Ц.Батбаяр: Түймрээс урьдчилан сэргийлэх нь бидний зорилт

2018-04-26

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн дарга Ц.Батбаяртай ярилцлаа.

– Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн даргын хувьд түймрийн асуудлаар ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулна уу?

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажил нь олон талын хамтын ажиллагааг шаардсан асуудал байдаг. Улсын хэмжээнд Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэх асуудлыг зохицуулж байгаа эрхзүйн  баримт бичгүүд болох  Ойн тухай, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиудад зааснаар хуулийн этгээдийн оролцоо, эрх үүргийг тусгасан. Хууль тогтоох байгууллагуудаас гадна хэрэгжүүлэгч байгууллагууд болох БОАЖЯ, ОБЕГ, тэдгээрийн аймаг, нийслэлийн нэгжүүд, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ойн анги, мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүд, оршин суугч болон зорчигч иргэд бүгд оролцоно. Энэ утгаараа түймэр ихээр гарч байгаа нь ганц нэг байгууллагын асуудал гэхээсээ илүү хамтын хариуцлагын асуудал юм. Ялангуяа, орон нутгийн түвшинд бүх шатны Засаг дарга нар болон ИТХ-ын эрх, үүргийг дээрхи хуулиудад тодорхой заасан бөгөөд, эдгээр байгууллагууд  илүү хариуцлага, зохион байгуулалттай ажиллах шаардлага тавигдаж  байна.

Иймд түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын менежментийг сайжруулах, орон нутгийн захиргаа, нутгийн өөрөө удирдах иргэдийн байгууллагуудын ой, хээрийн түймрээс сэргийлэх ажлын уялдаа холбоог сайжруулах, салбар дундын зохицуулалт хийх зорилгоор талуудын оролцоот Ой, хээрийг түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөл, мөн түймрийн эрсдэл бүхий Сэлэнгэ, Хэнтий, Булган, Хөвсгөл, Дорнод, Төв, Завхан, Сүхбаатар зэрэг аймгуудад түймрээс хамгаалах орон нутгийн зөвлөлүүдийг тус тус байгуулан  ажиллаж байна. 2018 он гарснаар улсын хэмжээнд 8 аймгийн 16 суманд 21 удаагийн түймэр гарч 36000 га талбай өртсөн. Одоогоор энэ сарын 20-ны байдлаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын түймэр унтарсан, харин Эрдэнэбулган суманд гарсан түймэрт аймгийн болон харьяа аймгуудын ОБГ, орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчид оролцсон 200 гаруй хүн унтраахаар хүч нэмэн ажиллаж цурманд оруулаад байна. Үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг авсан байгаа. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан суманд талын түймэртэй байсан аймгаас холбогдох газрууд гарч шуурхай ажиллаж унтраасан.

-Өнгөрсөн онд улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрээс багагүй хохирол учирсан байх. Улаанбаатарт л гэхэд их хэмжээний түймэр гарсан шүү дээ?  

Улсын Онцгой Комиссын мэдээгээр Улсын хэмжээнд 2017 онд 13 аймгийн 70 сум, нийслэлийн 5 дүүрэг, нийт 225 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 120,9 мянган ой, 466,5 мянган га бэлчээр, нийт 587,4 мянган талбай түймэрт өртөж, иргэд аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөд 77,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түймрийн нөхцөл байдлыг 2016 онтой харьцуулахад түймэрт хүний амь нас эрсдээгүй, түймэрт өртсөн эд материалын хохирлын хэмжээ, түймэрт өртөж шатсан талбай буурсан ч, түймрийн тоо 63%-иар, байгаль, экологид учирсан хохирол 5,3 дахин өсчээ. Эдгээр тоонуудаас харахад манай оронд зөвхөн нэг жилд гарсан ой, хээрийн түймэрт олон мянган га ой мод, бэлчээрийн чухал ач холбогдол бүхий газар нутгууд өртөн байгаль, экологид асар их хохирол учирч, иргэдийн аж амьдралд түймрийн үзүүлж буй сөрөг нөлөөлөл улам ихэссээр байна.

БОАЖЯ-ны харьяа Цаг уур, Орчны шинжилгээний газраас  2018 оны 3,4,5 дугаар саруудад нийт бүс нутгаар хуурайшилт эрчимтэй явагдаж, ялангуяа ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй Дорнод, Сүхбаатар аймагт 0,5 – 1,5 градусаар, олон жилийн дунджаас илүү халж хур тунадас багатай гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ ирүүлсэн нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймээс 03 дугаар сарын 14-ны өдөр “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын онцгой комиссын №01 тоот албан даалгавар, 03 дугаар сарын 16ны өдөр “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай “ БОАЖ-ын Сайдын тушаал  гарч, 2018 онд гарах түймрийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

Олон улсын эрдэмтдийн судалгаагаар Хойд Америк, ОХУ, Канад зэрэг хойд өргөрөгийн улсад түймрийн тоо, хохирлын хэмжээ ихэсч байгаа бөгөөд ялангуяа Сибирийн ойн түймрийн тоо, шатсан талбайн хэмжээ нь температурын болон хуурайшлын индексийн өсөлттэй хамааралтайг тодорхойлсон. Үүнийг дагаад түймрийн аюултай үеийн хугацаа уртасч, Сибирийн хүр хорхойн тархалт нэмэгдэж буйг судалгаагаар тогтоосон. Иймд улс орон бүр түймрийн эрсдэлийг бууруулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь түймрийн байршил, хүн амын нягтаршил ихтэй газруудын ойролцоо байгаа, хүнээс үүдэлтэй түймрийн аюул илүү байна гэж үзсэн. Нөгөө талаас, олон улсад хүн рүү хандсан, түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа давамгайлж байгаа нь өргөн цар хүрээтэй том түймрийг унтраах үр дүнтэй сайн арга, технологи хараахан гараагүйтэй бас холбогдоно.  Манай улсад ч ялгаагүй түймрийн аюултай үеийн хугацаа уртасч хуульд заасан 6 сарын 15-наас хойш зуны улиралд ч түймэр гарах тохиолдол бий. Нэгэнт томоохон түймрийг унтраахад хүчин мөхөсдөж байгаа тул урьдчилан сэргийлэх, хариуцлагыг өндөржүүлэх үйл ажиллагааг илүү эрчимтэй явуулах шаардлагатай байна. Түүнчлэн хүний хүчээр гэхээсээ илүүтэй орчин үеийн техник хэрэгслийг урьдчилан сэргийлэхэд өргөнөөр ашиглах, хүндрэлтэй нөхцөлд агаараас тандах цохилт довтолгоо хийх хүртэл тодорхой зохион байгуулалтад орох цаг иржээ. Манайхаас бусад ихэнх орнууд тусгай зориулалтын нисэх хүчин, техникийн оролцоотойгоор агаараас түймрээ унтрааж байгаа.

-Хөрш хоёр улсад гарсан ой, хээрийн түймэр улсын хил дамнан орж ирэх асуудал ихэссэн тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ асуудлыг хэрхэх вэ? 

Сүүлийн жилүүдэд, Монгол-Орос-Хятад улсын  хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр  гарч, зарим тохиолдолд  хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж гурван  улсын хил орчмын байгалийн экологи-эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулж  байна. Улсын хил дамнан гарч буй ой, хээрийн түймэр, ялангуяа ОХУ-ын талаас орж ирсэн түймрийн хурд их, эрчим өндөртэй, ихээхэн талбайг хамарсан том түймэр байдаг тул түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, унтраахад ихээхэн зардал, хүн хүч, техник хэрэгсэл шаарддаг. Бид хөрш хоёртойгоо тухайлбал, ОХУ-тай “Ойг түймрээс хамгаалах тухай”, БНХАУ-тай “ Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон бусад гэрээ, хэлцэл байгуулан хамтран ажиллаж байна. Олон жилийн түймрийн мэдээлэлээс үзэхэд, Улсын хэмжээгээр жилд гарч буй нийт түймрийн 20 хүртэл хувь нь ОХУ-ын талаас хил дамжин  орж ирдэг. Тухайлбал, 2006-2009 оны хооронд Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг аймгийн улсын хилийн дагуух  бүс нутгаар нийт 39 удаагийн түймэрт 4 сая орчим ой, хээрийн талбай тус тус  шатжээ. Энд экологи , эд материалд учруулсан болон түймэр унтраах зэрэгт гарсан нийт  зардал 5 тэрбум 400 сая орчим төгрөгт хүрсэн. 2012-2014 онд ОХУ-ын талаас 19 удаагийн ой, хээрийн түймэрт 1,0 сая орчим ой, бэлчээр шатжээ. Энд  365 сая орчим төгрөгний хохирол учирч, түймрийг унтраахад  54,5 тэрбум төгрөг зарцуулсан мэдээ байна.  Харин 2015 оноос эхлэн Улсын хил дамнан гарч буй түймрийн тоо, талбайн хэмжээ буурах хандлагатай байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын  яам, Хил хамгаалах ерөнхий газар хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд 2014 оноос эхлэн жил бүр гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ОХУ-тай хиллэх Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Увс аймгийн Улсын хилийн шугамын дагуу нийт 10-30 м өргөн 700 гаруй км урт түймрээс хамгаалах зурвасыг шинээр байгуулсан нь  хил дамнан гарах түймрийн эрсдэлийг бууруулахад чухал алхам болж байна. Энэ зурвас нь улсын хил дамнан гарч буй түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломж бүрдүүлэх,  тус зурвасыг хилийн албаны зориулалтаар ашиглах, хилчид, малчид, иргэдийн амь нас, эд хөрөнгийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах онцгой ач холбогдолтой юм.

-“Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг шиг болохгүйн тулд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ

– Өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй манай орны хувьд түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг хэдий чинээ оновчтой, зөв сайн зохион байгуулвал түймрийн сөрөг үр дагавар, хохирлыг төдий хэмжээгээр бууруулах боломжтой юм. Орон нутгийн байгууллагууд, ялангуяа сум, баг, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга нар иргэд, аж ахуйн нэгж, ойн нөхөрлөлүүдтэй хамтран ажиллах ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй. Ялангуяа, хяналт шалгалт, хариуцлага тооцох, эзэн холбогдогчийг тогтооход эрх зүйн орчин харьцангуй сайжирсан учир Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагуудтай ажиллах боломж бүрдсэн.

Жил бүрийн төсөвт түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах заалтаар төсөв, төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг хуулиар заагдсан ажлууд  орон нутгийн түвшинд хэвшихгүй, төдийлөн сайн хэрэгжихгүй байна.

Түймрийн аюултай үед ой, хээрээр зорчиж, зугаалж буй иргэд, тээврийн хэрэгслийн мэдээллийг нутгийн иргэдээс болон замын цагдаагийн постуудад авах мэдээлэл, бүртгэлийн системийг бий  болгож хэвшүүлэх нь хариуцлага тооцох чухал хэрэгсэл болох юм.

Түймэртэй тэмцэх, унтраахад оролцох иргэдийн санаачилгыг дэмжиж, гал түймэр унтраах сайн дурын хөдөлгөөнийг нийтийн дунд хөхүүлэн дэмжиж шаардлагатай сургалтад хамруулан гэрчилгээ олгох, гэрчилгээтэй сайн дурынханы тоог хот хөдөөгүй нэмэгдүүлэх ажлыг Гамшгийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд хийх нь зүйтэй.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах сургалт сурталчилгаа, хариуцлагыг сайжруулах хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхэд Онцгой байдлын албаныхантай байнгын ажлын уялдаатай ажиллах, энэ чиглэлээр түймрийн аюултай үед тогтмол мэдээ солилцох, орон нутгийн түвшинд хамтран хяналт шалгалт хийх ажлыг эрчимжүүлэх шаардлага бий. Түймрээс урьдчилан сэргийлж чадаж гэмээнэ түймрийн эрсдэл буурна. Үүний төлөө хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь юу юунаас чухал байна.

Эцэст нь хэлэхэд иргэн таны сонор сэрэмжгүй агшин, болгоомжгүй үйл ажиллагаанаас үүсдэг түймрийн аюулаас ямагт сэргийлж амьдарцгаая.

Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй