10 км гүйгээд, 15 минут тууштай барилдах бөх алга

2018-04-06

Монголын Үндэсний бөхийн холбооны (МҮБХ) наймдугаар “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнгөрөгч лхагва гаригт /2018.04.04/ Бөхийн өргөөнд болсон. Хуралдаанд Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнээс 42 нь оролцсон юм. Уг хурлаар МҮБХ-ны дэд тэргүүн болон гүйцэтгэх захирлыг томилохоос гадна, тэргүүлэгчдийг сонгосон.

МҮБХ-ны дэд тэргүүнээр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, улсын заан Ц.Магалжав сонгогдсон. Түүний нэрийг шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ санал болгож, хуралд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Шинэ дүрмээр тэргүүн болон дэд тэргүүн орон тооны бус байхаар заасан. Харин Цэцдийн зөвлөлийн даргаар Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, дархан аварга Г.Өсөхбаярыг томилов. Цэцдийн зөвлөлд улсын арслан Д.Ганхуяг, Д.Азжаргал, гарьд Д.Рагчаа, И.ДОржсамбуу, Ш.Жаргалсайхан, заан Ц.Мягмарсүрэн, харцага Л.Бадарч, Г.Элбэг, Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар, бөхийн зүтгэлтэн Ё.Амарбаясгалан, Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан нар багтаж, тэргүүлэгч гишүүн болсон. Холбооны гүйцэтгэх захиралаар улсын заан Б.Сайнбаярыг сонгож, тэргүүлэгчид сонгогдсоноор шинэ бүрэлдэхүүнтэй ажиллахаар боллоо.

Хурлын үеэр бөхчүүдэд тулгардаг олон асуудлыг хэлэлцэж, санал бодлоо хуваалцсан. Тухайлбал, барьц сонгох, зодог шуудагны стандарт, найраа, допинг гэх мэт бөхчүүдийн нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлаар гишүүд саналаа хэлсэн юм.

Цэцдийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд оролцсон зарим бөхийн байр суурийг хүргэе.

 

ӨНӨӨДӨР 10 КМ ГҮЙЧИХДЭГ БӨХ АЛГА,  15 МИНУТ ТУУШТАЙ БАРИЛДЧИХ БӨХ АЛГА

МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ

  • Бөхчүүдтэй холбоотой олон асуудал гарч ирж байна. Үүнийг бид өөрсдөө л шийдэх ёстой. Бид ирэх хаврын чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын төлөө ажиллана. Ингэхдээ улс, аймаг сумын наадмыг яг нэг өдөр болгох саналыг Цэцдийн зөвлөлийн гишүүдийн олонх нь гаргасан учраас хаврын чуулганд хэлэлцэх асуудлын тоонд оруулахаар шамдан ажиллах юм.

Улсын харцага Н.Батзаяа:

  • Барьц сонгодог асуудлыг болиулах хэрэгтэй. Би хувьдаа үүнийг эсэргүүцдэг хүн. Олигтой ч барилдаан гаргахгүй, тойрч зугтсаар байгаад 15 минутаа дуусгадаг. Ингээд барьц сонгох хэлбэр рүү ороод байна. Бөхчүүд уран барилдаан гаргах бус барьц сонгохын тулд жин их нэмэх болсон. Бөхийн дэвжээн дээр нэг тарган хүн тойрч гүйгээд л, эсвэл эмч дээр очиж цаг аваад л. Бөх сонирхогчид үүнийг хамгийн их шүүмжилж, уйдаж байна. Уран барилдаан үзэх биш бараг унтах шахам л зүйл болсон. Тэгэхээр үүнийг халах хэрэгтэй. Үндэсний бөхөөр барилддаг бөхчүүд чөлөөтийн улсын аваргад оролцохдоо дэвжээн дээр бараг “амиа тавьж” байна. Тууштай таван минут барилдаж чадахаа больсон нь инээдэм биш шүү.

Улсын арслан Д.Азжаргал

  • Өнөөдөр 10 км гүйчихдэг бөх алга. 15 минут тууштай барилдчих бөх алга. Аргацааж байгаад л аз таарвал барьц сонгоё гэсэн бодолтой хүн олон болжээ. Ингэхээр нөгөө идэвхи гаргаж барилдсан бөхчүүд хохироод байгаа юм. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Улсын начин С.Багахүү:

  • Найрааны асуудлыг олон хүн ярьж байна. Тэгвэл улс, аймаг, сумын наадмыг нэг өдөр хийдэг болгомоор байгаа юм. Үүнийг таслан зогсоох нэг арга байна. Баахан шагнал гардуулна.  Бөхчүүд ч хэллээ. Улс, аймаг, сумын наадмыг давхцуулах хэрэгтэй. Сумын наадамд очиж барилдах нь сумандаа, аймагт бол аймагтаа, улсад бол улсдаа барилдаг. Ингэвэл найраа багасна. Хүн дээшилж барилдахыг хүснэ үү гэхээс байнга суманд барилдаад байхыг бодохгүй. Дээрээс нь наадмын барилдааны дундуур нэг их удаан завсарладаг. Баахан шагнал гардуулна. Үүнийг зохицуулж өгвөл найраа багасах болов уу.

Улсын харцага Ч.Өвгөнхүү:

  • Шахааны барьц бол луйвар юм. Үүнийг үндэсний бөхийн барилдаанаас бүрмөсөн хасах хэрэгтэй. Миний үед уран барилдаанаар бөхчүүд үзэгчдээ гайхуулдаг байсан. Харин одоо тарганаараа гайхуулдаг болжээ. Таргалахын тулд уураг ууна. Ийм байж болох уу. Тарган хүнээс ямар ч барилдаан гарахгүй нь ойлгомжтой.

Улсын харцага Г.Элбэг:

  • Залуу насандаа би хамгийн том биетэй, хүнд жинтэй бөхийн тоонд багтаж явлаа. Гэтэл одоо надаас бүдүүн бөх байна. Тэд зориуд таргалахын тулд элдвийн л зүйл хэрэглэж байна. Ингэж болмооргүй л байгаа юм.

Улсын заан Д.Баасандорж:

  • Допингийн асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн сумын цолтнуудын барилдаанд 512 бөх барилддаг юм байна. Гэтэл тэднээс ганцхан хүнээс шинжилгээ авч байгаа юм. Яг нарийндаа тулбал бүгд л хэрэглэж байгаа. Нэг фитнессийн багш дээр очиж гуйгаад л, хэдэн төгрөг төлөөд л тариа тариулдаг болчихсон. Хор хохирлыг нь мэдэхгүй. Тиймээс үүнд МҮБХ-ны шинэ удирдлагууд болон Цэцдийн зөвлөлийн гишүүд анхаарлаа хандуулаарай.

Гишүүд удаан ярилцаж, санал авсны эцэст бөхийн барилдааны дүрмийг энэ ондоо багтаан өөрчлөхөөр болсон. МҮБХ-ны удирдлагын шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж, Цэцдийн зөвлөлийн дараагийн хуралдааныг тавдугаар сарын 20-ны өдөр хийхээр болсон.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй