2018-02-02
Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Э.ЛУВСАНБАЛДАН
Ойрын өдрүүдэд нийслэлийн утаа хэрээс хэтэрч хүүхдүүд агаарын бохирдлоос хордож хэлмэгдэж, томчуудын эрүүл мэндэд ч ноцтой нөлөөлж буйг судалгаа, тоо баримтаар нотлон дуулиан шуугиан дэгдээх болов. Гамшгийн төвшинд хүрсэн утаа агаарын бохирдлыг бууруулахыг бодлогоор зохицуулна гэх шиг “Нэгдсэн бодлого”, цогц байдлаар утааг багасгах, үр дүнгээ тайлагнах хугацаагүй ажлын хэсэг байгуулах, судалж үзэх, бүр сүүлдээ сургуулиуд, музей зэрэг соёл гэрээрлийн байгууллагуудаа нийслэлээс шилжүүлэн байршуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг боловсруулах, тэднийг цахилгаан, утаагүй зуухаар хангах, шинэ байшин бариулж байртай болгох зэрэг хэрэгжихэд урт хугацаа, үлэмж хөрөнгө шаардах, дараагийн сонгууль хүртэл утаагүй нийслэлтэй болох яриа газар авсаар байх юм. Энэ бодлого хэрэгжээд Улаанбаатар хот утаагүй болно гэдэг юу л бол доо.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэд саналаа нэмэрлэвэл хүлээж авах янзтай зарим ярьсныг бодитой байж болзошгүй хэмээн бодсон учир иргэн би бээр нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Тэр нь юу вэ гэвэл нийслэлийн салхин дээрх утаатай тэмцэх асуудал. Хотын агаарыг бохирдуулагч чинь авто машины утаа биш шүү. Хэрэв авто машинаас шалтгаалдаг бол дулааны улиралд Улаанбаатарын агаар яахаараа тунгалаг байдаг юм. Энэ бол утааг далимдуулж авто машинаас ямар нэг хэмжээгээр орлого олох гэсэн хүмүүсийн санаархал. Нэг сая хүнд үйлчилдэг Улаанбаатар хотын 1000 хүнд 100 машин ногддог бол 12.2 сая хүнтэй Москвагийн 1000 хүнд 380 машин ногдож байгаа боловч Москвагийн агаар Монголын нийслэлээс давуу цэвэр буйг юу гэж үзэх вэ.
Салхин дээрх утааг багасгая хэмээвээс тэнд орогнон суугаа бүх өрх гэрийг тус хотын салхин дор, тодруулбал Баянзүрхийн гүүрний цаана эзэнгүй хэсэг газар албадан шилжүүлэх хэрэгтэй юм. Нүүдэлчин монголчуудад нийслэлээс Налайх орчим нүүхэд хүндрэл бэрхшээл тохиолдохгүй. Гэр хорооллын зарим хүн дуртай газраа шилжин суурьшиж болно гэж ярьдаг чинь яав гэж хороо хорины эрх баригчийн өмнө туниж болзошгүй. Та түүнээс бүү цочирд. Бүү ай. Төр байсан цагт хүн тэнгэрийн дор ямар нэг засаглалд заавал захирагддаг ёс дэлхийн аль ч оронд байдгийг сануул. Олонхийн эрх ашгийг хохироогч цөөнхийн үйлдэл байж болдоггүйг ойлгуул.
Хотынхныг шилжүүлэн нүүлгэдэг туршлага бидэнд бий. 1966 оны их үерийн үед Ажилчны районы 120 мянгатын салхин дээр хэдэн өрх айл суурьшчихаад тэр орчныг битүү утаагаар утдаг байв. Тэднийг өөр газар шилжихийг хороо хорин шаардсан ч гэртэй айлууд ер хүлээж авдаггүй байлаа. Тэгэхэд нь Яармагийн дэнжид улсаас дундаа тасалгаатай урт гэгч модон хашаанууд бариад, шилждэггүй, хөдөлдөггүй айлуудыг цагдаа нар гурав хоногийн дотор албадан нүүлгээд, шинэ хашаанд байрлуулсан юм. Ганцхан жилийн хугацаанд Яармагийн дэнж, худалдаа үйлчилгээ, эмнэлэг, сургууль бүхий хэдэн зуун өрх айлтай болсон юм. Энэ туршлагаар эдүгээ Сэлбийн голоос баруун тийш бүх айлыг ойрын өдрүүдэд Нийслэлийн салхин дор шууд албадан шилжүүлбэл хотын утаа шингэрнэ. Хугацаа хожно. Шилжин нүүхгүй айлыг үндсэн нутагт нь буцаах ёстой. Гэр хорооллынхонд зориулсан мод буюу цаарууц тосгон хэдэн хашаа барихад тийм ч олон тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулахгүй.
Гэр хорооллыг хотын салхин дор шилжүүлэхийг мэдэхгүй нийслэлийн удирдагчид, эрх баригч бизнесмэн хэмээх дамчид баймааргүй. Ингээд бодохоор “Сайжруулсан зуух” гэгч буюу цахилгаанаар халаах тоног төхөөрөмж гадаадаас авчирч хөрөнгөжих гэсэн хувийн ашиг сонирхол давамгайлснаас Улаанбаатарын утаа хэвийн хэмжээнээс хэтэрсэн болов уу гэсэн хардлага нийтийн дунд тараад байгааг манай шийдвэр гаргагчид огтхон ч төсөөлөөгүй байгаа бололтой. Учир нь үүний урьд эгзэгтэй үеийг тохиолдуулан олз хайгч үл бүтэх зальхай этгээд “Утаа гаргадаггүй зуух” буй болголоо хэмээн мэдээллийн хэрэгслээр орон даяар зарлаж байсныг бид мартаагүй байна. Нийслэлийн удирдлага түүнд итгэж зальт этгээдийн олон зуухыг алба ба амины хөрөнгөөр борлуулж хөрөнгөжүүлээд хууртсантай одоо хүртэл ямар ч хариуцлага тооцоогүй завшуулсан юм.
Гэр хорооллынхонд орон сууцны дэм үзүүлж, халамж анхаарал тавихыг эрх баригчдын зарим нь мэдээлдэг боллоо. Энэ сайхан санаа. Тэгэхдээ барилгын эздийн шуналыг баримтлан орон сууцны үнэлгээнд одоогийн байдлаар хандвал ядуучууд тохилог сууцаар хангагдана гэдэг хэзээ ч үл бүтэх асуудал юм. Дашрамд өгүүлэхэд болдогсон бол их барилгын эзэд, барилгынхаа ам.метр талбайг хэтэрсэн үнээр борлуулж ашиг олдог үйл ажиллагааг үнийн зөвлөл, Иргэдийн эрх ашгийг хамгаалах шударга өрсөлдөөний газар, хууль, хяналтын байгууллагууд шалгаж Монголд ноёрхсон орон сууцны үнийн ханшийг хянаж үзүүштэй. Урьдчилгаа зээл авч өрөнд орооцолдохыг хэн ч хүсэхгүй. Иймээс утааг бууруулахад зориулсан болон уул уурхайгаас олж буй хөрөнгийн заримыг ядуучуудын хороололд зориулбал иргэн, төр хоёрын хэн хэнд нь ашигтай мэт.
Үүний зэрэгцээ хотын салхин дээр байшин, шавар пин барьчихаад, халдашгүй хөрөнгөтэй иргэн нийслэлийг утаж байгааг яах ёстой бол гэсэн асуулт гарч ирнэ. Үүнд манай ардчилсан хүчнийхний гаргаж буй зоримог, оновчтой шийдвэртэй иргэн би бээр санал нэгдэж байна. Ардчиллынхан Улсын Их Хурлын чуулган дээр “Хар утаа гаргаж буй яндантай айл өрхүүдэд торгууль ногдуулах хэрэгтэй. Энэ нь захиргаадаж байгаа хэрэг биш” гэсэн. Түм олныхоо төлөө гэсэн энэ санааг бид дэмжих ёстой. Өнгөрсөн жилүүдийн утаа бууруулах зуух, шахмал түлш утааг багасгаж чадаагүй нь нотлогдсон тул хотын салхин дээрх байшингуудад түүнийг ашиглахаас татгалзахыг амьдрал шаардаж байна. Тэгэхээр байшинтай айлууд шинэ нутагт гэр хорооллынхонтой айлсах л хэрэгтэй болж байна шүү дээ. Тэр цаг үед Монголын нийслэл утаан хөшигний цаана балгас мэт сүүмэлздэг байдлаасаа ангижирч “Азийн цагаан дагина” гэсэн нэрээ сэргээж, агаарын бохирдлоор дэлхийн дунджаас тав дахин их байсан дутагдлаа арилгаж нэр төрөө сэргээх боломжтой. Гамшгийг гэтэлж, гайхамшгийг бүтээхэд идэвхтэй туслагч нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл яах аргагүй мөн. Иймийн учир Нийслэлийн агаарын бохирдол, утааны эсрэг идэвхтэй тэмцэж байгаа хэвлэл, мэдээллийн редакцийг улирал тутам шалгаруулж урамшуулахыг шаардагдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд