Амь "БАРИГЧ"

2018-03-29

Хагалгааны өрөөнд өвчтөний хяналтын мониторын гонгинох чимээ ноёлно. Энэ чимээ, хэлбэлзлийг даган хагалгааны багийнхан сэтгэл түгшинэ. Түгшүүрт энэ байдалтай өрсөлдөн эмч өөрийн мэддэг, чаддаг бүхнээ хамаг хурдаараа хийнэ.

Өөрөөр хэлбэл, эмч нар өвчтөний алтан амийг “эрлэгийн элч”-тэй булаалдан уртаас урт, бас нарийн дээсэн дээгүүр өвчтөнг чирсээр дэнжигнэнэ. Дээсэн дээрх тулаан хэрхэн өрнөдөг нь зарим нэгэнд айдас төрүүлэм.

Хэд хоногийн өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн /УНТЭ/ элэг шилжүүлэн суулгах багийнхны хийсэн 44 дэх хагалгаа боллоо. Энэ үеэр тус эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн гишүүдтэй уулзах хүсэлт тавихаар очсон юм. Хагалгааны өрөөний үүдэнд зогсож байтал эмч ногоон өнгийн хослол гялалзуулсаар гарч ирэв. Өрөөний хаалга хаагдахтай зэрэгцэн эмч малгайгаа авч, хамар даган бурзайсан хөлсөө арчлаа. Түүнд хэрэг зоригоо дуулгав. Тэрбээр донорын хагалгаа 05.00 цагт эхлээд 17.00 цагт дуусч буйг дуулгаад, донороос авсан элгийг өвчтөнд суулгах хагалгаа эхлэх гэж байгааг хэллээ. Хагалгаа хэдэн цаг үргэлжлэхийг таашгүй тул маргааш нь уулзахаар тохиров.          

Маргааш нь бидний яриа өчигдрийн хагалгаа 01.00 цагт дууссан гэдгээс эхэллээ. Энэ эмчийг Д.Чулуунбаатар гэдэг. Мэргэжлээрээ 30 жил ажиллаж, сум, аймгийн эмчээс эхлээд УНТЭ-ийн мэдээгүйжүүлгийн, олны хэлдгээр наркозны эмч, эмнэлзүй эрхэлсэн захирал хүртэл хийж байгаа нэгэн. Элэг шилжүүлэн суулгах 44 дэх хагалгаа болон тус эмнэлгийн бусад хагалгаанд мэдээгүйжүүлгийн эмчээр ажилласан эрхэм. Мэдээгүйжүүлгийн эмч нь өвчтөнийг унтуулах эмийн тунг тааруулж, хагалгааны явцад өвчтөний бүх эрхтэн системийг хянаж, амь насыг “барьж”, мэс заслын эмчийг айдасгүйгээр хагалгаа хийх нөхцөлөөр хангадаг. Олон цаг үргэлжлэх хагалгааны турш өвчтөний зүрхний цохилт түргэсэхэд түүнийх ч бас түргэсч, түгшдэг. Хагалгааны өрөөнд буюу хаалттай орчинд ажилладаг эмчийн гавьяаг хүмүүс тэр бүр мэддэггүй. Түүнээс хаалттай орчинд, тулааны үйл явц хэрхэн өрнөдөгийг лавлалаа.  

Хагалгааны өрөөн дэх үйл явц, зүрхний бичлэг, артерын даралт зэргийг хянах монитор, пульс, зэрэг тоног төхөөрөмжүүдээ зөв байрлуулах, өвчтөнийг зөв хэвтүүлэхээс эхэлдэг гэнэ. Ингээд олон жил суралцсан мэргэжлийн хүмүүсийн арга барил, ур чадвараа сорьсон дээсэн дээрх тулаан эхэлдэг юм байна.

Баг нь мэс заслын эмч нар, мэдээгүйжүүлэх эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, хагалгааны сувилагч, цэвэрлэгээ, ариутгал хариуцсан үйлчлэгч, инженер техникийн ажилчид зэрэг 30 орчим хүнээс бүрддэг байна. Хагалгаанаас шалтгаалан багийн бүрэлдэхүүн өөр байх бөгөөд ердийн хагалгаа нь мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлэх эмч, хагалгаа, мэдээгүйжүүлэгч сувилагч зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй байдаг аж. Өвчтөний аюулгүй байдлыг бодолцон дээд зэргийн цэвэр орчинд хагалгааг хийдэг. Тиймээс өрөөнд хэн дуртай нь орж болдоггүй.

ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРОНД ТЭДНИЙГ ӨВЧТӨНИЙ АМЬ ' БАРИГЧ” ГЭДЭГ

Энэ орчинд тулааныг удирддаг, өвчтөний амийг “барьж” буй гол хүн нь мэдээгүйжүүлэгч эмч. Мэргэжлийн онцлогийг өөрөөс нь лавлахад “Циркчид тэнцвэрийн утсан дээр яваад байдаг даа. Мэдээгүйжүүлэгч эмчийн ажил үүнтэй адил. Алдах эрхгүй, нэг алдаа гаргахад л өвчтөний амь нас эрсэднэ. Мэдээгүйжүүлэгчид хагалгааны туршид олс дээгүүр явдаг. Хагалгааны явцад хүний биед их олон өөрчлөлт гардаг. Зүрхний хэм алдагдана, даралт унана. Энэ бүхэнд тохирсон шийдвэрийг богино хугацаанд гаргаж, зөв оншилох, өндөр ур чадвар шаарддаг, нарийн мэргэжил. Мэдээгүйжүүлж, унтуулах эмийн тунг тааруулж, өвчтөний хийн солилцоо, цусны хөдлөл зүй, бүх эрхтэн системийг хянаж, өөрчлөлт гарсан тохиолдолд тохирсон арга хэмжээ авах үүрэгтэй. Дэлхий нийтэд анестезиологч /мэдээгүйжүүлэгч эмч/ нь хамгийн чухал мэргэжилд тооцогддог. Өндөр хөгжилтэй оронд өвчтөний “амь насыг баригч” гэж ойлгодог.

Манайд энэ мэргэжлийн ач холбогдлыг төдийлөн сайн мэддэггүй. Дотор, мэдрэлийн эмч ч юм уу бусад эмч нар өдөр бүр шахам өвчтөний ар гэрийнхэнтэй уулздаг болохоор хүмүүс тэднийг сайн мэддэг. Мэдээгүйжүүлэгч эмч нь хагалгааны өрөөнд, хаалттай орчинд ажилладаг болоод ч тэр үү, бидний ажлыг хүмүүс тэр бүр мэддэггүй, ойлгодоггүй. Мэдээгүйжүүлэгч эмч нь өвчтөний биеийн онцлог, хагалгааны цар хүрээ зэргээс шалтгаалан нугасны, нугасны гадна зайн мэдээ алдуулга хийх үү, ерөнхий унтуулгатай хийх үү зэргийг шийддэг. Энэ шийдвэрээ тайлбарлах л гэж ховорхон уулздаг болохоор тэгдэг байх” гэж тодотгосон юм.    

ӨВЧТӨНИЙ ЗҮРХНИЙ ЦОХИЛТ ТҮРГЭСЭХЭД ДАГААД Л ЗҮРХ ТҮРГЭН ЦОХИЛДОГ

Хагалгааны туршид түүний сэтгэлзүй ямар байдгийг асуухад

“Мэдээгүйжүүлгийн эмч нь түгшүүртэй, стресстэй ажил. Яах бол гэж их айдаг, түгшдэг. Хүндрэл гарахад ямар арга хэмжээ авахыг хурдан шийддэг. Өвчтөний зүрхний цохилт түргэсэхэд дагаад л зүрх түргэн цохилдог, сэтгэл хямардаг. 15-20 цаг хүний амийг “барина” хамгаална шүү дээ. Хагалгааны явцад цус алдах зэрэг ямар ч эрсдэл учирч болно. Энэ бүхэнд тохирсон шийдвэр гаргах, нарийн ур чадвар шаарддаг” гэсэн юм.

30 жил ажиллаж байгаа түүнийг хамгийн их сандаргаж байсан хагалгааг сонирхоход тэрбээр цонх руу хэсэг ширтсэнээ “Санаанд орж байгаа нэгэн үйл явдлыг ярья” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Олон жилийн өмнө Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд  дуудлагаар очсон юм. Очтол сум алдаад эрүүгээ буудуулсан хүн байсан. Эрүү нь хугарч, нүүр нь битүү хавантсан байлаа. Ингээд газар дээр нь хагалгаа хийх шаардлага тулгарсан. Тэр хүнийг унтуулаад, цагаан мөгөөрсөн хоолойд нь гуурс хийх их хүнд байсан. Нүүр нь хавагнаад зуурсан гурил шиг болсон тул эрүү нь өргөгдөхгүй, амнаас нь цус асгараад л байсан. Тиймээс эрүүн дороос цагаан мөгөөрсөн хоолойг баримжаагаар олж, амьсгалыг нь түр зогсоож, цагаан мөгөөрсөн хоолойд гуурс хийх болсон. Нүдэнд харагдах зүйл байгаагүй ч баримжаагаар цагаан мөгөөрс суулгаж, хагалгаа амжилттай болсон” гэлээ.

Харин энэ олон жил ажиллахад алдаа гаргаж байсан уу гэхэд тэрбээр “Эмч хүн алдах эрхгүй. Ноцтой алдаа гаргаад, хүний амь эрсдүүлсэн зүйл байхгүй” гэв.

13 ХОНОГ ГЭРТЭЭ Ч ОЧИЛГҮЙ АМРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ БАЙСАН

Хагалгааны туршид өвчтөнөөс алхам ч холдоогүй мэдээгүйжүүлэгч эмчийн ажил тухайн хагалгаа дууссанаар өндөрлөхгүй. Мэс заслын баг солигдох ч дараагийн хагалгааг хүлээн авдаг. Заримдаа нэг өдөр 10 хагалгаа дээр ажилладаг бол заримдаа нэг хагалгаанд 15-20 цаг ажилладаг. Ингэж ажиллалаа гээд ажлаасаа буухгүй. Жижүүрийн ээлж таарвал ээлжээ хүлээж авна. Жижүүрээс буугаад шаардлага гарвал заримдаа үргэлжлүүлэн хагалгаанд ордог гэнэ. Хүнд хагалгааг 05.00 цагт эхлэх бол ердийн хагалгаатай үед 08.30 цагт түүний ажил эхэлдэг ажээ. Тэр ч бүү хэл Говь-Алтай аймагт мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж байхдаа гэртээ очилгүй 13 хоног амралтгүй ажиллаж байсан удаатай. Эндээс орон нутгийн эмч нар хэрхэн ажилладгийг харж болно.

Аймгийн эмнэлэгт ажиллахаасаа өмнө тэрбээр Завхан аймгийн Шилүүстэй суманд долоон жил ажиллажээ. Эндээс түүний ажлын гараа эхэлж байж. Сумын эмнэлэгт ганцхан их эмч ажилладаг тул эмэгтэйчүүд, шүд, хүүхэд, халдварт, мэс засал, гэмтэл зэрэг бүх төрлийн эмчийн ажил хийдэг байсан гэнэ. Мөн хөдөө ажиллахад, мэдээгүйжүүлэгчээр орон нутагт очиж хагалгаа хийхэд ч монитор, эмийн дутагдал гардаг тухай ярьсан юм. Түүнчлэн одоо элэг шилжүүлэн суулгах багт ажиллахад ч мэс заслын багаж хангалтгүй байгааг хэлж байлаа.

Хагалгааны дараа түүнд ямар мэдрэмж төрдөг нь сонин. Тэрбээр “Хагалгаа эхлэхтэй зэрэгцэн яаж эрсдэлгүй ажиллах вэ л гэж бодогддог. Ингэсээр тасралтгүй 20 цаг ажилласан байх нь бий. Хагалгаа амжилттай болоод хагалгааны ширээ сулрахад, өвчтөнийг оронд нь хэвтүүлээд, сэргэхийг нь, юм ярихыг нь харахаар үүрч явсан тун хүнд ачаанаас авсан мэт болдог. Тэр үед л ямар их ядарснаа анзаардаг” гэж байлаа.

БУСДЫН АМИЙГ ЭРЛЭГТЭЙ БУЛААЛДАН ТЭМЦСЭН ЭНЭ АЖИЛД БИ ДУРТАЙ

Дутуу нойртой, ачаалал ихтэй түүний ажлын юу нь түүнд эрч хүч өгдгийг асуухад тэрбээр “Хүнд буян үйлдэж, эрлэгтэй булаалдан тэмцсэн энэ ажилд би дуртай. Үүнээс илүү сайхан мэргэжил байхгүй. Гэхдээ зах зээлийн нийгэмд эмч, эрүүл мэндийн салбарынхны амьжиргаа, амьдрал гундуу байна шүү дээ. Сувилагч олдохоо болилоо.  Хамгийн хүнд ажил мөртлөө цалин багатай болохоор тэр. Хааяа ажлын завсраар эмч, сувилагчидтай ярихад бүгд л энэ тухай ярьдаг. Хүний төлөө, ачаалалтай хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч цалин нь амьдрал нь хүрэлцдэггүй. Хэрэв миний үеийн эмч нар барилга, уул уурхайн инженерээр ажилласан бол өдийд байрны зээлгүй, сайхан амьдрах байсан. Манай салбарынхан ажилдаа дуртай болохоороо л энэ ажлаа хийцгээж байгаа юм” гэлээ.

Эмчийн өрөөний хаалга минут бүрд нээгдэж, хэн нэгний “Эмч ээ, .....” гэх сонсогдоно. Түүнийг олон хүн хүлээж байгаа бололтой. Тиймээс энд хүрээд яриагаа өндөрлөв. Монголын олон мянган мундаг эмч нарын төлөөлөл Д.Чулуунбаатар мэргэжлийнхээ хүнд хэцүү бүхнийг мэдэх ч охин нь түүний мэргэжлийг өвлөх гэж байгаад тун баяртай байна лээ.  

Мөн хагалгааны ширээн дээр хэвтэхгүйн тулд өвдөхгүй байх, өвдөхгүй байхын тулд ажил, амралтаа зөв хуваарилан, зөв хооллож, тогтмол хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэвшилтэй байхыг зөвлөсөн юм. Түүнчлэн өвдсөн бол эмчид хандаж, заавал эмчийн зааврын дагуу төгс эмчлэх хэрэгтэй, дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг онцлон сануулж байлаа.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй