Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.09.13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2017-09-14

Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцална

Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод даалгав. Ингэснээр нэр бүхий  аж ахуйн нэгжүүдийн 14 зөвшөөрлийг хүчингүй болох юм байна.

Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор дээрх газруудын хилийн заагийг тогтоон нийт 754.8 мянга га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийн судалгаа гарган, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, оруулсан хөрөнгө оруулалт, зардлын хэмжээг тооцон, геологи хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, татварын байгууллагад гаргасан тайлан, татвар төлөлтөд дүгнэлт хийсэн байна.

Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталлаа

Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг баталлаа.

Журмын дагуу тэтгэмж олгохдоо сүүлд тогтоосон албан тушаалын цалингийн сүлжээ, шатлалыг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох юм байна. Харин хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, чадвараа  50-69 хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан буюу 70-аас дээш хувь бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөх олговор, тусламж олгох юм.

Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэнд нь хохирсон цагдаагийн алба хаагч Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрх, сумын эрүүл мэндийн  эмнэлгээр үнэ төлбөргүй эмчлүүлэх юм.

Албан үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэндээрээ хохирч хөгжлийн бэрхшээлтэй болсон алба хаагч, дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд тухайн цагдаагийн байгууллагаас дотоодын сувиллын болон сэргээн засах эмнэлгийн байгууллагад очих, буцах замын зардлыг жилд нэг удаа олгохоор болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг ажилтан сард 160 цаг, жилд 1760 цаг ажиллах ёстой ч нийтийн хэв журам хамгаалах үүрэг бүхий алба хаагч сард хамгийн багадаа сард 192 цаг, жилд 2112 цаг ажиллаж байна. Замын цагдаагийн алба хаагч гэхэд жилд дунджаар 2288 цаг буюу 528 илүү цагаар ажиллаж байгааг Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-д дурджээ.

Цагдаагийн ерөнхий газраас хийсэн судалгаанаас үзвэл 2011-2014, 2015 оны эхний найман сарын байдлаар албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт хэрэгт өртөж хохирсон 433 тохиолдол байгаа бөгөөд энэ нь дөрвөн өдөр тутам нэг алба хаагч хохирч байна гэсэн үг юм.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ цогцолборыг ашиглалтад хүлээн авна

Долоон сая еврогийн өртөг бүхий “Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг” төслийг санхүүжүүлэх Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалагт олгож, төслийн гүйцэтгэгчийг сонгон гэрээ байгуулж, төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтод даалгав. 

Эмнэлгийн шинэ цогцолборыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулж, тоног төхөөрөмжийг БНАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр суурилуулсны дараа Улсын комисс ажиллахаар болжээ.

Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна

Сайдын энэ оны батлагдсан төсөвт зардлаас шүлхий болон  мялзан өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч дархлаажуулалтыг шуурхай хийж дуусгахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд даалгав.

12 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хяналтын цэгийг ажиллуулж байна. Гоц халдварт өвчин гарсан үед мэргэжлийн байгууллага, хүн хүч, шаардлагатай бол Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлж ажиллахыг сайдын үүрэг гүйцэтгэгч, Засаг дарга, агентлагийн дарга нарт даалгалаа.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Асгат, Баруун-Урт, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн сум болон Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Засгийн газар хоорондын комисс хуралдана

Энэ сарын 18-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдаан болно. Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв.

Талууд өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэн, цаашид худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцох юм.

Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулна

Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” баталж энэ хүрээнд хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт 32 төсөл  хэрэгжүүлэх болсон.

Дээрх хөтөлбөрийг Монголын талаас хэрэгжүүлэгч гол байгууллага нь Гадаад харилцааны яам бөгөөд Хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулахаар заасан байна. Төв нь төслүүдийн Техник, эдийн засгийн урьдчилсан тооцоолол хийх, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай гурван улсын дүрэм, журмыг уялдуулах талаар судалж зөвлөмж, аргачлал боловсруулах, дэд бүтэц, боомт, чөлөөт бүс, хот байгуулалттай холбоотой төслүүдийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг олон улсын стандарт, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн бие даан боловсруулах зэрэг чиглэлээр ажиллах юм.

Төвийн дүрэм, бүтцийг батлан мөрдүүлж, бүртгүүлэх, яамд, агентлаг, бусад шаардлагатай байгууллагаас мэргэжлийн хүн авч түр хугацаагаар ажиллуулахыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргилд даалгав.

Өвлийн ачааллаас өмнө шинэ трансформатор суурилуулна

Өнөөдөр “ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсан тухай Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан гал гарсан шалтгааныг тогтоож, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгалаа. Галын улмаас хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлаагүй, галыг газар авахуулалгүй унтраасан юм.

Шатсан трансформаторыг 1984 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 31 жил 9 сар тасралтгүй ажиллаж байжээ.

Товч мэдээ

- Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам, Төрийн болон албаны нууцын хяналт шалгалт зохион байгуулах журам, Төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж ашиглах журам, Нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам, Төрийн болон албаны нууцыг хамгаалахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах журмыг хавсралтаар баталлаа.

- Говьсүмбэр аймгийн төвийн халаалтын уурын зуухны Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварт шаардагдах 170 сая төгрөгийг төсвийн тодотголд тусгахаар боллоо. Тодотгол хийх хүртэл дээрх хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчид зөвшөөрөв.

- Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд шугам сүлжээ, дэд станцын өргөтгөл, шинэчлэл, аймгийн төвийн дулааны станцын засварт шаардагдах хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төсвийн тодотголд тусгахаар болов.

- 2017 онд худалдан авах ажиллагаа явуулахдаа дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдээ давуу эрх тооцон шалгаруулсныг сайшааж, цаашид энэ жишгээр ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй