Хар жагсаалт

2017-09-08

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх шинэ мэдээ баримтыг судалгааны эргэлтэд оруулах, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийн талаар хойч үеийнхэнд таниулах зорилгоор Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохиож байгуулж байна. Энэ үеэр Монголын төдийгүй ОХУ, Япон, хэлмэгдүүлэлтийн түүхэн баримтад тулгуурлан эрдэмтэн судлаачид өөр өөрсдийн илтгэлийг тавьсан бөгөөд урьд өмнө нь төдийлөн ил болж байгаагүй зарим баримтуудыг ч ил болгосон юм. Бид түүхийн үнэнг хүргэх үүднээс энэ удаад МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхмийн багш, доктор дэд профессор С.Энхжингийн “Хар жагсаалт” илтгэлийг онцлон та бүхэнд хүргэж байна. 

 

ХХ зууны тэргүүн хагаст үзэл суртлын сөргөлдөөний уршгаар дэлхийн улс орнуудад хэлмэгдүүлэлт хэмээх их яргалал явагдсан ба Монгол улс энэ үйл явцад татагдан орсон билээ. Монголд 1937 оны 8 дугаар сарын 24-нд ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын орлогч М.П.Фриновский, Батлан хамгаалах яамны дэд сайд Д.И.Смирновнар“Заговор”буюу“Хуйвалдаан” гэсэн хэргээр 115 хүний нэрсийн жагсаалт авч ирсний дагуу мөн оны есдүгээр сарын 10-ны шөнөөс өргөн баривчилгаа эхэлсэн билээ. Энэ жагсаалтыг судлаач миний бие хар жагсаалт хэмээн нэрлэсэн юм. Яагаад гэвэл тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын дотоод хэрэгт Зөвлөлтийн зүгээс гүнзгий хутгалдан хэдийнээс бас хаанаас ийм олон хүний нэрсийн жагсаалт гаргаж ирсэн бэ? гэдэг асуудлыг дэвшүүлэн тавьж, түүхэн баримт түшиглэн судлан тодруулахыг зорив. Их хэлмэгдүүлэлт буюу их яргаллын түүх бичлэгт энэ тухай тусгайлан нягтлан судлаагүй ирсэн. Харин зөвхөн Фриновский 115 хүний нэрийг Гэндэн байцаагдаж байхдаа хэлсэн гэсэн байдаг. Гэхдээ судлаач би энэ олон хүний нэрийг Гэндэн түүний хамсаатан хэмээн байцаагдаж байсан хүмүүс хэлсэн төдий биш харин Зөвлөлтийн талаас Монголыг хяналтандаа авах гэсэн олон  үйл ажиллагааны үр дүнд “Хар жагсаалт” үүссэн ба энэ жагсаалтыг цаашид өргөтгөх арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгыг анхнаасаа хэрэгжүүлснийг түүхэн баримт, түүхэн үйл явдлуудаар нотлон гаргалаа.

ЛХҮМБЭ, ГЭНДЭН, ХУВЬСГАЛЫН ЭСЭРГҮҮ, ЯПОНЫ ТАГНУУЛ, НЭРСИЙН ЖАГСААЛТ

 

1930-аад оноос Коминтерний төлөөлөгчийн газраар дамжуулан Сталин тэргүүтэй Зөвлөлтийн удирдлага  Монголын улс төр, нийгмийн харилцааны олон салбарын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон өөрийн нөлөөний бүсэд оруулах  болсон юм. Ялангуяа 1932 онд Япон манжуурт цэргийн хүчээ хуримтлуулан Монголын дорнод хил японы түрэмгийллийн аюулд өртөх болсон явдалтай холбоотойгоор Зөвлөлт алс дорнодын аюулгүй байдалдаа онцгой анхаарал хандуулах болсноор Монгол улсын гадаад, дотоод харилцаанд бүрэн хяналтаа тогтоохыг эрмэлзжээ. Энэ байдлыг эсэргүүцсэн монголчуудын аливаа үйлдлийг Зөвлөлтийн эсрэг үйл ажиллагаа хэмээн үзэх болж улмаармонголын улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн дунд ардын хувьсгал, ардын засгийн дайсан, Зөвлөлтийн эсрэг үзэлтэн, Японы тагнуулууд байна хэмээн тэднийг илрүүлэн, хорлон сүйтгэх үйл ажиллагааг нь таслан зогсооход гол анхаарлаа хандуулжээ. Үүнээс үүдэн Лхүмбийн хэрэг гэгч зохиомол хэргийгүүсгэн энэ хэргээс хойш хар жагсаалт хөтлөх болж, тэр жагсаалтаар их баривчлагаа эхлэн буудан алах ялаар 22000 хүний амь үрэгдсэн билээ. 

ЛХҮМБИЙН ХЭРЭГ БА ХАР ЖАГСААЛТ БИЧИГДЭХ БОЛСОН НЬ

 

МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбийг японы тагнуул хэмээн 1933 оны 7 дугаар сард баривчлан байцаажээ. Энэ хэргийн талаар 1934 оны 5 дугаар сарын 23-ны өдөр  БХК(б)Н-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаар хэлэлцжээ. Хурлаас японы тагнуулын байгууллагын удирдлагуудад ялын дээд хэмжээг хэрэглэх тухай хэлэлцсэн ба Монголын байгууллагын удирдлагуудад ялын дээд хэмжээ оногдуулах гэсэн монголын Дотоодыг хамгаалах газрын саналыг эсэргүүцэхгүй гэж тогтсоноос гадна хэрэв Улсын Бага Хурал дээд хэмжээний ял оноосон зарим хүмүүсийн шийтгэлийг хөнгөлөх санаачлагыг өөртөө авбал нөхцөл байдлыг тухайн үед нь мэдэгдэж байхыг Монголд төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Е.Чуцкаевт даалгасан байна. Энэ үеэс оросын тагнуулын ажиллагааны хяналтад Монголын засаг, төрийн удирдах албан тушаалтнууд, тэдний удирдлага дахь бүх шатны байгууллагад ажиллаж байсан боловсон хүчин орох болжээ. БХК(б)Н-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлын тогтоолыг хэрэгжүүлэх шахалтын доор Монгол Улсын Бага хурал 1934 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 22-р хурлаар Ж.Лхүмбэ тэргүүтэй 56 хүнд буудан алах ял оноожээ. Ж.Лхүмбийн хэрэг гэгчид холбоотой хэмээн 2500 хүний нэрийг гаргаж түүнээсээ 500 гаруй хүнийг баривчлан байцааж 317 хүний хэргийг шүүн таслажээ. Үүнээс 56 хүнийг буудан алах, 136 хүнийг 3-10 жилээр хорих, 126 хүнийг Зөвлөлтөт цөлсөн байдаг. Лхүмбийн хэрэгт холбогдуулан Орос руу цөлөгдсөн монголчуудыг тагнах болжээ. Түүгээрч зогсохгүйЗСБНХУ-д Монголоос очсон хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргахыг А.Х.Артузовт даалгаж, ЗСБНХУ-д байсан зарим монгол хүмүүсийг буцаах боломжийг судлах, ЗСБНХУ-д байхдаа хийсэн үйл ажиллагааны байдлыг шалгах, ямар нутагт байсан, хаагуур явсан зэргийг судалж бүртгэлжүүлж эхэлсэн ба Лхүмбийн хэргээр цөлөгдсөн хүмүүстэй уулзах зэргээр ямар нэгэн байдлаар харилцаж байсан хүмүүсийг бүртгэж тэднийг японы тагнуул, хувьсгалын дайснууд хэмээн хардах болсноор хар жагсаалтын нэрс үүдэн бичигдэх болсон байна. Үүнийг нотлох нэгэн жишээг дурдвал Л.М.Карахан БНМАУ-д явсан ажлын тайландаа Ерөнхий сайд П.Гэндэн түүнтэй уулзах үедээ тавьсан хүсэлтийн тухай бичжээ. Түүнд Ерөнхий сайд П.Гэндэн “Монголоос явуулсан тус байгууллагын хэрэгт холбоотой хүмүүсийг (суралцаж байгаа зэрэг монголчуудын дунд бүлэглэн ажиллах явдал гаргуулахгүйн тулд) Москвад нэг дор байлгахгүй байхыг хүссэнийг харгалзан монголоос ирүүлсэн ажилтнуудыг ажил, сургуульд томилох тухай Монголын комиссын тавьсан асуудлыг хурдавчлан шийдвэрлэхийг Улс төрийн товчооноос хүссэн байна.”[1] Энэ баримтаас Зөвлөлтөд Лхүмбийн хэрэгт холбогдон цөлөгдсөн монголчууд мөн сургуульд суралцахаар бас албан ажлаар очсон монголчуудын хоорондын холбоо харилцааны талаар нарийн судалгааг хийж эхэлснийг илтгэж байна. 

УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО БА ХАР ЖАГСААЛТ

БНМАУ байгуулагдсаны 10 жилийн ойд ЗСБНХУ-аас оролцох төлөөлөгч нарт Монголын нөхөдтэй үндсэн 5 асуудлаар тохиролцоо хийхийг төлөөлөгчдийн ахлагч Л.М.Караханд даалгажээ. Ажлын төлөвлөгөөний 3 дахь хэсэгт Ж.Лхүмбийн японы тагнуулын байгууллагыг устгасан сургамжийг харгалзан 1934 оны 9 дүгээр сард хуралдах МАХН-ын намын IX их хурал, 12 дугаар сард хуралдах Улсын VII их хурлаар сонгох гэж байгаа үндсэн дээд удирдлагын бүрэлдэхүүнд оруулах хүмүүсийн тухай Москвад илтгэхийн тулд урьдчилан итгэмжилсэн байх, итгэмжлэхийн тулд тэдний талаар сайн мэдэж авахыг хичээх гэсэн даалгавар өгсөн байна. Өөрөөр хэлбэл Монголын улс төрийн зүтгэлтнүүдийг аливаа албан тушаалд томилохдоо японы тагнуул, ардын дайсан биш гэдгийг тогтоон итгэмжлэх хэрэгтэй болноос үүдэн томилох хүнээ сайн судлах, итгэмжлэх нэрийдлээр монгол дахь зөвлөлтийн төлөөлөгч нар тагнан турших болсон ба монголчуудаас мэдээлэл цуглуулах нэрийдлээр нэгнээс нь нөгөөгийн талаар тандан асуух байдлаар олон сувгаар мэдээлэл авч байжээ. Энэ байдал нь монголын нөхдийн дунд зөрчилтэй нэгнээ ховлон гутаах, гүжирдэн гүтгэх байдлаар өөрийн замаасаа зайлуулах муу санаа агуулах хэмжээнд хүргэсэн нь монголд харийнхан эхлүүлсэн хэлмэгдүүлэлт газар авах дотоод үндсэн шалтгааны нэг төдийгүй хар жагсаалт бүрдэх нэгэн сэжүүр болжээ. 

ЛАМ НАРТАЙ ХИЙХ ТЭМЦЭЛ БА ХАР ЖАГСААЛТ

 

БНМАУ-ын дорнод хилийн орчим түгшүүртэй нөхцөл байдал бий болжээ. Зөвлөлтийн удирдагч нар японы арми монголын нутаг дэвсгэрт цөмрөн орох үед тэднийМонгол дахь гол холбоотон бол харгис лам нарын дийлэнх хэсэг байх ба тэд японыг гар хөл болно. Улмаар сүсэг бишрэлийг ардуудыг ашиглан тэмцэлдээ татан оролцуулах зэргээр монголын тусгаар тогтнол, дотоод гадаад байдалд аюул учрах болно. Тиймээс лам нартай шийдвэртэй тэмцэх шаардлагыг монголын улс төрийн зүтгэлтнүүдэд тавьж,шахалт үзүүлж байв. Түүгээр барахгүй ЗХУКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлаар монголын дотоод асуудал болох лам нарын талаар ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж тогтоол гаргаж байв. Жишээ нь ЗХУКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо1935 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын 34-р тогтоолд 'Лам нарын хувьсгалын эсэргүү байгууллага нь Монголын олон улсын байдал хурцдах тусам төдий чинээ хүчтэй болж Японы булаан эзлэгчдийн талд өөрийн ард түмнээс урвагчид болох тул лам нартай хийх тэмцлийг сулруулахгүй байхыг Монголын удирдлагад зөвлөх хэрэгтэй' гэж заажээ.

Лам нар, сүм хийдийн зохион байгуулалттай хүчийг довтлон устгах нэрийдлээр олон мянган гэмгүй лам нарын амь насыг хороохоос болгоомжлон түүний эсрэг зогссон Монголын удирдагч, албан хаагч нарыг хар жагсаалтад оруулсан юм. Тухайлбал 1936 оны 3 дугаар сард Ерөнхий сайд П.Гэндэнг албан тушаалаас нь зайлуулж, амраах нэрийдлээр Зөвлөлтрүү явуулж, 1937 оны 7 дугаар сарын 17-нд хувьсгалын эсэргүү хэрэгт холбон баривчилж, улмаар түүнийг лам нарын “Төв” хэмээх хувсгалын эсэргүү хэрэгтэй холбосон байна. 

ДОТООДЫГ ХАМГААЛАХ ГАЗАР БА ХАР ЖАГСААЛТ

Монголын удирдлагуудын дунд үзэл баримтлалын зөрүүтэй байдлаа дэвэргэн өөрт таалагдахгүй нэгнээ буруутан болгох явдал 1935 оноос газар авах шинжтэй болжээ. 1935 оны 12 дугаар сарын 14-нд С.Чуцкаевын Г.Дэмидтэй хийсэн ярианы тэмдэглэлүүнийг нотлох нэг баримт болно. Тэмдэглэлд “Дотоодыг хамгаалах газрыг Гэндэн дангаараа удирдаж, Төв Хорооны Тэргүүлэгчдийн хуралд Дотоодын хамгаалах газрын асуудлыг хэлэлцүүлэхийг бараг огт зөвшөөрдөггүй гэж тэр хэлэв”. Намсрай Гэндэнгийн бүрэн захиргаанд байж, түүний бүх заавар, даалгаврыг биелүүлж байна. ...Тэргүүлэгч гишүүдийг мөрдөн мөшгөх ялангуяа Лувсаншаравтай Гэндэнгийн ярилцсан яриа. Үүнд Гэндэн хэн нэгний нэр хүндийг гутаахын тулд Намсрайгаар дамжуулан Дотоодыг хамгаалах аппаратыг ашиглах санаагаа илчилсэн явдал. Хэн нэгний тухай Намсрайд хэлэхэд л хангалттай. Тэрээр тэр даруй нь л Дотоодыг хамгаалахын протоколуудад таалагдаагүй тэдгээр хүмүүсийн эсрэг ямар ч ялыг бий болгочихно. ...Лувсаншаравтай ярилцсаны дараа Гэндэн түүнээс ихэд айх болж, аль болох түүний санаанд нийцүүлэх болсон. Лхүмбийн хэрэгт Гэндэн, Намсрай нар холбогдолгүй олон хүмүүсийг хутгалдуулсан. ...Ер нь дотоодыг хамгаалахынхны ажлын тухай, байцаалтын дамжлагын арга, айлган сүрдүүлэх зэрэг янз бүрийн хэргийн мөрдөн байцаалт буруу явагдаж байгаад гомдол мэдүүлсэн ихээхэн материал А.Амарт бий. Энэ бүх ажлыг Монголын мөрдөн байцаагчид явуулсан. Сургагч нар хэргийг дуустал судлаагүй байж эхний протоколд итгэн сул анхааралгүйгээр байдал гаргаж байна.” [2] гэжээ.Баримтаас дүгнэхэд Монголын төр засгийн байгууллагын удирдлага, албан хаагч нар ажил дээр гарсан зарим нэг санал зөрсөн асуудлыг шийдэхдээ нэг нөхрөө ажил хэрэгтээ зөвлөлтийн нөхдийн зөвлөгөөг дагахгүй байна хэмээн үзэл сурталжуулж коминтерний төлөөлөгч, сургагч, мэргэжилтэн нарт хов хүргэдэг байсан нь тэдэнд монголчуудын дунд зөвлөлтийн эсрэг үзэлтнүүд байгаа гэсэн итгэл үнэмшлээ бодит зүйл хэмээн улам олон хувьсгалын дайсан илчлэх эрэлд гаргадаг байжээ. 

ОЛОНХИЙН УЛС ТӨРИЙН ШИЙДЭМГИЙ БУС БАЙДАЛ БА ХАР ЖАГСААЛТ

Монголын удирдагчдын дотор хэлмэгдүүлэлт, хууль ёсыг завхруулах байдлыг зүгээр хараад суугаагүй бөгөөд улс төрийн зоримог шийдвэр гаргаж байсан түүхтэй. Ардын хувьсгалын 15 жилийн ойн баяраар Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Ерөнхий сайд А.Амар нар хамтран Лхүмбийн хэрэгт холбогдон хилсээр ял эдлэгчдийг хамруулан суллах тухай тогтоолыг баталжээ. Гэвч уг тогтоолыгНамын Төв Хороо 1936 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцэн буруушааж Ерөнхий сайд А.Амар, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом нарыг шүүмжлэн, дахин иймэрхүү тогтоолыг “Намын Төв Хорооны зөвшөөрөлгүйгээр гаргаж болохгүй гэсэн анхааруулга санамж авчээ”.[3]Үүнээс өмнө удирдагчдын дунд уг хэрэг (өршөөлд хамааруулах нь) буруу зүйл биш байсан гэж нэг биш удаа яригдаж байснаар барахгүй Дотоод яам болон холбогдох газрууд нь уг хэргийг нягтлан хилс хэрэг хэмээн тогтоож байжээ. 

Энэ нь уг хурал дээр Ерөнхий сайд А.Амарын хэлсэн үгнээс тодорхой байна. А.Амар “... Ерөөс эсэргүү группийн хэрэгтнээс дөрвийг үлдээж бусдыг сулласан нь Дотоод яамны саналыг авч тогтоосон ба бас ч тухайд таван газраас томилогдсон бүрэн эрхтэй комисс нь бас л энэ хэргийг их л хянаж гүйцэтгэсэн хэрэг хэмээн санана. Гагцхүү бурууг Догсомд хүлээлгэхгүй би хамт хүлээлцэнэ”[4]гэсэн байна. Түүнчлэн Монголын төр, засгийн удирдагч нар хилс хэрэг удаа дараа гарах болсныг хүлээн зөвшөөрч, санал нэгдсэний үндсэн дээр гаргасан шийдвэрээсээ эргэж буцаж байгааг эрс шударга тэмдэглээд, цаашид шийдвэр гаргагчид өөрсдөө үнэн бодит байдлыг хэлэхээс айж болгоомжлох нь хилс хэрэгт олон энгийн ард хэлмэгдэн амь насаа алдах аюул даамжрахыг анхааруулж, хамтран хариуцлага үүрч, шударга жишиг тогтоох ёстой гэсэн улс төрийн байр сууриа илэрхийлсэн хэрэг юм. 

Гэвч удирдагч нар нэг бат цул нэгдэл болж чадаагүй юм. Энэ нь дараах шалтгаантай. Нэгд, Зарим удирдагчид уг тогтоолыг батлан гаргахыг мэдсэн ч мэдээгүй мэт дүр эсгэж, хэргийг үнэнээр шийдэхээс айж цэрвэж байсан нь тодорхой байна.

Хоёрт, Төрийн эрх барих дээд хоёр субъект болох Улсын Бага хурал, Засгийн газраас гаргасан шийдвэр Намын шийдвэрээр няцаагдсан нь төрийн байгуулалтанд гажуудал гарсныг нотолж байна.

Гуравт, Дотоод яам болон холбогдох таван газраас томилсон комиссын саналыг Намын Төв Хорооноос үл тоож байгаа нь төрийн байгууллагуудын эрх мэдэл хязгаарлагдмал байсныг гэрчилж байна.

Дөрөвт, Тогтоолыг сарын өмнө баталж, хэрэгтнүүдийг нэгэнт сулласан үед буюу 8 дугаар сарын 10-ны өдөр дахин авч хэлэлцэж байгаа нь гадны буюу Коминтерний төлөөлөгч нарын ятгалга, буруушаалтаас үүдсэн гэж үзэж болохоор байна.

ЗӨВЛӨЛТИЙН ЭСРЭГ ЭТГЭЭДҮҮД БА ХАР ЖАГСААЛТ

1936 онд ЗСБНХУ-ын Үндсэн хуулинд сонгуулийг ардчилсан зарчмаар явуулахаар заасан ч үнэн хэрэгтээ 1934 оноос газар авсан хэлмэгдүүлэлтийг гааруулж, улмаар хил дамнан Монгол зэрэг социалист системийн орнуудад хэлмэгдүүлэлт буюу их яргалал явагдах үндсэн шалтгаан болсон билээ. ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн сонгууль 1937 оны 12 дугаар сард болохоос өмнө Зөвлөлтийн эсрэг этгээдүүдийг илчлэн, тэднийг сонгуульд оролцуулахгүй байх шаардлагын үүднээс их баривчлагаа эхэлжээ. 

БХК(б)Н-ын Улс төрийн товчоо 1937 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар “Зөвлөлтийн эсрэг этгээдүүдийн тухай”№51/94 тоот тогтоол  гаргаж, түүний дагуу улс даяар их цэвэрлэгээ хийх тухай ДХАК-ын 00447 тоот тушаал гарчээ. Тушаалыг боловсруулах, бэлтгэл ажлыг хангах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд Ежовын орлогч М.Фриновский голлох үүрэг гүйцэтгэжээ. Тушаалын хэрэгжилтээр 1937 оноос “их хядлага” хэмээн нэрлэгдсэн хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж судлаачид үздэг. Энэ үеийг зөвлөлт-оросын түүхч, судлаачид уг тушаалд гарын үсэг зурж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан ДХАК-ын удирдагч Ежовын нэрээр “ежовщина” буюу “ежовчлол” гэж бас томьёолж ирсэн.[5]

Энэ ажиллагааны хүрээнд ЗСБНХУ-аас БНМАУ-д суух бүрэн эрхт төлөөлөгч Х.Таиров баривчлагдсан ба түүний оронд томилогдсон С.Миронов Ежовын орлогч М.Фриновскийн хамт монголд 1937 оны 8 дугаар сарын 24-нд Монголд иржээ. Энэ томилолтын бүрэлдэхүүнээс харахад Сталин, Ежов нарын хувьд Зөвлөлтийн бусад холбоотноос илүү чухал эмзэг цэг нь Зөвлөлтийн хяналтыг эсэргүүцсэн монголын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, энгийн шударга ард иргэд, буриадууд, лам нар байсан учир тэднийг Зөвлөлтийн эсрэг этгээдүүд хэмээн хар жагсаалтыг зохион түүний дагуу их баривлагаа эхлүүлжээ. 

ЗӨВЛӨЛТӨӨС МОНГОЛД ТОМИЛОГДОН АЖИЛЛАСАН ТӨЛӨӨЛӨГЧ НАР БА ХАР ЖАГСААЛТ

Зөвлөлтөөс Монголд томилогдон ажилласан төлөөлөгч нар хилс хэрэг тохооход гол үүрэг гүйцэтгэж байсан юм. Ер нь 1930-аад онд Зөвлөлт болон түүний системд орсон улс орнуудад хувьсгалын эсрэг дайснуудтай тэмцэх тэмцлийн үед хэн ч байсан нэг өдөр хилс хэрэгт гүтгэгдэн амь насаа алдах аюултай тийм ороо бусгаа цаг үе байсан ажээ. Монгол дахь Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч нар ч өөрсдөө хувьсгалын дайсан болохоос айж, И.В.Сталин болон большевик хувьсгалд үнэнч болохоо харуулах нь тэдний амьд үлдэх шалтгаан байжээ. Тиймээс тэд томилогдон очсон газраа аль болох олон хувьсгалын дайсан, Зөвлөлтийн эсрэг үзэлтнүүдийг илчлэн, баривчлах явдал чухал шалгуур байсан бөгөөд тэд сүржин бөгөөд маш үнэмшилтэй, итгэл төгс илтгэх хуудас бичиж байв. Энд нэг баримт өгүүлбэл Улаанбаатараас ЗСБНХУ-ын Дотоод хэргийн ардын комиссарын орлогч Фриновский Дотоод хэргийн ардын комиссар Ежовт илгээсэн 1937 оны 9 дүгээр сарын 13-ны цахилгаан мэдээнд “Энэ оны 9 дүгээр сарын 7-нд ”Чойбалсан, Амар нартай Ёнзон ба Дамдинг баривчлах тухай асуудлыг тохиролцлоо. ...Амартай тааламжтай холбоогоо ажил төрөлдөө ашиглаж, учрыг олохын тулд 300 хүртэл хүнтэй төвд лам нарын бүлгийг эцэст нь хүртэл бут цохих шаардлагатай гэж үзэж байна.[6]гэж А.Амар, Х.Чойбалсан нарт нөлөөлж баривчлагаанд аль болох олон хүн хамруулахыг хичээж байжээ.

ОНЦГОЙ КОМИСС БА ХАР ЖАГСААЛТ

Хувьсгалын эсэргүү нарын хэргийг шүүн таслах Онцгой комисс гэгчийг Х.Чойбалсангаар толгойлуулан 1937 оны 10 дугаар сарын 20-нд байгуулсан бөгөөд энэ комиссоор дамжуулан хар жагсаалтыг цааш өргөжүүлэх зорилготой байлаа. Энэ дүгнэлт нь Монголын тухайн үеийн түүхэнд холбогдох олон баримтаар нотлогдох ба энд нэг маш тодорхой тоо баримтыг толилуулъя. 1938 оны 4 дүгээр сарын 3-нд нэмэлт баривчилгааны тухай баривчлах ажлыг үргэлжлүүлэх нь зохистой эсэх талаар И.Н.Мироновоос М.П.Фриновскийд мэдээлсэн мэдээлэлд [7] “Хуйвалдааны нэгдсэн төвтэй холбогдсон хэргээр нэмэлт баривчилгаа явагдаад байна. 3 дугаар сарын 30-ны байдлаар бүгд 10728 хүн баривчлагдсан. Тэдгээрээс лам 7814, түүний дотор төвд лам нарын дээд зиндааныхан бүгдээрээ, буриадууд 1655, феодал 322, яамны хариуцлагатай түшмэл 300, Монголын Ардын хувьсгалт армийн дээд ба ахлах бүрэлдэхүүний 180 хүн, хятадууд 408 байна. 7171 хүнийг хянаж авч үзсэн түүнээс дотоод Монголын үндэсний үзэлтнүүд 6311 байна. Тагнан турших мөрдөлтийн нэмэлт материалаар 6000 ламыг тэдний дотор зөвхөн дээд зиндааныхны үлдэгдэл төдийгүй зөвлөх тарнич, үзмэрч, домч, сүүлийн үед хувьсгалын эсэргүү ажил нь ихээхэн идэвхжиж буй хөдөөтэй өөрийн холбоо сүлбээгээрээ аюулт хүч болох дундчууд байна. Баривчлахаар завдаж байна. Япон, Оросын буриадын байгууллагын хэргийн нэмэлт мэдүүлгээр 900 орчим хүн, мөн нэмэлт мэдүүлгээр 200 хятад, бас яамдын түшмэд 86 хүнийг баривчилбал зохих байна. ... лам нарын дээд зиндааныхны үлдэгдэл, дундаж лам нарын идэвхтэй хэсгийг 4 сард багтаан ойролцоогоор 4000 хүнийг баривчлах, Буриадуудын дотроос тооцооны ажилтнуудыг баривчлахыг 3 сар түдгэлзэх, Монголын Ардын хувьсгалт армийн цэрэг халагдах хүртэл цэргүүдээс энэ хугацаанд тэднийг тооцоонд сургах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрэв. Өөр тохиолдолд ихэнх худалдааны байгууллагын бүртгэл тооцоо зогсох болно. Яаралтай заавар өгөхийг хүсье”[8] гэжээ. Энэ ганцхан хуудас цаасанд ямар олон хүний амь нас, хувь заяа аймшигтайгаар шийдэгдэж байсныг харуулна.

И.В.Сталин тэргүүтний заавраар Ө.Бадрах, З.Шижээ, П.Гэндэнгээс эхлүүлсэн гүжир гүтгэлэг, хууль зөрчсөн үйлдлийг Х.Чойбалсан үргэлжлүүлсэн нь түүхэн үнэн билээ. Тэдний үйл ажиллагаа хүний гараар могой бариулахтай адил хэмжээнд хүрсэн ба үүнд ч хууль бус энэ үйлдлийг 1934 оноос хүчтэй эсэргүүцэн 1936 онд Лхүмбийн хэргийг цагаатгах улс төрийн шийдвэр гаргаж байсан А.Амар сайд ч татагдан орсон юм. Тухайлбал, Сайд нарын Зөвлөлийн 1937 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаар хурлаар ‘Тус улсын олон яамд ба засаг захиргаа хийгээд аж ахуй, худалдаа, үйлдвэр олон нийтийн байгууллагуудад шургалан орж тэдгээр газруудын ажил хэргийг хорлон сүйтгэж байсан хувьсгалын эсэргүү Гэндэн, Дэмид нарын хорлон сүйтгэх ажлын үлдэгдэл хаягдлуудыг түргэн богино хугацааны дотор бүрэн устгах хийгээд ирэх 1938 онд дээрх олон байгууллагуудын дутуу орон тоонд 400-гаас доошгүй тооны шинэ хүчнийг дэвшүүлэх ба мөн 65 тооны шинэ хүчнүүдийг тусгай зардлаар бэлтгэх” тухай Ерөнхий сайд А.Амар, Х.Чойбалсан, Д.Лувсаншарав нарын илтгэлийг хэлэлцэж байв. Энэ нь хуйвалдаан гэгдэх 115 хүний нэр бүхий хар жагсаалт нь цаашид улам нэмэгдэж 20.000 гаруй хүний халуун аминд хүрэх эртнээс зохион байгуулсан ажиллагаа байсныг харуулна. 

ДҮГНЭЛТ

Зөвлөлтийн талаас Монголыг бүхий л талаар хяналтандаа авах бодлого хэрэгжүүлж түүний үр дүнд “Хар жагсаалт” үүссэн ба энэ жагсаалтыг цаашид өргөтгөх арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгыг анхнаасаа хэрэгжүүлснийг түүхэн баримт, түүхэн үйл явдлууд нотлож байна.

Зөвлөлтийн алс дорнодын аюулгүй байдлаа хамгаалахад түшиц болох газарзүйн байршил болон зөвлөлтийн загварын социализм байгуулах дотоод их боломж нөөцтэй улс бол БНМАУ байлаа. Монгол улс бие даасан үндэсний ардчилсан чиг шугамаар хөгжхийг эрхэмлэж байв. Тиймээс зөвлөлтийн хяналтыг эсэргүүцсэн монголын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, энгийн шударга ард иргэд, буриадууд, лам нарыгзөвлөлтийн эсрэг этгээдүүд, японы тагнуул хэмээн хар жагсаалтыг зохион түүний дагуу их баривлагаа эхлүүлжээ. 

Үүнийг бодит хэрэг болгосон гол хүчин зүйл бол 1935 оноос ЗХУКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлаас Монголын талаар гаргасан тогтоолуудын дагуу Монголын улс төр, нийгмийн хүрээний асуудлуудыг зохицуулахыг тулгасан ба Монгол улсын хууль эрх зүйн баримт бичгүүдээс ч илүү хүчтэй үйлчлэх болсон ба заавал биелүүлэх захирамжлалын шинжтэй бичиг баримт болжээ. Мөн Монголын төр засгийн байгууллагын шийдвэрээс илүү МАХН-ын Төв хорооны тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардах болсон явдал юм.

МУБИС-ийн НХУС-ийн Түүхийн тэнхмийн багш, доктор дэд профессор С.ЭНХЖИН


Ном зүй.

  1. “Монголын тухай БХК(б)Н-ын баримт бичигт” (баримтын эмхэтгэл) II боть. УБ., 2005.т.88
  2. Монголын тухай БХКбН-ын баримт бичиг. II боть.УБ.,2005.т.155
  3. Монгол Улсын Үндэсний төв архив, Улс төрийн нам, олон нийтийн архив. х.4, д.5, хн.189, хуудас 57.
  4. Монгол Улсын Үндэсний төв архив, Улс төрийн нам, олон нийтийн архив. х.4, д.5, хн.189, хуудас 80.
  5. С.Туяа. Хийрхэлээс хэлмэгдүүлэлт (1930-1950-иад он) УБ.,2016.т.59
  6. Монголын тухай БХКбН-ын баримт бичиг. II боть.УБ.,2005.т.248-249
  7. “Монголын тухай БХК(б)Н-ын баримт бичигт” (баримтын эмхэтгэл) II боть. УБ., 2005.т.261
  8. Монголын тухай БХК(б)Н-ын баримт бичигт” (баримтын эмхэтгэл) II боть. УБ., 2005.т.262

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй