Д.Мэндбаяр: Юм хийхгүй байвал алдах ч үгүй, онох ч үгүй

2017-06-05

Монгол Улсын ардын жүжигчин Д.Мэндбаяртай ярилцлаа. Түүний талаарх хамгийн сүүлийн үеийн сонин хачин гэвэл Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах "Cinema аwards” наадмаас “Ээж” киноны дүрээр шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм. Иймд энэ тухай яриагаа эхлэв.

-Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах "Cinema аwards” наадамд “Ээж” киноны эхийн дүрд тоглон шилдэг эмэгтэй жүжигчин болсонд баяр хүргэе. Энэхүү наадмын тухайд болоод тоглосон уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-“Ээж” хэмээх уран бүтээлийг залуу авьяаслаг зохиолч Б.Мөнхтуяа бичиж, найруулагчаар нь жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажилласан юм. Тус уран бүтээлийн зохиолыг Б.Мөнхтуяа 10 гаруй жил бичиж, улмаар эхийн дүрд нь намайг тоглуулах санал ирүүлсэн. Өдий насанд “Ээж” уран сайхны киноны эхийн дүрд тоглох болсон маань бас нэгэн хувь заяа юм уу даа. Миний уран бүтээлийн их зам болоод өнгөрсөн амьдралдаа үзэж, харсан Монгол эхчүүдийн олон сайхан зан араншин, нийтлэг эх хүнийг төлөөлөн энэхүү дүрийг бүтээсэн гэж хэлж болно. Киноны зураг авалт өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлчээр Дорноговь аймгийн Зүүнбаянд хийгдсэн болохоор шороон шуурга ихтэй, ер нь цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд киноны багийнхан ажилласан.

-Дээрх нутагт ихэнхи зураг авалтаа хийсэн гэсэн үү?

-Тийм. 80 гаруй хувийг авсан байх шүү. Кино сайн болох уу, муу болох уу гэдэг хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдээс их шалтгаалдаг л даа. Харин энэхүү уран бүтээлийн хамт олон үнэхээр сайн ажилласан. Тиймээс уран бүтээл маань үзэгч түмэнд их хүрсэн дээ. Миний шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн маань энэ бүх хүмүүсийн ач тус, үр шим юм аа. Мөн хаврын хавсарганаар Зүүнбаянд зураг авалт хийж байхад уугуул нутгийн ард түмэн бидэнд чин сэтгэлээсээ тус дэм болж байлаа. Тэр нутгийн ард түмэн “Мэндбаяр гуай ирчихсэн байна. Энэ их шуурга салхитай үед ажиллаж байгаа болохоор ядарчих вий дээ” гэсээр өдөр бүр борцтой, банштай цай хийж авчирдаг байсанд үнэхээр их баярлаж байна. Энэ их сэтгэлээр манай кино багийнхан маань ажилаа амжилттай хийж дуусгасан.

-Энэ киног үзээгүй хүн байж магад. Тиймээс та агуулгынх нь талаар товч танилцуулахгүй юу?

-1986 онд Дорноговь аймгийн Зүүнбаян хотод өрнөдөг юм. Гол дүрийн ээж буюу Ханд 63 настай, Увс аймгийн малчин хүн. Хэнзхэн гарсан ганц хүүтэй. Хүү ээжийнхээ хайранд юугаар ч дутахгүй өсөж, цэргийн сургуульд суралцаж, төгсөөд Ардын армид албаа үргэлжлүүлэн хааж байхдаа, хайртай ээжээ удахгүй ирж авна гэж хүүгийнхээ хэлсэн баярт мэдээг сонсож Ханд хүлээнэ. Гэвч хүү нь ээжийгээ ирж авах биш, ээж нь хүү рүүгээ явах хэрэг гардаг юм. Учир нь хүү нь хэрэгт холбогдож шоронд орсноор үйл явдал өрнөж, ээж нь хорвоогийн бүх зовлон бэрхшээлийн өмнө үрээ хайрлах эхийн цагаан сэтгэлээр бамбай хийн тулалдаж, ялалт байгуулдаг. Монгол эхчүүдийн нийтлэг араншин, эх хүний үрээ гэсэн сэтгэл ямар байдаг вэ, Монгол эхийн ухаан бусдаас арай өөр шүү гэдгийг энэхүү уран бүтээл хүргэж байгаа юм. Ийм сайхан эх хүний дүрийг өдий насандаа бүтээж, шилдэг гол дүрийн шагнал хүртсэндээ баяртай байна. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Башкортостан улсын нийслэл Уфа хотноо зохион байгуулагдсан "Серебряный Акбузат" кино фестивалаас миний бие энэхүү уран бүтээлийн ээж дүрээр "Шилдэг эмэгтэй дүр"- ийн шагнал авсан. Манай улсаас энэхүү наадамд тавиад жилийн өмнө “Ардын элч” киноны Ариунаад тоглосон гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн гуай мөнгөн шагнал авч байсан түүхтэй. Энэ бол Зүүнбаянчууд, кино багийнхан, миний гэр бүл, үр хүүхдийн минь сэтгэлийн галаар дулаацсан уран бүтээлийн үр шим ээ.

-Энэхүү наадам жил бүр уламжлал болон зохион байгуулагдах уу?

-Уламжлал болгон зохион байгуулагдах талаар мэдэхгүй юм. Ер нь манай улсад кино үзвэр гаргаж, олон түмэнд хүргэдэг кино театрууд хамтран Монголд анх удаа кино урлагийн их наадам зохион байгуулсанд үнэхээр талархаж байна. Намайг залуу байхад кино наадмыг хувь уран бүтээлч болоод кино үйлдвэр зохион байгуулдаг байлаа шүү дээ. Тухайн үед шинээр гарсан уран бүтээлийг кино театрууд авч гаргадаг, заримыг нь хүн үзэхгүй байна гээд буцаадаг, олсон хэдэн төгрөгийн ихэнх хувийг кино гаргасан газар нь авчихдаг байсан. Харин одоо үед кино театрууд боловсронгуй болж, үзэгч түмэндээ бидний бүтээсэн уран бүтээлийг сэтгэл гарган хүргэдэг болж.

-Сүүлийн үед шинээр гарч ирж буй киноны тухайд таны бодол ямар байдаг вэ?

-Сайн уран бүтээл ч байна, бага зэрэг тааруу болсон кино ч байна. Гэхдээ залуучууд юмыг хийж, бүтээж байна гэдэг сайн хэрэг. Хийж л байхад болдог юм, алдсан ч алдаан дээрээ суралцах боломжтой. Юм хийхгүй байвал алдах ч үгүй, онох ч үгүй шүү дээ.

-Тайз дэлгэцийн их урлагт анх хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу?

-1957 онд намайг долдугаар ангид байхад манай ангийн багш Дэндэв гэж хүн байлаа. Монголын радиод олон жил сэтгүүлч хийсэн, хэл уран зохиолын багш хүн л дээ. Багш маань “Муурын байшин” гэдэг жүжгийг тавиад ангийнхаа хүүхдүүдийг тоглуулсан юм. Би тэр жүжигт баян муурын дүрд тоглож байлаа. Тэгэхэд л би анх драмын жүжиг гэж байдаг юм байна гэдгийг мэдэж авсан юм. Манай сургууль төмөр замын сургууль байсан болохоор бид жүжгээ төмөр замын дагуу Сайншанд хүртэлх зөрлөгүүдээр явж тоглодог. Анх урлагийн зах зухаас мэдэрч эхэлсэн үе минь гэвэл энэ юм даа. Үүнээс хойш өдгөө театрын урлагт 50 гаруй жил ажиллалаа. Өдгөө 180-аад жүжгийн гол ба туслах дүрд тогложээ. Монголын тайз дэлгэцийн их урлагт оруулсан хувь нэмрийг төр засаг, түмэн олон маань үнэлж, 2005 онд ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хайрласан.

-Та хамгийн анх ямар киноны ямар дүрийг бүтээж байсан бэ?

-Нэрт зохиолч Ч.Лодойдамба агсны зохиол, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуайн найруулсан “Энэ хүүхнүүд үү” киноны Должингийн дүрд тоглосон маань миний хамгийн анхны дэлгэцийн дүр байсан юм. Тухайн үед би оюутан байлаа. Р.Доржпалам гуай манай ангид киноны түүхийн хичээл заадаг, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай тайзны яриа, Э.Оюун багш театрын түүх заадаг байж билээ. “Энэ хүүхнүүд үү” кино 1962 онд хийгдсэн. Багш нар маань энэ кинонд тоглосон, найруулсан болохоор манай ангийнхан бүгд туслах дүрд тоглох боломж олдсон юм. Манай Н.Мягмар Дулмаагийн дүрд, би найз охин Должингийнх нь дүрд тоглож байлаа. Кинонд тоглох эхлэл болсон энэхүү сайхан уран бүтээл өнөөдрийг хүртэл хүмүүсийн үзэх дуртай бүтээл хэвээр байдагт баярлаж явдаг.

-Өдий олон жил кино урлагт зүтгэж, олон сайхан дүрээр үзэгч олонтойгоо уулзлаа. Ер нь таны бүтээсэн дүрүүдээс өөрийн тань амьдралд хамгийн ойрхон нь хэний дүр байсан бол ...

-Ер нь хүмүүс намайг “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяа баатраар ч төсөөлөн магтдаг, “Мандухай цэцэн хатан”-ы Юнгэн хатны дүрээр ч бодон муулдаг. Ингэж олон түмнийхээ дунд тоглосон киноныхоо дүрээр сайн, муугаар хэлүүлэх нь жүжигчин хүний хөдөлмөрийн үр шим байх хэмээн санадаг.

-Та Ховд аймгийн Манхан сумын хүн. Танай нутгаас төрөн гарсан алдартнууд хэн, хэн байна вэ?

-Олон ястны өлгий нутаг Ховд аймгаас төрөн гарсан алдартнууд их бий. Харин манай нутгаас Монгол Улсын баатар хилчин Цэндийн Олзвой, хөдөлмөрийн баатар Борондонгийн Лувсан, Улсын их хурлын дарга асан Дамдины Дэмбэрэл гуай гээд хүмүүсийн мэдэх олон сайхан алдартнууд төрөн гарсан байдаг.

-Аав, ээжийнхээ тухай болоод гэр бүл, үр хүүхдийнхээ талаар ярихгүй юу. Ач зээ хэд хүрч байна?

-Миний аав Ховд аймгийн Манхан сумын харьяат Л.Дагвадорж гэдэг хүн байлаа. Төмөр замын хамгийн анхны ажилчдын нэг. Халхын голын дайнд орж “Бид ялав” гэсэн тэмдэг, “Алтан гадас”, “Цусан гавьяаны одон”-гоор шагнуулсан, шударга, сайхан сэтгэлтэй, хүний мөстэй хүн байсан даа. Өдгөө амьд сэрүүн байсан бол зуун настай буурай байх байж дээ аав минь. Бага нас минь Зүүнхараад өнгөрсөн. Аав маань ах, бид хоёрыг Сайншанд хүртэл вагондоо авч явдаг байсан. Зуны цагт яшик гэдэг жижиг ачааны вагонд амьдардаг байлаа. Ингэж явсаар л аав минь бид хоёрын хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэсэн. Намайг хоёр настай байхад ах бид хоёр аавыгаа дагаж, хотод орж ирсэн. Тийм болохооор хар багаасаа ээжээсээ хол өссөн. Би ханьтайгаа анх 1968 онд танилцаж, 1971 онд нэг гэрт орсон юм. Өнөөдрийг хүртэл 40 гаруй жил хамт амьдарч байна. Миний хань бид хоёр өдгөө гурван сайхан үртэй, арван ач, зээ, дөрвөн гучтай өнөр олуулаа, энх тунх, элбэг хангалуун амьдарч явна.

Эх сурвалж: MNB.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй