Барилгын сайд Х.Баделханд өгөх зөвлөгөө

2018-03-15

Бүгдээрээ нэг тоо бодъё. Бүх хүн математикч болох албагүй ч бүгдээрээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуульд ч ийм заалт бий.

Улаанбаатарын хэмжээнд  2017 онд 83 мянган шинэ орон сууцны төсөл хэрэгжсэнээс 66 мянган орон сууц борлогдоогүй байгаа  гэсэн албан бус мэдээ байна. Яг хэчнээн мянган айлын орон сууц өнөөдрийн байдлаар эзнээ хүлээж, эдийн засгийн эргэлтийг түгжсэн бэ гэх асуултын хариултад өгөх шинэ тоо барилгаар овоглодог салбарын яаманд ч, төрийн бус байгууллагуудад нь ч алга.

2012-2016 онуудад нийтдээ 90 мянган айл ипотекийн зээлээр орон сууцанд оржээ. Нэг ёсондоо ипотекийн зээлийн журамд заасан

Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар байна

Зээлийн хүү жилийн 8 хувь

Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй /Зээл үнэлгээний харьцаа хөрөнгө 70 хувиас дээшгүй/

Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлого 45 хувиас хэтрэхгүй

Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн нийт хэмжээ 80м2-аас ихгүй 

гэх заалтуудыг хангасан шаардлага 100 мянга хүрээд дуусчээ гэсэн үг. Үүний цаана тогтмол орлого, тогтвортой ажлын байртай ч 30 хувийн урьдчилгаанд бүдэрч яваа олон мянган эрэлт, хэрэгцээ бий.

Тоогоо үргэлжлүүлээд бодъё. Улаанбаатарын гэр хороололд 220 мянган айл амьдардаг. Нэг айлын хашаанд нэг биш хоёр, гурван айл амьдардаг гэвэл тэр хэрээр яндангийн тоо нэмэгдэж, Улаанбаатарын агаарыг бохирдуулж байна гэсэн үг. Гэр хорооллын 220 мянган айлаас 100 мянгад нь ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэсэн судалгааг НЗДТ-ын газраас гаргасан гэвэл тэдний эрэлтийг төр дэмжээд өгөхөд л нийлүүлэлт цаана нь хангалттай байна.

Зах зээлд борлогдоогүй 66 мянган орон сууц, орон сууцанд амьдрах боломжтой 100 мянган айлын эрэлттэй нь холбож өгснөөр нэг талаасаа зогсонги байдалд орсон барилгын салбар сэргэж, нөгөө талдаа Улаанбаатарын агаар, хөрсийг бохирдуулдаг эх үүсвэрийн тоо буурна гэсэн үг.

Төвийн төвлөрсөн системд холбогдож, дэд бүтэц нь шийдэгдсэн орон сууцанд амьдрах хэрэгцээ гэр хорооллын бүх өрхөд  бий. Харин эрэлт нь гуравны нэгд нь байгаа гэж үзвэл хатуу журмыг шинэчлэх, хамрагдах квадрат метрийн тоог нь өсгөх нь өнгөрсөн дөрвөн жил хэрэгжсэн энэхүү хөтөлбөрийн тооцоолол, үр дүн, бодит шаардлагаас харагдаж буй юм.

Гучин хувийн урьдчилгаагаа төлөөд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн шаардлагыг хангасан өрхийн тоо 100 мянгаар дуусчээ гэж тооцвол У.Хүрэлсүхийн Засаг зээлийн журмаа шинэчилж, 15-25 хувийн урьдчилгаатай долоон хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэрэгжүүлэх шаардлагатай болжээ гэсэн үг.  Ингэвэл ахиад 100 мянган айл хашаанаасаа нүүж, 100 мянган орон сууц эрэлтэд орно. Өөрөөр хэлбэл, орон сууцанд орох хүсэлтэй иргэдийнхээ боломжийг харгалзан ипотекийн зээлийн төрлийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн байна.

Салбарын яамнаас жилд 15 мянган айлыг орон сууцжуулах бодлого барьж байгаа юм байна. Урьдчилсан тооцоогоор 2018 онд ипотекийн зээлийн эргэн төлөлт 200 гаруй тэрбум төгрөг болох бөгөөд энэ хөрөнгөөр эргүүлээд ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа аж.  Энэ мөнгө 4000 орчим айлыг орон сууцжуулах боломжтойг бас тооцжээ. Засгийн газар ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 2018 оны төсөвт 120 тэрбум төгрөг суулгасан. Төсөвт суулгасан 120 тэрбумаар зорилтот бүлэг, төрийн албан хаагч багш, эмч нарыг тусгайлсан хөтөлбөрийн дагуу орон сууцжуулах ажлыг судалж байгаа гэнэ. Эрэлт ихтэй метр квадраттай орон сууцны үнийг нь буулгаж, төр өөрийн хөрөнгөөр худалдаж авахаар ярьж байгаа бөгөөд ТОСК-оор дамжуулан түрээсийн орон сууц хэлбэрээр олгох боломжийг эрэлхийлж байгаа гэв. Ажлын хэсгийнхэн  нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, орон сууцны үнийг нь бууруулж худалдаж авах асуудлыг судлаад лав дөрвөн сар болсон. Цаасан дээрх судалгаатай зууралдаад удаж байгаа Барилга, хот байгуулалтын яам нэг иймэрхүү л мэдээлэлтэй сууж байна. Гэвч, яг одоохондоо бодит ажил болгочихсон зүйл нэгээхэн ч алга.

Х.Баделхан сайд барилгын салбарт хийх ажлынхаа зах зухаас ярихдаа “Зах зээл дээр урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдах иргэд цөөрсөн. Монголбанк ипотекийн зээлд зориулж, шинээр хөрөнгө босгохгүй. Гэхдээ өмнө нь олгогдсон зээлийн эргэн төлөлтөөр дахин зээл олгох боломжтой. Мөн гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж, Монголбанкинд үндэсний хөрөнгөөр баталгаажсан орон сууцны бондыг хоёр дахь зах зээлд гаргаж, мөнгө босгох тодорхой зорилт тавьсан. Тусгай хөтөлбөр боловсруулж байгаа” гэжээ. Гэхдээ ярих амархан, хийх нэг өөр. Ярих гоё, хийх бүр хэцүү. Гол нь орон сууцны бондыг эргэлтэд оруулах, мөнгө босгох, ипотекийн зээлийн журмаа өөрчлөх, үүнийгээ ядахнаа л  танхимдаа танилцуулах, Засгийн газраасаа зөвшөөрөл авах гээд салбарын сайд ажлаа яаравчлахгүй бол бүтээн байгуулалтын улирал хэдийнэ ирчихлээ.

Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалаад барилгын ажил манайд улирлын чанартай явагддаг. Тиймээс эзнээ хүлээсэн орон сууцнуудаа зарж борлуулах, эдийн засгийн түгжээг нь тайлъя гэвэл эхлээд ипотекийн зээлийн журмаа өөрчлөх, санхүүжилтийн асуудлыг нь эртхэн шийд, Х.Баделхан сайд аа.  Цаг хугацаа таныг харсаар байтал дөрвөн сар өнгөрчихөөд байна. Барилгын салбарынхны ажил хийх хугацаа харин ердөө долоохон сар!

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй