр цогцолбор байгуулаад аялал жуулчлал хөгждөг гэсэн бодлогоор хөгжлийн хөтөлбөрөө мөрөөдлийн жагсаалт болгосоор сууна. Хөрөнгө нь хомс гэдгийг мэдсээр байж найдсаар, горьдсоор. Сангийн яам, гадны хандивлагч, бизнес эрхлэгч нар ашигтай хөрөнгө оруулалт хийхийн тулд ашигтай байршил эсвэл салбарыг сонгох нь зүйн хэрэг. Тэд уул уурхай, авто зам, орон сууцны үйлдвэрлэл, газар тариалан зэрэг ёндоотой бизнест хэлсэн хэлээгүй хөрөнгөө оруулчихлаа. Оруулсан хөрөнгө сулрах цагт аялал жуулчлалын бизнесийн тухай бодож болох юм гэж байгаа нь хөрөнгөтнүүд аялал жуулчлалд том хэмжээний хөрөнгө оруулалт мөд хийгдэхгүй болтой. 2009-2016 онд аялал жуулчлалын салбарт 4.6 тэр бум АМД-ийн хөрөнгө оруулсан мэдээг Үндэсний статистикийн хорооноос Дэлхийн статистикийн байгууллагад мэдээлжээ. Оруулсан хөрөнгө нь аялал жуулчлалын эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлсөн дамжиггүй бөгөөд тухайлбал ДНБ-д жилд дунджаар 0.67 тэр бум АМД-оор нөлөөлжээ. Хүмүүс аялах зуршилтай болсон үеэс аялал жуулчлалын хөрөнгө оруулалт тууштай нэмэгдэж, хэмжээ хязгааргүй болдог жамтай.

Маргааш яах вэ?

Ивээн тэтгэгчийн хөрөнгөөр зохион байгуулдаг аялал жуулчлалын чуулган, форум, зөвлөгөөнд нөгөө нислэг, билетийн үнэ, хөтөч, аяллын замнал, хүний нөөц зэрэг улиг болсон асуудлаа ярьсаар үр дүнд нь хэн ч тоохгүй нэг зөвлөмж үлддэг. Хэлэлцсэн асуудлаа аялал жуулчлал гэж ойлгодог. Тэгвэл нүүрсний тээвэр, уурхай кемп, ложистик, орон сууцны хорлоолол, хувийн эмнэлэг, ерөнхий боловсролын хувийн сургууль, халтуурын такси зэрэг бизнес яагаад хөгжин дэвжээд байгаа юм бол. Учир шалтгааныг олон зүйлээр таамаглаж болно. Аялал жуулчлалын үйлчилгээний тогтолцооны судасны цохилтыг хөрөнгөтэй хүмүүс маш сайн ажиглаж, хэзээ, хаана хөрөнгө оруулахаа илүү мэддэг. Орчин үед бусдыг дуурайх бизнес татарч байна. Тэгэхлээр ээлжит форумын сэдвийг аялал жуулчлалын хөрөнгө оруулагч, үл хөдлөхийн бизнесийн орчин, бизнес эрхлэгчдийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэх нь сонирхолтой байх болов уу. Аялал жуулчлалын хөрөнгө оруулагчид байхгүй эсвэл хүсэхгүй бол хичнээн цаас үйлдвэрлээд, хичнээн холбоо байгуулаад хөгжихгүй нь туйлын үнэн. МАА, газар тариалан, уул уурхайг хувийн хэвшил нуруундаа үүрч явааг хэлэх нь илүүц биз.  

Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөөнд тэр бум давсан татвар төлөгчдийн мөнгийг зөвлөх үйлчилгээ нэрээр зарцуулав. Мэдээж 10 хувиар гар цайлгах, эсвэл нутаг нугийн танил харах, цаг хугацаагаар шахах зэрэг нь хөрөнгө оруулалтын үр дүнг эрсдэлтэй болгодог. Нэг сум аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг 80 сая төргрөгөөр боловсруулсан нь хөгжлийн төөрөг зураг ямар үнэ цэнэтэйг нотолсон сайн жишээ. Гэтэл бүхэл бүтэн аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг 20-40 сая төгрөгөөр, 2-6 сарын хооронд хийж л байдаг, хийлгэж л байдаг. Мөн таарч дээ. Хөгжлийн бодлого боловсруулах ажилд хөрөнгө оруулахыг гэгээлэг хөрөнгө оруулалт гэдэг. Нэгэнт оруулсан хөрөнгийн цаг хугацааны эрсдлийг бууруулахын тулд мониторинг хийж, нэмэлт тодотгол хийхээс өөр аргагүй юм.  

Бидний татварын мөнгийг спорт, тэмцээн, уралдаан, найр, наадам, хурал, цуглаанд санхүүгийн дэмжлэг хэлбэрээр зарцуулах нь хэвийн л үзэгдэл. Энэ нь аялал жуулчлалын имижд биш харин орон нутгийн имижийг бүрдүүлэхд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Бид аялал жуулчлалыг нийтийн арга хэмжээтэй холбон эвент гэж нэрлээд эзгүй зэлүүд газар хийдэг боллоо. Уг нь дэд бүтэцгүй газар нарийн мэргэжлийн эвентийг зохион байгуулдаг уламжлалтай. Жуулчин хомс байхад суурин газрын оршин суугчдаас алс зайтай хийдэг нүүдлийн эвентүүдийн хөрөнгө оруулалтын үр өгөөж бага байх нь мэдээж. Тэгээд ч хүмүүс хаана байна тэнд бизнес байдаг. Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын түгээмэл нэг хувилбар бол сум суурин газрыг имижтэй болгох ажил юм. Тухайлбал, Хархорин сумыг Буддын зан үйлийн сум, Сайхан сумыг Айрагны сум зэргээр морин тойруулгын уралдааны сум, мото спортын сум, жимсний аж ахуйн сум, рашааны сум, чулуун урлалын сум, сур харвааны спортын сум, модон урлалын сум, уртын дууны сум, мөнгөн урлалын сум, тарваганы аж ахуйн сум, ширэн урлалын сум зэргээр суурин газрыг дахин төлөвлөж, имижийн хөрөнгө оруулалтын хийх шаардлагатай байна.  

Аялал жуулчлалын үл хөдлөх хөрөнгөтэй бизнес эрхлэгчдэд үйлчилгээний чанарыг сайжруулах, хүчин чадал, борлуулалтаа нэмэгдүүлэхэд санхүүгийн эх үүсвэр үргэж дутагддаг. Хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг байдаг бол бизнесийг илүү тогтвортой байлгаж болно. Уг нь үйлчилгээний бизнесийг бичил, жижиг, дунд үйлдвэрлэлээр дамжуулан аялал жуулчлалын амтыг мэдрүүлж, хүрээг нь тэлэх, салбарын нэр хүндийг өсгөх боломж харагддаг. Дотоодын жуулчдад гологдсон үйлчилгээний дэд бүтэц гадаадын жуулчдын хэрэгцээг хангах нь эргэлзээтэй. Уг нь бид ноолуурын мөнгө, ноосны мөнгө, сүүний мөнгө, улаан буудайны мөнгө, түлшний мөнгөөр тэргүүлэх чиглэлээ дэмжиж ирсэн ч аялал жуулчлалыг 30 жил тэргүүлэх салбар гэж хошигруулав. Нэг их удахгүй малын махны экспортод оруулсан хөрөнгө нь аялал жуулчлалын экспортод оруулсан хөрөнгийг хэд нугалах төлөвлтөй болов.  

Төрөөс сүүлийн жилүүдэд хатуу хучилттай авто замд оруулсан хөрөнгө нь аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагааны том дэмжлэг юм. Энэ нь нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалт тул хөрөнгө оруулалтын үр өгөөжийг юуны өмнө уул уурхай, худалдаа, аялал жуулчлал хүртэж байна. Гэвч тээврийн хэрэгсэл авто замын дагуу аюулгүй зогсож болох, жолооч, зорчигч хоол идэж болох, бие засаж болох гэдэг энгийн хэрэгцээг хангах зорчигчдын ахуйн үйлчилгээний дэд бүтцийг тендерийн даалгавартаа төлөвлөдөггүй шалтаан нь юу юм бол. Замын тендерийн үнийн дүнгийн өчүүхэн хувийг эзлэх байлгүй. Уг нь хэдэн зогсоол, хэдэн жорлонгийн усан хангамж, ариутгал татуурга, халаалтын цогц бүтцийг байгуулвал ойр орчмын нөөц аялал жуулчлалын эргэлтэд орж л таарна. Арга ядахад АЗЗА орлогын эх үүсвэртэй болно гэдэг нь замын арчилгааны элс, хайрга, давсны хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой юм.

Мэргэжлийн боловсрол нэг л явахгүй гэдэг нь харагдаад байхад зүтгээд л байх юм. Сүүлдээ нэг оюутанд сарын 100000 төгрөг өгөх болов. Монгол хүний хөгжиж төлөвших нас 30 хүрээд эхлэдэг байх. Хэдэн зуун саяын хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчдийн толгойны өвчин бол хүний нөөц. Ажиглалтаас харахад мэргэшсэн ажилчин гэдэг төлөвшсөн ажлчин байдаг тул түүнд аялал жуулчлалын ур чадварын хөрөнгө оруулалт хийх нь хамгийн үр дүнтэй байдаг. Аялал жуулчлалын үйлчилгээний бизнес эрхлэгчийн сургалтын тэтгэлэг бизнесийг аврагч авралын од байдаг. Орон нутагтаа ирж ажиллах сонирхолтой залуусыг гадаад, дотоодод сургаж хүний нөөцөө бэхжүүлэх хөрөнгө эсвэл эр зориг дутагдалтай байгаа ч өөрийгөө аялал жуулчлалын бизнес сонирхогч биш харин салбарын бизнес эрхлэгч гэдгээр шинээр танин мэдэхийг оролдоод үзэх л ёстой.

Хөрөнгө оруулалтын дараагийн нэг чиглэл бол олон улсад Монголын үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх үйлсэд хөрөнгө оруулах явдал юм. Монгол наадам, энхийг сахиулах ажиллагаа, оюун ухааны тэмцээн, ноолуур, адуу зэрэг сайн мэддэг, чаддаг зүйлээрээ дамжуулан олон улсын харилцаанд дэмжлэг үзүүлэх замаар байр сууриа бэхжүүлэх.  

Өөр нэг арга зам бол зочид буудал, жуулчны бааз, музейд оруулсан хөрөнгөө мэргэшсэн багаар удирдуулах. Өмчийн эздэд хөрөнгөө хамгаалах уу эсвэл бизнесээ хөгжүүлэх үү гэсэн зөрчилддөг хоёр асуудал тулгардаг. Эд юмс, хөрөнгө ашигласан ашиглаагүй цаг хугацааны жамаар элэгддэг. Заримдаа даахгүй нохой булуу хураана гэдэг шиг үндсэн хөрөнгөө зармаар ч, заримдаа үгүй ч юм шиг байсаар байтал хөрөнгийн үнэ цэнэ буурдаг. Хэсэг хугацааны дараа хаяж болдоггүй, авч болдоггүй байдалд ордог. Өөрсдөө чадах чадахгүй нь гол биш илүү өгөөж гаргахын тулд мэргэжлийн багт нь удирдлагыг нь шилжүүлдэг практик энгийн зүйл болоод байна.

Төгсгөлд нь хөрөнгөө бусдыг дуурайсан зүйлд биш бусдаас ялгарсан зүйлд оруулахаас өмнө хөрөнгөө арвижуулах гээд байна уу эсвэл өөртөө ажлын байр гаргах гээд байна уу гэдгээ сайтар тунгаана уу.

Үргэлжлэл бий ...
 

С. Бат-Эрдэнэ

ЦЭНГЭГ УСНЫ НӨӨЦ, БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨВ "УТҮГ"
ГАДААД ХАРИЛЦАА, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ДОКТОР

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Цэрэггүй бүсээс тэсрэх бөмбөгүүдийг зайлуулж эхэллээ
Бэр гуйж очоод архинд хордон нас баржээ
Сайхан мэдээ: Зорчигчийн гээсэн 5230 ам.доллар буюу 13 сая гаруй төгрөгийг эзэнд нь хүлээлгэн өгчээ
Жүжигчин хүн мөнхийн эрэл хайгуул хийж явдаг
Сурвалжлага: Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын бяцхан ЕРТӨНЦ
Улаанбаатарт ирсэн урилгагүй зочдын өмнө "ХҮН" буруутай
Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна
МҮИС БОАЖЯ-тай газрын маргааны асуудлаар шүүхдэлцэв
Азийн паралимпийн наадмаас дөрвөн медаль хүртжээ
Яармагийн гүүр ирэх сард ашиглалтад орно
1969 оноос хойшх хамгийн хүчтэй хар салхи АНУ-ын эрэгт хүрлээ
Онцгой обьектоос алдагдсан 60 кг мөнгөн усны хэрэг замхрах вий
Нүдний эмнэлгүүд өнөөдөр үнэ төлбөргүй үзнэ
"Монголд тоногдоогүй булш их ховор"
Авлига авсан засаг даргын цалинг хасчээ
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулж байна
Хабиб Нурмагомедов гэж хэн бэ?
Хайлаастыг Дарь-Эхтэй холбох замын ажил үргэлжилж байна
П.Нямцэрэн: Хүн амын 98 хувь нь витамин Д-гийн дутагдалтай байна
Вьетнам улстай ялтан солилцох хэлэлцээрийг дэмжл