2018-03-10
Кинонд гардаг шиг л нэгэн үйл явдал өнгөрсөн мягмар гаригт Ховд аймгийн Булган сумын Байтаг баг Цагаантолгой гэх газар болсон талаар манай сайт мэдээлсэн. Тодруулж хэлбэл, тус нутагт хууль бусаар алт олборлож байсан иргэд зодолдож, улмаар нэгнээ хутгалж, аминд нь хүрсэн хэрэг гарсан байв.
40 настай Б гэх залуу бусдад таван удаа хутгалуулж харамсалтайгаар амь насаа алдсан байсан бол мөн л хутган зодооны халдлагын золиос болж, дөрвөн залуу маш хүнд шархтайгаар сумын эмнэлэгт хүргэгдсэн юм.
Тэд Дархан-Уул аймагт оршин суух хаягтай бөгөөд 30 настай эрэгтэй Б эрүүндээ, 29 настай эрэгтэй Г эрүүндээ, 37 настай эрэгтэй Э гуяндаа хоёр хутгалуулсан, 37 настай эрэгтэй О цээжиндээ хоёр удаа хутгалуулсан шарх авчээ. Нас барсан залуугийн хувьд анхны тусламж авч эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй өнгөрсөн байна.
-ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОРООС ТАВАН МАШИНТАЙ 50 ГАРУЙ ХҮН ОЧЖЭЭ-
Тухайн үед чухам юуны учир тэд ийн зодолдож, нэгнээ зэрлэгээр хөнөөж, хутгаар “тоглосон” болохыг тогтоохоор тус аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тиймээс хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг бидэнд хэлэв.
Хэрэг явдлын тухай бид эх сурвалжуудаас тодруулж, ноцтой зүйл олж мэдсэн юм. Юу вэ гэвэл Ховд аймгийн хууль бус алт олборлогчид хоорондоо зодолдсон зүйл биш байв. Харин тус орон нутаг дахь алтыг ухалцахаар Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас таван машин хөлөглөсөн 50 орчим хүн очсоноор дээрх хэрэг дэгджээ.
Тэд алт ухахаар ирсэн гэдгээ хэлсэн бөгөөд орон нутгийн нинжа нар алтаа харамлан, ухуулахгүй гэж маргалдсан байна. Тэдний дунд ах, дүү дөрвөн хүн байсан гэх мэдээлэл ч бидэнд ирсэн бөгөөд тэр дөрвийг хэргийн гол сэжигтнүүд хэмээн шалгаж буй аж. Цагдаагийн байгууллага тухайн хүмүүсээс нэг бүрчлэн байцаалт мэдүүлэг авч буй бөгөөд тэднийг бүгдийг нь цагдан хориод буй юм байна.
Түүнчлэн орон нутгийн иргэнээс авсан мэдээллээр нас барсан иргэн болон шархадсан гурван иргэн нь Ховд аймгийн уугуул иргэд байжээ. Харин нэг нь Дархан-Уул аймгийн харьяат бөгөөд тавуулаа нэгнээ хамгаалан Говь-Алтай, Баянхонгороос ирсэн залуустай тэмцэлдэж, алт булаалцалдаж, эцэстээ амь нас, эрүүл мэндээрээ хохирсон нь энэ бололтой.
Монголчууд алтны төлөө зэрлэгшиж, нэг нэгнээ “барьж идэхдээ” тулж, туйлдаж, ядуурч буйг энэ жишээ харуулах мэт. Бидэнд мэдэгдсэн нь л энэ болохоос алтны төлөөх зэрлэгшлийн хар гайгаар хэчнээн иргэн үхэж үрэгдэн, хэд нь хөл гаргүй, хүний хагас болж буйг таашгүй.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд