Боловсруулах үйлдвэрээ барья

2018-03-20

Бид хоёр хөршөөсөө зээл тусламж аль болох бага гуйж, өөрсдөө л хөгжих хэрэгтэй.... хэмээн хуучны танил маань блогтоо тэмдэглэжээ. Монголчууд өдгөө өргөн хэрэглээний бараа, таваараас эхлээд эрчим хүч, шатахуун, оо энгэсэг, эм, тариа гээд импортолж болох бүхнийг гаднаас зөөж байна. Энэ хэрээр гаднын зах зээлийг тэжээн тэтгэхийн зэрэгцээ хэдхэн бизнес эрхлэгчийг өөгшүүлэн, даврааж байгааг та бид өнгөрсөн өвөл өөрсдийн биеэр мэдэрлээ. Шатахуун импортлогчид Засгийн газарт шахалт үзүүлж байгаад хэрхэн санасандаа хүрснийг машинтай, машингүй нийт монголчууд тод санаж байгаа нь лавтай. Монгол Улсын нийт импортын 30 хувийг нефтийн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, жилд олж буй орлогын 10 төгрөг тутмын нэг нь, экспортоос орж ирж буй 10 ам.долларын хоёр нь гадагшаа урсаж байна гэсэн үг. Монголчууд зөвхөн унаагаа хөдөлгөхийн тулд жилд 1.4 тэрбум ам.доллар зарцуулсан статистик ч бий. Уг нь олборлож буй нефтиэ дотооддоо боловсруулахад л тулгараад буй бэрхшээлийн тодорхой хувийг шийдвэрлэх боломжтой. Учир нь Монгол Улс бол түүхий эдийн нөөцтэй орон төдийгүй газрын тосны үйлдвэр барих хэмжээнд хэдийнэ хүрчээ. Ирэх 20 жилд л гэхэд 1.5 сая тонн газрын тос тогтмол олборлох тооцоо бий.

 

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЖ, ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭМЭХ БОЛОМЖ...

Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар боловсруулах үйлдвэрээ Говьсүмбэрт барихаар шийдвэрлэж байсан бол “Ардын” хэмээх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газар Дорноговь аймгийн Сайншанд сумаас 20 км-ийн зайд буюу Алтанширээ сумын нутагт барихаар шийдвэрлээд байна. Засгийн газрын шийдвэрт дурдсанаар бол Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажил болон эрчим хүч дамжуулах шугамын ажлыг тус тус хийхээр тусгасан байна. Энэ удаад Засгийн газар гаргасан шийдвэрээ биелүүлж, хэлсэндээ хүрч чадваас үеийн үед дурсагдах түүхэн үйл явдлын эзэн болно. Харин хэлснээсээ ухарч, ажлаа удаашруулбал Сайншандын аж үйлдвэрийн парк, V цахилгаан станц шиг бас нэгэн үлгэрийн эхлэлд нэр нь дурдагдаад өнгөрөх юм. Тиймээс ч ухрах уу, урагшлах уу гэдгийг У.Хүрэлсүхийн “ангийнхан” шийдэх нь. Энэ бол аль нэгэн жижиг цех байгуулах тухай асуудал биш. Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий том төслийн тухай асуудал яригдаж байгаа. “Ардын” Засгийн газарт цааснаас цааш ахидаггүй төслийг хөрсөн дээр буулгах боломж байна.

 

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД СУУРЬ ДЭД БҮТЭЦ БЭЛЭН ҮҮ?

Энэ оны нэгдүгээр сард гарсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэр ёсоор бол бүтээн байгуулалтын ажлыг хоёрдугаар улиралд багтаан эхлүүлнэ. Сайншанд, Говьсүмбэрийн алинд нь ч барихаар шийдвэрлэсэн бай монголчууд боловсруулах үйлдвэртэй болохын тулд суурь дэд бүтцийн асуудал хамгийн чухал. Үүний тулд эрчим хүч, усны нөөц, төмөр зам зэрэг суурь дэд бүтцийн асуудлаа урьдчилан шийдвэрлэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, саалиа бэлдэхээр саваа зэхэх тухай юм. Ганцхан жишээ дурдахад зүүн өмнөд бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг Чойр дэд станц хангаж байна. Гэвч одоогийн байдлаар тус дэд станцын ачаалал 100 хувьд хүрч, шинэ хэрэглэгч холбох боломжгүй болчихоод удаж байгаа. Мөн төмөр зам, дамжуулах хоолой барих зэрэг шийдвэр гаргагч, эрдэмтэн, судлаач та бүхэнд хийх ажил их байна. Нэгдэн нийлж, нэгэн зүгт харж, хөндлөнгийн хүчин зүйлээс ангид ажиллаж, Монгол Улсдаа түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлээч... Үр дүнд нь ард түмэн та нарт алга ташин талархах болно. Улс орон үйлдвэртэй болно, олборлож буй бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулна. Олон, олон ажлын байр бий болно. Боловсруулах үйлдвэрийг дагасан их бүтээн байгуулалт өрнөж, дахин нэг Цогтцэций шиг, Дархан, Эрдэнэт шиг аж үйлдвэрийн хотыг дорнын говьд сүндэрлүүлэх боломж Засгийн газарт байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй