113 дугаар сургууль даацаасаа гурав дахин их сурагчтайгаар хичээлийн жилээ эхлүүллээ

2018-09-04

Энэ жилийн хичээлийн шинэ жилийн нээлт бямба гаригт таарлаа. Бид хичээлийн шинэ жилийн нээлтийг сурвалжлахаар 113 дугаар сургуулийг зорьж очлоо. Баянгол дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт 2009 онд байгуулагдсан сургууль юм байна. Амралтын өдөр таарсан учраас нэгдүгээр ангийнхан 30 минут хичээллээд тарцгаана гэсэн зар түгсэн байлаа. Хэдий хичээл нь ороогүй ч гэлээ ахлах, дунд ангийн сурагчид ч хичээлийн эхний өдөр сургуульдаа ирцгээжээ. Зуны гурван сар хол байсан болохоор анги ангиараа тойрч зогсоод инээд хөөр болцгоосон хүүхдүүд хаа сайгүй. Сургуулийн захирал Д.Намгар хичээлийн шинэ жилийг нээн үг хэлсний дараа сурагчдын урлагийн номерууд үргэлжлэв. Урлагийн тоглолтын дараа төрийн дуулал эгшиглэснээр нэгдүгээр ангийн шинэхэн сурагчид багшдаа хөтлүүлсээр сургуулийн үүдээр орлоо.

Энэ жил 113 дугаар сургуульд 280 хүүхэд нэгдүгээр ангид элсчээ. Нэгдүгээр ангийн зургаан бүлгийн нэг ангид 4550 хүүхэд сурч байгаа аж. Бид "1а" ангийг даган ангид нь орлоо. Сургууль руугаа орохдоо ээждээ хоргодон эргэн харсаар явсан Г.Мишээл охин ангидаа оронгуутаа уйлж гарлаа. Багшдаа өгөх гэж авчирсан цэцгээ тас тэвэрчихээд “Ээж минь хааччихав аа. Ээжийг маань аваад ир” гэж арав гаруй минут уйлсан охиныг багш нь аргадаж байж дуугүй болгов. Эдний ангийн багшийг Ч.Цэцэнбилэг гэдэг аж. Сандлынхаа учрыг ч олохгүй зургаан настангуудыг сандалд нь суулгахаас Ц.Цэцэнбилэг багшийн ажил эхэллээ. Г.Мишээл шиг ээж, аавыгаа нэхсэн нулимстай нүдтэй нөхөд арав гаруй байна. Ном сурах гэж ирсэнээ ч анзаарах завгүй гүйлдэн харайлдаж, инээж хөхөрсөн хүүхдүүд ч харагдав. Цэцэрлэгээс ялгаагүй шуугьсан, уйлсан, инээсэн, хөгжилдсөн “1а” ангиас гарахад сургуулийн коридороор дүүрэн аав, ээжүүд. Нэгдүгээр анги бүрийн хаалганы гадаа хүүхдүүдээ ярьсан аав, ээжүүд зогсч байв. Тэд нэг нэгээрээ ангийн хаалгаар шагайж, хүүхдээ хайна. Гучин минутын хичээл дуусч ээж, аавууд анги руу орлоо. Уйлж байсан Г.Мишээл шинэ найз, нөхөдтэй болж бусадтайгаа тоглон инээж байв.

"1а" ангийн багш Ч.Цэцэнбилэг 23 дахь жилдээ багшилж байгаа гэнэ. Тэрбээр өнгөрсөн жил Боловсролын тэргүүний ажилтнаар шалгарчээ. Ч.Цэцэнбилэг “Нэг ангийн 30 сурагчдад бүгдэд нь анхаарч, нэг бүрчлэн тулж ажиллаж чадна. Харин 45 сурагчид бүгдэд нь анхаарахад хэцүү. Гэхдээ аль болох бүгдэд нь хүрч ажиллахыг хичээдэг. Зургаан настай хүүхдүүд юмыг маш хурдан тогтоодог онцлогтой. Энэ насан дээр нь сурах арга барил, уншиж, бичих чадварыг бүрэн эзэмшүүлбэл арванхоёрдугаар ангиа төгстлөө сайн сурах суурь нь болдог. Зургаан настай хүүхдийг сургалтаараа байнга чиглүүлж байх ёстой. Би гурав дахь удаагаа зургаан настнуудыг хүлээн авч байна. Зургаан настай хүүхдүүдийн бие даасан байдал муудаж ирэх боллоо. Цэцэрлэгт хүмүүжээгүй хүүхдүүдийн сурах, юманд анхаарах чадвар арай дутуу байдаг. Тиймээс хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах хэрэгтэй” хэмээн ярьсан юм. "1а" ангид 42 хүүхдийн ширээ, сандал байгаа учраас зарим сурагчид гурвуулаа суухаас өөр аргагүй байлаа.

Д.Намгар: ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭХЭД ХОЛ ГЭРТЭЙ ХҮҮХДЭД ХҮНДРЭЛ УЧИРДАГ

Сургуулийн захирал Д.Намгараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Нэг ангид 45-50 хүүхэд суралцаж байгаа нь анзаарагдлаа?

-Манайх 640 хүүхэд суралцах зориулалттай барилгатай боловч 1700 гаруй сурагчидтайгаар 20182019 оны хичээлийн жилийг эхлүүлж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 77 хүүхдийг төгсгөсөн бол энэ жил 280 хүүхдийг нэгдүгээр ангид хүлээж авсан. Гурав дахин их хүүхдийн хүчин чадлаар ажиллаж байгаа учраас нэг ангид 4550 хүүхэд сурдаг. Гурван ээлжээр хичээллэхгүйн тулд өнгөрсөн жил зургаан ангийн сурагчдыг бусад бүлэг рүү тараасан. Баянгол дүүргийн IX, X, XXI, XXII хорооны хүүхдүүд манай сургуульд суралцдаг. Нийт сурагчдын 93 хувь захын гэр хорооллын хүүхдүүд юм. Холоос хичээлдээ ирдэг хүүхдүүд зөндөө. XXI хороо гэхэд Баянхошуутай залгаа оршдог. Гурван ээлжээр хичээллэвэл орой 20 цагт тарах учраас хол гэртээ сурагчдад хүндрэлтэй. Эдгээр хүнд нөхцөлүүдийг тооцон үзэж ангид сурах хүүхдийн тоог нэмэгдүүлж, бүлгийн тоог цөөлөх бодлогыг баримтлан ажиллаж байна.

-Сургуулийн даац хэтэрч, олон хүүхэд суралцдаг юм байна. тэгвэл сурагчдын аюулгүй орчинг хэрхэн хангаж байна вэ. Сургуулийн эргэн тойрныг ажихад өгсүүр зам ихтэй юм байна?

-Сургуулийн байршлаас болж сурагчдын аюулгүй байдал их хөндөгддөг. Хашааны баруун тал авто замтай залгаа. Уг зам нь өгсүүр учраас өвөл халтиргаа үүсч, хүүхдүүд унаж бэртэх аюултай байдаг. Тиймээс бид өнгөрсөн өвөл замаа сайжруулах төслийг хэрэгжүүлсэн. Ийнхүү замд шинээр таван тэмдэглэгээ хийлгэж, халтиргаа үүсэхээс сэргийлсэн наалтыг байршуулсан. Мөн сургуулийн эргэн тойронд орших жалганд аюулаас хамгаалсан хашлага хийх дутуу байна. Манай сургуулийн дээвэр муу учир жил бүр борооны ус гоождог. Харин өнгөрсөн жил дээврийн засварыг хийж гүйцэтгэсэн учир ус гоожихгүй болсон.

-Энэ жил үүдний хүлээлгийн өрөө ашиглалтад орсон гэж сонслоо. Ямар зориулалтаар гаргаж байгаа өрөө вэ?

-Манай сургууль нийт 1200 гаруй бага ангийн сурагчтай. Бага насны хүүхдийг гараас гарт хүргэж өгөх учиртай. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд хүргэж өгөх, авах үед ачаалал нэмэгддэг. Тиймээс эцэг эхчүүдэд зориулсан 102 кв метр зайтай хүлээлгийн танхим барьсан. Хүлээлгийн өрөөний санхүүжилтийг 90 багш, 1000 сурагчдын урлагийн тоглолт хийж, хандив цуглуулж бүрдүүлсэн. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэг давхарт нэгдүгээр анги, хоёр давхарт хоёр, гуравдугаар анги, гурван давхарт дөрөв, тавдугаар ангийг хичээллүүлдэг. Бага ангийн 28, дунд, ахлах ангийн 18 бүлэгтэй. 23 анги танхим байгаа учраас хоёр ээлжээр хичээллэж байгаа. Одоо ч манай сургуульд шилжин суралцах хүсэлтэй хүүхдүүд ирсээр байна. Ийм хүнд нөхцөлтэй байгаа үед нэг ангид сурах хүүхдийн тоог ихэсгэхээс өөр аргагүй. Ангийн ширээ, сандал хүрдэггүй учраас гурван хүүхэд нэг ширээнд суух энгийн үзэгдэл болсон. Дараа дараагийн жилд хороодод бага сургууль баригдах байх гэж итгэн хүлээж байна.

-Энэ жилээс эхлэн дунд сургуулийн цайны газрыг тухайн сургуулийн захирал сонгон шалгаруулах болсон гэсэн. хийжүүлсэн удаа гэх мэт хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнс зарахыг хорьсон. танай цайны газар эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсэн дээр хэр анхаарч байна вэ?

-Манайд одоо үйл ажиллагаа явуулж байгаа цайны газрыг дөрвөн жилийн өмнө Өмчийн харилцааны газраас сонгон шалгаруулсан. Өнөөг хүртэл ямар нэгэн сурагч хоолонд хордсон тохиолдол гараагүй байна. Цайны газрыг ШУТИСийн нийтийн хоолны анги төгссөн мэргэжлийн хүмүүс ажиллуулдаг учир эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хоол ундаагаар үйлчилж чаддаг. Тиймээс цайны газрыг солих шаардлагагүй гэж үзсэн. Цайны газрын заал жижиг учир сурагчид ангидаа үдийн цайндаа ордог.

113 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ НАР АЖИЛ ХАЯХГҮЙ ГЭВ

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлээс өнгөрсөн бямба гаригт хэвлэлийн бага хурал хийн ажил хаях болсноо мэдэгдсэн юм. Тэд салбарын яамны холбогдох албаныхантай уулзсан ч цалин хөлс нэмэгдүүлэх талаар зөвшилцөлд хүрч чадаагүй учраас ийнхүү ажил хаяхаар болсон ажээ. Тус холбооны дарга Ж.Батзориг “Засгийн газар ард иргэдэд багш нар цалинг нь 30 хүртэл хувиар нэмээд байхад ажил хаялт хийх гэж байна гэсэн буруу ойлголтыг өгч байна. Есдүгээр сарын 3ны өдрөөс эхлэн нийслэлийн 70 сургууль, 90 орчим цэцэрлэгийн хичээл орохгүй. Шинжлэх ухааны байгууллагууд 100 хувь ажил хаялтад оролцоно. Хөдөлмөрийн тухай хуульд ажил хаялтыг хийхээр бол тав хоногийн өмнө сургуулийн захиргаанд мэдэгдлээ өгөх ёстой. Мэдэгдлээ өгсөн сургуулиуд есдүгээр сарын 3-наас эхлэн ажил хаяна” гэдгээ мэдэгдсэн юм. Харин салбарын сайд Үйлдвэрчний эвлэлтэй тохиролцсон багш нар ажил хаяхгүй гэж байв. Бидний сурвалжлага хийсэн 113 дугаар сургуулийн багш нар ажил хаяхгүй гэж байв. 44 дүгээр сургуулийн багш нар ч ажил хаяхгүйгээр шийджээ. Нийслэлийн хоёрдугаар сургуулийн хувьд ч маргааш хичээллэх гэнэ. Гэхдээ энэ сургуулийн хувьд багш нар нь ажил хаях, хаяхгүй дээр хоёр хуваагдсан гэх мэдээлэл ч дуулдсан юм. Зарим сургуулийн багш нар хичээл орохгүй гэх мессэжийг эцэг, эхчүүд рүү явуулж буй тухай мэдээлэл өнгөрсөн хоёр өдөр хөвөрлөө.

Ц.ЦОГЗОЛМАА: ЦААШИД БАРИГДАХ ХОРООЛОЛ БҮРТ ИЙМ ЖИШИГ, СТАНДАРТТАЙ СУРГУУЛЬ БАРИУЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

Салбарын сайд Ц.Цогзолмаа Яармагт байрлах “Шинэ Монгол Харумафүжи”, нийслэлийн 141 болон Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн нээлтэд тус тус оролцсон юм. 20182019 шинэ хичээлийн оны жилд Ерөнхий боловсролын 814 сургууль сурагч, хүүхдүүдээ хүлээн авахаар болсон билээ. Нийтдээ 597.2 мянган сурагч суралцах юм.

Нарны хороололд байрлах 114 дүгээр сургууль шинээр үүд хаалгаа нээж, сурагчдаа хүлээн авлаа. Тус сургууль нь нийт 960 хүүхдийн хүчин чадалтай жишиг сургууль юм. Энэ үеэр сайд Ц.Цогзолмаа “Мэдлэгтэй, зөв төлөвшилтэй иргэн болгон хүмүүжүүлэх нь Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа боловсролын салбарын эрхэм зорилго юм. Энэхүү сургуулийг улсын болгох шийдвэрийг Засгийн газар, БСШУСЯ гаргаснаас гадна лаборатори сургууль болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр сурагчдын хичээлийн ачаалал нэмэгдэх ч гадаад хэл, мэдээллийн технологийн өргөн мэдлэгтэй болох орчин бүрдэж байгаа. Энэхүү сургууль нь хороолол дунд баригдаж байгаа жишиг болохуйц, чанарын өндөр стандарттай сургууль юм. Цаашид баригдах хороолол бүрт ийм жишиг, стандарттай сургууль бариулахын төлөө ажиллана” гэж байлаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхоролын хажууд залуу гишүүд ичиж амьдар
НҮБ Хойд Солонгосын хүний эрхийн зөрчлийг буруушаав
Манай улсын бүртгэлтэй ажилгүй иргэд 24.2 мянгад хүрчээ
"У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүдээ 1.3 тэрбумын зээл авч өгсөн"
Г.Угалзцэцэг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
Эрүүл мэнд минь баяртай
Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо
Эрдэмтэд 1,200 метрийн гүнд орших Mercer нуурыг судална
“Их 20”-ийн чуулганаас хоцорсны дараа Германы засгийн газар канцлерьтаа шинэ онгоц авахар шийджээ
АНУ-д баривчлагдсан “тагнуулч” эмэгтэйг суллах уу?
Агаарын бохирдолтой холбогдуулан НҮБ-аас хариу мэдэгдэл гаргажээ
“Авьяаслаг монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо
Зуун айл орчимд агаарын бохирдол хамгийн их байна
УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 68 хувь нь ЖДҮ-чин
Сагсчид агаарын бохирдлыг эсэргүүцэж, ХАР МАСК зүүжээ
Элчин сайд Г.Ганболдын хүсэлтээр эмчилгээний 41 мянган ам.долларыг чөлөөлсөн албан бичиг ил болжээ
Vivo хоёр талдаа дэлгэцтэй утсаа албан ёсоор танилцуулав
“УБТЗ”-ын удирдлагыг Оросын тал авах уу?
Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноов
”ШАНГРИЛЛА” зочид буудалд АНУ-ын тагнуулын ажилтанамиа алджээ