2018-04-05
УИХ-ын хаврын чуулган 80.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлтэд зориулан үг хэлэв. Тэрбээр "УИХ-ын 2018 оны хаврын чуулган нээлтээ хийж байна. Парламентын бүрэн эрхийн гурван жилийн хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн тоо өмнөх парламентынхаас их байна. Гэхдээ тоо биш чанар чухал юм. “Оюутолгой”-н төслийг хэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгосон нь Монгол Улсад хохирол авчирч болзошгүй. “Оюутолгой”-г улс төрийн сэдэв болгож байна. Тиймээс УИХ-ын дарга захирамж гаргаж “Оюутолгой”-н хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгууллаа.
Эдийн засаг өсч байгаа бол үр шим нь бидэнд яагаад мэдэгдэхгүй байгаа вэ гэж асууж байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлахдаа “Тавантолгой”-н ордыг сэргээх, Чойбалсангийн дулааны станцыг өргөтүүлнэ гэж тусгасан. Эдийн засагт шийдвэрт нөлөө үзүүлэх томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар хоёр жил өнгөрлөө. Эдийн засаг, төсөв санхүү сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. УИХ-ын төвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол Засгийн газар саналаа оруулж, хаврын чуулганаар багтаан томоохон төслүүдээ хөдөлгөцгөөе.
Хүүхдийн мөнгийг 80 хувьд биш шаардлагатай хэсэгт олгох, цалин нэмэх шаардлагатай бол 10 сарыг хүлээлгүй олгоё. Хотын иргэдийг бухимдуулж, цаг нарыг барьж байгаа асуудал утаа түгжрэл юм. Автозамын ачаалал гурав дахин ихэссэн гэсэн мэдээ байна. Харин нүхэн гарц, давхар зам барих, нийтийн тээврийн зохицуулалтыг оновчтой болгодог дэлхий нийтийн жишгийг дагая.
Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ сэтгэл түгшээж байна. 2017 оны шүүхээр ял шийтгүүлэгчдийн дийлэнх нь 14-17 насныхан байна. Өмнөх онтой харьцуулахад нэмэгджээ. Хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс суртахууны асуудалд онцгой анхаарал тавих цаг болжээ.
Архи, согтууруулах ундааг үйлдвэрлэлийг хянаж, хуульчилж тусгах хэрэгтэй. Хариуцлагаа өөрөөсөө эхлүүлье. УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хариуцлагыг чангатгах ажлаа эхлүүлнэ. УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байгааг санаж ажиллах хэрэгтэй. УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье" хэмээлээ.
Түүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ.
Тэрээр "Ерөнхийлөгчийн хувиар нутаг орноо тойрж иргэдтэйгээ уулзлаа. Иргэд тэтгэвэр тэтгэмж, ажилгүйдэл ядуурал, улстөрчдийн увайгүй үйлдлүүдийн талаар голлон саналаа хэлж байна. Төрийн албан хаагчдын ёс зүй, хуулийн засаглал, Үндсэн хуулийг сайжруулах, өрийн дарамтыг бууруулах, төрийн албыг цомхон болох талаар ч иргэд саналаа хэлж байлаа. Тэтгэвэр тэтгэжмийн хүртээмжгүй байдлыг нэмэгдүүлэх нь нэн шаардлагатай байна. Тэтгэврийн тогтолцоонд томоохон гажиг, хөгжлийн эрүүл бус тогтолцоо бий болоод байгаа иргэд хэлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн асуудлыг Засгийн газар тогтоол гаргаад шийдэх боломж байна. 2020 он гэхэд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг 500 мянга төгрөг болгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаагүй байгууллагаас хураамж авах хэрэгтэй.
Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэнд энэ асуудлыг хэлэлцэхээс өөр арга байхгүй. Ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтныг халах хэрэгтэй. Авлигын томоохон хэргүүд шийдэгдэхгүй байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр иргэдээс санал авч байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг санаачилсан. Удахгүй УИХ-д өргөн барина. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болсон нь эдийн засгийн нөөц боломж байгааг харуулж байна" гэсэн юм.
УИХ-ын чуулган нээлтээ хийсний дараа үдээс хойш 14.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээр, Бүгд найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд