П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа л хайрлаж бай гэсэн сургаалиар биднийг хүмүүжүүлсэн

2017-12-11

 

Ахмад байгаль хамгаалагч П.Рэнцэндорж Завхан аймгийн Их-Уул сумын уугуул.  Орон нутагтаа  малчнаас авахуулаад нэгдлийнхээ бүх ажлыг хийж явсан тэрээр байгаль орчны салбарт Ой хамгаалагч гэж байхаас л ажиллаж эхэлсэн.  Нэгэн үе орхигдож, мартагдаад байсан байгаль хамгааллын асуудал дөнгөж сэргэж эхлэх үеэс буюу 2000 онд Тарвагатайн  нурууны байгалийн цогцолбор газар гэж  УИХ-ын тогтоолоор байгууллагдахад анхны байгаль хамгаалагчаар ажиллах болсны хувьд түүнтэй онцлон ярилцлаа. Одоо ч гэсэн хурц, хөндүүр хэвээр байгаа байгаль хамгааллын талаар ярья гэвэл байгаль хамгаалагчдын асуудал заавал хөндөгдөх ёстой. Хэдийгээр эрт социализмын үеэс байгаль хамгаалагч гэсэн нэр томьёо тодорхой байсан ч шилжилтийн үеийн дараах үеэс Байгаль орчны хэмээх тодотголтой яам байгуулагдаж, байгаль орчны асуудлаар цогц бодлого хэрэгжиж эхэлсэн нь ердөө л 35 жилийн түүхтэй. Эрт үеэс улбаатай боловч орчин цагт шинэчлэгдэж буй, гэхдээ шийдэх асуудал олонтой салбар. Байгаль орчны асуудал хурцаар тавигдах болсон энэ үед зүрх сэтгэлээрээ эх орон, унаган нутгийнхаа байгаль, орчныг хамгаалан, нэг ёсондоо чимээгүй фронтод дайтаж яваа байгаль хамгаалагчдын төлөөллийн үгийг хамтдаа сонсоцгооё.

-Та Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газар хэмээн шинээр байгуулагдахаас нь энд ажилласан юм байна. Ер нь яагаад энд ажиллая гэж шийдэв? Анх ажиллаж эхлэхэд хүндрэл бэрхшээлтэй зүйл их байв уу?

-Ах нь ер нь л байгальд хайртай, байгальдаа тааваар явж байж гэмээнэ жаргалтай байдаг. Миний эцэг эх, өвөг дээдэс ч байгалиа л хайрлаж бай гэсэн сургаалиар биднийг хүмүүжүүлсэн. Би ч хүүхдүүддээ тэгж захиж, хэлж сургадаг. Тийм ч болохоор анх Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газар байгуулагдангуут нь байгаль хамгаалагчаар ажиллах болсон. Тухайн үед шинээр байгуулагдаж байгаа энэ байгууллагынхаа ажлыг олон түмэнд зөв ойлгуулж, орон нутгийнхаа иргэдтэй эе эвээ ололцож  ажиллахыг л зорьсон. Тийм ч учраас ард иргэд маань ч бидний ажлыг дэмжиж урамтай сайхан ажилласан.

-Хүндрэл, бэрхшээл гэвэл?

-Зах зээл шилжээд төдийлөн удаагүй байсан, байгаль хамгаалал гэдэг бүр орхигдож мартагдах шахаж байсан үе болохоор хууль бус янз бүрийн асуудал  их гардаг байлаа. Тухайн үед байгалийн баялгийг ашиглах ялангуяа ан амьтныг  агнаж эд эрхтнийг зарж борлуулах гэсэн бүхэл бүтэн сүлжээ ажилладаг байсан гэхэд болно. Ийм нөхцөл байдалд нутаг орныхоо дархан цаазат газрын ашиг шим, иргэддээ үлдэх үр өгөөжийн талаар  орон нутгийнхаа ард түмэнд зөв  ойлгуулж  ажиллах нь чухал  байлаа. Жишээ нь бугын чив засаа, Согооны сүүл гэх мэтчлэнгийн зүйлийг нутгийн анчдад захиалдаг, анчид ямар ч зөвшөөрөлгүй агнаж худалдан борлуулдаг байлаа. Энэ хууль бус ажиллагаатай нэлээд тууштай тэмцэж нутгийнхаа малчид болоод ан хийдэг буутай хүн бүртэй уулзаж ярилцаж тэдэнд орон нутгаа хамтдаа  хайрлаж хамгаалья, орон нутаг маань дархан цаазтай тусгай хамгаалалттай нутаг боллоо. Хаа хаанаасаа дэмжиж ажиллахгүй бол болохгүй нь гэдгийг ойлгуулж ажилласны үр дүнд нутгийн анчид хууль бус зүйлтэй орооцолдохоо больж, иргэд ч хяналтаа сайжруулж болохгүй бүтэхгүй зүйлтэй тааралдвал мэдээлэл ирүүлдэг болсон.

Орон нутгийн иргэд болоод анчидтай хамтарч ажиллая гэдэг санааг та гаргав уу. Эсвэл байгаль орчны бодлого шийдвэр байв уу?

-Ер нь байгаль орчны хуулийн дагуу л бид  байгаль орчинд учруулж буй сөрөг үзэгдэлтэй тэмцэж ажилласан. Миний ажиллаж байсан Тарвагатайн нурууны дархан цаазат газар ан амьтан элбэг. Тарваганы  арьс ч  үнэтэй байлаа. Тиймээс хууль бус ангийн асуудал их гардаг байсан.  Одоо тэр үе өөр болсон.

Байгаль орчны асуудал хариуцсан яам байгуулагдаад 35 жил болжээ. Та энэ салбарт анхнаас нь ажилласан хүний хувьд байгаль хамгааллын нөхцөл хэр сайжирсан гэж үздэг вэ?

-35 жилийн хугацаанд байгаль хамгааллын нөхцөл мэдээж сайжралгүй яахав. Анх л байгаль хамгааллын асуудлыг хөндөж тавихад тухайн үеийн ард иргэдийн идэвхитэй үйл ажиллагаа байгаль хамгаалагчдад их дэмжлэг болсон. Байгаль орчны хуулийн гол зорилт бол ард иргэдийн амьдралыг  сайжруулах тэдэнд байгаль орчны хуулийг сайн  ойлгуулснаар хамтарч байгаль орчноо хамгаалахад оршиж байгаа юм. Орон нутгийн ард иргэдийн  амьдрал ахуй сайжирч эхэлснээр хувь хүний  илүү дутуу шунал  сонирхол багасах юм. Ийм байдлаар бидний ажил голлон явагдаж ирсэн.

Байгаль  хамгааллын тулгамдсан  асуудлыг шийдсэн хамгийн сайн  ямар хууль байна?

-2000  оноос хойш байгаль орчны бүх хууль үе шаттай шинэчлэгдэж улам л  боловсронгуй болж байгаа. Байгаль хамгаалагчдыг  унаажуулж ажиллах бололцоогоор хангаж өгөхөд үнэхээр баяртай байлаа.  Энэ бол бидэнд маш их урам өгсөн ажил болсон. Нөгөө талаасаа ард иргэд малчид байдлыг сайн ойлгож огцом хугацаанд зүй бусаар ан агнахаа больсон нь зөв хуулийн бодлого нөлөөлсөн. Ан агнуур, ой хамгаалах, нөхөн  сэргээх талаар олон ажил хийгдэж байна.  Манай тэнд модны үйлдвэртэй байсан болохоор олон жил мод огтлогдсон. Хуучин нийгмийн үед норм дүрмээрээ явдаг байсан байх. Хоёр нийгэм солигдох завсрын үед хувийн жижиг үйлдвэрүүд ойн модыг дур зоргоороо ашиглах болсон ч үе шаттай хуулийн шинэчлэлийн үр дүнд гайгүй болсон.  Гэсэн хэдий ч нийгэм хөгжихийн хэрээр машин техник  олширч, дулааны улиралд хөдөө орон нутаг зорих иргэдийн тоо олширсон нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.  Ялангуяа жимс ногоо түүгчид их болсон нь уул ус,  байгалийн онгон зэрлэг байдлаас эвдэхэд гол нөлөөлж байна. Тиймээс ард иргэдтэйгээ  л сайн ажиллах бодлогоо сайжруулах хэрэгтэй.

Ард иргэдтэйгээ яаж ажиллавал үр дүнд хүрэх вэ. Ямар арга зам  байна?

-Байгаль орчны шинэ хуулиар ард түмэнтэйгээ гэрээ байгуулж, газар нутгийг хамгаалуулах ажил хийж байгаа. Энэ нь үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ төв орон нутаг тэлэхийн хэрээр хөдөө орон нутаг эзгүйрэх хандлагатай байна. Орон нутгийг эзэнтэй байлгахын тулд орон нутагт ард иргэдтэйгээ  гэрээ хийж эзэнжүүлэх хамгаалах нь үр дүнтэй. Одоо гэрээ байгуулж ажиллаж байгаа ч нийтээрээ жигдэрч чадаагүй. Тэрийг жигдрүүлэх хэрэгтэй.

Яагаад жигдэрч чадахгүй байгаа юм бол. Хүндрэл нь юу байна?

-Нэгдүгээрт,  малчдын амьдралын хэв шинж юм даа, отор  нүүдэл хийгээд нутгаасаа алслагдаад явчихдаг. Хоёрдугаарт, цаг үеийн байдлаас болоод тухайн газартаа байнгын суурьшиж чаддаггүйгээс  тэр газраасаа хөндийрчихдөг. Тэгэхээр гэрээ байгуулаад ажиллах ч хүнгүй болчихож байгаа юм л даа. Тэгэхээр байгаль хамгаалагч нар л хариуцаад үлдэхээс аргагүй. Ингээд хамтын ажиллагаа сулраад ирдэг. Орон нутгаар яваад  үзэхээр бүгд эзэнтэй юм шиг  харагддаг ч үнэндээ эзгүйрч байна.

Байгаль хамгаалагчдад  ажлын ямар ямар багаж хэрэгсэл байдаг вэ?

-Мотоцикль, албан захиргаа дуудвал машин  байна. Биеэ хамгаалах буу байна.

Энэ бүх хэрэгсэл байхад та бүхэнд ажлаа хийх бүрэн боломжтой гэсэн үг үү?          

-Боломжийн. Гэхдээ харуулын байр, хангайн бүсэд бол морь чухал хэрэгтэй байдаг.

Байгаль хамгаалагчдад тохиолддог хамгийн том бэрхшээл юу вэ. Бас сайхан зүйл юу байна?

-Байгальтай ойр, эрүүл орчинд амьдрах л хамгийн сайхан нь. Хамгийн гол нь зүй бус үзэгдэл гаргахгүй, хаана юу болж болох уу гэдгийг урьдчилан хардаг, мэддэг байх хэрэгтэй.

Та ямар нэгэн эрсдэлтэй  учирч байв уу. Таны хамгаалж байгаа газарт ан ав хийе. Мод огтлоё ярьж тохирьё гэсэн хүмүүс ирдэг үү?

-Тийм хүн ирж байгаагүй ээ. Гэхдээ урьдчилан сэргийлж байхгүй бол эрсдэлтэй зүйлд орж болно. Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газар ажиллаж байхад  нэг зун тус бүсийн зүүн хар, баруун хар гэдэг ойн модонд  буун дуу ойр, ойрхон гараад байсан. Хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй. Өглөө оройн буун дуу гараад байдаг. Тэгээд нутгийн иргэдтэй нийлж мэдээллийн мөрөөр Солонготын давааны тийшээ явж зам тоссон. Тэгсэн Хөвсгөл далайгаар аялахаар ирсэн гадна дотны хүмүүсийг Солонготын даваан дээр авчраад ан хийлгэдэг  байсан байгаа юм. Баахан хүн авчраад орхичихдог, нөгөөдүүл нь 2-3 хоногт тааваараа ан хийдэг байсан байгаа юм. Тэрийг нутгийнхаа иргэдтэй нийлж  илрүүлсэн. Тэрнээс хойш дахиж тийм хэрэг гараагүй.

-Ирвэс хамгаалагч Дагвасүмбэрэл хэмээх залуу амь насаа алдсан. Магадгүй байгаль орчноо хамгаалах тэмцлээс болж амиа алдав уу ч гэсэн хардлага байдаг. Ер нь байгаль хамгаалагчдад энэ мэт эрсдэл тохиолдох уу. Жишээлбэл, хулгайн анчидтай хөөцөлдөж яваад суманд өртөх ч юм уу?

-Мэдээж эрсдэл байлгүй яах вэ. Тэр бүрийд байгаль хамгаалагч хүн өөрөө л эрсдлээ сайн тооцолох ёстой. Нутгийн иргэдээсээ дэмжлэг авах хэрэгтэй. Хулгайн анчид байх шинж тэмдэг гарвал аль зүгээс нь яаж харагдах байдалтайгаар, аюулгүй ойртох вэ гэх мэтчилэн газар нутгаа сайн мэддэг, тохирсон нөхцөл байдлыг сонголж үнэлж цэгнэж чаддаг байх хэрэгтэй л дээ.

Ахмад байгаль хамгаалагч ийн яриад бүр цаашилбал, өвсний ширхэг ,уул хадны байц андашгүй шүү дээ хэмээн нэлээд яриа өрнүүлэх шинжтэй. Аль социализмын үеэс улбаатай нямбай, үнэнч зантай нь илт. Байгаль хамгаалагчийн хувьд ямар нэгэн шагнал, урамшуулал авч байв уу гэтэл “Үгүй ээ, социализмын үед бол ажлаа сайн хийсэн гэж шагнуулсан баярын бичиг урамшуулал зөндөө байгаа” гэх. Тэрээр нэгдлийн малчнаас эхлээд Ардын их хурлын депутатуудын ажлын хэсгийн ахлагч гээд янз бүрийн алба хашиж явж. Гэхдээ гавьяаныхаа амралтад гартлаа ажилласан байгаль хамгаалагчийнхаа ажилд чин сэтгэлээсээ дуртай нь илт. Байгальдаа ойр, алхаж гишгиж явсных өдий хэмжээний эрүүл явж байна шүү дээ гэх нь үнэхээр үнэн үг аж. Ингээд ахмад байгаль хамгаалагчдаа урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: MNE.MN

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ
Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
“Зайсан хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн "НВЦ" компанийн 100 гаруй ажилчин хорджээ
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанд нь барихаар УБТЗ шамдаж байна
Францын Страсбург хотод зэвсэгт халдлага гарч дөрвөн хүн амиа алдлаа
Энэ долоо хоногт гурван хүнд элэг шилжүүлэн суулгана
Г.Ууганбаатар: Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан “алгын чинээхэн” охиноороо бахархаж байна
Эмчээс ёс суртахуун нэхдэг мөртлөө үнэндээ таны ёс зүй, хүн чанар, хүнлэг байдал хаана байна?
ОПЕК: Газрын тосны гарцыг өдрийн 1.2 сая баррелиар танана
Отгонтэнгэр их сургууль Үндэсний хэмжээний илтгэлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа
Өмнөд Солонгост таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн жолооч өөрийгөө шатаажээ
Талууд хамтран ажиллах санал солилцов
“Huawei”-ийн захирал 30 жилийн ял авч магадгүй
Хаалгаа цоожилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ
УБЦТС-ын захирал Д.Баярсайхантай хэзээ хариуцлага тооцох вэ?
Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ
“Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрсан этгээдийг шалгаж байна
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хамгийн өндөр шагналтай үндэсний илтгэлийн тэмцээн эхэллээ