2018-05-25
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Ким Чен Унтай хийх уулзалтаа цуцаллаа. Тэрбээр "БНАСАУ-ын сүүлд хийсэн мэдэгдлүүд маш ширүүн, илэрхий дайсагнасан өнгө аястай байсан"-ыг онцлон тэмдэглэсэн байна. АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп “Миний бие БНАСАУ-ын сүүлд гаргасан мэдэгдлүүдэд тулгуурлан ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт товлогдсон уулзалтыг цуцлахаар шийдвэрлэсэн. Цаашид олон зүйл тохиож, асар том боломж гарахыг үгүйсгэхгүй. Энэ нөхцөл байдал БНАСАУ, дэлхий нийтийн хувьд том сорилт болохыг ойлгож байна. Умард Солонгосын асуудлаар цаашид нөхцөл байдал нааштайгаар эргэнэ гэж найдаж байна. Гэхдээ үгүй гэвэл, бид өмнө байгаагүй арга хэмжээгээ авна. Ким Чен Ун үр дүнтэй уулзалт хийх хүсэлтэй байгаа эсэхийг хүлээж байна. Тэр хүртэл бид хамгийн хатуу хоригоо тавьж, хамгийн хүчтэй шахалтаа үзүүлсээр байх болно” гэж мэдэгдсэн байна. Харин БНАСАУ-ын тал уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тус улс энх тайвны төлөө хүчин чармайлт гаргасан хэвээр байна гэдгээ мэдэгджээ. Мөн уулзалтын шийдвэрээ эргэн харах хугацаа өгч байгаагаа илэрхийлснийг тус улсын Төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Үүнээс өмнө БНАСАУ АНУ-д хандаж "Хэрэв АНУ уулзалт хийх нөхцөлийг хангахгүй бол цөмийн зэвсгээр өрсөлдөхөд бэлэн байна" гэж анхааруулсан юм. Үүний хариуд Дональд Трамп "АНУ-ын цөмийн зэвсгийн хүчин чадал маш өндөр, ашиглахгүй байх нь илүү дээр" гэсэн байр суурь илэрхийлжээ.
Харин Дональд Трамп, Ким Чен Ун нарын уулзалт цуцлагдсанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Владимир Путин ОХУ-д айлчилж буй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах үедээ “Ким Чен Ун урьдчилж өгсөн амлалтуудаа бүгдийг биелүүлсэн. Цөмийн зэвсгийн туршилтын талбайн хонгил, байгууламжуудаа дэлбэлж устгасан. Харин үүний дараа АНУ уулзалтаа цуцалсан гэдгээ мэдэгдлээ” хэмээн онцолжээ.
Талуудын уулзалт ийнхүү цуцлагдсанаас нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна. Энэ уулзалт АНУ, БНАСАУ-ын харилцааг зөөлрүүлэх чухал ач холбогдолтойг ажиглагчид онцолж байна. Хоёр улс техникийн талаас дайсагнасан харилцаатай хэвээр байгаа юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд