"Дотор арзайлгасан эсрэг дүр бүтээхсэн"

2017-10-20

“Бид мартахгүй” киноны Аюуш, “Мандах нарны туяа”-гийн Д.Сүхбаатар, “Ирж яваа цаг”-ийн Готов зэрэг олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Б.Базаррагчаатай ярилцлаа.

Буржгар үс, дулаан харц, танил инээмсэглэл тодруулсан жүжигчин Б.Базаррагчааг үгүйлсэн үзэгч олон. Сүүлийн 10 гаруй жил дэлгэцийн уран бүтээлээс яагаад холдсон шалтгаан хийгээд амьдрал, уран бүтээл, залуу цагийн сайхан дурсамжаас хуваалцахаар холбоо барив. Анх утсаар ярихад “Ах нь хэвлэлд ярилцлага өгөх бодолгүй л явна” хэмээн цааргалсан ч ярилцлага өгөхийг зөвшөөрүүлж чадсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

 

“СЭРЭЛТ” КИНОНЫ ХЭСГЭЭС ДУУРАЙЖ, “ЖИНХЭНЭ ХУТГА БАРИЛАА” ГЭЖ ЗЭМЛҮҮЛСЭН

-Би хүүхэд байхдаа бокс, байт сурын спортоор, бүр бартаат замын уралдааны мотоцикль ч унадаг байлаа. Тэгж байгаад л байлдааны сөнөөгч онгоцны нисгэгч болно гэдэг мөрөөдөлтэй болсон доо. Тэгээд л нисэх онгоцны буудалд ачигчаар ч ажиллаж үзлээ. Болохгүй юм болдоггүй л юм билээ. Тэр мөрөөдөлдөө хөтлөгдөж явсаар офицер болчихсон доо. Би жүжигчний мэргэжилтэй гэж ярихаар жаахан эмзэглэдэг юм. Олон түмэнд дүр нь хүрсэн хуучны жүжигчдийг харахаар ихэнх нь мэргэжлийн бус хүмүүс байдаг шүү дээ. Миний хувьд жүжигчин мэргэжил хүний хаа нэгтээ нуугдаж байдаг, бурхнаас илгээсэн бэлэг гэж боддог. Тэр нь хэзээ нэгэн цагт задрах агшин, хүн нь таарах юм бол задардаг. Тухайн хүн өөрөө хүсэл сэтгэлтэй байвал мэргэжлээ улам хөгжүүлээд л явчихдаг байх. Би нисгэгч болно гэж бодож байхдаа жүжигчин болох тухай мөрөөдөж ч байгаагүй.

Эргэн дурсахад би найз нөхдөөсөө арай өөр,  юмыг шоглож  дуурайдаг хүүхэд байсан. Арван жилийн сургуульд байхдаа “Сэрэлт” киноны хэсгээс Цагааны Цэгмид гуайн дүрээр жүжиг тавьж, сургуульдаа түрүүлээд, багш нартаа “Жинхэнэ хутга барилаа” гэж зэмлүүлж байлаа. 

 

"Бид мартахгүй" киноны Аюуш баатар

"Бид мартахгүй" киноны Аюуш баатар

 

АНХНЫ ДҮР МААНЬ “БИД МАРТАХГҮЙ” КИНОНЫ АЮУШ БААТАР

-Миний хамгийн анхны дүр “Бид мартахгүй” уран сайхны киноны Аюуш баатрын дүр. Уг кинонд чөлөөлөх дайны үед Монголын арми, ЗХУ-ын армитай нэгдэж, дэлхийн хоёрдугаар дайны голомтод үүргээ гүйцэтгэж буй цэрэг эрсийн тухай өгүүлдэг. 

Аюуш баатар бол Өвөрмонголын Жанчхүүгийн даваанд маш баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн, Монгол Улсын баатар. Дайны үеэр нэмэлт хүч очиход 27 цэргийн хүүр тойруулчихсан ганцаараа 11 шархдаад амь насаа алдсан байсан гэдэг. Миний хувьд жүжигчний гараагаа Монгол Улсын баатрын дүрээр эхлүүлсэн нь их аз завшаан гэж боддог. Миний энэ амьдралын ачтан гэвэл Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Х.Дамдин багш. Тэр хүн анх миний далд авьяасыг олж харж, намайг кино урлагт долоон жил чиглүүлж өгсөн дөө. Багшийнхаа ач гавьяаг үгээр илэрхийлэхийн аргагүй ээ. 

 

НАДАД “ТАЙВАН ЦАГТ ЦЭРГИЙН АЛБАНД ТЭНЦЭХГҮЙ” ГЭСЭН БИЧИГ ӨГСӨН

-Хуучин иргэний хамгаалалтын 122 дугаар анги гэж байхад офицер байсан. Одоо бол Онцгой байдлын албаны харьяа анги болсон байна лээ. Тухайн үед цэргийн офицер хүн жүжигчин болно гэдэг бол хэцүү байсан. Би ажлаасаа жаахан унтаад хоцорчихдог талтай байлаа. Гэхдээ ажил үүргээ сайн гүйцэтгэдэг, мэргэжилдээ дуртай, эрч хүчтэй ч байсан. Тэгээд намайг цэргийн албанаас халахдаа хөөлөө ч гэхгүйгээр  “Тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй” гэсэн муухай бичиг хийж өгч байж билээ.  Тэр үед л алдарт кино найруулагч Ж.Бунтар гуайн  “Ирж яваа цаг” киноны Готовын дүрийг 1986 онд бүтээсэн. 

 

ХҮНИЙ ДОТОР АРЗАЙТАЛ ЭСРЭГ ДҮР БҮТЭЭХИЙГ ХҮСДЭГ

-Би хүний дотор арзайтал эсрэг дүр бүтээхийг маш их хүсдэг. Бас орчин үетэйгээ зохицсон, залуусын сонирхол татахуйц сонирхолтой дүр бүтээхийг хүсэж байна. Миний өмнө тоглосон дүрүүд ихэвчлэн баатар, жанжин, сайн хүний дүр байсан шүү дээ. Би залуу найруулагчдад “Та нар жүжигчдийг нэг хэвэнд орсон байна гэж загнадаг. Өөрсдөө сэтгэлгээний нэг хэвэнд орчихоод байна. Жүжигчин Б.Базаррагчааг харахаар л даруу төлөв хүнээр, ширүүн дүр гэхээр л Ц.Төмөрхуягаар л хардаг. Үүнийг эвдээд Ц.Төмөрхуягийг даруу төлөв дүр, намайг этгээд дүрд тоглуулж чаддаггүй юм бэ” гэж хэлдэг. 

Эргээд бодоход өдрийн тэмдэглэл хөтлөх нь зүйтэй юм шиг. Өнгөрсөн хугацаанд олон сайхан уран бүтээлд оролцож байсан мөртлөө он, сарыг нь санахгүй, хүмүүсийнхээ нэрийг мартчихсан байна. Би 1985-1995 он хүртэл тасралтгүй 20 гаруй бүтээлд тоглосон. Тэр үед дандаа хальсны кинонууд хийдэг байлаа шүү дээ. Үүнээс 15 орчим нь гол, туслах дүрд байна лээ. Хүмүүс намайг нэг хэсэг нь “Ирж яваа цаг” киноны Готов, нөгөө хэсэг нь “Бид мартахгүй” киноны Аюуш баатар, бусад нь “Мандах нарны туяа” киноны Сүхбаатар жанжны дүрээр минь  санадаг. Өнгөрсөн хугацаанд нийт 40 гаруй бүтээлд тоглосон ч энэ гурван дүр маань л манлайлдаг даа. 

Г.ЗОЛБООТЫГ ӨӨРТЭЙГӨӨ АНДУУРЧ БАЙЛАА 

-Жүжигчин Г.Золбоотыг өөртэйгөө андуурсан хүн нь би өөрөө. Би нэг удаа Монгол кино үйлдвэрт кинонд дуу оруулангаа телевиз үзэж суутал “Би гараад ирлээ. Хэзээ энэ кинонд тоглолоо” гээд харсан чинь Г.Золбоот байсан. Сүүлд Г.Золбоот ч гэсэн бид хоёрыг “Хүмүүс их андуурдаг” гэж ярьдаг. Ер нь бид хоёрыг залуу цагт  андуурахаар байсан байх . Одоо нас ахиад улам л өөр болоод л байх шиг байна даа. /инээв/

СОЛОНГОСТ 17 ЖИЛ АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН

-Эхнэртэйгээ 1997 онд  Солонгос улсыг зорьсон. Тухайн үед нийгэм шилжилтийн байдалд ороод, дэлгүүрийн лангуунууд хоосорч, ажил ч байхгүй, амьдрахад хэцүү болсон шүү дээ. Тэр үед өнөөдрийнх шиг олон кино студи байсангүй. Кино хийдэг нь ганц Монгол кино үйлдвэр байлаа. Бид чөлөө уран бүтээлчид гээд цалингүй болчихсон. Амьдрахын эрхэнд янз бүрийн л ажил хийж байгаад Солонгос руу явсан даа. Тэнд хоёр, гурван жил болоод ирнэ гэсэн чинь нэг л мэдэхэд 17 жил өнгөрч дээ. 

Миний хувьд энэ хугацаанд уран бүтээлээсээ бүр мөсөн засварлаагүй ээ. Би анх Солонгос руу виз гаргуулахдаа “Кинонд тоглоно” гэж гарсан. Тэгээд кино групп маань араас ирэх байсан ч хэсэг зураг авалт хийгдээд л таг чиг болсон. Тэрний дараагаар найруулагч, жүжигчин О.Бат-Өлзий Солонгост очиж,  “Чиний эзгүйд” киноны зураг авалт хийхэд бас тоглосон. Бас саяхан ирэхийнхээ өмнө “Өдөр өдрийн нар” олон ангит киноны уран бүтээлчид Солонгост очиход кинонд нь тоглосон. Монголд ирснээсээ хойш хэд хэдэн киноны уран бүтээлд оролцоод л явж байна.

ЭХНЭР МААНЬ БАС ЖҮЖИГЧИН МЭРГЭЖИЛТЭЙ

-Манай гэр бүлийн хүн Украины Харьков хотод жүжигчний мэргэжлээр суралцаж,  төгссөн. Хүүхэд, залуучуудын театр гэж байхад тэнд жүжигчнээр ажиллаж байсан, С.Сарангэрэл гэж эмэгтэй бий. Одоо Сити дээд сургуульд тайзны ярианы багшаар ажилладаг. Эхнэр маань Солонгос руу явахаас өмнө “Ламбугайн нулимс”, “Хайрын нулимс хатдаггүй”, “Эзэнгүй айл” гээд монголын анхны телевизийн цуврал кино зэрэг бүтээлүүдэд тоглож байсан. Анх 1992 оны зун “Амилсан чөтгөр” кинонд дуу оруулж байх үеэр эхнэрээ олж харсан. Тэгээд л ажил дууссаны дараа гэрэл астал хажууд зогсож байсан. Би ч санаандгүй “Чи чинь ийм намхан юм уу” гээд л анх танилцаж байлаа. 

 

Бид хоёр Солонгост очоод  хүү, охинтой болсон. Одоо хүүхдүүд маань монгол хэлээрээ сайн ярьж байгаа. Монголдоо ирээд хүүгээ анх “Учрал” кинонд тоглуулсан. Тэрнээс хойш хүү маань дөрөв дэх кинондоо тоглож байна. Сүүлд хүүтэйгээ хамтран “Он цагийн эрэлчид” олон ангит кинонд тоглолоо. Миний бүтээсэн хамгийн муухай дүр. Ажилгүй, архичин аав хүүгээ зах дээр ажил хийлгэж, мөнгө олуулдаг аавын дүр. Гэхдээ киноны төгсгөлд засардаг л даа. Миний хувьд хүүгээ жүжигчин болгох гэж зорьдоггүй. Охин маань ч гэсэн ганц хоёр кинонд тоглоод амжсан.

МОНГОЛ ХЭЛИЙГ ХЭН ДУРТАЙ НЬ ӨӨРЧИЛЖ БАЙГААД ХАРАМСДАГ

-Би сүүлд Монголын үндэсний телевизийн уран бүтээлчдийн хийж буй  “Эрт нахиалсан сарнай” гээд 30 ангит кинонд зунаас хойш явж байна. Цаашид зохиолтойгоо танилцаад, хоёр ч кинонд ажиллах гэж байна. Одоо төр засгаас өөрт ашигтай, мөнгө олдог л биш бол улс орны ажлыг хийхээ больжээ. Жишээлбэл хэл бичиг, боловсрол, соёл, кинонд ашиг л байхгүй бол сайд дарга нар нь барьж авдаггүй. Ялангуяа монгол хэл, бичгийг хэн дуртай нь өөрчилж байна.

Миний судалснаар  гадаадын захиалгаар үндэсний хэл соёлыг нь устгаж, шинэ үеийг нь эрэмдэг хэлтэй болгох бодлого баримталдаг тухай гадаадын хэвлэлээс уншсан. Үүнд маш их эмзэглэж явдаг. Мэдлэгтэй, нэр төртэй хүн болохын тулд “Бүдүүлэг монгол хэлийг ингэж сайхан шинэчлэв” гэдэг нэр зүүх гээд л хэдэн төслийн мөнгө “иддэг” байх л даа. Зарим телевизийн ярилцлага, нэвтрүүлгийг үзэж суухад зочныхоо нэрийг бүтнээр нь дуудахгүй байх, гадаад хэлний мэдлэг өндөртэй болоод тэр юм уу, монгол хэлээрээ  гадаад хүн шиг акценттай ярьдаг хөтлөгчид олон болсон нь үнэхээр харамсмаар санагддаг.

 

Х.Дамдин - "Мандах нарны туяа" Д.Сүхбаатар.

Х.Дамдин - "Мандах нарны туяа" Д.Сүхбаатар.

 

 

 

Л.Содном - "Цагаан дуганы гэгээ" Жанжин.

Л.Содном - "Цагаан дуганы гэгээ" Жанжин.

 

 

 

Х.Дамдин - "Сүү цагаан өргөө" Мишиг.

Х.Дамдин - "Сүү цагаан өргөө" Мишиг.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Сургууль, цэцэрлэг барих байршлуудын газрыг чөлөөлж байна
Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг нийтэлжээ
БНХАУ-ын технологийн салбарын тэрбумтнуудын хөрөнгө 34 тэрбум ам.доллараар буурлаа
Ой тогтоолтын дэлхийн аварга охид Оросуудыг гайхшруулжээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргажээ
Цэцэрлэгийн бүртгэл дуусахад гурав хоног үлдлээ
Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана