Монголчуудын зууны бахархал

2018-06-12

“Эрдэнэт” үйлдвэр - Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт

“Эрдэнэт” үйлдвэрийн ахмадууд ил уурхай үзэж явахдаа “Үйлдвэр ашиглалтанд орсон анхны жилүүдэд 40 тонны БелАЗ-аар л хүдэр тээвэрлэдэг, тэр их өндөр сүрлэг харагддаг байж билээ. Гэтэл одоо 130 тонны БелАЗ машинаар хүдрээ зөөгөөд, хөдөлмөрийн бүтээмжээ хэд дахин нэмэгдүүлсэн гээд бодохоор сайхан шүү гэж ярьцгаана. Энэ үйлдвэрт залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан тус үйлдвэрийн анхдагчдын нүдэн дээр Эрдэнэт үйлдвэрийн өнгө төрх өнгөрсөн 40 жилд эрс өөрчлөгдсөнийг энэ мэт олон зүйлээр жишиж болно. Эрдэнэт үйлдвэр хэрхэн байгуулагдаж, ажиллаж, хүндрэл бэрхшээлийг туулж, ямар амжилтанд хүрснийг дор цухасхан ч болов сийрүүлэн бичсү.
     ОХУ-ын олон хотоос 15 мянган хүн, Монголын өнцөг булан бүрээс 5 мянга гаруй  хүн эвлэл, комсомол, намын илгээртээр шинэ үйлдвэр, шинэ хот барьж байгуулна хэмээн Монгол оронд нэгэн зэрэг хуран цуглаж эрч хүчтэй хамтран ажилласан нь 1973 оноос эхлэлтэй. Учир нь, Монгол-Зөвлөлт, Монгол-Чехославакийн хайгуулчид 1964-1972 онд ээлж дараалан хүч хамтран ажиллаж “Эрдэнэтийн овоо” ордын системчилсэн судалгааг хийж дуусгасны үндсэн дээр Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1973 оны 11-р сарын 22-ны өдөр Монголын талаас Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн талаас Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар гарын үсэг зурсан. “Эрдэнэтийн овоо” ордыг түшиглэн “Эрдэнэт” үйлдвэр барихтай зэрэгцэн Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн авто зам, Эрдэнэтийн овоо хүртэлх өндөр хүчдэлийн шугам, соёл ахуйн барилга байгууламж, орон сууц гээд нийгмийн хэрэгцээт бүтээн байгуулалтыг нэгэн зэрэг цогцлоох шийдвэрийг дээрх тогтоолд тусгаснаар Монголын 20-р зууны их бүтээн байгуулалт ёстой л “буцалсан” даа. “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгогчид өдөр шөнийн ээлжинд ажиллана. Барилгын суурь тавьсан газар бүхэнд том том гэрэл сүлэлдэнэ. Ямартаа л  тэр үед “Эрдэнэтийн цагаан шөнө” дуу төрөхөв дээ. Их бүтээн байгуулалт ид өрнөсөн 1974-1978 онд Эрдэнэтийнхэн үнэндээ харанхуй шөнийг хараагүй гэхэд болно. “Эрдэнэт” үйлдвэрийн барилга байгууламжууд арай баригдаж дуусаагүй буюу 1977 оны намар ирээдүйн шинэ үйлдвэрт ажиллах төрөл бүрийн мэргэжлийн ажилчдыг ЗХУ-ын Алмалык, Гай, Сибай, Учалы хотод зуу зуугаар нь явуулж 6 сараас 1 жилийн хугацаатай сургаж эхэлсэн юм. Тэдний сүүлчийнх нь 1978 оны намар төгсөж ирсэн. “Эрдэнэт” үйлдвэрийг барихаас өмнө 1975 онд Сургалтын төв барьж байгуулан тэнд мөн монгол ажилчдыг сургаж эхэлсэн байлаа. Төр засгийн бодлогоор гадаадын уул уурхайн их сургуулиудад “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах инженер техникийн ажилтнуудыг мөн сургаж байв. “Эрдэнэт” үйлдвэр барьж байгуулах, ажиллах хүчнийг бэлтгэх ажлууд ийнхүү төрийн бодлого, шийдвэрийн дагуу зэрэг хийгдэж, 1978 оны 12-р сарын 14-нд “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр ээлж ашиглалтанд ороход шинэ үйлдвэр ч ажиллахад бэлэн, шинэ ажилчид ч мэдлэг чадвараа зориулахад бэлтгэгдсэн байлаа. Орос “ах” нараас монголчууд ихийг сурсан. Монгол инженерүүд гэхэд үйлдвэрийн анхан шат буюу ажилчны ажил мэргэжлээс хөдөлмөрийн гараагаа эхэлж, шат ахин ажиллаж суралцсаар мэргэжлийн ажлаа хийх хэмжээнд дадлагажиж, туршлагаждаг байв. Энэ орос “школ” Эрдэнэт үйлдвэрийн алтан дүрэм байсан юм. Үйлдвэрийн анхдагч инженер техникийн ажилтнууд одоо ч тэр түүхэн замналаа бахархалтайгаар дурсан ярьдаг. Нэгдүгээр ээлж ашиглалтанд орсон анхны жилүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн нийт ажиллагсдын 72 хувь нь оросын мэргэжилтэн, 28 хувь нь монгол ажиллагсад байсан бол өнөөдөр 96,1 хувь нь монголчууд, 3,9 хувь нь л гадаадын мэргэжилтэн ажиллаж байна. 40 жилийн хөгжлийн түүхэнд монгол хүн уул уурхайн салбарт хэрхэн мэргэшиж, чадваржсаныг “Эрдэнэт” үйлдвэрийн энэ жишээнээс харж болно. Энэ үйлдвэрийн Сургалтын төв өнөөдөр Технологийн сургууль болон өргөжиж өөрийн төдийгүй Оюутолгой ХХК зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрийн ажиллах хүчнийг сургадаг эрдмийн уурхай болов. Тус үйлдвэр ийнхүү уул уурхайн ажиллах хүчний аугаа их нөөц, оюуны дундаршгүй хүч чадал болсон нь өнгөрсөн хугацааны томоохон амжилтуудын нэг юм.

     “Эрдэнэт” үйлдвэрийг  дагаад одоогийн 103,6 мянган хүн амтай Эрдэнэт хот байгуулагдсан нь Монголын сүүлийн 40 жилд хийгдсэн цорын ганц тод бүтээн байгуулалт байлаа. Тухайлбал, зам харилцаа, дэд бүтэц, соёл, худалдаа, үйлчилгээ, орон сууц гэх мэт нийгэм ахуйн хэрэгцээт барилга байгууламжууд бүгд баригдаж Монголын нэгэн шинэ өнгө төрх бүхий шинэ хот сүндэрлэн боссон.
     “Эрдэнэт” үйлдвэр 1990 он хүртэл таван ээлжийг ашиглалтанд оруулж үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглах хэмжээнд хүрсэн. Гэвч ОХУ, Монгол улсад нийгмийн томоохон шинэчлэлт хийгдэж, зах зээлийн нийгэмд шилжих явцад “Эрдэнэт” үйлдвэр техник технологийн хоцрогдол, сэлбэг хэрэгслийн дутагдалд орох бэрхшээл тохиолдсон. Монголын томоохон үйлдвэрүүд үүд хаалга барьсан тэдгээр он жилүүдэд “Эрдэнэт” үйлдвэр бэрхшээлийг амжилттай даван туулж, аажмаар үйлдвэрлэлээ сэргээж 1994 онд анх удаа 20,04 сая тонн хүдэр олборлож цаашид эрч хүчтэй ажиллах амжилтын гарааг дахин эхлүүлсэн юм. Зэс молибдений үйлдвэрлэлийн энэхүү хүчин чадлын өсөлт, эх орны эдийн засагт оруулсан хувь нэмэр гээд олон амжилтыг харгалзан зуун солигдох агшинд “Эрдэнэт” үйлдвэрийг “Зууны манлай бүтээн байгуулалт” хэмээн өргөмжилсөн нь бодит үнэлгээ, Монгол түмний бахархалын илэрхийлэл байлаа. Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Эрдэнэт үйлдвэр бол Монголын ард түмний бахархал, Монголын эдийн засгийн нэг өндөрлөг, Монгол, Оросын ард түмний эрх тэгш харилцаа, хамтын ажиллагааны талбар, Монголыг дэлхийн эдийн засагтай холбож буй чухал шижим юм” гэж нэгэнтээ товч тодорхой томьёолсон. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн “Эрдэнэт үйлдвэр нь гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд хамгийн зөв шингээж чадсан цорын ганц үлгэр жишээч  том төсөл байсан” гэж билээ. Үүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн хөгжлийн өнгө төрх, улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр, хүрсэн амжилтууд нь гэрчилнэ. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналтаас үүдэлтэй 1998-1999 он, 2008-2009 он, 2011-2016 оны эдийн засгийн хямралыг тус үйлдвэрийн хамт олон зөв бодлого, үйл ажиллагааны хүчээр ажралгүй туулсан гавьяатай.

“Эрдэнэт” үйлдвэр-Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж

     Үйлдвэрийн анхны ээлжийг жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтанд хүлээн авсан бол 2015 онд Баяжуулах фабрикийн шинэ өргөтгөл барьж ашиглалтанд оруулснаар тус үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрсэн нь бахархам амжилт байлаа. Дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын 3 хувийг, молибдений баяжмалын нэг хувийг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа экспортолж, өдөрт 3 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,  дэлхийн ижил төстэй томоохон үйлдвэрүүдтэй харьцуулахад “Эрдэнэт” үйлдвэр өрсөлдөх чадвараараа 7-д, Ази тивд нэгдүгээрт жагсдаг болсон амжилтуудыг үнэлэн 2010 онд “Эрдэнэт” үйлдвэрийг “Европын бизнес ассамблей” олон улсын байгууллагаас “Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгаруулан өргөмжлөл гардуулсан нь манай уурхайчин хамт олны 32 жилийн хамтын үр бүтээлтэй хөдөлмөрийн нэг том үнэлгээ байсан юм. 2013 онд тус үйлдвэрийн 35 жилийн ойг тохиолдуулан  Монголын төр “Эрдэнэт” үйлдвэрийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор мялааж уурхайчин хамт олны магнайг тэнийлгэсэн. Өнгөрсөн 40 жилд “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчин хамт олон дундаас таван Хөдөлмөрийн баатар, 40-өөд гавьяат төрснийг ч дурдахгүй өнгөрөх аргагүй.

     Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ  хамтран сүүлийн 17 жил “Монголын ТОП-100 аж ахуйн нэгж” шалгаруулахад  “Эрдэнэт” үйлдвэр 2017 онд 16 дах удаагаа ТОП-100 аж ахуйн нэгжийг тэргүүлсэн. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Манай үйлдвэр 2017 онд түүхэндээ хамгийн өндөр ашиг орлоготой ажиллаж улс, орон нутгийн төсөвт 614.8 тэрбум төгрөг, 2018 оны эхний улиралд улс орон нутгийн төсөвт 150.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилтаар 40 жилийн ойн баяраа угтаж байна” гэсэн мэдээллийг саяхан үйлдвэрийн анхдагч, ахмадуудад бахархалтайгаар дуулгалаа. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэр цаашид 60 жил тогтвортой ажиллах нөөц тогтоогдсон гэх геологи хайгуулын ажлын үр дүнг ч Ерөнхий захирал уурхайчдад мэдээлэв. Өөрөөр хэлбэл хуучин, шинэ зуун дамжин өндөр үр бүтээлтэй ажиллаж буй “Эрдэнэт” үйлдвэр нийтдээ 100 жил ажиллаж буян хишгээ монгол түмэнд хүртээх ажээ.
     Эрдэнэт үйлдвэр 40 жил тасралтгүй ажиллахдаа олон мянган хүнд хөдөлмөрийн хүмүүжил, сахилга батыг бат бэх суулгаж, “Сайн ажиллавал сайхан амьдарна” гэдэг үгийн учгийг тайлж ойлгуулан, ажиллагсдынхаа гэр бүлийн орлого, амар амгалан амьдралын эх үндэс болсон номин ногоон “суварга”, эх орны эрдэнэсийг баяжуулан эдийн засгийг тэтгэн дэлгэрүүлсэн бодит биелэл юм.   

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Уурын зуух дэлбэрч галч амиа алджээ
Ч.Чамин-Эрдэнийн ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ гарлаа
Бээжин хот агаарын бохирдлын шар гэрлээ асаажээ
Өвчнөө үл хайхран амжилтад хүрсэн алдартнууд
Япон залуу голограмаар бүтээсэн виртуал дуучин бүсгүйтэй гэрлэжээ
Дүүргүүдийг хуваахыг иргэдийн 60 гаруй хувь нь дэмжээгүй
Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Жонни Деппийн шинэ кинонд 2 жүжигчин тоглож байна
АНУ-тай дайсганадаг 13 улс С-400 худалдаж авах хүслээ илэрхийлжээ
Шүүгдэгч Б.Жавхлант, М.Амарболд нар талийгч охиныг ээжийнхээ хамтаар биеэ үнэлдэг байсан гэжээ
Өндөр үнэтэй шахмал түлшийг түлэх айл олдохгүй нь
Машинтайгаа шатсан жолооч түлэнхийн шархаа даалгүй нас баржээ
А.Гитлер болон түүний бяцхан еврей найз
Гашуунсухайтын замд 1000 гаруй автомашин 5 хоног дугаарлаж байна
“Насанд хүрээгүй” аав ээжүүд
10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол бүртгэгджээ
Амьдралын төлөө эмэгтэйчүүд...
Тѳрѳѳд нэг хоносон бяцхан хүүг боомилж хөнөөсөн хэрэг гарчээ
АТГ: Сум хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгожээ
Судалгаа: Амжилттай яваа хүмүүсийн ард “хатуу” ээж нар байдаг