Түүнийг үл ойшоож байсандаа харамсдаг

2018-05-22

Хэд хоногийн өмнө замын түгжрэл, дуу чимээнээс түр амсхийж орон нутагт томилолтоор ажиллахаар болов. Хүрэх газар хол тул цуг яваа нөхөдтэйгөө замдаа элдвийг хөөрөлдсөөр явлаа. Энэ яриан дунд жолоочийн хажуугийн суудалд суугаа бүсгүйн цовоо цойлгон хоолой, хөгжилтэй яриа бусдаас содон. Тэрбээр байс хийгээд л эргэж хараад туяхан цагаан гараа хөдөлгөн ярина. Хөгжилтэй яриа, цайлган инээдийг нь тодотгох яралзсан цагаан шүд, тас хар үс, тунгалаг цагаан арьс гээд түүнийг харсан хэн ч үзэсгэлэнтэй бүсгүй гэдгийг нь үгүйсгэхгүй биз. Тэрбээр хэсэг явсны дараа жолоочид хандан “Түр зогсож болох уу. Тамхи татмаар байна” гэв. Ингээд хэдэн хором саатсаны дараа үргэлжлүүлэн замд гарцгаалаа. Бидний яриа ч тасарсан хэсгээсээ үргэлжлэв. Миний хажууд суусан 40 гаруй насны эгч 20 орчим жил тамхи татаад нэг өглөө босох гэтэл босч чадахгүй байсан тухайгаа ярилаа. Тэрбээр “Товлосон цагтаа сэрээд босох гэтэл босч, хөдөлж чадахгүй байсан. Энэ үед би “Дахиж тамхи татахгүй. Харин одоо босгоод өгөөч. Энгэрт минь наалдах охин, хүүгийнхээ төлөө би амьдармаар байна” гэж бурханд залбирсан. Түүнээс хойш би нэг ч удаа тамхи татаагүй. Үр хүүхдэдээ амьд үзэгдэх боломж олгосонд нь баярладаг. Залуу охин байна чи наад хороо хэрэглэхээ боль” гэв.

Үүний дараа миний баруун талд сууж явсан эмэгтэй “Чи 20 жил тамхи татсан гэхэд золоор гайгүй өнгөрч. Би таксинд нэг залуутай таарсан. 30 орчим насны тэр залуу долоон жил “Esse change” хэрэглээд уушгины хавдартай болж, хагалгаанд орсон тухайгаа ярьж байсан. Хамаг мөнгөө хагалгаанд өгөөд, одоохондоо бие нь тэнхрээгүй байгаа ч мөнгө олохын тулд таксинд явж байна гэж байсан. “Esse change”-г арай хор багатай гэж хэрэглэдэг байсан гэсэн. Тамхи бүгд ялгаагүй, хортой байдаг юм билээ. Гаатай, амт нь арай зөөлөн гээд байгаа нь зүгээр л тамхиа борлуулах арга юм билээ” гэв. Мөн “Охид тамхи татах нь жингээ, барьж, гоё, туранхай байна гэдэгтэй нь холбоотой юм шиг байна лээ. Нэг өдөр замын түгжрэлд FM-ээр нэгэн эгчийн түүхийг сонссон юм. Тэр эмэгтэй 80 гаруй килограмм жинтэй болчхоод турахын тулд тамхи хэрэглэсэн гэсэн. Тамхи хэрэглэснээс хэдэн сарын дараа учиргүй турж зорилго нь биелээд байтал бүр хэтэрхий эцэнхий болсон гэсэн. Удалгүй бие нь өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлтэл умайн хүзүүний хот хавдар гэж оношлогдсон гэсэн. Уг нь тамхи татдаг болохоос өмнө зүгээр байсан гэсэн” охид, бүсгүйчүүд гоё сайхан болох гэж хэн нэгнээс сонссон, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийг туршиж, өөрийн эрүүл мэндээ баллах юм даа. Эгчийн дүү (жолоочийн хажууд суугаа бүсгүй) одоо тамхиа хая. Ийм хөөрхөн охин байж, ийм муухай юмаар яадаг юм бэ. Үнэрээс нь эхлээд хэцүү ш дээ. Удахгүй шүд, хумс чинь шарлана” гэлээ.

Бүсгүй хариуд нь “Шүд, хумс шарладаг л гэдэг юм. Би зургаа орчим жил тамхи татаж байна. Гайгүй л байна даа. Үнэрийн хувьд асуудалтай шүү. Үүнээс болж нэг удаа тун эвгүй байдалд орж байлаа. Нэг залуутай үерхэж байгаад тохирохгүй болохоор нь салсан юм. Гэтэл тэр салахдаа “Чамаас балиар тамхи үнэртдэг. Үнсэх хүсэл төрдөггүй” гэсэн. Эмэгтэй хүн уг нь гоё сайхан үнэртэй байх ёстой байтал би тэгж хэлүүлэхэд тун эвгүй санагдсан. Санаагаар болдог бол тамхинаас гарчихмаар л байна. Гэхдээ удахгүй тамхинаас гарна аа. Одоо би 30 хүрч байна. Хоёр жилийн дараа ээж болох төлөвлөгөөтэй байгаа. Тэр үед тамхийг хаяна” гэв.

Харин өнөөх тамхинаас гарсан туршлагатай эгч “Хүн өөр дээр нь зовлон ирэхээс нааш аливаа асуудлыг ойшоодоггүй юм. Одоохондоо бүх зүйл хэвийн байгаа мэт санагдана. Цаг нь тулаад, үхэл хаалга тогшиход түүнийг үл ойшоож байсандаа их харамсдаг юм. Би үүнтэй нүүр тулсан хүн” гэсэн юм.

ЭМЧИЛГЭЭНД ТӨСВИЙН 70 ХУВИЙГ ЗАРЦУУЛДАГ

Энэ яриа танд энгийн зүйл мэт санагдах биз. Учир нь, бидний хүрээлэлд, эргэн тойронд тамхи татдаг хүн олон бий. Монголын хүн амын дөрөвний нэг нь, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг гэж байгаа. “Хортой л гэдэг юм. Олон жил тамхи татсан хэр нь амьд яваад л байна...” гэж ярих хүн ч олон бий. Гэхдээ ингэж ярьж байгаа хүн эмнэлэгт хандаж, шинжилгээ хийлгэсэн болов уу. Оношийг тань “Уушгины үрэвсэл, амьсгалын замын өвчин, эсвэл ямар нэгэн хавдар” гээд хэлэхэд хилсдэхгүй биз. Яагаад гэвэл, тамхи татаж эхэлснээс 5-10 жилийн дараа хүний биед ямар нэгэн өвчлөл үүсдэг нь батлагджээ. Хүн эрүүл амьдралын хэв маягтай байхад өвчлөхгүй байх бүрэн боломжтой халдварт бус өвчинд тамхи гол тоглогч болдог аж. Үүгээр зогсохгүй өвчлөл, нас баралтын 80 орчим хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Сонирхолтой нь, Монгол Улс эрүүл мэндийн салбарын төсвийн 70 гаруй хувийг халдварт бус өвчний эмчилгээнд зарцуулдаг гэж байгаа. Өөрөөр хэлбэл, хүн өөрийн буруу хэвшлээр, бараг санаатайгаар бий болгосон өвчний эмчилгээнд эрүүл мэндийн салбарын төсвийн 70 хувийг зарцуулдаг аж.

ТАМХИНЫ ТАТВАРЫГ 50 ХУВЬ НЭМЖ, 1603 ХҮНИЙ АМИЙГ АВАРЪЯ

Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн тамхи татдаг бөгөөд 80 хувь нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой орны иргэд байдаг гэнэ. Монголд хүн амын дунд тамхины хэрэглээ өндөр байгаа нь тамхины үнэ хямд, түүнд ногдож буй онцгой албан татвар бага байгаатай холбоотой. Монгол Улсад тамхины жижиглэнгийн үнийн татварыг 33.3 хувиар тогтоосон. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тамхины жижиглэнгийн үнийн онцгой албан татварыг 70 хувиар тогтоохыг зөвлөдөг юм. Монголд тамхины онцгой албан татварыг 50 хувь нэмэхэд, улсад 190.7 тэрбум төгрөгийн орлого орж, 1603 хүнийг цаг бусаар нас барахаас сэргийлэх, эмчилгээ үйлчилгээнд хамруулах боломжтой юм.

 

МОНГОЛЧУУД ТАМХИНД ЖИЛД 100 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

Бусад оронтой харьцуулахад Монголд тамхи харьцангуй хямд үнэтэй байгаа ч нэг хүн жилд дунджаар 832 мянган төгрөгийг тамхинд зарцуулдаг юм байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар Монголчууд жилд 3.2 тэрбум ширхэг тамхи хэрэглэдэг бөгөөд жилд 100 тэрбум төгрөгөөр тамхи худалдан авч утаа болгон замхруулдаг ажээ. Үүний 65 хувь нь импортын тамхи байдаг гэнэ. Харин сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Монголд янжуур тамхины үйлдвэрлэл дөрөв дахин, импорт 2.5 дахин, дүнсэн тамхины импорт 2262 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн 1995 оноос хойш янжуур тамхины хэрэглээ 16, нэг хүнд ногдох хэрэглээ 20 дахин өсчээ. Өдөрт нэг хайрцаг тамхи татдаг хүн амьдрах хугацаанаасаа хоногт бүтэн дөрвөн цагийг, сард 120 цаг, жилд 1460 цагийг хороодог ажээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй