2018-05-21
УИХ-ын дарга М.Энхболд үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.
“Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.
“Хүчээ нэгтгэе” уриан дор явагдаж буй энэ удаагийн форумд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Энэ удаагийн Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж буй Засгийн газрын хийгээд төрийн бус байгууллагуудад баяр хүргэе. Тэд нийт найман удаагийн чуулга уулзалт зохион байгуулсан байна. Өнөөдрийн чуулга уулзалтаар эдийн засаг уналтаас өсөлт рүү чиглэснийг онцолъё.
Манай улсын нийслэлд хүрэлцэн ирсэн гадны төлөөлөгчид, элчин сайд та бүхэнд мөн талархал илэрхийлье. Гадаадын хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхээр “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” байгуулж Монгол Улсын Засгийн газрын гишүүн ахалж байна. Үүний зэрэгцээ төр хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах ёстой вэ гэдэг чухал учраас энэ хоёр талыг ойлголцох зөвлөлдөх хороог байгуулан ажиллаж байгаа юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд УИХ гаргасан шийдвэр бүхэн нь эдийн засгийн хөгжилд тус нэмэр болох, улс оронд гадны хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн нэгдсэн төлөвлөгөөт бодлогыг хэрэгжүүлж чадлаа. Түүнчлэн УИХ Банк санхүүгийн эрх зүйн орчныг сайжруулахад тодорхой шийдвэрт алхам хийсэн нь санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх багц таван хууль юм.
Улс орны эдийн засгийн өсөлтийн талаар хэдэн тоо хэлье. Тухайлбал, сүүлийн 21 сарын дотор -1.6 хувийн уналттай байсан манай эдийн засаг 6.1 хувь өсөлттэй болж чадлаа. Улсын төсвийн алдагдал 2016 оны байдлаар 664 тэрбум алдагдалтай байсан бол энэ оны нэгдүгээр улирлын дүнгээр 98 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ бол төсвийн алдагдалд бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн юм. Олон улсын зээлдэгч нар ч биднийг эергээр харах болсон. Улс орон даяар хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. Яг одоо Хэнтий аймагт ийм чуулга уулзалт зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан байгаа юм. Эдийн засгийн энэ боломжийг бүрдүүлэхэд бизнес эрхлэгч, бүтээн байгуулагч та бүхний оролцоо их билээ.
УИХ ойрын үед Өрсөлдөөний тухай, Хөдөлмөрийн тухай, Аялал жуулчлалын тухай, Тендерийн тухай, Хөдөө аж ахуйг дэмжих хөгжлийн тухай хууль зэрэг хууль эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авна.
Бид Татварын багц хуулиар 2.5 тэрбумаас доош орлоготой, 200-аас доош ажилтантай жижиг дунд үйлдвэрийг татварын нэг хувийн, зээлийн, төрөлжүүлж хөгжүүлэх зэрэг орчныг бүрдүүлж ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих ёстой гэж үзэж байна.
Макро эдийн засгаас гадна микро эдийн засгийн суурь асуудлуудад анхаарлаа хандуулах нь бидний ойрын үед хийх ёстой зүйлсийн нэг юм.
УИХ шинжлэх ухаанд суурилсан томоохон инновациудыг дэмжих бодлого баримталж, хээл хахууль хүнд сурталтай тэмцэх хууль хэрэгжүүлэх ба засаглалын хувьд тодорхой амжилт олсон байх болно гэдгээ нэмж хэлэх нь зүйтэй.
Эцэст нь энэ форум хамтын ажиллагааг бий болгоосой гэж хүсч байна. Чуулганы ажиллагаанд амжилт хүсэн ерөөе.” гэлээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд