Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж: Гэртээ морин хууртай айлыг бүтэн айл гэдэг

2018-02-03

Жил жилийн цагаан сарын шинийн нэгэнд Төрийн хан хуурыг эгшиглүүлж, Монгол төрийн төдийгүй улс орныхоо саар бүхний жаврыг үргээх хүндтэй үүрэг Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж гэж эрхэм хүнд оногддог. Энэ эрхэм хүнийг Төрийн ордонд хан хуурынхаа хөг аялгууг шалгачихаад явж байхад нь таарч халуун яриа өрнүүлэв.

-Та хан хуурынхаа хөг аялгууг шалгаж, жаврыг нь үргээчихээд явж байгаа юм аа даа. Хуурын хөг аялгуу ямар байна вэ?

-Төрийн хан хуурыг залах санаачлагыг анх гаргасан хүний хувьд жил бүрийн цагаан сараар хан хуураа татаж, хөг аялгууг нь сэргээн улс орныхоо жаврыг үргээж, аялгуу эгшиг татдаг хүндтэй үүрэг надад оногдоод олон жил болжээ. Би улиралдаа нэг удаа Төрийн ордноор ирж, хан хуураа тэгшилж татдаг юм. Энэ удаад Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаа учир наана нь хан хуураа шалгаж, хөг аялгууг нь үзлээ. Энэ хуураа би өнөөдрийг хүртэл цагаан сарын шинийн нэгний өглөө морин цагт татаж, төр түмэндээ хандан магтаал хэлдэг шүү дээ. Төрийн хан хуур маань өндөр хамгаалалт дор төрийн гол бэлэгдлүүдтэй байдаг юм. Ая эгшиг нь сайн байна аа. Хуурынхаа цар болоод аялгуу эгшиг зэргийг нягтлан шалгадаг. Би ирж хан хуураа хөглөхдөө морины явдлаар хөг эгшгийг нь тааруулж татдаг юм. Цаана аа учиртай л даа.

-Өдгөө та хэд дэх жилдээ хан хуураа татаж, хөг аялгуу нэмж байна вэ?

-Ингээд бодоход 26 жил өнгөрчээ. Хүний амьдралаар бол идэр залуу насанд хүрч буйтай ижил цаг хугацаа өнгөрсөн байна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед буюу 1992 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр төрийн хан хуурыг анх залсан юм. Би Ерөнхийлөгч П.Очирбатад хуур залах нь зүйтэй болов уу гэдэг саналаа хүргэж байлаа. Учир нь Эзэн Чингис хааны үед төрийн өргөө ордонд алтан хуурыг залж, Аргусан хуурч хуурдаж байсан түүхтэй байдаг юм. Аргусан гэдэг нь Эзэн Чингис хааны үед, яривал Төрийн хан хуурч байж шүү дээ. Их сайхан хуурддаг, алдартай хуурч байсан гэдэг. Үүнээс хойш Монгол төр 800 гаруй жил хуургүй явж иржээ. Ийм учраас хуур залах нь зүйтэй гэж бодоод П.Очирбат Ерөнхийлөгчид сонордуулан саналаа оруулж байлаа. П.Очирбат Ерөнхийлөгч миний гаргасан саналыг хүлээн авч хуур залах болсон юм. Ингэж л би анх удаа Төрийн хан хууртай болж байсан юм. Ерөнхийлөгчийг зөвшөөрсөн даруйд шинэ хуур бүтээлгэж “Төрийн хан хуур” хэмээн нэрлээд Төрийн ордондоо залж, хадгалсан юм шүү дээ.

-Төрийн хан хуур гээд бодмогц л бусад морин хуураас өөрийн онцлогтой байх гэсэн бодол төрж байна?

-Төрийн хан хуур нь хүндэтгэлийн хувьд гэвэл Монгол маягийн ширэн цартай, суран татуургатай, ногоон толгойтой, үндэсний хээгээр чимэглэсэн Монгол хуурын уламжлалыг баримталж хийлгэсэн хуур юм. Төрийн хан хуурын дэг жаяг, хэмжээ, хуурыг цэнгүүлэн татахад төр түмэндээ өргөх айлтгал магтаал гэдгийг би зохиож зарлигаар батламжлуулж, хан хуур маань хүндэтгэлийн хувьд илүү төгөлдөр болсон гэхэд болно. Төрийн хан хуурыг Уламбаяр гэж хүн их сайхан урлаж өгсөн юм. Ёс, бэлгэшээлээ бодож хуур урласан Уламбаярындаа хөг аялгууг нь тааруулж, ая эгшиг анх татаж байлаа. Монголд Төрийн хан хуур ганц л байдаг. Түүнээс биш Төрийн хан хуураа бариад энд тэнд татаж болохгүй. Бусад үйл хэрэгт бол жирийн морин хуураа татаж, ерөөл магтаалаа хэлдэг ёстой юм.

-Морин хуур гэхээр ерөөл, магтаалын тухай ярихгүй өнгөрч боломгүй. Тэр тусмаа та бол ерөөлч магтаалч хүн шүү дээ?

-Үнэхээр ч салгаж яримгүй хоёр зүйл л дээ. Ерөөл, магтаал гэдэг бэлгэдлээ бодсон ч бидний уламжлал, зан заншилтай нягт холбоотой. Утга зүйн хувьд ч магтаал, ерөөл гэдэг сэтгэлгээний асар том үнэт зүйл юм. Бидний хүндлэн дээдэлж ирсэн төр сүлд, улс орон, эх нутаг, мал сүрэг, өргөө гэр гээд магтаал, ерөөлийн сэдэв өөрөө өргөн хүрээг хамардаг. Сүүлд гэхэд л би Монгол Улсынхаа гурван сая дахь иргэнд зориулж магтаал дуудсан. Би анх “Алтан говийн магтаал” гэж өөрийн төрсөн нутаг Өмнөговьдоо зориулж зохиож байсан юм. Үүнээс өнөөдрийг хүртэл 300 гаруй магтаал, 30 гаруй төрлийн ерөөл зохиож, морин хууртайгаа аялгуулж иржээ. 1958 онд Бүх ард түмний урлагийн анхдугаар наадамд би “Ар хөвчийн унага”-ыг дуулж хуурдаж оролцож байлаа. Тухайн үед өөрөө хуураа татаад, зэрэг дуулж байсангүй шүү дээ. Тэр наадмаас шагналт байранд ороод шагнал авсан нь надад урам болоод туршлага ч болж чадсан юм. Ингээд хожмоо нь ерөөл, магтаалын ном гаргаж, цуврал хичээл ч заасан. Үүний үр өгөөжөөр магтаал, ерөөлийн талаар улс орон даяараа тодорхой мэдлэгтэй болсон юм билээ. Надад дараа нь олон санал хүсэлт ирсэн.

-Таньд өөрийн гарын шавь олон бий юу. Яг таны авьяасыг өвлөж авч явахаар шавь хэд байна вэ?

-Надад олон шавь бий. Алийг нь гэж би хэлэх вэ. Бүгд л миний шавь нар. Миний өөрийн нутаг Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд гэхэд л арав гаруй хүүхдэд морин хуур, ерөөл магтаал зааж сургалаа. Энэ дундаас хэн сэтгэлтэй, авьяастай нь л цаг хугацааны явцад харагдах болов уу. Түүнээс би энийг нь, тэрийг нь гэж хэлэх аргагүй юм.

-Орчин цагт монголчууд морин хуураа гэртээ залах нь их болжээ. Морин хуур айлд байхын учир бэлгэдлийг та хэлж өгөхгүй юү?

-Гэртээ морин хууртай айлыг бүтэн айл гэж ярьдаг шүү дээ. Морин хуураа ганц нэг татаад, хөг аяыг нь тааруулчихдаг байх ч сайн. Морин хуурын аянд муу муухай ч тогтож чаддаггүй үргэн оддог гэсэн домог яриа олон бий. Морин хуур өөрөө ая аялгууны хувьд маш өргөн далайцтай байдаг. Байгаль дэлхийтэй ч холбогддог нарийн сэжимтэй их сайхан хөгжим шүү дээ. Айл бүр гэртээ морин хуураа хүндэтгэн залж байх нь тухайн айлын муу бүхний жаврыг үргээж байдаг сайхан бэлгэдэлтэй юм.

-Ярилцлагын эхэнд та Төрийн хан хуураа татахдаа морины явдлаар хөг эгшгийг нь тааруулдаг гэж байсан. Тухайлбал, ямар хөгжмийг аялгуулан татаж, ямар магтаал хэлдэг вэ?

-Жонон харын явдлаар хөг эгшиг нэмж татдаг. Тэр дундаа баруун Монголын татлага маягийн хэв шинжийг оруулж татдаг. Энэ нь их утга учиртай. Ганцхан Жонон харын явдлыг татчихвал энэ нь дан ганц төв Халхын аялгуу болчихно шүү дээ. Тэгэхээр баруун Монголын татлагыг оруулж татах нь зүй юм. Тэгээд л Төрийн хан хуураа эгшиглүүлэн татангаа магтаалаа хэлнэ шүү дээ. “Төр, түмэндээ өргөх айлтгал магтаал” гэж бий.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төр, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн дууллаа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүлдлэн дээдэлж барья аа

Ханат Монгол

Хаан Чингисээ биширтүгэй

Өрхөт Монгол

Өрнөн дэгжсээр хөгжтүгэй

Эзэн түмэн

Эе эвтэй амгалан байтугай

Эрэлхэг Монгол

Мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадрах болтугай... гээд л цааш нь хэлнэ шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: MEDEE.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй