Омогшил бахархал харуусал бодлогошрол

2018-05-17

CHINA-INNER MONGOLIA-GENGHIS KHAN-MEMORIAL RITUAL (CN)

Би хятад судлаачийн хувиар Бээжингээс зүүн болон зүүн өмнө зүгийн гол том хотуудаар цөөнгүй аялж байсан. Харин Баруун болон баруун өмнө зүг рүү тэр болгон аялж байгаагүй нь сонин. Тэр тусмаа Чингисийн онгонд очиж үзээгүй байсан гэвэл зарим хүн итгэхгүй байх л даа.

Өнөө жилийн Чингисийн онгоны тахилгын үйл ажиллагаанд 130 000 хүн оролцсон албан бус тоо байгаа ажээ. Мөртлөө тэдгээрээс илүү тоогоор оролцох хүмүүсийн хүсэлтийг хүлээж авалгүй хязгаарласан тохиолдолд тийм олон хүн нэг дор цугларч байна гэсэн үг.

Ордсын тал ёстой л зах хязгааргүй мэлцийн үргэлжлэх бөгөөд түүний дундахь хавьгүй уужим орон зайн харьцангуй өндөрлөг хэсгийг сонгон Чингисийн онгоныг байгуулжээ. Аль тавиад оны үед баригдсан Чингисийн онгоны монгол үндэсний малгайг санагдуулам хэлбэртэй дугуй орой цухуйхыг үзээд ер бусын далдын их сүр хүч лүгээ учрах гэж байгаа мэт нууцлаг бодол сэтгэлийг маань өөрийн эрхгүй эзэмдэж байлаа. Бид айлчлалын хөтөлбөрийн дагуу тахилгын өмнөх өдөр Богд эзнийхээ онгонд бараалхсан. Гэсэн атал хүмүүсийн хөл хөдөлгөөн маш их байлаа. Тэр дунд манай улсын иргэд хөгшин хөвөө, хэд гурваараа олонтоо үзэгдэж байсан нь анхаарал татахгүй байхын аргагүй.

Жилдээ хэдэн арван сая жуулчдыг татах уг байгууламж бүтцийн хувьд дээр дурьдсан тавиад оны үед байгуулагдсан нэг давхар дугуй дээвэртэй гурван залгаа жижигэвтэр барилга. Баруун талдаа есөн хөлт цагаан сүлдийн хөшөө, зүүн урд талд нь багавтархан тэгш суурьтай овоо гэсэн гурван гол хэсгээс бүрэлддэг аж. Тэгээд бусад нь эргэн тойрны зам харгуй, талбай зогсоол, бэлэг дурсгалын дэлгүүр, бие засах газар гэсэн туслах байгууламжуудаас бүтэх юм. Харин модыг бол ёстой янз бүрийн төрлөөр тарих шиг болжээ. Тэгээд эргэн тойронд нь зам дагуу жуулчны баазууд зэрэглэн жагссан үзэгдэнэ.

CHINA-INNER MONGOLIA-GENGHIS KHAN-MEMORIAL RITUAL (CN)

Монгол улсын иргэд, Өвөрмонголчуудаас гадна, Буриад, Халимаг, Тувачууд болон Хятадын Юнь Нань, Хөбэй, Хөхнуур, Сычуаньд байгаа монгол угсаатангууд, Мусульманчууд Саудын Арабын Меккаг зорьдог шиг хүрэлцэн ирдэг том цогцолбор болсон тухай нутгийн өвөрмонголчууд ярьж байлаа. Онгон хийгээд есөн хөлт цагаан туг, овооны өмнө чин сүжгээр дахин дахин мөргөж байгаа бусад монгол угсаатнуудыг харахад уг онгон тахилгын сүм хэлбэр рүү шилжиж байгаа юм уу даа гэх бодол төрж байв.

Энэ янзаараа бол манай улсын илүү олон хүмүүс зуу, мянгаараа Чингис Богдын онгоныг зорин ирдэг болох шинж төлөв тодорч мэдэхээр санагдсан шүү. Хүн ардынхаа оюун сэтгэлийн энэ чухал хэрэгцээг бодолцож үзээд Богд эзний эснэсэн нутаг Хэнтий аймагт Чингисийн онгонтой төстэй "Тахилгын сүм" маягийн цогцолбор байгуулж яагаад болдоггүй юм бол доо гэсэн далдхан бодол тэр өдрийн турш сэтгэлийг маань эзэмдэж байсныг нуух юун. Тахилгын сүм, чулуун овоо, есөн хөлт цагаан тугны хөшөө . . . . . тэгээд зам харгуй, зогсоол талбай, орчны тохижилт зэргийг хожмын үед угтан байгуулж байгаа гэдэг утгаараа бүр ч төгс төгөлдөр шийдэж болмоорсон доо. Нэг тийм цогцолбор барьж байгуулах бөгөөс нийслэлээс орчин үеийн төмөр зам, авто зам, онгоцны сайн буудал барих зэргээр нэгмөсөн том хөдлөх хэрэгтэй санагдана.

Ер нь бид дээр доргүй жаахан холыг харж хоёрыг сэтгэхгүй бол ажиллах хүчний их урсгал урагш чиглэж мэдэхээр болсон байна лээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж бичихгүй байгаа болохоос биш Өвөрмонгол руу үйлчлэгч, малчин, саальчин, оёдолчид, тэр ч байтугай уяачид маань хүртэл олон арваараа удаан хугацаагаар суурьшин ажиллахаар очдог болжээ. Дээр нь оюун санааны дээдлэн бишрэх учиртай сүлд шүтээнээ урагшаа бүрмөсөн алдчихаасаа өмнө "Чингисийн онгон" ч гэнэ үү? "Тахилгын сүм" ч гэнэ үү? Ямар нэгэн сайтар бодож боловсруулсан байгууламжийн ядаж шавыг тавихгүй бол оройтож мэдэхээр санагдана.

Үнэндээ Чингис Богдын өсөж төрсөн, алтан шарилыг нь онголсон Монгол оронд "Нисэх буудал", "Аймгийн төв"-ийг эс тооцвол энэ талын ямар ч байгууламж хийгээд зан үйл байхгүй байгаа нь туйлын харамсмаар хэрэг.

CHINA-INNER MONGOLIA-GENGHIS KHAN-MEMORIAL RITUAL (CN)

Ер нь ажиглаж байхад Ордос дахь Чингисийн онгон зан үйл, түүхэн уламжлалын том төв болсноос гадна, аялал жуулчлалын маш том цогцолбор болон хувирчээ. Тэндээс шил толь шиг өндөр хурдны замаар зүүн тийш явахад Эзэн хороо хэмээх ирээдүйн хэв шинжийг агуулсан тал нутгийн эко хот цэмцийн угтах юм. Түүнтэй залгуулаад "Бүрээ манхан" нэрт аялал жуулчлалын том төв байх нь манай "Элсэн тасархайтай" их л төстэй байгаль экологийн нөхцлийг санагдуулав.

Тэр уудам хотгорын элсэн дунд орших жуулчны бааз өнгөрсөн жил нэг сая жуулчин хүлээн авсан бөгөөд өнөө жил хоёр сая жуулчин хүлээн авах шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгааг үзэж сонирхлоо. Жуулчдын дийлэнх нь халуун дулаанаараа зартай өмнөд хятадаас зорин ирэгсэд бөгөөд тэдний гол зорилго нь ердөө л элсэн манханг харж түүн дээр ганц боловч атугай гулгаж элсэнд шарах зоргилготой ирдэг аж.

Нэг жуулчин хамгийн багаар бодоход 3000-5000 юанийг тэр элсэн манхан дунд орхиод явдаг. Жилдээ 2 сая жуулчин хүлээн авна гээд бодохоор ямар их орлого олж байгааг над шиг тоонд тааруухан толгой бодож гаргаж дийлэхгүй юм байна лээ. Ямар ч байсан Оюутолгой, Таван толгойн уурхайн аль нэгний манай улсын төсөвт оруулдаг хөрөнгөнөөс давсан их орлогыг жирийн нэг элсэн манхан дундаас олж болно гэхээр бидний амьдарч байгаа цаг үе маш их боломжийг агуулж байгаа хэрэг шүү.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй