2017-11-08
Улсын хэмжээнд ЕБС-иуд амраад, хотын хөдөлгөөн нам гүм. Харин өнөөх амарсан хүүхдүүдийн зарим нь, сурагчид нэг газар инээж, хөхөрч, баярлаж, суудлаасаа өндөлзөнө. Энэ бол "Хүүхэлдэйн театр". Манай улсдаа ганцхан энэ театрт сурагчдын амралт болоод ч тэр үү хөл хөдөлгөөн ихтэй, хүүхэд шуугиж байна. Өчигдөр /11.07/ гэхэд энд В.Хауфын "Том хамарт одой" жүжиг тавигдаж, олны хүртээл боллоо. Өнөөдөр ч энэ жүжиг тоглогдоно.
Аав, ээжтэйгээ аз жаргалтай амьдарч буй хөвгүүн, ааш муутай одой эмгэнтэй учирч, шидтэнд хорлогдон, унжуу хамартай, бөгтөр нуруутай болсон хүү хааны охинтой танилцаж, итгэлцэл, хүндлэл, аз жаргалыг мэдэрдэг тухай өгүүлэх энэ жүжиг бяцхан үзэгчдээр дүүрэн байна. Тэдний нэг 1-р сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид ангиараа, найзуудаараа уг жүжгийг үзэж байлаа. Тэдний хувьд суудлаасаа өндөлзөж, хорон санаат шидтэнийг тайзан дээр гарч ирэхээр хөөж, Том хамартай одой Якоб болон Мими гүнжийг тайзнаа гарч ирэхэд баярлаж, тэдэнд туслах гэж "шидтэн цаана чинь" гэх зэргээр хэлнэ. Хүүхдүүд үнэхээр сэтгэл нь хөдөлж, өөрсдөө энэ жүжгийн нэгээхэн дүр нь болж байлаа.
Ингээд бид жүжгийн хорон санаат, шидтэнгийн дүрд тоглосон МУСТА Я.Өнөртуултай хэдэн хором ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Жүжиг их сайхан боллоо. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу.
-Өдрийн мэнд, баярлалаа. Намайг Я.Өнөртуул гэдэг. 1998 онд СУИС-ийг төгсөөд, 2006 онд Хүүхэлдэйн театрт ажиллаж эхэлсэн. Би энэ театртаа 12 дахь жилдээ ажиллаж байна.
-Хэдхэн хормын өмнө "Том хамарт одой" жүжиг тавигдлаа. Хүүхдүүд, үзэгчид сэтгэгдэл их өндөр байна. Танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Сүүлийн жилүүдэд үзэгчдийн тоо нэмэгдсэн үү?
-Нэмэгдсээн. Бүр захиалгаар, нэмэлтээр жүжгээ тавих шаардлага их гардаг болсон.
-Хүүхэлдэйн театрт зөвхөн хүүхэлдэйн жүжиг тавидаг юм байх гэж ойлгож байлаа. Гэтэл жүжигчилснээр бас үзэгчдэд хүргэдэг юм байна. Энэ талаар?
-Хүүхэд бүрийн насны онцлогт тохируулж найруулагчид маань жүжгээ хүргэдэг. 2-5 насныханд бол 20-30 минутын "хүүхэлдэйн" жүжгийг мини театртаа үзүүлдэг. 5-10, 10-15 насныханд биеэр болон багтайгаар жүжиглэн хүргэдэг юм.
-Хүүхэд гэртээ суугаад кино үзэх, утсаар хүүхэлдэй үзэхээс театрт ирээд жүжиг үзэх нь юугаараа давуу талтай вэ?
-Аль ч жүжгийг үзэхээр ирсэн хүүхдүүд, үзэгчид маань нэг жүжигчин болж хувирдаг. Тэгэхээр өөрөө яг бодитоор хараад, мэдрэгдэхээр хүүхдүүд сайн баатруудад тусалж, ярих, заах зүйл их гарна. Эндээс юу харагдаж байна гэхээр илүү ихийг ойлгох, оролцох чадвар нь нэмэгдэж байдаг гэж ойлгодог. Тэрнээс гэртээ бол инээгээд, яриад л өнгөрнө. Энд бол хүүхдүүд муу баатард худлаа хэлнэ, сайн баатард тусална гээд олон үйлдэл гаргаж, жүжгийн гол утга санааг сайн ойлгож авдаг.
-“Том хамарт одой” хэднийг хүртэл тоглогдох вэ? Дараа нь ямар, ямар жүжиг тоглохоор бэлтгэж байна.
-“Том хамарт одой” энэ сарын 8-ны өдөр тоглоод өндөрлөнө. Харин Баасан гарагт “Алтан залаат азарган тахиа” жүжиг маань захиалгаар тоглогдоно. Мөн цаашид энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд “Жигүүрхэндээ хүчтэй” гээд жүжгээ хүргэнэ. Энэ жүжиг нь манай улсын олон ястан үндэстний дуу, бүжиг, хувцаслалт, соёлыг хүүхдүүд ойлгоход их чухал байх болов уу гэж бодож байна.
-Таны хувьд өнөөдрийн жүжигт эсрэг дүрд, хорон санаат шидтэнд тоглолоо. Эсрэг дүрд тоглохоор хүүхдүүд хэр хүлээж авч байна?
-Ер нь тэгээл намайг сайн санаат дүрд заалнаас хэлж өгнө, битгий ингээд бай гээд загнана. Хүүхдүүд яг л эсрэгээр нь хүлээж авч, тайзан дээр байгаа үед надад их дургүй байдаг. Би ч ихэвчлэн эсрэг дүрд тоглодогдоо. Гэхдээ хүүхдүүдэд уран бүтээлээ хүргэж, тэднийг инээлгэж, баярлуулна гэдэг тэр чигээрээ сайхан шүү дээ. Гэгээлэг, цагаахан ертөнцийг сайхан бүхнээр дүүрэн байлгах, зарим зүйлсийг жүжгээр дамжуулан ойлгуулахын тулд Хүүхэлдэйн театрын бүх ажилчид хичээж байна даа.
-Танд баярлалаа. Улам илүү амжилтыг хүсэе. Олон олон багачуудыг баярлуулаарай.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд