2017-01-10
Монгол Улсын Засгийн газар түүхэндээ нийгмийн тулгуур багана болсон гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг төрийн бодлогоор цогцоор нь хэрэгжүүлэх агентлагтай боллоо. Эрхлэх асуудлынхаа хүрээгээ тэлж, олон ажил хийхээр төлөвлөөд буй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиунтай агентлагийн үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар ярилцлаа.
– Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар бүтэц, зохион байгуулалтаа шинэчиллээ. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны чиглэл хэрхэн өргөжиж байна вэ?
– Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрыг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болгосныг уншигчид маань мэдэж байгаа болов уу. Өмнө нь зөвхөн хүүхдийн асуудал хариуцдаг байсан бол одоо зорилго, алсын хараа, үйл ажиллагаа нь өргөжиж, гэр бүл, залуучуудын хөгжлийн асуудлыг давхар хариуцан ажиллахаар боллоо. Энэ нь гэр бүл, залуучуудын хөгжлийн асуудлыг хүүхдийн хөгжил, хамгаалалтай хамтад нь шийдвэрлэх төрөөс хүн амын бүлгийн асуудлыг цогцоор нь авч үзэх бодлогын томоохон өөрчлөлт юм. Хэдийгээр манай байгууллагын үйл ажиллагаа өргөжсөн ч бид хуучин орон тоогоороо ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл ажлын төлөвлөлт, гүйцэтгэл нягт, чамбай байх шаардлага эндээс үүсч байна гэсэн үг. Бага нөөцөөр, богино хугацаанд Монгол улсын цаашдын хорин жилийн өнгийг тодорхойлох том хариуцлага бидний өмнө тавигдаж байгаа юм. Одоогоор агентлагийн зүгээс харьяа газрууд, 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн салбар газар, хэлтэс, төвүүдийг нэгдсэн арга зүйн удирдлагаар хангаж чиглэл, зөвлөмж өгч ажиллаж байна. Агентлаг ч гэлтгүй орон нутгийн салбар газар, хэлтсүүдийн үйл ажиллагаа өргөжсөн ч орон тоо нэмэгдээгүй, бид энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр тооцоо, судалгааг гарган ажиллаж байна. Хэдийгээр цөөн орон тоо, бага төсөвтэй ч гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлыг хариуцан ажиллаж байна. Бид хичээж байна, гэхдээ хүний нөөц болон бусад нөөцийг эргэн харах зайлшгүй шаардлагатай байгаа.
– “Гэр бүл” гэдэг энэ үгэнд улс орон бүхэлдээ багтдаг. Тэгэхээр гэр бүл тогтвортой, амгалан байх нь чухал. Шинэ агентлаг Залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр ямар ажил хийх вэ?
– Залуу гэр бүлийг дэмжих нь манай агентлагийн анхаарч буй гол ажил. Улс орны нийгмийн бодлогын гол цөм нь гэр бүл. Бид эхний ээлжинд гэр бүлийн хөгжлийн асуудал болон тогтвортой байдлыг хэрхэн хангах, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох зорилгоор гэр бүлийн хөгжлийн чиглэлээр ажилладаг ТББ-уудтай санал солилцох уулзалтыг есдүгээр сард зохион байгуулсан. Цаашид төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсэн нэг ойлголтод хүрч зорилго чиглэлээ зөв тодорхойлж, нийгмийн бодлогын гол хүчин зүйл болсон гэр бүлийн асуудалд хамтран ажиллаж, анхаарлаа хандуулж, ажлын уялдааг сайжруулахад анхааран ажиллаж байна. Мөн бид ХНХ-ын сайдын 2016 оны А/186 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж улмаар зүйл, заалт бүрээр ярилцаж хэлэлцэж байна. Үүнээс гадна мэдээллийн суурь баазтай болохын тулд 2010 онд хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгааг ч дахин хийх нь зүйтэй гэж харж байна.
–Нийгмийн хөгжлийн гажуудлаас үүдэлтэй стресс, бухимдал их байна.Энэ нь хүүхдийн хүмүүжил, залуусын зан араншин, гэр бүлийн харилцаа зэрэгт сөргөөр нөлөөлдөг.Үүнд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
– Яг таны анзаарсан энэ их бухимдал ялангуяа цахим орчинд маш их ажиглагдаж байна. Олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, сайтуудад ихэвчлэн гэмт хэрэг, осол, хулгай дээрмийн мэдээ тавигддаг. Залуус хүртэл энэ төрлийн мэдээллийг сонгон уншиж, сонирхдог болсон. Хүүхэд, залуусын тархинд тэр хэмжээний нөлөө үзүүлж, хүчирхийлэлд дасгаж байна. Нийгмийн 15 хувьд тохиолдож буй сөрөг үзэгдлийг 85 хувийн эерэг хандлагаар зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Нийгэмд эерэг мэдээлэл, эерэг нөлөөлөл, үлгэр дууриалал нэхэгдэж байна.
-Манай Улсыг залуучуудын орон хэмээдэг ч өнөөдрийг хүртэл тэдэнд чиглэсэн төрийн бодлого байсангүй. Тэгвэл эх орны баялаг бүтээгчид болох залуучуудын хөгжлийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
– Монгол Улсын нийт хүн амын 34,9 хувийг залуучууд эзэлдэг төдийгүй хөдөлмөрийн насны иргэдийн 55 хувийг эзэлдэг гэсэн судалгаа 2015 онд гарсан. Гэвч Монгол улс залуучуудын хөгжилд чиглэсэн бодлого, хөтөлбөр, хуульгүй явж ирснээс өнөөдөр залуучуудад боловсрол, хөдөлмөр эрхлэлтээс эхлээд олон асуудал тулгамдсаар байна. Энэ бүхэнд үндэслэн манай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын санаачлагаар манай агентлаг яамтайгаа хамтран “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийн анхны хувилбарыг боловсруулан энэ долоо хоногт Засгийн газарт өргөн барих гэж байна. Мөн өсвөр үе, залууст чиглэсэн эрүүл зан үйл, хэв маягийг хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 11-р сарын 21-нээс 12-р сарын 01-ны хооронд зохион байгуулж байна.
– Хариуцлагатай алба хашиж буй хүний хувьд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын одоогийн нөхцөл байдалд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
– Монгол улс эрчимтэй хотожсон энэ нөхцөл байдлыг 1990 оноос өмнөх ба түүнээс хойшхи буюу өнөөдрийг хүртэлх хоёр том бүлэгт хуваан авч үзэх нь илүү бодитой юм. Нэг нийгмийн тогтолцооноос шилжих явц нь яах аргагүй хүүхэд, залуусын сэтгэлгээнд өөрчлөлт оруулж таарна. Тиймээс бид хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүл, эцэг эхийн хүмүүжил, төлөвшил, гэр бүлийн боловсрол, эцэг эх болоход нь бэлтгэх, эрүүл хүүхэд тээх, өсгөх, хөгжүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улс орноо хөгжүүлэх эрмэлзэлтэй идэвхтэй иргэд болгох зэрэг асуудлыг цогцоор нь төлөвлөж шийдвэрлэх цаг нь болсон байна. Энэ чиглэлээр ажилладаг ОУБ, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ТББ-уудын хүчин чармайлт, үйл ажиллагааны үр дүнг ч бид нэгтгэн дүгнэж цаашид хэрэгжүүлэх стратеги, төлөвлөлтөндөө бодлогын өөрчлөлтүүдээ тусгах шаардлагатай байгаа. Бид цаашид гэр бүлд суурилсан хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх чиг хандлагыг баримтална. Өөрөөр хэлбэл хүний хөгжилд суурилсан хөгжлийн бодлого, тогтолцооны хүрээнд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ажиллахаар зорьж байна. Хүүхдээ аливаа хүчирхийлэлд өртсөний дараа үйлчилгээ үзүүлэх бус хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хөгжлийг нь дэмжих, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Залуу гэр бүл, хүүхэд, залуучууд бол Монгол улсын ирээдүй. Улс орныхоо ирээдүйг айх айдасгүй, аюулгүй байлгах нь эцэг, эх бидний үүрэг. Бас төрийн үүрэг. Дэлхий дахин даяарчлагдаж байна гэх боловч үнэндээ дангаарших тухайд ач холбогдол өгч байгаа энэ цаг үед бид Монгол гэсэн ухаанаа, ахуй, соёл, өв уламжлалаа үр хүүхэддээ хэрхэн шингээж авч үлдэх вэ? гэдэг нь манай байгууллагын гол бодлого байх учиртай.
ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДДАА ХӨРӨНГӨ ОРУУЛААГҮЙ УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ БАТАЛГААГҮЙ байх бөгөөд Монгол хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийн өнөөгийн орчин хүүхэддээ хөрөнгө оруулах цаг болсныг илтгэн харуулж байна. Хөрөнгө оруулалт гэхээр манайхан барилга байгууламж, мөнгө санхүүгээр дэмжих гэж явцуухан ойлгодог. Үнэндээ эцэг, эх, ахмад настан, багш сурган хүмүүжүүлэгчид, томчуудын үлгэрлэл, нийгмийн зөв хандлага, эерэг сэтгэлгээ нь хүүхдэд зориулж буй үнэлж баршгүй баялаг, хөрөнгө оруулалт гэж би эх хүний хувьд бодож явдаг юм.
– Өнгөрсөн 9-р сарын 1-нээс Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийн явцад та ямар үнэлэлт өгч байна вэ?
– Хэд хэдэн үндэслэл, гарцаагүй шалтгаан байсан учраас “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг баталсан. Энэ нь цахим орчин, хэвлэл мэдээлэл, сургуулийн болон гэр бүлийн орчин дахь хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын зөрчил, сөрөг харилцаануудыг зохицуулах шаардлага тулгарсантай холбоотой. Хүүхдийн эрхийн тухай хууль бол өөрөө суурь хууль. Уг хуулинд хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалахаас гадна төрийн болон бусад байгууллагуудын хүүхдийн эрхээр дамжсан ирээдүйнх нь өмнө хүлээх үүрэг хариуцлагыг уялдуулж өгсөн. Харин Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхэд нийгмийн харилцаанд орохдоо өөрийнх нь эсрэг чиглэсэн аливаа хүчирхийллээс хамгаалуулах явцыг тусгаж өгснөөрөө суурь хуулиа баталгаажуулж байгаа хэрэг. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд 18 журмын төсөл боловсруулж хэлэлцүүлсэн. Одоогоор таван журам нь батлагдсан. Нийгмийн захиалгаас үүдэлтэй батлагдсан хуулиуд учраас хэрэгжилт сайн байна гэж үзэж байна. Харин Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулан 2017 оны улсын төсөвт 400,0 сая төгрөг батлууллаа.
-Хүүхдийн тусламжийн “108” утсыг Үйлчилгээний төв болголоо.Ингэснээр ямар үр дүн гарах бол?
– “108 хүүхдийн тусламжийн утасны төв”-ийн хувьд саяхныг хүртэл тодорхой статусгүй гурван талт санамж бичгийн хүрээнд төсөл хэлбэрээр ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор манай агентлагийн дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв” хэмээн бие даасан байгууллага болгосон. Өмнө нь “Хүүхдийн тусламжийн утас-108”-д тухайн хүүхэд хандаж, хүчирхийллийн мэдээлэл өгөхөд цагдаагийн байгууллага руу шилжүүлдэг байсан. Гэтэл цагдаагийн албан хаагч гэмт хэргийн золиос болж, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг яах вэ гэдэг асуудал тулгардаг байсан бол одоо зөвхөн дуудлага хүлээн авч шилжүүлдэг бус хариу үйлчилгээ, шаардлагатай тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг болсон. Тус утсанд хандсан дуудлагын 10 орчим хувь нь халуун дуудлага байдаг. Өөрөөр хэлбэл зайлшгүй тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэсэн үг. Хүүхдүүд “Хүүхдийн тусламжийн утас-108”-аас зөвлөгөө, мэдээ, мэдээлэл хүсдэг. Тиймээс мэдээллийн баазаа шинэчилж, зөвлөгөө өгч буй мэргэжилтнүүдээ чадавхжуулах тал дээр анхаарч байна. Энэ дашрамд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан манай агентлагтай олон талт ажлаар хамтран ажиллах, тухайлбал 108 төвийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт хийх санаачилга гарган дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлье.
–Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт “Өнөр бүл” төв харьяалагддаг. Тус төвийн үйл ажиллагааг шинэчлэх үү, үүнд ямар бодлого барьж ажиллах вэ?
– “Өнөр бүл” хүүхдийн төвд нилээд өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай байгаа. Учир нь дэлхий нийтээрээ төвлөрсөн асрамж, халамжийн үйлчилгээнээс аль эрт татгалзсан. Ер нь асрамжийн төвд амьдардаг хүүхэд бие даан амьдрах чадваргүй болчихдог муу талтай. Нэгэнт тухайн хүүхдийг насан туршид нь харж халамжлахгүйгээс хойш бие даан амьдрах чадварт сургах хэрэгтэй. Бид халамжийн хувилбарт үйлчилгээний хэлбэрүүдээс тухайн хүүхдэд тохирох хувилбарыг сонгон ажиллахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хийж байна. Тиймээс хувилбарт үйлчилгээний мэргэжилтэн хэмээх орон тоог бий болгосон.
-Нэгэнт л хүүхдийн асуудал ярьсан болохоор нэг зүйлийг тодруулъя. ЕБС-ийн сурагчдын дотуур байранд хүүхдүүдийн багагүй хэсэг нь амьдардаг. Танай байгууллагын зүгээс тэдгээр хүүхдүүдэд анхаарлаа хэрхэн хандуулдаг вэ?
– Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 557 дотуур байр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд 32 мянга гаруй хүүхэд амьдардаг. Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй цөөнгүй асуудал бий. Нэгдүгээрт, хүүхдийн хөгжил, оролцоо ойлгомжгүй, тодорхой бус байгаа нь ажиглагдсан. Тиймээс бид цаашид хүүхдийн хөгжлийн хөтөлбөртэй болох зорилго тавьж ажиллана. Хоёрдугаарт, хүүхдүүд дотуур байранд зургаан настайдаа ордог. Энэ нь зөвхөн хүүхэд дотуур байранд амьдрах асуудал бус халамжилж асрах, хамгаалах, үүргийг давхар хүлээж байгаа явдал. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 6-8 настай хүүхдийг дотуур байранд хамруулах талаар тусгахдаа хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт таарсан сургалтын арга зүйг боловсруулахаас гадна дотуур байран дахь хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөртэй болох нь чухал гэдгийг онцолсон. Тэдгээр хүүхдүүд жилийн 12 сарын 9-г нь эцэг эх, гэр бүлийнхнээсээ хол өнгөрөөдөг. Энэ хугацаанд хүүхдүүд баг, хамт олон болох төдийгүй багш нь тэдний аав, ээж болж байна. Тиймээс ажилчид хүүхдэд ээлтэй, сургалтын арга зүйг боловсруулж, хүүхдийн дотуур байран дахь аюулгүй байдлыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
–Хүүхэд хамгааллын тухай хуулинд боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг тусгасан байдаг. Тухайлбал ЕБС-ийн сурагчдын сурч боловсрох, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх тал дээр дотуур байрны орчин нөхцөл ямар байна вэ?
Сүүлийн долоон жилийн турш дотуур байранд амьдрах хүүхдийн тоо буурсан. Өөрөөр хэлбэл ЕБС-д суралцаж байгаа хүүхдийн тоо буураагүй боловч дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн тоо буурч байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Малчин өрхийн тоо багасч, суурин амьдралд шилжсээр байна. Нөгөө талдаа хүүхдийг дотуур байранд байлгахаас илүүтэй ах дүү, хамаатныдаа үлдээх сонирхол нэмэгдсэн. Одоогоор дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн орчин нөхцлийг тодорхойлсон дүрэм , журам гэж алга. 2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын баталсан нийтлэг журмаар 50 хүүхэд тутамд нэг дотуур байрны багш байна гэж заасан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны тушаалаар дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн өдрийн хоолны нормыг тогтоосон. Үүнээс өөр дотуур байран дахь хууль эрх зүйн орчныг зохицуулах журам тодорхой бус байдаг. Харин Монголд үйл ажиллагаа явуулдаг Норвегийн тусламжийн байгууллага болох “NLМ” нь сүүлийн жилүүдэд зөвхөн дотуур байранд амьдарч буй хүүхдийн хамгааллын асуудалд анхаарлаа хандуулсаар байна. Тус хамт олонд ч талархаж буйгаа илэрхийлье. Норвегийн тусламжийн байгууллагынхан 2017 оны Стандартчилал хэмжил зүйн газрын шинээр батлах төлөвлөгөөнд ЕБС-ийн дотуур байрны стандартыг тусгахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн бид шат шатандаа хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч торних эрхийг хангахын тулд дэс дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
– Шинэхэн агентлаг болоод ч тэр үү, та бүхний ажил ундарч байгаа юм байна ямартай ч цаашдын их үйлст нь амжилт хүсье. Та нийт уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?
Хүнээр хүн хийх нүүдэлчний дэвшилтэт соёл, үнэт зүйлийг орчин үетэй нь хослуулан хэрэгжүүлэх асуудалд бид анхаарал хандуулах нь зүйтэй юм. Дан ганц төр гэхгүйгээр ард иргэд бидний өөрсдийн нийгмийн оролцоо нь хойч үе болсон үр хүүхдүүдэд үлгэр дууриалал болдог учраас гэр бүл гэсэн анхан шатнаасаа бид эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэр л хүн бүрийн дэм, идэвхээр гэрэл гэгээтэй нийгмийн аз жаргалтай хүүхэд багачууд, эрч хүчтэй залуус, тогтвортой гэр бүлийг бий болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Танай сонины хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Нийт уншигчиддаа аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
ЭХ СУРВАЛЖ : ӨДРИЙН СОНИН Ц.САРУУЛ
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд