Отгонтэнгэр хайрханыг зорьсон замын тэмдэглэл

2018-08-30

Отгонтэнгэр хайрхан Даян уулнаас харагдаж буй нь

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханд баруун хойд талаас нь бараалхахаар өнгөрсөн долоо хоногт Завхан аймгийг зорив. Далайн түвшнээс дээш 4,031 метрийн өндөрт сүндэрлэх оргилынх нь урд тал нь мөнх цастай бол хойд тал нь цавчим эгц хадтай ажээ.

Эргэн тойронд нь бараг мянган км2 газрыг 1992 оноос дархалсан учир Отгонтэнгэр хайрхны орчимд хүн, мал нутагладаггүй, онгон сайхан газар болжээ. Улиастайгаас зүүн урагш зуугаад км яваад Даян уулын оройд гарахад цэлмэг тэнгэрийг эзэгнэсэн хайрхан уул сүр жавхаатай тодрон, сэтгэлийн баясал төрүүлэв.

Завхан аймаг нь хангай говь хослон, ой ус нь тэгширсэн үзэсгэлэн төгс байгальтай, хол ойрын аялагч, жуулчид ихтэй байна. Газар нутаг нь 82.5 мянган км2 буюу Австри улстай адил, хүн ам нь 80 мянга ажээ. Завханы замд харсан зарим содон үйл явдлыг эргэцүүлэн бодсоноо уншигч тантай хуваалцахыг зорилоо.

Загастайн давааны засч дуусдаггүй зам

Зам үнэхээр хөгжил авчирдаг юм байна гэж Архангай аймгийн Тариат сумын нутаг, Тэрхийн цагаан нуурын дэргэд зусаж байгаа малчин эр хуучлав. УБ-тай холбосон шинэ засмалаар зорчих аялагчид улам олширч, тэдэнд хоол ундаар үйлчилж буй эндэхийн олон хот айл энэ жил бузгай сайн орлоготой гэнэ.

Харин Завханы Улиастайн иргэд тэр хөгжил нь хэзээ ирэхийг хүлээгээд олон жил болжээ. Уг нь нийслэлээс гарсан хатуу хучилттай зам мянгаад км явж Тосонцэнгэл суманд ирсэн. Урагшаа гучаад км замын ажил дуусаагүй учир шороон замаар бараг цаг хагас сэгсчүүлэв. Тэгээд гэнэт толь шиг сайхан шинэ зам дээр гарч Тэлмэн сумыг дайран зуугаад км жирийлгэн баярлуулсан ч Загастайн давааны наад бэл хүрээд дуусав.

Цааш аймгийн төв хүртэлх 67 км энэхүү шороон зам машин, жолооч хоёрын хүч, тэвчээрийг шалгасан томоохон сорилт болов. Огцом өгсөлт, уруутай, цочмог эргэлт, тасралтгүй овон товонтой туулахад их хэцүү энэ замыг тас харанхуй шөнөөр 2 цаг явж барав. Замын энэ хэсгийг барих гэж олон компани солигдож, олон ч жил болжээ. Хөгжлийн банкны санхүүжилт засаг солигдохоор зогсож, төсвөөс гаргана гэсээр хэдэн жил хий хүлээгджээ. Харин өнгөрсөн сараас Хятадын Эксим банкны зээлд хамрагдаж, хятадын компани барих болжээ. Гэхдээ л замын зөвлөх компанийн зардал, 2.5 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт тусгаж чадвал, энэ зам 2020 онд нэг юм дуусах төлөвтэй.

Завханыхан засмал замаа, дагаж ирэх хөгжлөө харуулдан хорин он гартал хоног тоолон хүлээж сууна. Уг нь энэ замыг төлөвлөж байсан шигээ арван жилийн өмнө дуусгачихсан бол хөдөлмөрийн бүтээмж эрс өсч, бизнес илт сэргэж, ялангуяа аялал жуулчлал ихээхэн хөгжих байлаа.

Төр засаг нь тооцоогүй өрөнд баригдан, төсвийн орлогын дөрөвний нэг нь зөвхөн хүүгийн зардалд нь явж байсан учир төрийн санхүүжилт бүхий замын хөрөнгө оруулалт хамгийн түрүүн танагдаж ирсний тод жишээ нь Завханы зам ажээ.

Завханыг гэрэлтүүлсэн Богдын голын станц

Завхан аймаг тогтмол цахилгаангүй, хязгаарлалттай ажиллуулдаг дизелийн мотороор гэрэл залгуулж байлаа. 1994 онд Монгол инженерүүд Алдархаан сумын нутаг дахь түргэн урсгалтай Богдын гол дээр бага оврын усан цахилгаан станц (УЦС) байгуулжээ. Энэ станцын суваг, хоолойг 2005 онд Германы буцалтгүй тусламжийн хөрөнгөөр засварлаж үйл ажиллагааг нь сайжруулснаар Улиастай хотынхон зундаа цахилгаанаар тасрахгүй, өвөлдөө Тайширын УЦС-тай холбогдох болжээ. 

Аймгийн төвөөс зүүн урагш 36 км зайд орших, 2 мегаваттын чадалтай энэ УЦС-ын техникийн шийдэл их өвөрмөц ажээ. Богдын голын өндөр хясаатай нэгэн эргэлт дээр 2.5 км-ын алсаас салаалан суваг татаж, усыг нь тойруу замаар урсгалын хүчээр нь урсган, бага багаар өгсүүлсээр өндөр толгой дээрх усан санг дүүргэж байна. Толгойн цаад талын огцом уналттай налуу дээр хоёр том хоолой уруудан байрлуулж, бэлд нь турбин тавьж цахилгаан үйлдвэрлэж байна. Толгойн зүүн хажуу болох 17 метрийн өндөр хясаанаас хальсан усаа унагаснаар хүний гараар бүтээсэн хүрхрээ бий болж, байгалийн бас нэг хосгүй үзэсгэлэнг бүрдүүлжээ.

Богдын голын УСЦ

Энэ бол манай улсад буй уулын голын түргэн урсгалыг ашигласан, бага оврын 11 усан цахилгаан станцын нэг нь. Ашиглах арга ухаанаа олох аваас Завхан аймагт эрчим хүчний ч, аж үйлдвэрийн ч, аялал жуулчлалын ч салбарыг хөгжүүлэх боломж их буйг харж явлаа.

Цэнхэрийн рашааны цэгцгүй баазууд

Улаанбаатар хотоос хатуу хучилттай засмал замаар 480, шороон замаар 30 км яваад Архангай аймгийн Цэнхэр сумын алдарт халуун рашаанд очив.  Цэнхэрийн рашаан нь халуунаараа Шаргалжуутын дараа ордог, ус нь газрын гүнээс секундэд 10 литр хүртэл ундарч гардаг ажээ. Хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулсан энэ рашаан булчин, үе мөчний өвчин; хөдөлгөөний эрхтэн, зөөлөн эдийн гэмтэл; эрүүл мэнд сэргээх; ядаргаа тайлах; чихрийн шижин өвчний үед эерэг нөлөө үзүүлдэг гэдэг.

Хоёр уулын бэлд байрлах нэг ундаргаас тус бүртээ хоолой татан жижиг сангуудаа рашаанаар өглөө дүүргэж, шөнөдөө сулладаг Цэнхэр жигүүр, Шивээт манхан, Дуут ресорт, Хангай ресорт, Алтан нутаг зэрэг таван ч амралтын бааз хаяа залган орших юм. Захиалгагүй бол өрөө, гэр олдохгүй, хоногт нийтдээ 500-аад хүн авдаг энэ баазууд эргэн тойрноо тохижуулах, машины зам талбай засах талаар хамтран ажиллаж чадахгүй байгаа бололтой.

Хоногт 500 хүн, зуугаад машин ирж байгаа газар бол томоохон суурин бөгөөд хотжилтын талаас нь төлөвлөж цэгцлэх, орох гарах замыг нь хатуу хучилттай болгох, стандартын зогсоол, гэрэлтүүлэг, цэвэр бохир усны шугам, байгууламж хийхгүй бол хайран байгаль яйран болж байна.

Орон нутгийн амралтын болон жуулчны баазуудыг аймагт нь бүртгэх, орлогын татварыг суманд нь үлдээж тухайн байршлын дэд бүтцийг сайжруулахад заавал зарцуулах талаар хууль зүйн зохицуулалт хийх цаг болжээ.

“Оцон шувууд”

Улаанбаатараас Улиастай хүртэл мянган км явах замд олон янзын шувууд таарлаа. Элээ, хэрээ, хун, тогоруу, ангир бүр цахлай ч байлаа. Гэхдээ хамгийн олон, хамгийн том, хамгийн содон шувуу бол зам дагуу цувран суух “оцон шувууд” байлаа.

Нэгэнт л бие засах зориулалтын жорлон байхгүй учир зорчигчид “оцон шувуу”-нд хувирахаас өөр сонголтгүй юм. Уг нь бол мянганы замаа дагуулаад аяны алжаалаа тайлж, амсхийх, ариун цэврийн өрөөнд орох, аяга цай, кофе уух үйлчилгээний цогцолбор хэдэн арвыг байгуулчхаж болох байсан. Тийм газруудыг яаж барих тухай үндэсний стандарт “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Авто замын дагуух үйлчилгээний байгууламж, Үндсэн шаардлага” MNS 5537 бүр 2005 онд уг нь батлагдсан ажээ.

Ер нь бол улсын чанартай хатуу хучилттай замын дагуу тодорхой зайд (зуун км тутамд ч юм уу) үйлчилгээний газар барьж, ажиллуулах эрхийг тендэрээр олгох, орон нутгийн засаг захиргаа нь дэмжих, аялал жуулчлалын мэдээлэл түгээх зэрэг ажлыг монголд эхлүүлэх хэрэгтэй байна.

Холбогдох дэд бүтцийг байгуулахын зэрэгцээ аймаг бүр аялал жуулчлалын онцлог бренд бүтээх шаардлагатай. Нутаг усны түүх, дурсгалын газрууд, ёс заншил, соёл, хууч яриа, домогт суурилсан аяллын өөр өөрийн онцлогтой хөтөлбөрийг аймаг бүр зохиож, сурталчилж чадвал аялал жуулчлал ч хөгжинө, түүнийг дагаад орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүд ч бүх талаар хөгжинө. Орон нутгаас нийслэлд ирдэг нүүдлийг Улаанбаатараас аймгууд руу эргүүлэх боломж ч бүрдэж магад.     

Зам дагаж хөгжил ирж байна. Айсуй хөгжлийг ухаалаг төлөвлөх, ард иргэд нь оролцон, аж амьдралаа өргөхийн тулд аймгуудад эдийн засгийн эрх чөлөөг олгох цаг болжээ.

 

УБ-Улиастай-УБ

Д.Жаргалсайхан

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй