Таж Махал нянд идүүлж байна

2018-05-23

Таж Махал нянд идүүлж байна

Энэтхэг улсыг зорих гадаадын жуулчид үнэнч хайрын бэлгэдэл Таж Махалыг үзэхээр зорчдог гэвэл хилсдэхгүй. 17-р зуунд Моголын эзэнт гүрний угсаа залгамжилсан тав дахь хаан Шах Жахан өөрийн хоёр дахь хатан Мумтаз Махалд зориулан босгосон гантиг бунхан нь үнэнч хайр дурлалын бэлгэдэл болон олон зуун зууны туршид жуулчдын нүдийг хужирлаж, үзэсгэлэн тансаг төрхөө хадгалсаар  иржээ.

Энэтхэг улсад өнгөрсөн 2017 онд гадаадын жуулчдын тоо өмнөх оныхоос 15,2 хувиар нэмэгдэж, салбарын орлого 27 тэрбум ам.долларыг давжээ. Үүнийгээ дагаад гадаад валютын урсгал 20,2 хувиар нэмэгдсэн аж. Аялал жуулчлалын салбар Энэтхэгийн ДНБ-ны 6,88 хувийг бүрдүүлж, ажил олголтын 12,36 хувийг тус салбар эзэлдэг байна.

Гэвч өдгөө хамгийн их бохирдолтой арван орны нэг Энэтхэг улсад жуулчдыг татдаг гол үзвэр Таж Махал танан цагаан төрхөө алдахад хүрчээ. Дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн Таж Махалыг хогоор дүүрсэн голын уснаас өгсөх бактери, автомашины хорт утаа, тоос шороо зүс дарж байна. Агра хотын дундуур урсах Ямуна гол хогоор дүүрч ширгэж эхлэхийн зэрэгцээ усанд үржсэн бактери Таж Махалын гадна ханыг “идэж” ногоон өнгөр тогтоох болжээ. Энэтхэгийн байгаль орчны асуудлаар дагнасан өмгөөлөгч энэ асуудлаар Дээд шүүхэд гомдол гаргаж, Таж Махалыг хамгаалахыг шаардсан байна. Харин

Энэтхэгийн Дээд шүүхээс Засгийн газрыг түүхийн дурсгалт Таж Махалыг хадгалж хамгаалахад хангалттай анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилжээ. Хэрэв Энэтхэгийн эрдэмтэд бактерийн эсрэг тэмцэж чадахгүй байгаа бол гадаадын мэргэжилтнүүдийг урьж авчрах хэрэгтэй гэж өмгөөлөгч Мехта мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн 30 жилийн турш Таж Махалыг бохирдлоос хамгаалах ажлыг ахлан гүйцэтгэж байгаа аж.  Тэд эрдсээр баялаг шаваар гантиг чулуун дээр тогтсон бактерийг үрж, усаар зайлах аргыг хэрэглэдэг байна.

Түүнчлэн бактерийн “дайралтаас” гадна сувгийн усанд Таж Махалын модон суурь өмхөрч байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Энэ нөхцөлд Таж Махал удаан оршин тогтноход хүндрэлтэй болж байна. Түүнчлэн автомашины утаа, баригдаж буй барилгын тоос шороо зэрэг нь Таж Махалын гантиг цагаан өнгийг бүдгэрүүлэх аж. Жуулчдад сонирхуулдаг өмнө хэсгийг эс тооцвол Таж Махалын арын хэсэг хоосон усны сав зэрэг хог бохирдол ихтэй гэнэ. Таж Махалын гадна өнгө өөрчлөгдөх аюул гэнэт нүүрлээгүй юм. Энэтхэгийн байгаль орчны тэмцэгчид, түүхчид энэ аюулыг барилгажилт, хотжилтын явцад олон удаа эрх баригчдад сануулсаар иржээ. Одоогоор Энэтхэгийн засгийн газраас энэ асуудлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

СЭТГЭЛ УЯРАМ ХАЙРЫН ТҮҮХ

Мөнхийн хайрын бэлгэдэл гэгддэг Таж Махал “Титэм ордон” гэсэнтэй утга дүйцдэг. Хаан нөхрөө байнга дагалдаж, аян дайнд морддог байсан “Ордны чимэг” буюу Мумтаз Махал хатан 1631 онд 39 настайдаа 14 дэх хүүхдээ төрүүлээд насан эцэслэсэн байна. Хэдийгээр хаан олон сайхан хатадтай байсан ч үзэсгэлэн гоо төгөлдөр, залуу хатан Мумтаз Махалд чин сэтгэлийн угаас хайртай байсан учир бусад хатдаа үл тоодог байсан гэлцдэг. Хайрт хатныхаа цэцэн саруул ухаан, мэдлэг боловсролыг түшиглэж, 19 жил хамт амьдарсан хаан, хатан хоёрын дурлал үнэхээр үлгэр мэт байжээ. Аян дайны үеэр энхрий хатнаа алдсан Шах Жахан хаан туйлын ихээр уй гашууд автаж, хэдхэн сарын дотор үс, сахал нь цайж, хатныхаа шарилын өмнө “Чамайгаа мөнхжүүлэхийн тулд бүхнийг хийнэ” хэмээн андгайлсан гэдэг. Ийнхүү хаан олон орны шилдэг уран барилгачдыг дуудан ирүүлж, шалгаруулсны эцэст Ираны уран барилгач Устад Ахмад Лахауригийн зураг төслийг сонгож, Ямуна мөрний сав газарт барилгын ажлыг эхлүүлжээ. Үзэсгэлэн төгс Мумтаз Махал хатныг амьд байхад хаан түүнд дөрвөн амлалт өгч байсан аж. Нэн түрүүнд Тажийг барих, хоёрдугаарт дахин гэрлэх, гуравдугаарт үр хүүхдүүдтэйгээ эелдэг харьцах, эцэст нь жил бүр Мумтазын нас барсан өдөр түүний шарил дээр очиж байхаар ам гарсан боловч хаан эхний болон хоёр дахь амлалтаа л биелүүлжээ.

ТАЖ МАХАЛ ХЭРХЭН СҮНДЭРЛЭВ

Мумтаз Махал хатныг насан эцэслэснээс хойш нэг жилийн дараа буюу 1632 онд барилгын ажил эхэлж, 20 мянга гаруй дархчид, урчууд 22 жил тасралтгүй хөдөлмөрлөж хааны хүслийг гүйцэлдүүлжээ. 1648 онд гол мавзолейн ажил дуусч, харин таван жилийн дараа буюу 1653 онд цагаан гантиг чулуун бунхныг тойрон байрлах бусад барилгууд болон цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дууссан байна. Шилдэг уран барилгачдын ур ухаан, олон мянган хүний хөлс хөдөлмөр шингэсэн энэхүү ертөнцийн гайхамшгийг босгоход тухайн үед 32 сая рупи зарцуулсан гэдэг. Таж Махалыг сүндэрлүүлэхийн тулд Энэтхэг болон Азийн орнуудаас материал зөөвөрлөж, 1000 зааныг ашиглаж байсан гэх яриа ч бий.

Тунгалаг цагаан өнгөт гантигийг Ражастанаас, Панжабаас хаш чулуу, Хятадаас болор болон ногоолин чулуу, Түвдээс оюу, Афганистанаас хөх номин, Шри-Ланкаас сафир, Арабаас карнель зөөвөрлөж, нийт 28 төрлийн үнэт  болон хагас үнэт чулууг цагаан гантиг чулуун хананд шигтгэсэн байна.

Зуун сая гаруй хүний саналаар Ертөнцийн өнөө үеийн долоон гайхамшгийн нэгээр тодорсон Таж Махал 1983 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ болсон Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй