Гүржээс анхны Озэки цолтон төрлөө

2018-05-31

Гүржээс анхны озэки цолтон төрлөө

Мэргэжлийн сүмо бөхөд амжилттай барилдаж байгаа Гүржийн бөх Точиношин өчигдөр озэки арслан цол хүртлээ. Токио хотод болсон зуны тэмцээнийг 13 даваа, хоёр унаатайгаар өндөрлүүлсэн Точиншин озэки цол хүртэх болзлыг хангаад байсан юм.

Энэ жилээс эхлэн дээд зиндаанд амжилттай барилдаж, нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн Точиношин ёкозүна Хакүхо, Какүрюү нарын хамгийн хүчтэй өрсөлдөгч бөх болон гарч ирсэн. Тавдугаар сарын башёд мөн сүүлийн өдрийг хүртэл ёкозүна Какүрюүгийн араас ганцаараа нэхэж байсан юм.

Сүмо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, сэкивакэ Точиношинд санал нэгтэйгээр озэки цол олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийн дараа холбооны төлөөлөгч Касүгано дэвжээнд ирж, Касүгано ояката, Точиношин нарт баярт мэдээг дуулгасан байна.

Точиношин озэки болсны дараа “Ояката багшийнхаа зааж сургасан зүйлийг баримтлан сахиж, бөхчүүдийн үлгэр дууриалал болохоор бэлтгэлдээ хичээн зүтгэнэ” хэмээн хэлсэн байна.

Касүгано дэвжээний бөх Точиношиний жинхэнэ нэр нь Леван Горгадзе. Тэрбээр 1987 оны аравдугаар сарын 13-ний өдөр Гүржийн үзэсгэлэнт хотуудын нэг Мцкетад төржээ. Точиношин багаасаа жүдо бөхөөр хичээллэж, үндэсний бөх болох элсэнд хүч үзэж чидаобагаар барилдаж өссөн байна. 2004 онд болсон сүмо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах сонирхогчийн тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзэлсэн нь түүнд энэ спортыг сонгох сонирхлыг нээж өгчээ. Точиношин Ничидай их сургуулийн сүмогоор алдартай клубт дасгал сургуулилтыг хийж, сүмод хөл тавьсан түүхтэй.

Тэрбээр 2006 оны эхээр Касугано дэвжээнд элсэн орж, хаврын тэмцээнээс эхлэн мэргэжлийн сүмод барилдаж эхэлжээ. Точиношн 2008 онд жюүрёод түрүүлж, зуны тэмцээнээс эхлэн дээд зиндаанд барилдаж эхэлсэн байна. 2013 онд баруун өвдгөндөө бэртэл авч макүшитад унажээ. Гэхдээ 2014 оны арваннэгдүгээр сарын барилдаанд дээд зиндаанд дахин барилдаж, энэ жил онцгой амжилтыг үзүүлсээр озэки цолтон боллоо.

Тэрбээр энэ хугацаанд гарамгай, дайчин, уран барилдааны шагналыг олон удаа хүртсэн байна. 2018 оны нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн нь түүнд озэки цолтон болох эхлэлийг тавьсан юм.

Точиношин гадаадын 11, зүүн Европын гурав дахь озэки цолтон боллоо. Түүний жин 177 кг, өндөр нь 192 см:

Точиношинийг сүмод амжилттай барилдаж эхэлснээс хойш Гүржид сүмо бөхийг  маш ихээр үздэг болжээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард түрүүлж, Гүрж улсын нэрийг Японд төдийгүй дэлхий дахинд таниулж чадлаа. Мөн түүнийг одоо эх нутагт нь баатарын хэмжээнд хүлээж байгаа аж.

Точиношин сүмогийн түүхэнд 30 насандаа озэки цолтон болж буй дөрөв дэх бөх болсон байна. Тэрбээр 2016 онд нутгийн эмэгтэйтэй гэрлэж, өнгөрсөн онд охинтой болжээ. Гэхдээ түүний эхнэр, хүүхэд Гүржид амьдардаг байна. Точиношин ирэх долоо хоногт нутгаа зорих аж.

Шинэхэн озэки цолтон Точиношинийг ирэх долдугаар сарын тэмцээнд томоохон өрсөлдөөнийг гаргахыг шүтэн бишрэгчид нь хүлээж байна. Тэрбээр өнөө цагт ноёрхоод байгаа монгол аваргуудын хүчтэй өрсөлдөгчийн нэг болон тодорсон бөхийн нэг юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй