Бид хаана хэрэгтэй байна тэнд хамтдаа очих болно

2018-01-04

Хүн төрөлхтөний хөгжил дэвшил улам бүр хурдтай явагдаж байгаа ч туслалцаа дэмжлэг хэрэгтэй хэн нэгэн байсаар л байна. Угаас дэм дэмэндээ дээс эрчиндээ оршдог хүний хорвоо юм даа. Ялангуяа сүүлийн жилүүдэд туслалцаа дэмжлэг хүссэн хүмүүс олширсоныг сошиалаас өдөр бүр харж байна. Чадалтайсан бол бүгдэд нь туслахсан гэж би боддог юм. Эрхэм уншигч танд ч ийм бодол хэзээ нэгэн цагт төрж байсан биз дээ. Гэхдээ боломж хэзээ гарч, хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслах цаг ирэхийг бид хүлээсээр л байдаг. Гэтэл энд боломжийг хүлээлгүй өөрсдөө бий болгодог хамт олон байна. Тэгэхдээ бүүр оюутнууд зургаахан сарын дотор 50 гаруй сайн дурын үйл ажиллагаа хийжээ. Богино хугацаанд энэ их ажлын ард гарч чадсан тэд бол Отгонтэнгэр Их сургуулийн “Сайн дурын үйл ажиллагааны төв”-ийнхөн. Өнгөрсөн тавдугаар сард энэхүү төвийн нээлт болсон бөгөөд тус сургуулийн харъяа Хүмүүнлэгийн сургуулийг түшиглэн байгуулагджээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар”, “Койка” олон улсын байгууллага, БНСУ-ын “Гөү энд Дү” төрийн бус байгууллага хамтран “Сайн дурын үйл ажиллагааны төв” байгуулах төслийг Монголд хэрэгжүүлж зургаан салбараа нээсний нэг нь ийнхүү Отгонтэнгэр Их сургуульд байгуулагдсан байна. Сургуулийн өмнөх боловсролын багш болохоор шамдан суралцаж буй  гуч гаруй оюутан энэ төвийн ажилтанууд. Тэд долоо хоног бүр нэг сайн дурын ажил хийдэг учраас бараг амрах ч завгүй ажиллана. Сурах их үйлийнхээ зэрэгцээ сайн дурын ажлаа амжуулдаг гэхээр ямар их хүч хөдөлмөр, сэтгэл гаргадаг нь илт. Чиглүүлэгч багш Т.Болор “Оюутнууд маань өдөр бүр л шинэ ажил сэдэцгээнэ. Тэгээд л түүнийгээ хэрхэн хийх, хэн хариуцах гээд л бужигнаж өгнө дөө” хэмээн хайр дүүрэн ярьж байлаа.  Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор, дэд профессор Б.Одгэрэл энэ төвийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. “Манай төвийн хүүхдүүд бүгдээрээ чин сэтгэлээсээ ажилладаг учраас ямар ч ажлын ард төвөггүй гардаг юм. Сайн дурын ажлыг сайн үйлсийн аянтай холбон тайлбарлах хүмүүс байдаг. Мэдээж туслалцаа хэрэгтэй үед нь хэн нэгний сайн сайхны төлөө хийдэг ажил гэдгээрээ ижил. Гэхдээ оюутнууд маань сайн дураараа хэн нэгнийг тусламж хүссэн үед биш, хэрэгтэй газар нь хэрэгцээтэй ажлыг өөрсдийн зүрх сэтгэлийн дуудлагаараа хийж байгаа юм.” хэмээн бахархан өгүүлж байна.

Сайн дурын үйл ажиллагааны төв Монголд тун цөөхөн. Тэр дундаа их сургуулийг түшиглэн оюутнуудын үйл ажиллагаатай төв зөвхөн Отгонтэнгэр Их сургуульд л байна. Тийм ч учраас бид Монголын ирээдүйг хөтлөн дагуулах залуусын сайн давалгааг түмэнд түгээхээр энэхүү Сайн Дурын үйл ажиллагааны төвийг сурвалжилсан юм.

Өнөө цагт хүн өөрийн сайн дураар бусдад туслах үйл ажиллагаа ховордож байгаа тул энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, оюутан залуусыг уриалан дуудаж нийгмийн идэвхтэй иргэн бэлдэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй энэ ажлыг үнэхээр дэмжүүштэй.

Тус сургууль ч оюутнуудынхаа энэхүү ажлыг дэмжиж тусгайлан анги танхим гарган өгчээ.  Сайн дурын төвийнхөн сар бүр хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулна. Нийт дөрвөн ажил төлөвлөх бөгөөд баг бүр сард нэг ажил хийхээр зохион байгуулалтанд оржээ. Сайн дурын ажил хийхэд их мөнгө хэрэггүй аж. Тэд дотоод болон гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цэцэг, мод тарих ажлыг үе шаттай зохион байгуулжээ. Эхлээд сургуулийнхаа орчинд таримал ургамал тарьсан бол дараагийн ээлжинд арван жилийн сургууль цэцэрлэгүүдийг хамруулж эхэлсэн байна. Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын номын сантай хамтран явуулын номын сан ажиллуулжээ. Зуныхаа амралтаар хөдөө мал дээр байгаа сурагчидтэй хамтран ном унших аян өрнүүлж, тэдэнтэй ярилцаж цагийг хөгжилтэй дурсамж дүүрэн өнгөрүүлсэндээ оюутнууд туйлын баяртай байгаа. Бас нэг онцлох ажил бол БЗД-ийн 14-р сургуулийн 1е ангийн багш н.Нэргүйн хүсэлтээр бүтэн сарын турш сурагчдын хичээл давтуулах, уншиж бичиж сурахад нь тусалжээ. Цэцэрлэгийн багш болохоор суралцаж байгаа тэдэнд туршлага хуримтлуулахаас гадна 40 хүүхэдтэй багшийн ажлыг хөнгөвчлөх, хүүхдийг сурч мэдэх идэвхийг өрнүүлэх гээд олон ач холбогдолтой энэхүү ажлыг бусад сургуулиудад ч хийхээр төлөвлөөд байна. Бид сайн дурын ажил хийх хүсэлтэй ч боломжоо хүлээн суусаар байдаг тухай дээр өгүүлсэн. Тэгвэл энд оюутнууд боломжийг өөрсдөө бий болгодог. Ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй хүмүүст ус түлээг нь дөхүүлэх, гэр орныг нь цэвэрлэх, олон хүүхэдтэй эхчүүдэд хүүхдээ асрахад нь туслах гээд сэтгэл л байвал болчихдог олон ажлыг энд хийж байна. Хэдийгээр байгуулагдаад зургаан сарын нүүр үзэж байгаа ч тэднээс тусламж хүссэн олон хүсэлтүүд ирдэг болж. Тэдний нэг нь дээр өгүүлсэн 14-р сургуулийн 1-р ангийн багшийн хүсэлт. Энэ мэт олон хүсэлт, саналуудыг хүлээн аваад байгаа аж. Сайн дурын төв анх 14 оюутантай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 150 гаруй оюутны хүсэлт ирсэнээс 30 нь ажиллаж байна. Ингэсээр ОТИС-ийн 1500 аад оюутан, цаашлаад бусад их дээд сургуулийн оюутнууд хамрагдаад ирвэл ямар их ажил амжуулах болоо гэж бодохоор  үнэхээр сайхан байгаа биз. Бидний туслалцаа дэмжлэг хэрэгтэй хүн, бид хийхээс өөр аргагүй ажил хаа сайгүй байгаа шүү дээ.

Өвөл болохоор халтиргаа гулгаанаас сэрэмжилж цас мөс арилгах, хавар зундаа голын хог цэвэрлэх, зам хөндлөн гарч буй бага насны хүүхдэд туслах, номын сангийн хуучирч элэгдсэн номыг шинэчлэн засварлах гээд жижиг гэлтгүй биднийг хүлээсээр байгаа ажил зөндөө бий. Бас оюутан байхаасаа бусдад чин сэтгэлээсээ туслах, сайн дурынхан болсон залуус цаашдаа ямар их зүйлийг эх орондоо бүтээх бол. Ийм л сайн үртэй, цаашид цэцэглэн дэлгэрэх нь тодорхой ажлыг оюутнууд хийж байна. Хамгийн гол нь энэ нэг өдөр, долоо хоног, сар хийгээд дуусчихдаг элдэв төрлийн аянаас тэс өөр. Тэд өдөр тутмынхаа ажлын салшгүй нэг хэсэг болгон хэвшүүлсэн нь сайшаалтай. Эхчүүд эмэгтэйчүүдэд зориулсан шүр сувд хэлхэх, юмханаар юм хийх, хүчирхийллийн эсрэг “Хүчирхэг охид, хүчирхэг улс” гэх мэт олон сургалтуудыг тэд зохион байгуулсан. Зургаан сарын хугацаанд тэдний хийж амжуулсан 50 гаруй ажлыг нэг бүрчлэн бичвэл хэдэн хуудас болохоор байна. Хамгийн гол нь жижиг гэлгүй сэтгэл гарган хийж чадвал залуусд маш их нөөц бий гэдгийг үе тэнгийнхэндээ үлгэрлэж байгаа сайн дурын төвийнхөнөөр бахархахаас өөр аргагүй. Тиймээс төвийн ахлагч БСӨБ-ийн 4-р ангийн оюутан Б.Шинэчимэг Отгонтэнгэр Их сургуулийн 2017 оны манлайлагч удирдагч оюутнаар шалгарчээ. Тэрээр “Сургууль маань биднийг тал бүрээр дэмждэг. Хичээлийнхээ нэг ангийг чөлөөлж үйл ажиллагаагаа явуулахад минь зориулан гаргаж өгсөн. Одоо бол биднийг сургууль даяараа мэддэг болсон. Ямар ч ажил зохион байгуулсан бүх багш нар, оюутнууд дэмжин оролцдогт туйлын их баяртай байна. Бид ч бас эндээс маш их зүйл сурч байгаа. Манай сайн дурынханы хийсэн бүх ажил дандаа баярласан сэтгэлээр, талархалын үгээр дүүрэн дуусдаг нь бидэнд маш их урам зориг өгдөг шүү. Бас төслийг дэмжигч байгууллагууддаа талархаснаа илэрхийлье. Шинэ ондоо бид илүү ихийг хийж бүтээх болно оо” гэсэн юм.

Оюутнууд төвийнхөө үйл ажиллагаа явуулдаг байраа өөрсдийн хийсэн гар урлалын зүйлээр чимэглэжээ. Хаа сайгүй мэдээллийн самбарууд, хурлын том ширээ, өөрсдийн ажлын зорилтууд, хэрэгтэй гэсэн ном материалууд, баримт бичиг гээд л бүхий л шаардлагатай зүйлс нь эмх цэгцтэй. Тэд шинэ оноос эхлэн хийх ажлаа одооноос төлөвлөөд туйлын завгүй бужигнаж байна.

 

 “Сайн дурын үйл ажиллагааны төв” байгуулагдсанаар сайн дурын ажилтнуудыг бэлтгэх,  олон нийтийн дундах сайн дурын үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлж ач холбогдлыг ойлгуулах, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж хэвшүүлэх, хувь хүн, гэр бүлийн эсвэл нийгэмд тулгамдсан аливаа төрлийн асуудлыг хамтдаа шийдвэрлэх, хүн хүндээ туслах хүсэл эрмэлзлэл бий болгож, төлөвшүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Отгонтэнгэр Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийг түшиглэн байгуулсан “Сайн дурын үйл ажиллагааны төв” гурван  чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

1.Орлого багатай өрхийн хүүхдүүдэд чиглэсэн сайн дурынхны баг

2.Амьдрах орчны асуудалд чиглэсэн сайн дурынхны баг

3.Бүс нутгийн асуудалд чиглэсэн сайн дурынхны баг

Эдгээр гурван баг өнгөрсөн 12 сарын 20-нд нэгдсэн тайлангаа хийсэн. Тэд нийгэмд хэн нэгний туслалцаа хэрэгтэй байгаа асуудлыг сайн дурынхны тусламжтайгаар шийдвэрлэх зорилго тавин ажилладаг. “Бид хаана хэрэгтэй байна тэнд хамтдаа очих болно” гэж оюутнууд нэгэн дуугаар хэлж байна. Магадгүй танд, эргэн тойрны чинь хэн нэгэнд сайн дурынхан хэрэгтэй байгаа юм биш биз. Тэгвэл энд шижигнэсэн олон залуус туслахад бэлэн байна. Тэдний байнгын хаяг Отгонтэнгэр Их сургууль, Сайн дурын төвийнхөн.

Сэтгэгдэл үлдээх

Аагий :2018-01-05 11:51:45
Амьдарч, ажиллах нийгмийнхээ төлөө оюутнуудын хийсэн ажилд амжилт хүсье. Сайн дурын ажил бол хуваалцах сэтгэлийн эхлэл шүү.
Чээгий:2018-01-04 15:25:59
Ямар мундаг хүүхдүүд вэ? Ийм ажлууд улам их болох хэрэгтэй дээ. Амжилт

ЦАГ АГААР

  • Баасан
    °C/°C
  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй