Хүн нь зөв хөгжвөл улс нь зөв хөгжинө

2017-09-05

Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарын асуудал цаг ямагт нийгмийн анхаарлын төвд байдаг. Тийм болохоор аль сургууль юугаараа илүү вэ гэдэг талаархи олон нийтийн ерөнхий ойлголт алдахаасаа онох нь илүү. Ялангуяа олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллагын талаархи олны үнэлэлт зөрнө гэж бараг үгүй дээ. Олны амнаас магтаал сайшаалын үг түлхүү сонсогдож байвал тэр сургуулийн сургалтын чанар яалтгүй л сайн байдаг.

Монголд ийнхүү сайнаар хэлүүлдэг толгой хэдэн сургуулийн нэг бол “Сант”. Тэднийхийг сайн гэлцэхийг өчнөөн удаа сонссон мөртөө тийнхүү сайн байдгийн учир шалтгааныг нь яагаад ч юм шохоорхоогүй, математикийн сургалтандаа л мундаг юм гэнэлээ гэсэн тойм ойлголттой явдаг байв. Харин тус сургуулийн захирал З.Энхмөнхийн нэгэн ярилцлагыг уншиж, зорин байж танилцсанаар энэ онд хорин жилийн ой нь тохиож буй “Сант”-ын талаархи ойлголт маань огт өөр болсон билээ. Дэлхийд алдартай Массачусетсийн технологийн их сургууль(MIT)-ийн анхны монгол оюутан гэдгээрээ олон хүний хүндлэл хүлээдэг З.Энхмөнх хэдэнтээ хөөрөлдөх зуураа товч цэгцтэйхэн өгүүлсэн зарим санаа бодлоос нь түүж тэмдэглэснээ буулгавал ийм буюу:

  • Сургууль бол сурагчдад эрдэм мэдлэг өгөхөөс гадна хүнийх нь хувьд зөв хүмүүжүүлж төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй орчин байх ёстой. “Сант”-ын төгсөгч ирээдүйд хэн болох вэ, ямархуу түвшний мэдлэгтэй, хэр зөв төлөвшсөн хүн байх вэ гэдэг асуудал бидний хувьд өнөөдрийн сургалтын үйл ажиллагаанаас дутуугүй чухал ач холбогдолтой. Манай үйл ажиллагааны гол үр дүн сурагчдын маань өнөөдрийн шалгалтад авч байгаа дүн гэхээсээ илүү ирээдүйн амьдралаар тавиулах дүнгээр нь илрэнэ гэсэн зарчмаар ирээдүйн өмнө хариуцлагатай ажиллахыг бид хичээдэг. Үндэснийхээ хэл соёл, үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг, бусдынхыг хүндэтгэдэг, зөв ёс суртахуунтай иргэдийг бий болгохсон гэж хүсдэг.
  • Манай сургуулийнхан сурагчдадаа эртнээс мэргэжлийн чиг баримжаагаа зөв тогтоож сонгоход нь аль болох туслахыг хичээдэг. Төгсөгчдийн маань 70 орчим хувь нь инженерийн мэргэжлээр үргэлжлүүлэн суралцдаг. Энэ нь улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь инженерийн боловсрол гэдгийг суралцагчдадаа эртнээс ойлгуулж чадсаны үр дүн гэж боддог. Сургуулийн удирдлагууд гадаад дотоодын их дээд сургуулиудын талаар сурагчдадаа аль болох их мэдээлэл өгч, тэднийхээ өмнөөс харилцаа холбоо тогтоож, олон улсын хөтөлбөрүүдэд хамруулахыг хичээдэг. Манайхыг төгслөө, цаашид яахаа өөрөө мэд гээд орхиж чаддаггүй. 
  • Бид нэг л том зарчим баримталдаг. Тэр нь алсын хараатай ажиллаж, чанартай боловсрол олгох. Үүний тулд өнөөдрөөр сэтгэж болохгүй. Үгүйдээ л 20-30 жилийн дараахыг харж сургалтын бодлогоо төлөвлөх хэрэгтэй болдог. Одоо сурагч байгаа хүүхэд маань 35-45 нас хүрч, улс орны хөгжлийг нуруун дээрээ үүрэх цаг болоход тэрхүү ачааг даах чадвартай байх уу, тэр цаг үеийн шаардлагад нийцсэн иргэн байж чадах уу гэдэг нь өнөөгийн бидний сургалтын үйл ажиллагаанаас ихээхэн хамаарна. Тийм учраас “Сант” сургууль АНУ-ын АР олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж, шалгалтуудыг нь авч байгаа.Ингэснээр дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад элсэн суралцах эрх нь манай сурагчдад нээгдэж, тухайн сургуульдаа кредит тооцуулах боломж бүрдэх жишээтэй. Нэлээд олон нэрийн хичээлүүдийг олон улсын хөтөлбөрийн дагуу зааж байна. Гадаадын нэр хүндтэй сургуулиудын эрдэмтэн багш нарыг жил болгон урьж хичээл заалгаж байна. Энэ бүхэн бол Монголынхоо ирээдүйд хийж буй томоохон хөрөнгө оруулалт. 
  • Ирээдүйн иргэдээ олон улсын жишигт нийцсэн боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай болгохын тулд үр хүүхдүүдээ бүх шатанд чанартай сургах хэрэгтэй байна. Дэлхийн боловсролын чиг хандлага ямар байна, аль зүг рүү явж байна, хөдөлмөрийн зах зээлийн ойрын болон хэтийн хөгжил ямархуу төлөвтэй байна, дэлхийн эдийн засгийн хөгжил яах нь вэ гэдгийг тооцож, түүнд нийцсэн сургалтын үйл ажиллагаагаа явуулсан газар л хожно. 
  • Энэ зууны технологийн хөгжил мэргэжил сонголтдоо илүү ухаалаг хандахыг шаардаж байна. Нарийн мэргэшихээс гадна бусад мэргэжилд шаардагдах мэдлэг чадваруудыг давхар эзэмшсэн, хөрвөх чадвар сайтай байх нь зайлшгүй шаардлагын нэг болоод байна. Их олон ажлын байрыг компьютерийн технологи, хиймэл оюун ухаан орлох боломжтой болж байгаа нь ирээдүйн хүмүүст боломж, бас илүү их эрсдлийг бий болгож байна. Үүнийг ч гэсэн бид сургалтандаа анхаарч, сурагчдад зөвлөж, сэтгэлзүйн болоод бусад бэлтгэлийг нь хангах ёстой. 
  • “Сант” сургууль сурагчдаа хариуцлагатай, бие даах чадвартай, тэвчээр хатуужилтай, цагаа сайн зохицуулж амьдралаа төлөвлөж чаддаг болгохыг эрмэлздэг. Энэ бүхэн чинь тухайн сурагч гэрийн даалгавраа хэрхэн хийж гүйцэтгэж байгаагаас наад зах нь эхэлнэ шүү дээ...

“Сант”-тай холбоотой зарим тоон үзүүлэлтээрээ бид бахархдаг. Жишээ нь, чансаагаараа дэлхийд тэргүүлж байгаа MIT-ийн бакалаврт өнөөдөр 5 монгол оюутан сурч байгаагийн 4 нь манай “Сант”-ынх. 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтад Монгол улсын хэмжээнд 20 сурагч дээд буюу 800 оноо авсны 10 нь манайх. Энэ зун Энэтхэгт болсон олон улсын математикийн тэмцээнд Монголоо төлөөлөн 16 сурагч шалгарч оролцсоны 8 нь “Сант”-ынх.

...З.Энхмөнхтэй хэдэнтээ уулзахад энэ мэтээр олон сэдвээр олон сайхан зүйл өгүүлжээ. Хэлэх төдий биш хийж чаддаг нэгэн гэдэг нь ч илэрхий байлаа. Хүүхдүүд нь энд сурдаг, сурч байсан эцэг эхчүүдийн төлөөлөлтэй санал солилцоод энэ бодол маань улам батжив. Олны танил нэгэн эрхэм “Манай хоёр хүүхэд эднийд сурч төгссөн. Маш сайн сургууль. Одоо ач зээ нар маань сурч байна. Ингэж үр хүүхдүүд нь үе дамжин сурч байгаа олон айл бий. Олон жил болохоор эцэг эхчүүд хүртэл бүгд бие биенээ мэддэг таньдаг болчих юм. Яалтгүй сайн сургалттай болохоор бид чинь ингээд л хүүхдээ, дараа нь ач зээгээ чирч ирээд байгаа хэрэг шүү дээ” хэмээн хуучиллаа. Олон айлын үр хүүхэд үе уламжлан суралцана гэдэг “Сант” хэмээх боловсролын брэнд аль хэдий нь бий болсны нотолгоо билээ. 

Өнөөдөр дэлхий даяараа боловсролд асар их ач холбогдол өгч байна. 2015 онд дэлхийн улс орнуудын удирдагчид хуран чуулаад 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Тэгэхдээ тогтвортой хөгжлийг боловсролоор л дамжуулан бий болгож чадна гэж үзсэн. Хүн боловсрол сайтай байх тусмаа орлого сайтай байна, амьдралд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх чадвар сайтай байна, өөрийгөө хөгжүүлж чадна, иргэн болгон нь өөрийгөө хөгжүүлж чадвал улс орон нь бас хөгжинө гэсэн гаргалгаа үүний цаана буй. Монголчууд бид дэлхийн энэхүү бодлогоос хоцрохгүй гэвэл “Сант” брэндийн сайн шийдлүүдээс бүтээлчээр суралцмаар санагдана.

Урианхан Б.Галаарид

Эх сурвалж: IKON.MN 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй