2018-03-28
Монгол бүсгүй сая гаруй хүүхийн амь аварсан тухай сайхан мэдээллийг “AsiaRussia” цахим хуудаст онцолжээ. Тэрхүү буянтай, зоригтой бүсгүйг Раднаабазарын Жаргалмаа гэдэг. Афганистанд ажиллаж байсан тэрбээр 1995 онд ОХУ-ын Эрхүүгийн анагаахын их сургуулийг төгсчээ.
Афганистан, Бангладеш дахь НҮБ-ын зөвлөх мэргэжилтнээр ажилладаг Р.Жаргалмаа гурав дахь орнуудад хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх, нутгийн иргэдийг цэвэр усаар хангах, цагаач дүрвэгч иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хүч ухаанаа зориулж яваа нэгэн аж.
Эдүгээ тэрбээр Бангладешийн Кокс-Базар хот дахь хүүхдийн байгууллагын мэргэжилтнээр ажилладаг байна. Бангладеш нь Азийн хамгийн ядуу улсын нэг. 2015 оны байдлаар 168 сая хүн амтай гэж тоологджээ. Кокс-Базар хот нь Бенгалийн булангийн эрэгт оршдог, өнгөрсөн жилээс дүрвэгч, цагаачдын лагерь майхан хот болсон байна.
Тэнд хэдэн зуун мянган рохинджа үндэстнүүд дүрвэн очдог ажээ. НҮБ-ын Дээд комиссарын газраас мэдэгдэж буйгаар, өнгөрсөн долоо хоногт 409 мянган хүн орон гэрээ орхин очсон байна.
Р.Жаргалмаа бүсгүй өмнө нь Афганистанд НҮБ-ын Хүүхдийн сангийн эхчүүд хүүхдүүдийн хоол тэжээл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ. 2015 оны 4, 5 дугаар сард Афганистаны хойд зүгт орших Кундуз сууринг талибууд бүслэн, есөн сард эзлэн авсан байна. Тэр үед Кундузын 250 мянган гэр бүлийн хүүхдүүдийг вакцинд хамруулах ёстой байж.
НҮБ-ыг төлөөлөн талибуудтай гэрээ хэлцэл хийх байсан Кабул дахь НҮБ-ын төлөөлөгчид ирэх боломжгүй болсон тул Кундузид ажиллаж байсан Жаргалмаа болон дөрвөн ажилтан талибуудтай уулзжээ. Тухайн үед Жаргалмаа ихэд сандарсан тухайгаа хожим ярьсан байна. Араб болов уу гэмээр царайтай таван залуу хэлэлцээ хийхээр иржээ.
Тэд Р.Жаргалмаагаас “Та япон уу?” гэж асуухад тэрбээр “Би монгол” хэмээн хариулсан байна. Тэд инээмсэглэн хоорондоо “Чингис хааны охин юм биз дээ” хэмээн хөгжилдсөний зэрэгцээ Монголын тухай, Чингис хааны тухай олон зүйлийг сонирхон асуужээ. Тэдэнтэй ийнхүү нэлээд ярилцсан байна.
Талиб залуус “Бид ойлголоо. Монголчууд япон, хятадуудаас их өөр юм аа” гэжээ.
Р.Жаргалмаа бүсгүй ярихдаа “Тэд надад хандаж буцах замдаа Кандагарын баруун талд чулуун шат байгаа, тэнд афганчуудын өвөг дээдсүүд Чингис хааны удмын хаадтай гэрээ хийж байсан юм, хараад яваарай” гэсэн. Хэлэлцээрийн үр дүнд талибууд сая гаруй хүүхдийг вакцинд хамруулахыг зөвшөөрсөн” гэжээ. НҮБ-ын төлөөлөгчид зоригт монгол бүсгүй Жаргалмаа болон Чингис хааны нэрээр олон хүүхдийн амь аврагдсанд гүнээ талархсан байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд