Ц.Цогзолмаа сайд төрийн тамгаа алдаж, АТГ-т шалгагдаж байгаа юу

2018-01-19

Өнгөрсөн 2017 оны аравдугаар сарын 20-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орсон билээ. Түүнээс хойш нэг их удалгүй сайд тамгаа алдсан, хуурамч тамга ашигласан гэх мэдээллийг эх сурвалж өгсний дагуу эрэн сурвалжиллаа.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус яамны нэгэн мэргэжилтэн сайд Ц.Цогзолмаагийн гарын үсэгтэй албан бичгийн монгол бичиг бүхий тамга дээрх “Соёл” гэдэг үг алга байгааг мэджээ. Тэрбээр энэ асуудлыг сайдын нарийн бичиг болон тухайн үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаад танилцуулсан байна. Түүнээс хойш гурав, дөрөвхөн цагийн дотор хуурамч тамгатай албан бичгүүдээ буцаан татаж, “Соёл” гэсэн бичигтэй тамгатайгаар үйлджээ. Эндээс “Нэг яамны сайд хоёр өөр тамгатай байж болох уу, хуурамч тамга хэрэглэсэн үү” гэх хардлагын сэжүүр эхлэлтэй аж.

Бидний олж мэдсэнээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр иргэн Ж.Болормаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа төрийн тамга хууль бусаар үйлдсэн байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан байна. Авлигатай тэмцэх газрын эх сурвалж тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн гомдол гаргасан гэх мэдээллийг үгүйсгээгүй юм.

Иргэн Ж.Болормаагийн гомдол АТГ-ын Хяналт шалгалтын албанд цохогдон очиж, комиссар н.Энхтүвшин шалгах үүрэг хүлээжээ. Эдүгээ тэрээр орон нутагт ажиллаж байгаа тул Ц.Цогзолмаа сайдын эсрэг гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

БСШУСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч н.Өнөржаргалтай холбогдож, салбарын сайдыг АТГ-аас шалгаж байгаа эсэх талаар тодруулахад тэрбээр “Тийм асуудал байхгүй” гэсэн хариулт өгөв.

Иргэн Ж.Болормаагийн өмгөөлөгч Г.Батбаяраас энэ хэргийн талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Миний үйлчлүүлэгч өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд Ц.Цогзолмаа сайдын хууль бус үйлдлийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж, мэдүүлэг өгсөн. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа ч АТГ-аас ямар нэгэн хариу өгөөгүй байна. Миний хувьд Ц.Цогзолмаа сайдыг Хятадад ажиллах хугацаандаа төрийн тамгаа алдсан гэдэг итгэл үнэмшилтэй байгаа” гэв.

Мөн тэрбээр АТГ-ын дарга Х.Энхжаргалд гомдол гаргасан байна. Энэхүү гомдол нь 2018 он гарсны дараа БСШУСЯ-ны Захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон н.Мөнхөөлэй гэх эмэгтэй АТГ-ын Хяналт шалгалтын албаны байцаагч Энхтүвшинтэй найз, тиймээс байцаагчийг сольж өгөх утгатай ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, н.Мөнхөөлэй нь УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн зөвлөх хийж байсан бөгөөд гурван сарын хугацаанд сайдын оронд төрийн тамгыг “барьж” байсан гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг хөдөлмөрийн харилцаанд оролцох субъект биш байж төрийн сайдын өмнөөс албан бичгүүдэд тамга дарж баталгаажуулж суусныг гайхах хүн бас байна.

Хэрэв зээ сайд Ц.Цогзолмаа яамны тамгаа хаа нэгтээ алдаж, түүнийг нь хэн нэгэн олж аван ашигласан байвал маш ноцтой үр дагавар дагуулж мэдэх юм.

Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.


Ж.БОЛОРМАА: “СОЁЛ” ГЭДЭГ ҮГГҮЙ, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ ГЭСЭН ТАМГА ДАРАГДАЖ ОРЖ ИРСЭН

Авлигатай тэмцэх газарт Ц.Цогзолмаа сайдтай холбоотой хууль бус үйлдлийг шалгуулахаар хандсан иргэн Ж.Болормаатай уулзаж ярилцлаа.

-Таныг Авлигатай тэмцэх газарт Ц.Цогзолмаа сайдтай холбоотой асуудлаар гомдол гаргасан гэж сонсоод ирлээ. Та ямар учраас тус газарт хандсан юм бэ?

-Би өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сарын 8-нд гомдлоо гаргасан. Аливаа албан байгууллагын албан бичиг, тамга тэмдэг тодорхой хууль, дүрэмтэй байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны тамгыг гэнэт сольсон байсан. Тамганы хайрцгийг солиход хүртэл Төрийн нарийн бичгийн даргын тушаал гардаг. Гэтэл “Соёл” гэдэг үг нь хаягдаад, Боловсрол, шинжлэх ухаан, спортын яам гэсэн тамга дарагдаж орж ирсэн. Тамга Сайдын нарийн бичиг дээр байдаг. Сайд гарын үсгээ зураад явуулдаг. Гэтэл тамга дардаг. Анх манай мэргэжилтэн яамны тамга “Соёл” гэдэг үггүй болсон байна гэдгийг мэдсэн. Дараа нь туслах мэдэж, маш богинохон хугацаанд “соёл” гэдэг үгээ оруулаад хийчихсэн байгаа юм. Захиалж хийлгэхэд тодорхой хугацаа ордог баймаар, албан бичиг тоот хэрэг болдог баймаар. Хууль тогтоодог, шийдвэр гаргах түвшний, хууль хэрэгжилтийг сайн мэддэг хүн байж иймэрхүү асуудал гаргасан нь их гайхалтай байгаа.

-Энэ асуудлаар та Цогзолмаа сайдаас өөрөөс нь тодруулж асууж байв уу?

-Намайг төрийн нарийн бичгийн дарга болсноос хойш нэг сарын дараа Цогзолмаа сайд ирсэн. Энэ хугацаанд надтай нэг удаа ч уулзаж байгаагүй. Албан ёсоор ажил төрөл яриагүй.

-“Соёл”-гүй тамгыг хэдий хугацаанд ашигласан бэ?

-Ерөөсөө л маш олон байгууллага руу явуулсан албан бичгээ хоёр, гуравхан цагийн дотор татаж аваад, эргээд тамга нь зөв болоод ороод ирсэн. Тийм юм байдаг гэхэд би бүр гайхаад байгаа.

-Сонин юм. Ажлаа яаж явуулдаг байсан юм бэ?

-Голдуу утсаар, мессэжээр, мессенжерээр явуулдаг байсан. Би тэр бүхнийг баримтжуулж АТГ-т өгсөн байгаа.

-Гомдол гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Таны гомдлын дагуу АТГ-аас ямар хариу өгсөн бэ?

-Өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд би өөрөө АТГ дээр нэг удаа очиж уулзсан. Нэг мэдүүлэг өгсөн. Тэр нь УИХ-ын гишүүн Цогзолмаагийн хуулийн зөвлөх н.Мөнхөөлэй гэдэг хүнтэй холбоотой. Одоо Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдчихсон байгаа. Төрийн албаны зөвлөлийн хууль дүрэм зөрчсөн, тамганы асуудалтай холбоотой байж болзошгүй гэдэг асуудлаар Нэгдүгээр сарын 8-нд нэмэлт хүсэлт гаргаж өгсөн байгаа. Ер нь төрийн сайд хүн өөрийнхөө зөвлөхөөр ажлаа хийлгэж байсан талаар өргөдөлдөө дурдсан байгаа.

-АТГ-ын хэн гэж байцаагчид та хандсан бэ?

-Энхтүвшин гэж комиссарт өргөдлөө өгсөн. Энэ хүн өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.

-Хөдөө ажлаар явсан гэж АТГ-аас хэлж байсан?

-Ер нь хөдөө явсан гэж хэлээд байгаа. Гэхдээ тийм ч хуралтай байна, ийм ч хуралтай байгаа, таны асуудлыг тавьсан байгаа л гээд байгаа. Би бол их хүлээцтэй хандаж байгаа. Ер нь УИХ-ын гишүүн, сайд хүнд үйлчлээд байна уу, эсвэл үнэхээр ажлаа хийгээд завгүй яваад байна уу гэдгийг би сайн ойлгохгүй л байна.

-Үнэн, худлыг мэдэхгүй л дээ. Зарим хүн БСШУС-ын сайд Хятадад явж байгаад тамгаа алдсан гэж ярьж байсан. Тэр талаар танд мэдээлэл байна уу?

-Байхгүй. Арай ч тамга авч явахгүй байх л даа. Гэхдээ Цогзолмаа сайдыг хуулийн хүрээнд ажилладаг хүн биш гэж бодоод байгаа. Хятадад явж байгаад тамгаа алдсан гэдэг мэдээлэл гараад, сэтгүүлчид надаас асуугаад байгаа байхгүй юу. Би тэрийг нь ерөөсөө мэдэхгүй байгаа.

-Сайдын хувьд Төрийн нарийн бичигтэйгээ ойрхон байж яамны ажил урагшлах биш үү. Яагаад тантай уулзаагүй юм бол. Та юу гэж боддог вэ?  

-Уг нь хамтран ажиллаж байж яамны бүх ажлыг цааш нь явуулах ёстой. Төрийн нарийн гэдэг сайдыг бүх мэдээллээр хангаж, яамны бүх ажлыг л зангидаж өгөх гол хүн.

-Та тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар хэдэн сар ажилласан бэ?

-Би өмнө нь нэг сар, Цогзолмаа сайдтай нэг сар ажилласан.

-Яагаад албан тушаалаасаа буусан юм бэ?

-Ерөөсөө ямар ч үндэслэл байхгүй. Засгийн газрын тогтоол гаргачихсан. Засгийн газрын хэлэлцэх асуудалд ороогүй байтал л өөрөө нэмэлтээр оруулаад тогтоол гаргуулчихаж байгаа юм. Үндэслэл нь юу вэ гэхээр төрийн нарийн бичгийн даргын тогтоол гарахын өмнө Төрийн албаны зөвлөлөөс албан тоот авдаг. Тэр албан тоот нь сонгон шалгаруулалтад орсон нөөцөд байгаа, энэ хүнийг томилж болно оо гэсэн бичгийг аваагүй нь л миний буруу болчихоод байгаа юм. Би Засгийн газрын тогтоол гарч, Төрийн нарийн бичгийн дарга болж байна гэж ойлгож байгаа шүү дээ. Гэхдээ бид хоёрын хооронд үзэл бодлын, хувь хүний хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Өөрөө надтай хамтарч ажиллахгүй гэсэн бодлоор л энэ асуудлыг шийдсэн байх гэж боддог.

-ӨӨРӨӨ НИЙГЭМД ТААЛАГДАХ, МАССЫГ ТАТАХ ГЭЭД ХУУЧИН Л 
АРГА БАРИЛААР ЯВААД БАЙНА-

-Төрийн тамга хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин авахын тулд ямар дамжлага дамждаг юм бол?

-Эхлээд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүсэлтээ өгөөд, тэр хүсэлтийнх нь дагуу Төрийн нарийн бичгийн даргын тушаал гаргадаг. Жишээлэхэд, өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Баярсайхан тамганы хайрцаг солиход л тушаал гаргаж байсныг би олж авчихаад байгаа. Гэтэл бүхэл бүтэн үг, Соёл гэдэг агентлаг маань хаягдаад явчихаар юу ч гэж хэлэх вэ дээ. 

-Цогзолмаа сайд хэр сайн ажиллаж байна гэж дүгнэдэг вэ?

-Массыг хамарсан биш, үр бүтээлгүй, цаанаа тодорхой хэмжээний бодлогын түвшинд юм гаргаж хийхгүй, шоу маягийн л юм хийгээд байгаа. Сая 1000 хүний маш өндөр зардалтай сургуулийн өмнөх боловсролын байгууллагын уулзалт зохион байгууллаа. Яг үнэн чанартаа өнөөдөр ахлах ангийн маань сургалтын цөм хөтөлбөр, сурах бичиг байхгүй. Багш нар ямар арга зүй, төлөвлөгөөгөөр хичээлээ заах нь тодорхой бус Сүүлийн төлөвлөгөөнөөс харахад шаардлага хангахгүй олон хичээл байгаа. Тэдгээрийг цэгцлэх, шинээр шаардлагатай хөтөлбөр, төлөвлөгөө гаргах ийм нарийн бодлогын түвшний ажил ерөөсөө хийгдэхгүй байна.. Нэмээд хэлэхэд, салбарт тулгамдаж буй асуудлуудад анхаарч ажиллаасай. Улс төрийн буюу олон нийтийн ажилд анхаарлаа хандуулах биш, яг нэгж рүүгээ гүн орж ажиллаасай гэж бодож байна. 50, 60 хүүхэдтэй бага ангийн багшийн ажил, 3000 гаруй хүүхэдтэй сургуулийн ажлыг нэгж дээр нь очиж үзэж, сургууль багш нарын ажил байдалтай танилцах хэрэгтэй. 

-Та боловсролын салбарт хэр удаан ажилласан бэ?

-Би өмнө нь Нийслэлийн боловсролын газрын орлогч даргаар 14 жил ажиллаад, Боловсролын магадлан итгэмжлэлийн захирлаар ажиллаж байгаад энэ ажлыг авсан. Миний хувьд сумаас нь эхлээд аймгийн төвд ажиллаж байсан, физик математикийн багш мэргэжилтэй.

-Магадгүй хүмүүс таныг ажлаас халагдсандаа шаралхаад сайдаа АТГ-т өгч байна гэж хардах байх. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Үгүй үгүй, тийм юм ерөөсөө байхгүй. Их л харамсалтай байгаа юм. Бид хоёр уг нь хоёулаа нэг үзэл бодлын төлөө зорилготой явсан хүмүүс. Яагаад ийм байдалд хүрсэн талаар өөрөөс нь л асуугаасай гэж хүсдэг юм. Тэр тамганыхаа талаар ярилцлага өгөөсэй гэж би боддог, ерөөсөө өгөхгүй байгаа. Одоо АТГ-т гаргасан гомдлынхоо хариуг авмаар байна.

-Сайдын хувьд ямар нэгэн байдлаар АТГ-т нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Та АТГ-т хэр итгэл найдвар тавьж байна вэ?

-Ер нь хууль дүрмээрээ л явах байх гэж би бодож байна.

Эх сурвалж: MEDEE.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

21-р зууны хамгийн чухал сорилт бол ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГАХ
Хувьчлагдах төрийн өмчит 27 компани
"Мансууруулах бодис хэрэглэж, гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа"
Монгол улс "ӨРСӨЛДӨХ ЧАДВАР"-ын үзүүлэлтээр 63 улсаас 62 дугаарт бичигдэв
Korean Air компанийн өв залгамжлагч хууль зөрчин гэрийн үйлчлэгч ажиллуулж байсан хэргээр байцаагдана
Монголын Үндэсний бөхийн холбооныхон дахин хуралдах хүсэлт тавьжээ
Нийслэлийн ЕБС-ийн 8-р ангийн сурагчид хог хаягдлын менежментийн боловсрол олгох сургалтад хамрагдаж, “НОГООН ПАСПОРТ”-тай боллоо
Төрийн албан хаагчдын ажлын цаг бол нийтийн өмч юм
Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
Гүржийн Точиношин башёг тэргүүлж байна
Алба хаагчийн дүрэмт хувцасны стандартыг шинэчлэн батлууллаа
Эмч нарын суулт ОУВС-ийн гадаа үргэлжилж байна
Таж Махал нянд идүүлж байна
Макроны эсрэг жагсагчид Парист эмх замбараагүй байдал үүсгэжээ
Цэргийн сургалт бэлтгэл үргэлжилж байна
Токиогийн олимпийн медаль хийхэд эвдэрсэн гар утсаа хандивлахыг уриаллаа
БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн шилдэг сургуультай хамтран ажиллана
Хөгнө Тарны БЦГ-ын хамгаалалтын захиргаанд мотоцикл, судалгааны багаж хэрэгсэл гардууллаа
Төрийн банк, МИАТ-ийг хувьчилна
Хүчирхийллээс зугтаж эх орноосоо дүрвэсэн Төв Америкчуудын тоо дээд хэмжээндээ хүрчээ