Хоолоо сойхгүйгээр 22 кг хассан Монгол бүсгүйн итгэмээргүй зөвлөгөө

2017-11-03


2010 онд би 76.7 кг хүрэв. Энэ нь 154 см өндөртэй миний хувьд хэт таргалалт хэмээх шатанд шилжсэн үе байсан юм. Харин одоо би 54.6 кг болж чадсан ба энэ бүх хугацаанд нийт 22 кг турсан. 4 жилийн турш тэмцсэн 22кгынхаа 16 кгыг эхний нэг жил хагасын дотор хассан ба үлдсэн 6кгыг 3 жилийн турш бага багаар хассан. Одоо харин жин хасахыг чухалчлах биш булчинлаг, зөв бие галбиртай болох дээр анхааран энэхүү гайхамшигт аялалаа үргэлжлүүлсээр байна.
Иргэний зориг гарган өөрийнхөө турсан түүхээ, өөрчлөлтөө залуустайгаа хуваалцан, таргалалтаас сэргийлэх, таргалалттай тэмцэхэд нь туслах нийтлэл бичихээр шийдсэн юм. Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн олон олон залуусынхаа урмын үг, дэмжлэгэнд маш их баярлалаа. Тарган байсан үеээ эргэн харах, маш олон зүйлийг буруу хийж байснаа хүлээн зөвшөөрөх гэдэг хэцүү байдаг ч гэсэн сурсан мэдсэн зүйлсээ залуустаа хуваалцан, миний гаргасан өөрчлөлт, зургууд нэг ч гэсэн хүнд турах хүсэл эрмэлзэл, би ч гэсэн турж чадна гэсэн эрч хүчийг өгч чадна гэж найдаж байна.
22 кг турсан гэхээр эсвэл удаан уулзаагүй хүнтэйгээ таарахаар хамгийн түрүүнд турсан нууц чинь юу вэ? гэж асуудаг. Энэ үед ихэнхидээ хариулах хариулт байдаггүй. Үнэндээ бүх турж буй хүмүүс яг нэг л замаар турдаг, 70% хоол 30% хөдөлгөөн байдаг. Хоолоо огт хасахгүй, зохицуулахгүйгээр турна гэдэг боломжгүй юм. Үүнийг хүн болгон мэддэг хирнээ яагаад хүн бүр турж чаддаггүй юм бэ? Ингээд маш сайн бодсоны эцэст хэд хэдэн шалтгаан байдаг юм байна гэдгийг олж анзаарсан юм. Би өөрийнхөө турсан тухайгаа ном болгон бичиж байгаа тул бүгдийг дэлгэрэнгүй бичиж чадсангүй. Гэхдээ огт нууцлах зүйл байхгүй ба хүн бүр хэрэгжүүлэх боломжтой 5 турах гол аргыг өнөөдөр бичье. 

1. Inspire
буюу чамайг турах хүслийг төрүүлж урам зориг хайрлах зүйлийг зайлшгүй олох хэрэгтэй. Зүгээр нэг турчих юмсан гэсэн хүслээс илүү чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдүүлэх , чи ч гэсэн чадна гэсэн итгэлийг төрүүлэх зүйл байх нь чухал. Ихэнхи хүмүүс 1 сарын дотор 10 кг хасах ч юмуу, 3,4 сарын дотор маш хурдтайгаар 20 кг турна гэж хүсдэг. Гэтэл турах үйл явц гэдэг өөрөө илүү удаан цаг хугацаа тэвчээрийг шаарддаг, тиймээс энэ бүх хугацаанд чамайг дэмжих тэтгэх хүсэл мөрөөдөл байх хэрэгтэй. Зүгээр нэг дуртай плажиндаа багтчих юмсан, гоё харагдаж хүмүүсийг дуу алдуулах юмсан гэх биш өөрийнхөө төлөө, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө гэдгийг ойлгох хэрэгтэй.

Миний хувьд намайг урам зоригт хөтлөн,турж чадна гэх бодлыг төрүүлсэн хүн бол миний хайртай аав маань юм. Миний аав 116 кгаас 85 кг хүртэл турж чадсан ба аавын маань насан дээр 31 кг хасаж, өөх тостой хоолноос бүрэн татгалзан эрүүл зөв хооллолтонд шилжин, өөрийн биеээр, бодит турсан амжилтын үлгэр жишээг үзүүлсэн нь надад маш их эрч хүчийг өгч турахад минь тусалсан. Одоо ч гэсэн аав маань хамгийн үнэнч, номер нэг эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маягыг дэмжигч байж чаддаг.

2. Support group
буюу чамайг турахыг дэмждэг эргэн тойрны хүмүүс хоолоо хасах, дасгал хийхээс илүү турахад нөлөөлдөг гэвэл итгэх үү? Нээрээ шүү турж чадсан амжилтын минь 50иас ч илүү хувь гэр бүл, найз нараас минь ирсэн дэмжлэг гэж би боддог. Ихэнхи цагаа гав ганцаараа өнгөрүүлдэггүй л бол хамт байгаа хүмүүстээ өөрийнхөө турах гэж байгааг ойлгуулж дэмжүүлэх хэрэгтэй. Жишээ нь л гэхэд 6 цагаас хойш юм идэхгүй дэглэм бариж байхад хэн нэгэн хамт юм идье, эсвэл идэх юм үнэртүүлж тэсвэрийг чинь шалгахгүй байна гэдэг өөрөө маш их дэмжлэг шүү. Миний хувьд гэрийнхэн маань турахыг маань маш их дэмждэг, ээж маань хэрвээ өлсөөд байвал идээрэй гээд байцааны салад хийгээд эсвэл өндөг чанаад тавьчихдаг байсан.

Мөн гэр бүлийн маань оронд гэр бүл болсон хайртай дотны найз, www.mzfboutique.com-ыг хамтран үүсгэгч Мани маань намайг маш сайн ойлгож дэмждэг байсанд үнэхээр их баярладаг. Support group заавал чамтай хамт хоол сойж, чамтай хамт дасгал хийх албагүй. Ийм байх ёстой гэж ойлгон, бусдаас шаардах нь өөрөө чиний турахгүй байх шалтгаан болдог. Дэмжиж буй хүмүүс дэргэд чинь бүхнийг хамт хийхгүй ч гэсэн дасгал хийх цаг гаргахад тусалж, хооллоход чинь хоолоо зөв сонгоход чинь тусалдаг, хийж буй бүхнийг чинь ойлгож дэмждэг байх л чухал юм. Дэмжих бүх хүний дундаас чи өөрөө өөрийнхөө хамгийн гол дэмжигч болдог юм шүү.

3. Хооллолт.
Энэ мэдээж турах үйл явцын хамгийн чухал хэсэг. Хүн тарган байхдаа өөрийгөө их идэж байна гэдгээ мэддэггүй, гэхдээ өвчнөөс үүссэн тарга биш л бол бүх таргалалт хэтрүүлэн идсэнээс болдог. Идэж байгаа юмныхаа калорыг өдөртөө шатааж чадахгүй бол илүүдэл калори биед өөх болдог гэдэг маргашгүй үнэн. Тиймээс өөрөө өөртөө үнэнч байж би яагаад таргалсан бэ? Юунаас болж таргалсан юм бэ? гэдгээ олж мэдэх маш чухал. Хүн болгоны таргалсан шалтгаан өөр байдаг. Тиймээс өөрийнхөө таргалсан, турж чадахгүй байгаа шалтгааныг олох хэрэгтэй. Мөн хоолоо огцом сойх өөрөө сэтгэлзүйг өлсгөдөг тул би хоолны хатуу дэглэм барихыг эсэргүүцдэг. Миний турсан нууц бол таргалуулдаг хоолыг эрүүл хоолоор орлуулах арга хэрэглэсэн.
Жишээ нь шарсан төмсний оронд төмсний нухаш, майнозтай саладны орон оливын тостой салад, шарсан ногооны оронд чанасан жигнэсэн ногоо, газтай ундаа болон сахар ихтэй ундааны оронд ногоон цай цэвэр ус, пиццаны оронд шпагетти гэх мэт, ингэж орлуулсаны дараа хэрвээ их порцоор иддэг байсан бол бага багаар порцоо багасгах хэрэгтэй. Маш жижигхэн мэт өөрчлөлт боловч үнэхээр үр дүнтэй турах арга шүү. Мөн оройн 6аас хойш хүнд хоол идэхгүй, өлсвөл жимс иддэг. Өдөрт аль болох ойр ойрхон 5 удаа жижиг хэмжээгээр хооллодог. Үүний 3 нь жимс, тараг, самар байдаг.

4. Хөдөлгөөн.
Дээр дурдсанчлан турах үйл явцын 70% хоол 30% хөдөлгөөн. Хөдөлгөөн хэдий бага хувийг эзэлдэг ч маш чухал хэсэг юм. Биеэн дэх булчингийн хэмжээ их байх тусам өөхийг шатаах нь хурдан байдаг тул булчинжих маш чухал. Тарган байх үед дасгал хийгээд булчин өөхний доор томрохоор нэмж таргалж байгаа юм шиг санагддаг, ингэнгүүт таргаллаа гэж бодоод дасгалаа хаячихдаг нь буруу юм. Энэ богинохон үеийг нүдээ аниад тэвчээд өнгөрөөвөл тун удахгүй үр дүн нь харагдаж эхэлдэг. Гэхдээ дасгал, хөдөлгөөнд үнэхээр дургүй бол илүү хөнгөнөөр нь алхах, өдөрт багахан 30 минутын кардио дасгал хийх зэрэг хөдөлгөөн хийх тустай. Хэдий үр дүнгүй юм шиг санагдавч жижигхэн ч гэсэн хийсэн хөдөлгөөн сууж байснаас илүү калори шатаадаг.
Үр дүн нь хурдан харагдахгүй ч гэсэн 6 сар юмуу жилийн дараа гэхэд чи хийгээд нэмэр байгаамуу гээд голсон жижиг дасгал, огт хийхгүй сууснаас хамаагүй илүү их өөрчлөлтийг авчирдгийг биеэн дээрээсээ харж болно. Жишээ нь би 2014 оны 1 сараас эхлэн яг орой бүр ердөө 20хон удаа гэдэсний таталт хийхэд 6 сарын дараа буюу саяхан гэдсэн дээрээ гэдэсний голын босоо зураас гарсныг олж харсан хэхэ. Хамгийн үр дүнгүй дасгал бол огт хийгээгүй дасгал гэдэг дээ. Хамгийн сайн, мундаг, үр дүнтэй дасгал нь аль вэ гэхээсээ илүү зүгээр л дуртай зүйлээ хийж, алхаж, усанд сэлж, бүжиглэж, дугуй унаж, ууланд авирч, тоглоом тоглох зэргээр ямар нэгэн байдлаар чадах хэмжээгээрээ хөдөлгөөн хийх чухал.

5. Итгэл ба Хайр.
Хүн бүр амжилтанд хүрэхийг хүсдэг хирнээ цөөхөн хэсэг нь л чаддаг. Яагаад вэ? ИТГЭЛ энэ бол нэг хүнийг нөгөөгөөс нь өөр болгодог хамгийн хүчтэй зэвсэг юм. Чи турахыг хүсэж байгаа бол өөртөө итгэх хэрэгтэй. Турж чаднаа, зүгээрээ одоо өөрчлөлт харагдахгүй ч хийж буй бүхэн минь хагас жил, жил, 2 жилийн дараа харагдана гэдэгтээ бат итгэх хэрэгтэй.

Турах үе маш удаан үргэлжилдэг. Өө бурхан минь хааяа бараг ингэж өөрийгөө зовоох хэрэгтэй юмуу, ямар ч өөрчлөлт байхгүй л байна, ер нь туранхай хүмүүсийн гень өөр байх би л лав турдаггүй юм байна гэж хүртэл бодогдох үе бишгүй тааралдана, хоолоо хасаал байна, дасгал хийгээл байна бахь байдгаараа жинс хүртэл томдож сулрахгүй, жин яг нэг хэвэндээ… Энэ бүхэнд итгэл найдвар чамд хэрэгтэй. Ийм бүрхэг санагдах үед тун удахгүй турахнээ гэдэгтээ итгэх хэрэгтэй. Нэг л өглөө сэрэхэд жин чинь хасагдаж, өөрчлөлт чинь анзаарагдаж эхэлсэн байдаг. "Нар гарахын өмнө хамгийн харанхуй байдаг юм шүү. ”

Мөн ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ байх хэрэгтэй. Тийм чи таргалсан, чи буруу хооллодог байсан, чи загвар өмсөгч шиг биш, үеийнхээ охид шиг гоолиг биш, чамд нарийнхан бэлхүүс, савхан хөл, толигор арьс, шовхон нүүр байхгүй. Тэгэхдээ чи өөртөө хайртай, өөртөө итгэдэг байх хэрэгтэй. Чи өөрөө өөрийгөө яг байгаагаар нь, яг одоо, өө сэв алдаа дутагдалтай нь хамт хайрлаж сурах хэрэгтэй. Магадгүй чиний голдог юм чинь, чамайг бусдаас өөр онцгой болгодог шинж чанар чинь болж болно шүү дээ.
Турсаныхаа дараа биш, хэдэн размер бага өмсдөг болсныхоо дараа биш яг одоо, яг байгаагаар нь хайрлаж сураарай. Өөрөө өөрийгөө хайрлаж сурахгүй бол хэзээ ч турж чадахгүй. Энэ бол хамгийн гол нууц юм. Олон охид маань сэтгэлийнхээ гүнд өөрийгөө буруутгаж, их идсэндээ таргалсандаа өөрийгөө буруутгадаг, турчих л юм бол өөртөө хайртай хүндэлдэг, өөртөө итгэлтэй болно гэж боддог бол энэ буруу шүү. Үнэхээр туранхай хүнд хувцас илүү гоё харагддаг нь үнэн ч гэсэн, чи нэвсийж нэлмийгээд яваад турсаныхаа дараа хүмүүс шиг гоё хувцас өмсдөг болох огт албагүй. Өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүс зохихгүй гэсэн ч надад л ганцхан зохино, гоё харагдана гэдэгтээ итгэж бай. Турсаныхаа дараа гоё тренд, загварлаг хувцас авж өмсөх биш, эсвэл турахаараа өмсөх гэж юм авж хадгалах биш яг одоо яг өөртөө зориулж сайхан хувцаслах хэрэгтэй.
Зөв сайхан хувцаслах нь сэтгэл санааг өргөж, турах үйл явцыг чинь хурдасгаж, өөрчлөлтийг чинь тодруулдаг,заримдаа огт буруу хувцас хэдэн килограмм нэмж ч харагдуулж чаддаг. Хүний амьдралд эргэн тойронд сонин хачин хүмүүс их таардаг, тарган хүмүүс сул юм өмс, хэт бариу хувцас болохгүй, нэг өнгийн юм өмс, эсвэл заавал ийм 2 өнгө өмс, хар хувцас туранхай харагдуулдаг, чи тарган байж ийм юм өмсөх хэрэгтэй юмуу, чамд энэ размер таарахгүй гэх мэт зааж сургаж мэдэмхийрдэг. Хэзээ ч битгий итгэ, бүү сонс. Ийм negative энэрги чиний амьдралд огт хэрэггүй. Чамд л таалагдаж байгаа бол өмс турш. Тод өнгө, алаг эрээн, бариу байх тусмаа гоё. Сул хувцас байгаагаас чинь улам том харагдуулдаг. Чамд зааж сургадаг, чиний өөртөө итгэх итгэлийг алдагдуулдаг дэлгүүрээ соль, худалдан авагч хаан болохоос худалдагч чамд юу өмсөхийг заах албагүй. Яадын багадуулж авсан ч бай чиний эрх, эцсийн мөчид үнэхээр таалагдаад авсан юм чинь чи өөрөө өөрийнхөө мөнгөөр тоглож өөрөө шийдсэн юм чинь турахаараа л өмсөнө биз тиймээ? Чи ямар ч биеийн хэлбэр, царай зүстэй байсан хамгийн хөөрхөн, үзэсгэлэнтэй дотроосоо гэрэлтсэн Монгол бүсгүй. Чи чадна гэдэгт би итгэж байна. Өөртөө хайртай байгаарай охидоо.
Нийтлэлийг маань уншиж байгаа бүх охиддоо амжилт хүсье. Хэрвээ би 22кг турж чадсан бол чи илүү их турж чадна гэдэгтээ итгээрэй.
Хэрвээ турах болон хувцаслалтын тухай асууж тодруулах зүйл байгаа бол, эсвэл зүгээр л санаа бодлоо хуваалцаж ярилцах хүсэлтэй бол сэтгэгдэлээр бидэнтэй холбогдох боломжтой шүү.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Шоронд солигдсон ихрийг баривчилжээ
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
Баярын өдрүүдэд нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар ажиллана
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Оросын Олимпийн шинэ найдвар
Зурхайчдын төлөгт Нохой жил хэрхэн буув?
Цагаан сараар баруун аймгуудад цастай сэрүүн, зүүн аймгуудын нутгаар тогтуун байна
Пак Гын Хэгийн найз Чой Сун Силд 20 жилийн хорих ял оноолоо
Хөгжмийн зохиолч Д.Бэхбат Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн боллоо
Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Осолд амь үрэгдсэн зээлдэгчдийн өрийг цайруулна
Хууль зөрчин томилогдсон 33 удирдах албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдлөө
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болж өсчээ
Элчин сайд Такаока Масато төслийн үйл ажиллагаатай танилцлаа
БОАЖЯ-ныхан ахмадуудаа хүлээж авлаа
81 настай эмээ их сургууль төгсжээ
С.Наранцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулах дүгнэлт гаргав
Улс орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
“Сар шинэ-аюулгүй тээвэр” арга хэмжээний дүнд зам тээврийн осол, хэрэг 25 хувиар буурчээ
Нийслэлд амьдарч байгаа 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүлэв