Дизель хөдөлгүүртэй автомашины төгсгөл ирсэн үү?

2018-03-06

Автомашин үйлдвэрлэгч олон компаниуд дизель хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийг зогсоожээ. Зах зээлд борлуулалт нь багассан ч зарим хэрэглэгчид дизель машин бүрмөсөн алга болохгүй гэж найдсаар байгаа юм.

2018 оны хоёрдугаар сарын 27-нд ХБНГУ-ын Лепциг хотын Холбооны захиргааны хэргийн шүүх Штутгарт болон Дюссельдорф хотод дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох тухай шийдвэр гаргасан. Штутгарт бол “Мерседес Бенз”-ыг эзэмшдэг “Даймлер Групп”-ын төрсөн газар юм. Германы бусад хот мужид ч мөн дээрхтэй адил арга хэмжээ авснаар энэ хэрэг дэлхий нийтийн асуудал болсон билээ. ХБНГУ-ын шүүх дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох тухай шийдвэр гаргасан тэр өдөр Италийн Ром хотын захирагч Виржиния Рагги хотыг агаарын бохирдлоос ангижруулахын тулд 2024 оноос хотын төвд дизель хөдөлгүүртэй машин унахыг хориглоно гэжээ.

Парис хот мөн адил 2024 он гэхэд дизель хөдөлгүүртэй автомашиныг, 2030 он гэхэд шатахуунаар явдаг автомашинуудыг хориглох шийдвэр гаргасан.

Данийн Копенгаген хот 2019 онд дизель автомашиныг хориглохоор төлөвлөж байгаа бол Их Британи 2040 оноос дизель болон шатахуун түлштэй бүх автомашины худалдааг бүрмөсөн хориглох ажээ.Дизель болон шатахуун түлштэй автомашинуудыг хэрэглээнээс гаргах том хотуудын хөдөлгөөнд Сөүл хот 2020 онд нэгдэж, дизель хөдөлгүүртэй зарим автомашиныг хориглох юм байна.

Дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглосон дээрх шийдвэрийн хариуд автомашин үйлдвэрлэгчид арга хэмжээ авч эхэлсэн байна. “The Financial Times”-д мэдээлснээр “Фиат Крайслер” 2022 оноос дизель хөдөлгүүрийг хэрэглээнээс гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. “Фиат Крайслер”  Жийп, Дож, Крайслер, Масерати, Альфа Ромео болон Фиат зэрэг автомашинуудыг үйлдвэрлэдэг.

Японы автомашин үйлдвэрлэгч аварга “Тоёота”ч мөн адил дизель автомашины үйлдвэрлэлээс татгалзах ажээ. 2017 онд “Тоёота” компанийн дэд ерөнхийлөгч Дидиер Лерой дизель автомашин дахин үйлдвэрлэхгүй хэмээн мэдэгдсэн юм.

“Порше” ердөө есөн жилийн өмнө зах зээлд гаргасан дизель хөдөлгүүртэй Макан С дизель болон Панамера 4С дизель зэрэг автомашинуудаа үйлдвэрлэхээ зогсоож, үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд дизель автомашиныг оруулаагүй хэмээн мэдэгдсэн.

“Вольво” компани 2019 оноос зөвхөн цахилгаан, хибрид машин үйлдвэрлэхээ мэдэгдсэн бол Европын зах зээлд томоохон тоглогч Францын автомашин үйлдвэрлэгч “Рено” групп бас л дизель хөдөлгүүрээс татгалзаж магадгүй гэжээ.

Дэлхий даяар дизель автомашинаас татгалзах болсон шалтгаан нь хөдөлгүүрийн утаа хаялт байгаль орчинд тун хортой үр дагавар авчирдагтай холбоотой.

Одоогоос хорин жилийн өмнө дизель түлш бохирдол багатай, шаталт ихтэй хамгийн сайн түлш гэгдэж байв. Дэлхийн улс орны Засгийн газрууд шатахуунаас бага CO2 ялгаруулдаг  хэмээн дизель хөдөлгүүртэй автомашин хэрэглэхийг уриалж байлаа.

Гэвч 2012 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Хорт хавдрын судалгааны төв дизель хөдөлгүүрээс ялгардаг утаа уушгины хорт хавдрын шалтгаан болж байгааг тогтоосон нь дизелийн талаарх буруу ойлголтыг өөрчилсөн билээ. Дизель хөдөлгүүрээс ялгардаг азотын исэл болон давхар исэл үүний гол буруутан ажээ.

Гэтэл 2015 онд Германы автомашин үйлдвэрлэгч “Волксваген” компанитай холбоотой дуулиан дэгдсэн юм. “Волксваген” АНУ-ын дизель автомашины хөдөлгүүрээс ялгардаг азотын исэлийн хэмжээг тодорхойлох туршилтыг тусгай программ машинд суурилуулан хуурч дөнгөсөн нь тогтоогдсон юм. Үнэн хэрэгтээ тус компанийн дизель автомашинаас ялгардаг хорт бодисын хэмжээ ердийн зам дээр 40 дахин их байсан билээ.

“Волксваген”-ы энэ заль илэрсний дараа компани их хэмжээний торгуульд унаж, бүтээгдэхүүнийг нь худалдаалахыг хориглосон нь хэрэглэгчид дизель хөдөлгүүртэй автомашинаас татгалзах шалтгаан болсон юм.

Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны судалгаагаар Европын холбооны орнуудад дизель автомашин худалдан авагчдын тоо 2011 онд 56.1 хувьтай байсан бол 2012 онд 55.6 хувь, 2013 онд 53.8 хувь, 2014 онд 53.6 хувь, 2015 онд 52.1 хувь, 2016 онд 49.9 хувь болж тасралтгүй буурсан байна.

БНСУ мөн дээрх орнуудын жишгээр дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох арга хэмжээ авч эхэлжээ. Тус улсын тээвэр, дэд бүтэц, газрын яамны мэдээлснээр 2015 онд 44.7 хувьтай оргилдоо хүрч байсан дизель хөдөлгүүртэй автомашин хэрэглэгчдийн тоо 2015 оны “Дизельгэйт”-ийн дуулианы дараа эрс багасч, 2017 онд 35.5 хувь болж буурсан байна.

Судалгаанаас харахад хэрэглэгчид дизель хөдөлгүүртэй автомашинаас татгалзах болж, цахилгаан (EV) автомашин хэрэглэгчдийн тоо өсөх хандлагатай буйгаас ирээдүйн машин гэх болжээ. Гэвч автомашин үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар дизель автомашины зах зээл хумигдсан ч гэлээ ойрын хугацаанд хэрэглээнээс бүрмөсөн гарахгүй бололтой.

Дизель хөдөлгүүрийн ганц сайн тал нь түлш хэмнэдэг нь ажээ. Бензин хөдөлгүүртэй адил эзлэхүүнтэй дизель хөдөлгүүр 10-15 хувиар илүү хүчтэй байдаг бөгөөд нэг галлон түлшээр 20-25 км хол зам туулдаг.

Ихэнх автомашин үйлдвэрлэгч компани дизель хөдөлгүүрээс татгалзаж байгаа боловч өөр олон компани дизель хөдөлгүүрийн түлш бага зарцуулдаг, бага утаа хаядаг улам боловсронгуй болгох арга замыг эрэлхийлж байгаа юм.

Тэдний нэг нь “Мерседес-Бенз” юм. Саяхан тус компани зургаан цилиндр бүхий дизель хөдөлгүүртэй X класс загварын автомашинуудаа танилцуулсан.

“Даймлер групп” дизель хөдөлгүүрийг улам боловсронгуй болгох судалгаа шинжилгээний ажилд 271 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Дизель хөдөлгүүртэй автомашин худалдааны багагүй хувийг эзэлдэг “BMW” компани мөн адил дизель технологийг сайжруулах арга хэмжээ авч эхэлжээ.

“Волксваген” 2018 онд мөн дизель хөдөлгүүртэй Пассат ЖТ загвараа танилцуулсан байна.

БНСУ-ын “Хюндай Мотор” компани ч мөн дизель хөдөлгүүрээс шууд татгалзах бодолгүй байна.

Өнгөрсөн сард тус компани 14,000 автомашин борлуулалтын гэрээ байгуулсны 94 хувь нь дизель хөдөлгүүртэй машины захиалга байжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй