Араб руу мах экспортолно

2017-08-25

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Энэ зун гантай байснаас тодорхой хэмжээний ургац алдаж байна. Тэгэхээр цаашид алдсан ургацаа яаж нөхөж авах вэ?

-Бид хаврын тариалалтаас эхлээд цаг агаарын урьдчилсан дүнгээр нарийн тооцоолж анхаарлаа хандуулж байсан. Энэ зун сүүлийн 60 жил тохиогүй их халалтаас болж гангийн нөхцөл үүсч, 40-50 хувийн ургац алдах нөхцөл үүссэн. Энэ асуудлаа бид яам, эрдэмтэд, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж судалгаа хийлгэсэн. Тиймээс бид сүүлийн нэг сарын хугацаанд ОХУ-тай хамтарч ажилласны үр дүнд дутагдаж байгаа үр, улаанбуудай авах хэлэлцээрээ амжилттай хийсэн. ОХУ-аас зах зээлийн үнээс хямд үнээр 170-200 мянган тонн улаанбуудай худалдаж авахаар тохиролцсон. Удахгүй тээвэрлэлтийн асуудлыг шийднэ. 

-Ургацын 40-50 хувийг алдсан гэхээр энэ жил гурилын үнэ нэмэгдэх болов уу? 

-Бид хэдий ургацын тодорхой хувийг алдсан ч ОХУ-аас зах зээлийн үнээс хямд үнээр улаанбуудай худалдаж авна. Дотоодын компаниудаас хямд үнээр авах учраас гурилын үнэ нэмэгдэх ямар ч үндэслэл байхгүй. Дотоодын хэрэгцээгээ хангах нөөц, боломж нь байхад гурилын үнэ нэмэгдэхгүй. 

-Цаг агаарын нөхцөл цаашид тийм ч таатай байхгүй нь. Ургац хураалтын үеэр хүндрэл гарч магадгүй байх шиг байна?

-Тариаланчдад жил бүр олгодог шатахуун, тоног төхөөрөмжийн дэмжлэгүүд энэ жил олгогдоно. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалан эрхлэгчдэд шатахууны хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмж олгох ажил ид өрнөж байна. тариаланчдад ОХУ-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу таван жилийн хугацаатай тоног төхөөрөмжүүдийг олгож эхэлсэн. Мөн ургац хураалтын үеэр бүхий л талаар туслах, хүн хүч нэмэгдүүлэх, цаг агаарын таатай нөхцөлийг харж тариагаа хураах чиглэлээр тариалан эрхлэгчдэд зөвлөмж өгөх, хамтран ажиллаж байна. Цаг агаарын таатай нөхцөлийг ажиглаж байгаад ургац хураалтыг 10-14 хоногт багтаах төлөвлөгөөтэй байгаа. 

-Хадлан авч чадаагүй аймгуудын малчдын нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Жил жилийн дунджаас харахад малчид 1,2 сая тонн хадлан бэлтгэдэг. Энэ жил хэрэгцээт хадлангаа бэлтгэх бололцоо байхгүй учраас 400 мянга орчим тонн хадлан алдаж байгаа юм. Үүний тодорхой хувийг Сүхбаатар, Дорнод аймгаас бусад аймаг руу шилжүүлэх боломж бий. Тээвэрлэлтийн асуудал бага зэрэг хүндрэлтэй байгаа ч зохицуулах боломжтой. Харин баруун аймгуудын хадлангийн нөөцийг ОХУ-аас татахаас өөр арга байхгүй. ОХУ-ын талд ч 400 мянга орчим тонн хадлан авна гэдгээ мэдэгдсэн. Тэдний зүгээс нааштай хариу өгч байгаа. 

-Энэ жил ганд тэсвэртэй үр тарьсан учраас гантай жил сайн ургац авсан гэдгийг тариаланчид хэлж байсан. Ганд тэсвэртэй үрийг ирэх жил мөн тариалах уу?

-Энэ жил тариаланчид маш сайн үрээр тариалалт хийсэн. Байгалийн давтагдашгүй нөхцөлд бид аргагүй ургац алдсан. Зүүн болон Төвийн бүсийн өмнөд хэсгийн 70 гаруй хувьд ч хур ороогүй. Байгалийн хүчин зүйл нөлөөлөөгүй бол тариаланчид маш сайн ургац авах байсан. 30 мянган тонн ганд тэсвэртэй үр нөөцөлж авахаар бэлтгэж байна. Нөөцийн үрээ ургац сайтай бүсээс бүрдүүлэх бодлого баримталж байна. 

-Тариалангийн бүс нутгаар энэ жил хэд хэдэн түймэр гарсан. Түймэр тариаланд нөлөөлсөн үү?

-Гал түймэр тодорхой хэмжээнд тариалалтад нөлөөлсөн. Гал түймэртэй бүс нутаг үүл буудахад борооны үүл гарахгүй, үүлэнд нөлөөлөхөд хүндрэл үүссэн тал бий. Үүнтэй холбоотойгоор ургац алдахад нөлөөлсөн. 

-Газар тариалан, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2017 оны зургадугаар сарын 26-ний өдрийн 168 тоот тогтоол гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад 700 сая төгрөгийн төсөв гаргаж аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж байгаа. Мөн 4,5 тэрбум төгрөгөөр өвч, хадлан, тэжээлд зарцуулахаар шийдвэрлэсэн. Орон нутагт аймаг тус бүрт 250-270 сая төгрөгийн төсөв гаргаж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг үүрэг болгосон байгаа. Энэ хүрээнд Засгийн газар, яам орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, чиглэл өгч ажиллаж байна. 

-Малын халдварт өвчний тархалт зогссон уу. Өнгөрсөн долоо хоногт Дундговь аймагт халдварт өвчин гарснаас хорио цээр тогтоосон? 

-Малын халдварт өвчин нэмэгдэх гол шалтгаан нь отор, нүүдэлтэй холбоотой. Эрүүл бүсээс халдвартай бүсэд, халдвартай мал эрүүл бүсэд оторлох зэргээс үүдэлтэй халдварт өвчний тархалт буурахгүй байна. Яамнаас ажлын хэсэг гарч халдвар гарсан бүст яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнээс гадна отор нүүдлийн асуудлыг зохицуулах албан даалгавар Ерөнхий сайд гаргасан. Малчид оторт гарахдаа малаа эрүүл эсэхийг шинжлүүлэх, оторлох бүс нь мөн малын халдварт өвчний бүс эсэхийг сайтар шалгаж, зөвшөөрөл олгож буй. Зөвшөөрөл авсны дараа отор, нүүдлээ хийхгүй бол малчдад хүндрэл учирч болзошгүй. Тухайлбал, мал нь халдвартайг мэдэхгүй Сүхбаатар аймагт суурьшихаар очсон тохиолдол гарсан. Олон хоног цаг хугацаа алдаж оторлохоор очоод мал нь эрүүл биш учраас Сүхбаатар аймаг хүлээж аваагүй тохиолдол гарсан. Энэ мэтчилэн малчид хүндрэл учруулахгүй тулд малаа эрүүлжүүлэх шаардлагатай. Урьдчилсан байдлаар 2700 өрхийн 9,2 сая бусдын нутагт өвөлжихөөр байна. Гэхдээ наймдугаар сар гарснаас хойш бороо их орж, бэлчээрийн ургац нэмэгдэж байгаатай холбоотой отор, нүүдэл хийсэн малчид буцаад өөрийн нутаг руу нүүдэллэх талууд ажиглагдаж байна. 

-Мал эрүүлжүүлэх ажлын хүрээнд ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр вакцин авсан. Энэ вакциныг худалдаж авахад тодорхой хэмжээний хэмнэлт хийсэн гэж та хэлж байсан?

-Би ажлаа аваад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Малын вакцин тойрсон маш их хэл ам, асуудал байсан. Хамгийн анхны худалдан авалтаа ОХУ-аас нэн хөнгөлөлттэй үнээр шууд худалдан авалт хийсэн. Энэ худалдан авалтаар бид дөрвөн тэрбум төгрөгийг хэмнэсэн. Мөн ОХУ-ын зүгээс дөрвөн тэрбум төгрөгийн өртөг бүхий вакциныг буцалтгүй тусламжаар олгосон. Эхний вакцин ирсэн бол дараагийн вакцинуудыг ес, арванхоёрдугаар саруудад авахаар тохиролцсон. Тэгэхээр бид нийт найман тэрбум төгрөгийг хэмнэж чадсан. Ийм хэмжээний хэмнэлт хийж чадаагүй бол улсын төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс найман тэрбум төгрөг гаргах байсан. 

-Махны экспорт энэ жил нэмэгдэх үү. Саяхан Саудын Араб Монгол Улсаас мах экспортлох санал тавьсан байсан?

-Махны экспортын хэмжээ нэмэгдэж, тодорхой үр дүнтэй байна. Иран улсад Монголын хоёр үйлдвэр хоёр сая орчим толгой малын мах бэлтгэж, ачилтаа хийж байна. Иран улсаас мөн экспортолж буй махныхаа хэмжээг нэмэгдүүлж, долоо хоногт 4000 тонн мах авах саналтай байгаа ч дотоодын махны үйлдвэрүүдийн хүчин чадал хүрэхгүй байгаа. Вьетнам улстай гүн хөлдсөн мах экспортлох чиглэлээр баримт бичигт гарын үсэг зурсны үндсэн дээр хоёр вагон мах ачигдсан. ОХУ, БНХАУ-д хагас болон бүрэн боловсруулсан мах тодорхой хэмжээний мах экспортолж байна. Дотоодын махны үйлдвэрүүдийн хүчин чадлыг сайжруулах талаар хамтран ажиллаж байна. Саудын Арабын хунтайж Монгол Улсаас мах экспортлох саналаа албан ёсоор тавьсан. Энэ хүрээнд махны үйлдвэр хамтарч байгуулж ажиллахаа саналаа илэрхийлсэн. Хоёр талаас мах экспортлох, махны үйлдвэр байгуулах чиглэлээр ажлын хэсэг гараад ажилдаа орсон байна. 

-Монгол Улс тодорхой хэмжээний үхрийн мах импортолдог. Үхрийн махны импортыг бууруулах боломжтой юу?

-Үхрийн махны импорт их хэмжээтэй биш. Дотоодын дээд зэрэглэлийн ресторанууд хоолныхоо стандарт шаардлагад нийцсэн үхрийн мах оруулж ирдэг. Монгол Улс дөрвөн сая үхэртэй. Бид олон үхэртэй биш ч үхрийн махны чанарыг сайжруулах, үржлийн бодлогод анхаарах, зөөлөн, чанартай мах боловсруулах тал дээр яам бодлого барьж байгаа. Үржлийн үхрийн өндөр хөгжилтэй орнуудаас оруулж ирэхээр худалдаж авахаар төсвийн тодотголд тодорхой төсөв суулгасан. Үхрийн фермийг төв суурин газар байгуулж өндөр зэрэглэлийн ресторануудын гадаадаас импортолж байгаа үхрийн махаар хангах бодлого баримталж байгаа. Бид жилд 150 мянга орчим тонн мах экспортлох боломжтой орон. Монгол Улс өөрөө хүнс, хоол зэрэг жижиг дунд үйлдвэрлэлийг бид өөрсдөө хийх ёстой. Яамны зүгээс эхний ээлжинд бид дотоодын хүнсний хэрэгцээг хангаж, цаашид экспортод гаргах талаар бүх салбарт ажиллах ёстой. 

-Нөөцийн мах бэлтгэх үү?

-Нөөцийн мах худалдан авах чиглэлээр тодорхой хөрөнгө улсын төсвөөс гаргасан. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын малчдын махыг төр худалдаж авна. Мөн өвс бэлтгэхэд хүндрэлтэй бүсийн малчдын махыг өвсөөр солих тодорхой шийдвэрүүд гарсан.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн дэмжлэг маш их дутагддаг. Энэ жил жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ялангуяа хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжихэд ямар бодлого баримталж байна вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгож буй. Улсын төсөвт мөнгө суулгаж чадаагүй ч өмнөх зээлийн эргэн төлөлтөөс тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байна. тухайлбал, ажлын байраар хангах, тоног төхөөрөмж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна. Мөн Засгийн газраас бодлогын зээлийг жижиг, дунд үйлдвэрийн салбарынханд олгож байгаа. Зээлийн эх үүсвэр дутагдалтай, зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа хүндрэлүүд үүсч байгаа ч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өмнөх онуудтай харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Засгийн газар зөв бодлого явуулсны хүчинд хөрөнгө оруулалт эргээд сэргэж байна. Гадаадын компаниуд хамтран үйлдвэр байгуулах, хамтран ажиллах саналууд ирж байна. Засгийн газар гадаадаас орж ирж байгаа хөнгөлөлттэй зээл, тусламжийн чанар, үр дүн өгөөж нь Монголын улсад, дотоодын аж ахуй нэгжид хэрхэн тусах вэ гэдэгт онцгой анхаарч байна. 

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй