2017-03-13
“Mongolian next top model” дэлхийн шоуг "Боловсрол" ТВ монголынхоо үзэгчдэд хүргэж хэсэгтээ л үзэх юмтай байлгаж, бас ч гэж модель, загвар өмсөгч гэгч мэргэжлийн хүнд хэцүүг олон таниулж өчигдөр шилдэг оролцогчоо шалгарууллаа. Загвар өмсөгч Тайра Банксын олонд танигдсан энэ шоу загварын ерөнцийн дуулиантай томоохон шоу.
Дэлхийн поп, энтертэйнмент соёлд өөрийн нөлөөгөө үзүүлж чадсан энэ реалити шоу 2003 оноос эхлэн зохион байгуулагдаж ирэхдээ олон загвар өмсөгчдийг загварын ертөнцөд таниулж чаджээ. Гэвч Монгол хувилбарын шилдэгийн шилдэгийг шалгаруулах шоу нэвтрүүлэг уйтгартай, урам хугармаар болж өнгөрлөө. Бас үнэндээ л хэт монголжсон шинжтэй болжээ.
Бүхэл бүтэн гурван цаг зар сурталчилгаа, давхардаж гарсан хэдэн дүрс, бэлтгэгдээгүй илүү үгтэй яриа шилдэг загвар өмсөгчөө хүлээж байсан үзэгчдийг бухимдуулж, мессэж санал асуулга шүүгчдийн саналд яагаад ч нөлөөлж чадахааргүй хувь эзэлсэнд бас багагүй цухалдав. Энэ гурван цагийн турш монгол загвар зохиогчдын ур сайтай бүтээл, загвар өмсөгч охидын гоо сайхан, шилдэг гурван оролцогчын өрсөлдөөн, ур чадвар хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээсэн хэсэг байсан ч даанч бага цагийг эзлэв.
Шилдэг гурван өрсөлдөгчөөсөө нэгийн нь хасчихаад шүүгчид үлдсэн хоёр охиныг магтаж гарав. Шүүгч Нансалмаа “Үүрд сэтгэлд минь хоногшин үлдэнэ” гэсэн үгийг хэдэнтээ хэлж нулимс унагав. Эцэст нь арай гэж гурван цагийн урт удаан шууд дамжуулалтын дараа ялагч тодорч үүний араас ивээн тэтгэгч, спонсор, шүүгч зэрэг зохион байгуулалтын багийнханы үг хэлэх, бэлэг гардуулах ёслол эхлэв ээ.
Хамгийн хачирхмаар нь тус нэвтрүүлгийн хүндэт зочин, индэрт уригдан шагнал гардуулахаар гарч ирсэн, Гэр контентийн ТУЗ-ийн дарга нь үг хэлэхдээ ялагчид баяр хүргэсэн ч үгүй, үл хүндэтгэсэн өнгө аясаар спонсорууддаа баярласнаа хэлснээр дуусав. Энэ мэт цааш үргэлжлэн шүүгч болон үг хэлсэн хүмүүс ямар мундаг шоуг, яаж ядарч зүдрэн энэ нэвтрүүлэгийг хийж, яаж олон хүн үзсэн тухай эх захгүй магтаал ундрав.
Энэ үед өөрийн эрхгүй “Авьяаслаг монголчууд”-ын сүүлийн дугаарт багийнхан нь, ивээн тэтгэгчид нь гарч ирсэн билүү, хэр хэцүү бэрх байснаа ярьсан билүү яаалаа гэж бодоход хүрэв. Бүхэлдээ нэвтрүүгийн зохион байгуулалт маруухан болж найр наадам шиг сүүлдээ хавтгайрч дуусав. Нэвтрүүлэгийн хамгийн муу дугаар сүүлийн дугаар байсаныг сошиал ертөнц ч шаагиад авав.
Б.Одко
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд