2017-09-05
“Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяраас Гашуунсухайт боомт дээр үүсээд буй урт дарааллын талаар тодрууллаа.
-ТАВАН МИНУТ ТУТАМД НЭГ МАШИН ХИЛЭЭР НЭВТЭРЧ БАЙНА-
-Гашуунсухайт боомт дээр нүүрс тээврийн урт дараалал үүсээд байна. Энэ нь нүүрсний экспортын тоон үзүүлэлтэд тодорхой байдлаар нөлөөлж байна уу?
-Гашуунсухайт авто зам дээр өнөөдрийн байдлаар 100 орчим км-ын урт дараалал үүсчихсэн байгаа. Энэ замаар дамжин, өдөрт 1600 автомашин хил гарч байсан удаа бий. Өнөөдрийн байдлаар 500 орчим автомашин хил гарч байна. Тэгэхээр өмнөх тоон үзүүлэлтийн гуравны хоёр нь алга болчихсон гэсэн үг. Энэ нь оны эцэст борлуулалтад сөргөөр нөлөөлнө. Уг нь өнгөрсөн жилийн тээвэрлэлтийг энэ онтой харьцуулахад нэлээдгүй давуу байдал үүссэн байгаа. Бид олон талын ашигтай борлуулалт хийж, тэр хэрээр эрэлт ч өндөр байгаа. Он гарсаар нийтдээ 20 сая тонн орчим нүүрс тээвэрлэлт хийчихээд байна. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 30 сая тонн нүүрс гаргачих боломжтой байсан. Ийм тооцоололтой ажил явагдаж байлаа. Гэтэл хил гаалийн асуудлаас үүдээд, нэвтрэх хүчин чадал сулраад байна.
-Урт дарааллыг бууруулах чиглэлд яг ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Асуудал тал талдаа байна. Шулуухан хэлэхэд, манай жолооч нар нүүрсэн дотроо хориотой зүйлс тээвэрлэдгээс асуудал үүсч байна. Энэ нь урд хөршийн хил гаалийн шалгалт чангарах нэг гол үндэслэл болж байгаа. Шалган нэвтрүүлэх цэгийн итгэлийг бууруулж байгаа учраас шалгалтаа илүү чангалж байна. Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа илүү нарийн болчихоор хил гаралт нь дагаад удааширчихдаг. Өмнө нь нэг минутад нэг машин гаргаж байсан. Маш шуурхай ажилладаг байлаа. Гэтэл одоо энэ шуурхай байдал илтэд удааширч, таван минут тутамд нэг машин хилээр нэвтэрч байна. Үүн дээр урд хөршийг бас буруутгах аргагүй. Тухайн орны хүнсний аюулгүй байдал, бусад дүрэм журамтай нь нийцэхгүй байсан учраас хяналтаа өндөржүүлсэн. Үүн дээр манай тээвэрлэгч байгууллагууд бас дотооддоо бодолцох хэрэгтэй байна.
-Бид дотооддоо асуудлаа сайн ярилцах ёстой юм биш үү?
-Тийм ээ. Бид юуны өмнө сахилга баттай байх ёстой. Үүнээс болж эдийн засгийн хувьд багагүй хохирол амсаж байгаа юм. Сардаа дөрвөн удаа хилээр нэвтэрдэг байсан жолооч одоо хоёр удаа л гарч байна. Ингээд ирэхээр тухайн жолоочийн өөрийнх нь орлого бас буурч байна. Тээврийн компаниудын хувьд ч тэр, ийм эрсдэл хүлээж байгаа. Бүх зүйл нөлөөлж байна. Тиймээс бид хаана хаанаа үүнийг анхаарч үзэх хэрэгтэй байна. Энэ асуудлаар хоёр талаасаа уулзаж, хууль дүрмээ харилцан барьж ажиллана гэдгээ илэрхийлэх нь зөв байх аа.
-ТАЛ ТАЛДАА АНХААРАХГҮЙ БОЛ БИД АСУУДАЛД ОРОХООР БАЙНА-
-Ер нь Гашуунсухайт чиглэлийн замын чанар хэр байгаа вэ?
-Зам засварын ажлууд энэ жил графикийн дагуу өрнөсөн. Гол нь Гашуунсухайт чиглэлийн замаар 60 тонны даацтай машинаар зорчдог. Энэ нь өөрөө хүнд тээврийн төрөлд орно. Дээрээс нь зам нэлээд хуучин. Тийм учраас эвдрэл гэмтэл гарах нь тодорхой. Бид Гашуунсухайт чиглэлийн замыг дөрвөн хэсэг болгож зассан.
-Авто зогсоолыг нэмэгдүүлэх тухайд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Одоо 500 автомашины зогсоол бэлдэж байна. Зогсоолд нүүрс тээвэрлэсэн автомашинуудаа хонуулаад, цааш нь хилээр гаргах асуудлыг ярилцаж байна. Энэ жил “Эрдэнэс Монгол” компани Гашуунсухайт чиглэлийн автозам дээр 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Байнга замаа засаж, орчны хог бохирдлыг цэвэрлэж байна.
-Жолооч нарын аюулгүй байдал дээр манай дотоодын тээвэрлэгчид хэрхэн анхаарч байна вэ?
-Жолооч нарын аюулгүй байдал дээр бид Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Гашуунсухайт чиглэлд гэрээт цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа. Шинээр унаа тэрэг, холбогдох хэрэгслийг нь бэлтгэж өгөөд, ажиллуулж байна. Ер нь бол компанийн зүгээс жолооч нарын аюулгүй байдлын асуудлаар бүхий л боломжоороо анхаардаг. Гол нь,манай тээвэрлэгчид хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Хариуцлагын асуудал ганц тээвэрлэгчид биш, тээвэрлүүлэгч байгууллагатай ч холбоотой. Цаашдаа тал талдаа анхаарч явахгүй бол бид асуудалд орохоор байна.
-Тээвэрлэгч компаниудтай энэ асуудлаар зөвлөлдсөн үү?
-Намрын улирал бол нүүрс тээвэрлэлтийн хамгийн эрэлттэй сайн цаг байдаг. Улиралдаа өдөрт 500 автомашин нүүрс хилээр гаргасан байдалтайгаар цаашаа явбал эрсдэлтэй. Мэдээж өнгөрсөн жилээс төлөвлөгөө хамаагүй давж биелнэ. Гэхдээ бид нүүрсний үнэ сайн байгаа цаг үед хил гаралтаа багасгаж байгаа нь муу хэрэг. Тээвэрлэгч компаниудтай байнга уулзаж байгаа. Нэлээд сануулж байна. Гашуунсухайт чиглэлд 6000 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байна. Энэ 6000 машины ард эзэд нь байгаа. Үүнийг багцлаад 100, 200-гаар явуулдаг компаниуд бий. Тээвэрлэгч компаниудын захирлууд жолооч нарынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, амрах орчинг бүрдүүлж өгөх ёстой. Үүн дээрээ онцгой анхаарах хэрэгтэй. Түүнээс биш бүх асуудлаа зам руугаа чихэх нь өөрөө зохимжгүй. Зам бол нэг л нэвтрэн өнгөрөх цэг. Зам дээр маш олон харилцаа явж байгаа. Энэ харилцааг ганц зам зохицуулж чадахгүй. Хүнээс хамааралтай олон хүчин зүйл байгаа гэдгийг хэлье.
Эх сурвалж: MEDEE.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд