Өгье гэж байхад авахгүй гээд гэдийвэл тэнэглэл тэр болно

2018-05-22

2019 оны улсын төсвийн төсөөллийг УИХ хэлэлцэж эхлээд байгаа. Эндээс харвал ирэх жилийн улсын төсвийн орлогыг бараг хоёр их наядаар нэмэгдүүлэхээр байгаа юм. Харин яаж гэдэг нь тийм ч тодорхой биш,  уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, тогтвортой байдалд илүү итгэл найдвар тээж байх шиг. Энэ оны эхний байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 6.1 хувьд хүрсэн нь  төсвийн орлогоо томоор төсөөлөхөд хүргэсэн байж мэднэ.  Гэтэл ОУВС экспортын түүхий эдийн эрэлт буурч байгааг анхааруулж байгаа. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэг боломж нь Тавантолгойн уурхайг цогцоор нь хөгжүүлэх шийдэл байх нь өчигдрийн МАН-ын бүлгийн хурал болон Эдийн засгийн форумаас анзаарагдлаа.

Эдүгээ Татварын багц хуулийн шинэчлэл яригдаж эхлээд байгаа. Энэ шинэчлэл жилдээ 1,5 тэрбумаас ихгүй орлоготой жижиг дунд үйлдвэрлэгч нарт таатай боломжийг бий болгож ердөө 1 хувийн татвартай болно гэсэн хүлээлт бий.  Төсвийн төсөөллийг хэлэлцэх үеэр Сангийн сайд  Ч.Хүрэлаатар ирэх жил ямар нэг татвар нэмэхгүй харин буурна гэж хэлсэн.  Тэр нь энэ нэг хувийн ялгавартай татвар. Жижиг дунд үйлдвэрлэгч нараа татварын бодлогоор бойжуулах гэсэн санаа нь туйлын зөв. Ерөнхий  зургаараа  саалийн туранхай үнээнийхээ дэлэнг цаг наргүй шувтрах бус тэжээж тэнхрүүлж байгаад  саахтай адил юм. Ингэж баймаажин ахиухан сааль сүү авна.  

Татварыг нэмэхгүй байж болох ч татварын бааз суурийг өргөтгөх нь Засгийн газрын цалгардуулж болохгүй ажил үүрэг. Ингэж өргөтгөх боломж маш их бий. Түүний нэг нь малын хөлийн татвар.

Монголд татвар төлдөггүй  эрх танхи хүмүүс бол малчид. Энэ хүмүүсийг энхрийлэх шалтгаан нь сонгууль. Малчдын толгойг илэхэд атаархаад байх хүнгүй ч шударга ёс, нийгмийн үүрэг хариуцлага талаас нь шүүмжлэлтэй ханддаг нь буруу биш байх.

Хэдхэн хоногийн өмнө  Малчдын зөвлөгөөн гэж том арга хэмжээ болсон. Манай дарга цолтой бүхэн л оролцож хөдөөгийнхний дуу хоолойг  сонсов бололтой.  Монголын малчид эх оронч юм байна гэдгийг энэ үеэр харлаа.  Тэд малын хөлийн татвар авах нь зүйтэй гэсэн байр сууриа  хурлын танхим, цэнхэр дэлгэцээр илэрхийллээ. Малчдын энэ хүсэмжлэл нийгмийн хариуцлага, өдрөөс өдөрт дордож байгаа бэлчээр усаа хадгалж үлдэх гэсэн санал санаачлагатай нь холбоотой.  Ерөөс малын хөлийн татвар бол шинэ зүйл биш, уламжлалт татварын нэг байсан. Үүнийг сэргээх асуудал л байгаа юм.

Одоо ийм төрлийн татварыг хэрэгжүүлж эхлэх цаг хугацаа үнэхээр хэтрээд байна. Учир нь татварын энэ бодлогоор малын тоо толгойг шүтсэн хандлагаа өөрчилж, ашиг шим, чанар байдлыг нь илүүд үздэг болно.  Хөдөө нутаг  газар шороо маань үндсэндээ малдаа идэгдээд элсэн цөл болж хувирч байна.  Экологийн энэ сүйрлээс аврах гарц энэ татвар байх болно.  Малчид маань үүнийг ойлгож байгаа учраас энэ татварыг дэмжээд буй хэрэг.  Төр засгийн нүд хурц, чих сонор байгаа бол үүнийг нэн даруй шийдэх хэрэгтэй. Хүн өгье гэж байхад авахгүй гээд гэдийгээд байвал тэнэглэл тэр болно.  Өнгөрсөн жилийн сүүлчээр УИХ-ын гишүүн Л.Энхболд тэргүүтэй гишүүд Малын хөлийн татварыг сэргээхээр судалж буй тухай дуулдсан ч тэгсхийгээд чимээ алдарлаа.

Энэ төрлийн татвараас улсын төсөвт хэдэн зуун тэрбумаар тоологдох орлого төвлөрүүлэх боломжтой гэж эдийн засагчид хэлдэг. Ийм боломжийг бодит зүйл болгосон  улс төрийн хүчин иргэдээсээ  илүү оноо авна. Эдийн засгийн чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...шударгаар татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг бууруулна” гэдгээ онцоллоо. Татвар төлдөг байх нь иргэн хүний нэр хүндтэй үүрэг, улсдаа оруулж буй хувь нэмэр, нөгөө талаасаа төрийнхөө дэмжлэгийг авах нэг боломж гэдэг нь энэ үгнээс анзаарагдаж байгаа байх. Тэгэхээр малчид маань ч гэсэн төрийн энэ дэмжлэгийн гадна үлдэхийг хүсэхгүй байгаа нь тодорхой. Үүнийг малын хөлийн татвараар л хэрэгжүүлнэ.

Эдийн засагч Д.Жаргалсайхан “Малын бэлчээрийн даац хэтэрсэн учраас малаас татвар авах хэрэгтэй. Ялангуяа ямаанаас. Ямаа бэлчээрээ идээд, Монголыг идээд, одоо газар тариалангаа идэх гэж байна” гэжээ.  Үүнтэй санаа нийлэх хүн олон байдаг бол харин малчдын хувьд ноолуурынх нь үнэ цэнэд болж ямаагаа түлхүү өсгөдөг. Одоо энэ хандлагыг татварын бодлогоор өөрчилмөөр байна. Мянга давсан малтай байх гэсэн хөдөө дэх өрсөлдөөнийг  хязгаарлах, мянгат малчин хэмээн хөөрөгддөг  байдлыг  халах нь мал аж ахуйн салбар дахь  бодлогын нэг хэсэг гарцаагүй мөн.  

Монгол улс 66,2 сая малтай. Олон цөөний тухайд бус одоо энэ малаасаа татвар авдаг болох нь гурван тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх бодлогод  төсөөлшгүй их дэм болно гэдгийг л хэлэх байна. 

Эх сурвалж: ZALUU.COM

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй