Спорт ба дайсагнал, Спорт ба ЭВ НЭГДЭЛ

2018-01-11

Спорт ба дайсагнал, спорт ба эв нэгдэл

 

Солонгосын дайныг хэзээ ч дуусаагүй дайн гэж тодорхойлдог. Талууд зөвхөн гал зогсоох гэрээ байгуулснаас бус энхийн гэрээнд үзэглэсэн нь үгүй. Тиймдээ ч Солонгосын хойгийн байдал өнгөрсөн хагас зууны туршид нэгэн үе ширүүсч хурцдан, нэг хэсэг намжин зөөлөрсөөр ирсэн.

Дэлхий нийтийн “халуун цэг” болсон Солонгосын хойгийн хурцадмал байдал намжиж, Хойд ба Өмнөд Солонгос харилцаагаа эерүүлэх нь гэсэн нааштай дохио ажиглагдаж буйг шинжээчид тэмдэглэж байна. Ямартай ч хоёр Солонгосын төлөөлөгчид эртний түүхтэй Панмунжом сууринд хэлэлцээрийн ширээнд сууж, асуудлаа ярилцжээ. Пёнчаны наадамд баг, тамирчдаа илгээх БНСУ-ын урилгыг БНАСАУ-ын тал уриалгахан хүлээн авч, баг, тамирчдаас гадна хөгжөөн дэмжигчид болон үзүүлбэр, тоглолтын өргөн бүрэлдэхүүн илгээхээ хариу мэдэгдээд байна.

Хоёр жил гаруй хугацааны дараа болсон хоёр Солонгосын дээд түвшний яриа, хэлэлцээр амжилттай болсныг шинжээчид хүлээн зөвшөөрч буй ч эерүү зөөлөн энэ байдал удаан үргэлжлэхгүй гэж анхааруулах нь ч байна.

Эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэгддэг спорт, олимпизм энэ хоёр улсын хувьд үргэлж таатай үр дүн дагуулж байсангүй. “Хоёр Солонгос ба спорт” гэсэн үгтэй хамт бичигдсэн эмгэнэлтэй, харамсалтай явдал түүхийн хуудсанд нэг бус удаа бичигджээ.


“Сөүл-1988” зуны олимп: ОНГОЦ ДЭЛБЭРЭВ

 

БНАСАУ 1988 оны Сөүлийн олимпийг бойкотолсон юм.

БНАСАУ 1988 оны Сөүлийн олимпийг бойкотолсон юм.

 

1987 онд Иракийн Багдад хотоос Сөүлийг чиглэн ниссэн “Korean Airlines” компанийн 858 дугаар нислэг замдаа сүйдэв. Онгоц дэлбэрч, онгоцонд зорчиж явсан 115 зорчигч, хөлгийн багийнхан бүгд амь үрэгдсэн юм. Хойд Солонгосын хоёр тагнуул онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан бөгөөд онгоц Абу Дабид түр зогсолт хийх үеэр тэд онгоцноос бууж, зугтжээ. Онгоц Абу Дабигаас хөөрөөд удалгүй Андаманы тэнгисийн дээгүүр нисч явахдаа дэлбэрсэн юм.

Тухайн үед Сөүл 1988 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байв. Харин Пхеньян зориудаар үйл ажиллагааг бусниулах зорилготой байжээ.

Онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр тагнуулчийн нэг Ким Хюн-Хуи хожим ВВС телевизэд өгсөн илэн далангуй ярилцлагадаа “Сөүлийн олимпиос өмнө Өмнөд Солонгосын онгоцыг дэлбэлэх даалгаврыг дээд албан тушаалтнаас авсан. Ингэснээр Өмнөд Солонгост үймээн самуун, эмх замбараагүй байдал үүсгэх болно гэж хэлсэн. Энэ даалгавар хувьсгалд саад хийх зорилготой байсан” гэж ярьсан байдаг.


2002 оны хөлбөмбөгийн ДАШТ: ТЭНГИСИЙН ТУЛАЛДААН

Өмнөд Солонгос 2002 онд Япон улстай хамтран хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан нь тус улсын хөлбөмбөгийн спортын түүхэн дэх эргэлтийн цэг байсан юм.

Түүнээс өмнө БНСУ дэлхийн аваргын ногоон талбайд ганц ч хожил авч байсангүй. Харин нутагтаа зохион байгуулсан тэр тэмцээнд Польш, АНУ, Португаль, Итали, Испани гээд дэлхийд данстай хүчирхэг багуудыг хожиж, хагас шигшээд шалгарсан юм.

 

Тэдний амжилт, багаа дэмжин Сөүлийн гудамжаар баяр бахдал дүүрэн алхаж яваа улаан хувцсаар жигдэрсэн сая сая фенүүдийн тухай мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрт цацагдаж байсан цаг. Гэвч 2002 оны зургадугаар сарын 29-нд ДАШТ-ий хагас шигшээ шатанд Туркийн багтай хийсэн тоглолтын үеэр Хойд Солонгос цохилт өгөв.

БНАСАУ-ын эргүүлийн завинууд Ёнпён арлын ойролцоох Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хөлөг онгоц руу гал нээсэн юм. Шар тэнгис дэх маргаантай усан хилийн орчимд Умард хязгаарын шугамыг давсан гэх үндэслэлээр гал нээжээ. Цус урсгасан тэнгисийн тулалдаанаар Өмнөд Солонгосын зургаан цэрэг амь эрсдэж, есөн хүн гэмтжээ.

 

Тэнгисийн тулалдаанд амь үрэгдсэн цэрэг эрсийн дурсгалыг хүндэтгэв. 2017 он.

Тэнгисийн тулалдаанд амь үрэгдсэн цэрэг эрсийн дурсгалыг хүндэтгэв. 2017 он.

 

Солонгосын дайны дараа НҮБ-аас Умард хязгаарын шугамыг хоёр Солонгосын далайн хилийн зааг гэж тогтоосон юм. Гэхдээ Хойд Солонгос үүнийг хилийн зааг гэж хүлээн зөвшөөрдөггүй.

Тэнгисийн тэр тулалдаанаас хойш удаахь жил нь Өмнөд Солонгосын Бусан хотод болсон Азийн наадамд Хойд Солонгос тамирчдаа илгээсэн юм. 184 тамирчин, 288 хөгжөөн дэмжигч, 134 албаны хүн, нийт 606 гишүүнтэй том баг Азийн наадамд оролцож байв.


2014 оны Азийн наадам: САЛСАН ГЭР БҮЛИЙН УУЛЗАЛТ

Сөүл Инчёны Азийн наадамд бэлтгэж байх зуур Хойд Солонгос дайны дараа салж хагацсан гэр бүлийн гишүүдийг уулзуулахыг зөвшөөрөв. Дайны дараа маш олон гэр бүл Солонгосын хойгийн хоёр талд хуваагдсан юм. Хоёр орны эрх баригчдын зохион байгуулах уулзалт тэдний хувьд 60-аад жилийн тэртээ салж хагацсан гэр бүлийнхэнтэйгээ уулзах маш ховор боломж гэдэг нь гарцаагүй.

 

2000-2007 оны хооронд хоёр Солонгос жилд хоёр удаа уулзалт зохион байгуулж байв. Гэвч 2007-2013 оны хооронд ердөө хоёр л уулзалт болжээ. И Мён Бакийн тэргүүлсэн консерватив засгийн газар, Пхеньян дэглэмтэй таарамж муутай байсан учраас тэр.

Ингээд гурван жил гаруй хугацаанд завсарласан салсан гэр бүлүүдийн уулзалт 2014 оны хоёрдугаар сард, Инчёны наадмын өмнө товлогджээ. Гэхдээ хоёр орны харилцаа хүйтэн хөндий хэвээр үлдэв.

Азийн наадам хаяанд тулж ирсэн ч Хойд Солонгос наадамд оролцохгүй гэж сүрдүүлсэн юм. Гэхдээ эцэст нь умардын 273 хүний бүрэлдэхүүнтэй баг Инчёны Азийн наадамд оролцсон билээ. Тэдний багийг тухайн үеийн Хойд Солонгосын улс төр, цэргийн хамгийн хүчирхэг эрхмүүд болох Хван Пён-Со, Чо Рён-Хэ, Ким Ян-Гун нар ахалж иржээ.

 

Хойд Солонгосын улс төр, цэргийн хамгийн хүчирхэг эрхмүүд болох Хван Пён-Со, Чо Рён-Хэ, Ким Ян-Гун нар

Хойд Солонгосын улс төр, цэргийн хамгийн хүчирхэг эрхмүүд болох Хван Пён-Со, Чо Рён-Хэ, Ким Ян-Гун нар

 

Азийн наадмаас хойш хоёр улсын удирдагчид 2015 онд салсан гэр бүлийн уулзалтыг зохион байгуулсан нь хамгийн сүүлчийнх байв.


“Пёнчан-2018” өвлийн олимп

Өнөө жилийн өвлийн олимп Солонгосын хойгийн хямрал дээд цэгтээ тулж, хоёр Солонгосын хурцадсан мөчлөгт тохиож байна.

Өнгөрсөн 2017 онд Хойд Солонгосын дэглэм хэд хэдэн удаа пуужин харваж, ээлжит удаагаа цөмийн туршилт явуулж, Өмнөд Солонгосын засгийн газар, ард иргэд болзошгүй цөмийн дайны аюулаас гэтэлгэх арга замыг эрэлхийлсэн үе байв.

 

Хойд ба Өмнөд Солонгосын дээд түвшний хэлэлцээр. 2018.01.09

Хойд ба Өмнөд Солонгосын дээд түвшний хэлэлцээр. 2018.01.09

 

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ-Ин олимпод хамтарч оролцох тухай санал ээлж дараалан тавьж, эцэст нь, Ким Жон Ун шинэ жилийн илгээлтдээ Пёнчаны наадамд баг, тамирчдаа илгээх боломжтой тухай онцлон тэмдэглэсэн. Энэ асуудлаар дээд түвшний яриа, хэлцэл хийхийг умардын удирдагч санал болгосон юм.

Тэр даруйд нь Өмнөд Солонгосын засгийн газар боломжит хугацааг товлосныг нөгөө тал ч санал зөрөлгүй шууд хүлээн авсан нь урьд өмнө байгаагүй тохиол байв.

Нэгдүгээр сарын 9-нд нөхөрсөг уур амьсгал дунд өрнөсөн хоёр Солонгосын дээд түвшний хэлэлцээр зөвхөн спортоор хязгаарлагдахгүй том зүйлийн эхлэл байж болохыг үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй