2017-12-19
Владимир Путины “хаанчлалын” өнөө үед ОХУ-ын өсөлт бууралттай эдийн засагт нүүрлэж буй том эрсдэл зогсонги байдал юм.
Дэлхийн эрчим хүчний томоохон экспортлогч ОХУ-ын газрын тос, хийн дотоодын зах зээлийн орлогод суурилсан эдийн засгийн хуучин загвар хангалттай хөрөнгө оруулалтгүйгээс болж зогсонги байдал руу орж эхэлжээ. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд хоёр удаа санхүүгийн хямралтай тулгарсан ч тогтвортой өсөлттэй байсан ОХУ-ын эдийн засаг ийн зогсонги байдалд орсныг сэргээхэд тун хэцүү гэж оросууд үзэж байна.
Владимир Путин 2018 оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн билээ. Ингэснээр Путин Зөвлөлтийн үед хамгийн олон жил төр барьсан удирдагч Иосиф Сталины дараа бичигдэх болж байгаа юм.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багагүй савалсаны эцэст ОХУ-ын эдийн засаг аравдугаар сард навс унахын өмнө бага зэрэг өссөн юм. Энэ оны гуравдугаар улиралд хөрөнгө оруулалтын өсөлт өмнөх улирлынхаас тал хувиар буурсан. Альфа банкны судалгаанаас харахад тус улсын энэ жилийн төсвийн нийт зарцуулалтын 90 хувийг төрийн өмчит гурван төсөл эзэлж байгаа ажээ. Үүний нэг нь 2018 оны эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Крымийг ОХУ-ын нутаг дэвсгэртэй холбох гүүрийн барилгын ажил юм.
Оросын банкир, Төв банкны нэгдүгээр орлогч захирал асан Олег Вюгин хэлэхдээ “Эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлэх хүчин зүйл алга байна. Хэрэв эдийн засгийн дорвитой арга хэмжээ авахгүй бол арван жилийн дараа ч энэ зогсонги байдал үргэлжлэх болно” гэжээ.
Эдийн засаг зогсонги байдалд ороход мөнгөний хатуу бодлого, шинэчлэлийн рекорд, газрын тосны үйлдвэрлэлийг хязгаарлах тухай ОПЕК-ийн хэлэлцээрийг сунгасан зэрэг нөлөөлсөн билээ. ОХУ-ын инфляцийн түвшин бага хэрнээ бодит хүүгийн хэмжээгээр Европт хамгийн өндөр орон болсноос Төв банк арга хэмжээ авч эхэлсэн байна.
Путин ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийг хэрэгжүүлсэн 2000-2008 оны хооронд газрын тосны үнийн өсөлт ОХУ-ын эдийн засаг жилд долоон хувиар өсөхөд нөлөөлсөн. Эдийн засгийн шинэчлэл хийхгүй бол газрын тос нэг баррель нь 100 ам.долларт хүрлээ ч ДНБ-ий хэмжээ нэмэгдэхгүй.
ОУВС-ийн үзэж буйгаар, газрын тосны төслүүдээ тавин хувиар нэмэгдүүлвэл ОХУ-ын ДНБ энэ онд 1.8 хувиар, ирэх онд 1.6 хувиар өсөх таамаглал гарчээ. Путин өнгөрсөн жил улсынхаа ДНБ-ий хэмжээг 2019-2020 он гэхэд өсгөх арга хэмжээ авч эхэлсэн.
ОХУ-ын эдийн засгийн жилийн өсөлт энэ оны гуравдугаар улирлын байдлаар 1.8 хувь болж буурсан нь өмнөх гурван сарынхаас 2.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Аравдугаар сард энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс нэг хувиар буурсан тухай тус улсын эдийн засгийн сайд мэдээлсэн.
Гуравдугаар улирлаас савалж эхэлсэн ОХУ-ын эдийн засаг оны эцэс болоход улам суларч байгаа билээ. Эдийн засагчид Оросын аж үйлдвэрлэлийн зогсонги байдал дахин хоёр гурван сар энэ хэвээр үргэлжилнэ гэж таамаглаж байгаа юм. ДНБ-ий өсөлт 2016 оныхтой харьцуулахад сүүлийн найман сарын хугацаанд анх удаа аравдугаар сард буурсан.
2017 онд 1.6 хувиас дээш гараагүй ОХУ-ын ДНБ-ий хэмжээ ирэх онд нэг хувиар өсөх эсвэл буурч магадгүй талаар тус улсын эдийн засгийн дэд сайд асан Алексей Ведев хэлж байна. Харин дээрх хүчин зүйлс хөрөнгө оруулагчдын итгэлийг үгүй хийх эрсдэлтэй. 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд Путин дөрөв дэх удаагаа сонгогдох магадлал бий. Хэрэв Путин бүрэн эрхийн хугацаагаа дахин сунгаж чадвал эдийн засгаа зогсонги байдлаас гаргах том сорилттой тулгарах болж байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд