"Мансууруулах бодис хэрэглэж, гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа"

2018-05-24

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

"ХУУЛИЙН ТӨСӨЛД СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ БАЙГУУЛЛАГА БАЙХААР ЗААЖЭЭ"

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. 

Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Өнгөрсөн хугацаанд дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон тул хасах, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, шинээр зохицуулалт нэмэх, журмаар зохицуулж байгаа зарим асуудлыг хуульчлах шаардлагатай болсон тул хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, хуулийн зорилтыг шинэчлэн томьёолжээ.

Хуулийн төсөл нь 4 бүлэг, 23 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн нэрийг “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай” гэж өөрчилж, хэрэгжүүлэх чиг үүргийг нь харгалзан “Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар” гэснийг хуулийн төсөлд “Албадан эмчлэх эмнэлэг” гэж нэрлэсэн байна.

Одоогийн мөрдөж байгаа хуульд албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд байдаг  бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлэхээр заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, мэргэжлийн удирдлага, хүний нөөцөөр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллага байхаар зааж, уг байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг  хуулийн төсөлд тодорхой тусгажээ.

"МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ИРГЭД НАСНЫ ХУВЬД ЗАЛУУЖИЖ БАЙГАА"

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Одоо хэрэгжиж буй хуулиар согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр эрхлүүлдэг бол Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид төслийг нийцүүлэн албадан хөдөлмөр эрхлүүлэх асуудлыг хассан байна. Согтуурах, мансуурах донтой этгээдийг гэмт хэрэгтэн, эсвэл хохирогч болохоос нь өмнө албадан эмчлэх, эмчилгээний стандарт болон холбогдох бусад асуудлыг нарийвчлан тодорхой болгосноороо одоо хэрэгжиж буй хуулиас ялгаатай.

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, үүнтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар тодруулсан гишүүний асуултад хариулахдаа “2017 оны байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 282 үйлдэлтэй 117 эрүүгийн хэрэгт 275 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явуулсан. Энэ оны эхний улирлын байдлаар энэ төрлийн 61 гэмт хэрэгт 132 хүнийг холбогдуулан саатуулж байгаа бөгөөд насны хувьд залуужиж байгаа” гэв. 

Мансууруулах бодис хэрэглэж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгааг мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэв.

Засгийн газарт энэ чиглэлээр танилцуулга хийж, энэ үндсэн дээр Аюулгүй зөвлөлд танилцуулж, зөвлөмж гаргасан. Цагдаагийн Ерөнхий газарт хар тамхитай тэмцэх бие даасан нэгж байгуулан ажиллуулж байгаа бөгөөд тодорхой үр дүн гарч байгааг тэрбээр хэллээ. Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа идэвхжиж, хэргийн илрүүлэлт нэмэгдэж байгааг хэлсэн юм. Хил гаалийн шалган нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах шаардлага байгаа талаар хэлэлцүүлгийн үеэр мөн дурдагдаж байлаа.

Ийнхүү гишүүний асуултад хариулт өгсний дараа төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй