Өнөөдөр ёс суртахууны асуудал ярих цаг мөн үү?

2015-12-10

-Философийн ухааны доктор Б.Даш-Ёндон “Ёс суртахуунд гарч байгаа энэ олон алдааг засахгүй бол болохгүй л дээ.

 

 

Хээл хахууль, ёс суртахууных мөн үү, мөн. Гэмт хэрэг ёс суртахуунтай хамаатай юу, хамаатай. Албан тушаалын гэмт хэрэг гарч байна. Луйвар гарч байна. Энэ чинь ёс суртахууны доголдол мөн үү, мөн. Улс төр, ёс суртахуун хоёр бол нягт холбоотой. Тийм учраас хэцүү цагт ёс суртахууныг сайн ярих ёстой” (Өдрийн сонин.2015.№234)

-Нийтлэлч Б.Баабар: “Манай нийгэм дэх ёс суртахууны гэнэтийн хурдацтай уналт нь ардчилал, зах зээлийн тогтолцооноос болсон хэрэг биш.тогтолцоог буруу ойлгосон нийгмийн сэтгэлгээнээс үүдэлтэй” (Өдрийн сонин.2015.№244)

-Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-Үүл “Хуучин бид төр нэрийн дор дарга нарын эрх ашигт үйлчилдэг тэр нийгмийг буруутгаж тэмцэж байсан. Тэгээд ардчилсан хувьсгал хийж тэр болгоныг өөрчилж байлаа. Гэтэл өнөөдөр эргээд л дарга нарын төлөө үйлчилдэг төртэй болчихлоо. Одоо...дарга болох дуртай синдром бий болчихсон. Гэхдээ тэр үеийн дарга нар одоогийнх шиг бизнестэй байгаагүй, төрийн нэрээр хувийнхаа бизнесийг явуулдаггүй байсан юм. Энэ байдлаас болж ардчилал үзэшгүй, ой гутам төрхтэй болж байна” (Өдрийн сонин.2015.№251)

-УИХ-ын гишүүн асан, Хуульч, улс төр судлаач Б.Дэлгэрмаа: “Сандал ширээ, хувийн бизнесээ өөд татах дажин манайд энд тэндгүй байна. Нүдийг нь боогоод ухааныг нь тас баглачихсан юм шиг монголчуудын минь оюун ухаан юунд ингэтлээ самууран вэ гэж бодогдох үе олон боллоо”(Ардын эрх.2015.№002)

 

Ангич  үзэл сурталтай, нэг намаас тогтоосон хатуу дэг журам ноёрхож байсан,  зан үйлдлийн чөлөөт сонголт хийж хариуцлага хүлээж сурч дадаагүй хүн амтай, улс оронд ардчилал, зах зээлийн тогтолцоог зохистой хөгжүүлэх гол тулгуур цэг нь хүний өөрийнх нь өөрчлөлт юм байна гэж одооноос л ойлгогдож эхлэлээ. Хүний өөрчлөлтийн гол тулах цэг нь түүний ёс суртахууны өөрчлөлт-сэтгэл санааны ариусал мөн болж таарч байна. Өөрөөр хэлбэл чөлөөт сонголт хийж буй хувь хүн өөрийнхөө сонголтын эерэг, сөрөг үр дагавар, нийгмийн өмнө хүлээсэн ёс суртахуун, эдийн засаг,улстөр, эрх зүйн хариуцлага, үүргээ ухаарах түвшинд хүрсэн ёс зүйн боловсрол, итгэл үнэмшилтэй болсон байхаас нийгмийн өөрчлөлтийн хувь заяа олон талаар шалтгаалж байна гэсэн дүгнэлт бол өнөөгийн монголын нийгмийн үйл явцын сургамжаас үүдэн гарч байгаа юм.

Өнөөгийн байдлаар нийслэл хотод манай нийт хүн амын 44 хувь нь амьдарч байна. 1990 оноос эхэлсэн нийгмийн шинэчлэл, өөрчлөлтийн явцад чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, шинэ мэдээлэл, зах зээлийн өрсөлдөөнд ойртох зорилгоор хөдөөнөөс нүүдлэн ирж суурьшсан иргэдийн тоон механик өсөлтөөс хамаарч нийслэлийн хүн ам  1990 онд 586 200 байснаа өдгөө 2015 онд 1 314 500 болж өссөн байна Өнөөгийн нйислэлийн иргэдийн бараг 60 орчим хувь нь хөдөөнөөс шилжиж ирээд дунжаар 10 орчим жил Улаанбаатар хотдоо оршин суугчид байна. Нийслэлийн иргэд олон талын  мэдээлэлтэй, нийгэмд гарч байгаа өөрчлөлт, төр засгийн бодлогын үр дүнг өөрсдийнхөө амьдрал ахуй, сэтгэл санаагаараа хамгийн түрүүн мэдэрч үнэлэлт дүгнэлт өгөх боловсрол, чадвартай байдгаараа онцлогтой байна.

Германы орчин үеийн ёс зүйн судлаач Б.Сутор улс төр, ёс зүйн харилцааны асуудлыг судлаад энх амгалан амьдрал, эрх чөлөө, шударга ёс гурваас улс төрийн зорилго бүрдэнэ гэж дүгнээд эдгээрийн дотроос хамгийн чухал бүрдэл хэсэг нь шударга ёс мөн болохыг тэмдэглэжээ. Шударга ёс, улс төрийн ёс зүйн зангилаа чиглэл болдог. Шударга ёсны хэрэгжилтээр улс төрийн бодлого, үйл ажиллагааны зорилго, институчилсэн дэг журмын шинж, улс төрийн үйлдлийн ёс суртахууны чанар гэсэн гурван гол хэмжүүр тодорхойлдог гэж үзжээ.(Политическая и эономияеская этика.М.2001.стр.7)

ОТИС-ийн нийгмийн судалгааны төвөөс хийсэн судалгаагаар илэрсэн ёс суртахууны гол асуудал нь нийгмийн шударга ёсны завхрал, алдагдлын тухай дохио мэдээлэл байв. Нийслэлийн иргэдийн өгсөн дүгнэлтээр  нийгмийн шударга ёсны зөрчлийн хамгийн  анхаарлал татсан чиглэл нь төр засгийн эрх баригчид сонгуулийн үед өгсөн амлалтаа биелүүлээгүйгээс иргэдийн амьдралын түвшин дээшлэхгүй байгаа бодит байдал болж байна. Судалгаанд оролцогсдын дөрөвний гурав нь буюу 76 хувь нь өнгөрсөн 2 жилд амьдралынхаа түвшинг дордсон, өөрчлөлт гараагүй гэж үзжээ. Шинэчлэлийн, шийдлэлийн гэсэн тодотголтой засгийн газрууд өөрийнхөө мөрийн хөтөлбөрт “Цалин, тэтгэвэрийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ” гэж амалснаа хэрэгжүүлээгүй байна. Сонгогч олон түмний амьдралын түвшинг дээшлүүлнэ гэсэн амлалт өгч, төр, засгийн жолоо барих эрх олж авсан улс төрийн хүчин амлалтаа биелүүлэхгүй байна гэдэг бол нийгмийн шударга ёсны том завхрал юм гэж үзэж байна. Шударга ёсны энэ завхарлаас үүдэн өнөөгийн төр, засагт итгэх олон түмний итгэл алдарч, түүгээрч үл барам намгүй тогтолцоонд шилжих тухай мэр сэр ярих болж, дэлхийн ардчилалын жишгээс огт өөр аргаар шинэ төр засгаа байгуулах, эсвэл улс орныг удирдах эрх мэдэл авсан ч  шийдвэр гаргах болон бусад түвшинд ажиллууах боловсон хүчний нөөц чадамжгүй шинэ намуудыг сонгосон  эрээвэр хураавар тогтолцоо руу явах гэсэн гэнэн сонирхол, санаа ч цухалзах боллоо.

“Төр засаг иргэдийнхээ төлөө ажиллаж чадна гэсэн итгэл байна уу” гэсэн асуултанд судалгаанд оролцогсдын 47,8 хувь нь “үгүй” гэж хариулсан дүн гарч байгаа нь  нийслэийн иргэдийн бараг тал  хувь нь өнөөгийн төр засагт итгэхгүй байгаагаа илэрхийлжээ гэж дүгнэж болохоор байгаа юм. Улс орны хүн амын 44 хувь нь оршин суудаг нийслэлийн иргэдийн тал нь төр засагтаа итгэхгүй болно гэдэг монголын нийгэм итгэл хүндэтгэл хүлээх улс төрийн лидерийн дутагдалд оржээ гэсэн үг юм. Олон түмнийг араасаа дагуулах тодорсон лидергүй, нийгмийн шударга ёсны үзэл санааг тараан түгээж, хэрэгжүүлэх төлөвшсөн улс төрийн намгүй улс орон ардчилалын замаар урагшлахад хэцүү болж байна. Токиогийн их сургуулийн багш Шозо Отата “Эдийн засагт улс төрийн манлайлал чухал үүрэгтэй. Төрд чадваргүй хүмүүс гараад удахаар уналт үргэлжлээд байдаг тал бий. Японоор жишээ авч 1955-1990-ээд он хүртэл Либерал ардчилсан нам ноёрхож байгаад задарч Ардчилсан нам хүчээ авсан,одоо хоёр намын тогтолцоотой болсон Сүүлийн үед манай улсад улс төрийн манлайлал сайн байгаа. Шинзо Абэ ерөнхий сайд улс төрийн манлайлал эдийн засагт ямар чухал үүрэгтэйг баталсан хүн...Ямар ч бодлогыг хэрэгжүүлэхэд боловсон хүчин их чухал...Мейжигийн хувьсгалын гол санаа нь ийм байсан. Япон энэ хувьсгалаараа хүнээ бэлдэж чадсан учраас хөгжсөн” (Өдрийн сонин.2015.№ 248)  гэсэн дүгнэлт хийжээ. 

Амьдралын түвшин дордсон шалтгаанаа иргэдийн 49,3 хувь нь өргөн хэрэглээний барааны үнэ өссөнтэй холбон тайлбарлсан байна. Засгийн газрын хэрэгжүүлэхээр эхэлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн юу болсон бэ?, Чингис, Самурай бондоор зээлсэн мөнгө үр дүнгээ өгч, өргөн хэрэглээний барааны үнийг буруулдаггүй юм аа гэхэд тогтвортой түвшинд нь барьж чадсангүй юү гэсэн асуултууд гарч байна. Амьдралын түвшингийн бууралтаа төр засгийн алдаатай бодлоготой холбож үзсэн иргэд судалгаанд оролцогсдын 13,4 хувийг эзэлж байгаа юм. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төр засгийн бодлогын алдаатай бодлоготой амьдралын түвшнийхээ бууралтыг холбон үзэж байгаа иргэд нийтдээ 62,7 хувь байгаа нь өнөөгийн төр, засгийн үйл ажиллагаа, бодлоготой амьдралын түвшингийн бууралтаа холбоотой гэж үзэж байгаа гэсэн үг болж байна. Эндээс төр засгийн дээд удидлагад ажиллаж байгаа эрхмүүдийн ёс суртахууны асуудал тавигдаж байна. Учир нь ард түмний амьдралын түвшин 60 орчим хувиар дордсон дүн гараад байхад эрхэлж байгаа албан тушаалаа орхих, огцорох тухай ерөөс яригдахгүй байгаа нь :

-нэгд энэ эрхмүүд ард түмнийхээ төлөө ажиллана, тэдний аж амьдралыг дээшлүүлнэ гэж сонгуульд өрсөдөөгүй, харин амин хувийнхаа явцуу эрх ашгийн төлөө эрх мэдэлд хүрэх зорилготой байсан харагдаж байна

-хоёрт өөрсдийнхөө явуулж байгаа үйл ажиллгаа, баримтлаж байгаа бодлогод дүгнэлт хийх чадвартай улс төрийн хүчин биш болохоо харуулж байна

-гуравт гадны бэл чадалтай улс орнуудаас ямар нэг аргаар их хэмжээний мөнгө зээлж, сонгуулийн өмнө цалин тэтгэвэрийг нэмж байж дараагийн сонгуулж ахиу санал авч эрх мэдэлтэйгээ  үлдэх элдэв арга сүвэгчилж байгаа нь илт байна. Ард түмний хүлээлгэсэн итгэлийг биелүүлж аж амьдралыг нь дээшлүүлж чадахгүй байгаа мөртлөө өөрсдөө улс төрийн хариуцлага хүлээдэггүй, харин ч дахин эрх мэдэлтэйгээ үлдэх оролдлого хийж байгаа нь нийгмийн шударга ёсонд харш, олон түмэнд эд материалын болон оюун санааны их хэмжээний хохирол учруулах  ёс суртахуунгүй үйлдэл мөн.

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан парламент байгуулагдсан 25 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгэндээ: ”Бүгдээрээ хариуцлагатай, ёс зүйтэй улс төртэй болъё.. Ёс зүйн хариуцлага дээрээсээ л эхлэх ёстой. Харамсалтай нь өнөөдөр ёс зүйн хариуцлага харуулж байгаа төрийн өндөр албан тушаалтан, сонгогдсон болон томигдсон албан тушаалтан харагдахгүй байна. Монголд хариуцлагын тогтолцоо алга байна. Хариуцлагын тогтолцоо байхгүй бол ардчилал, ардчилсан нийгмийн тухай яриад хэрэггүй. Улс төрийн нам судалгааны байгууллага байх ёстой. Шилдэг шийдлүүд, шилдэг үзэл санаануудыг цуглуулж байх ёстой...Улс төрийн нам гэдэг нь албан тушаалд дуртай хүмүүсийн цуглуулга биш. Энэ бол манлайлагчид, Монголын шинэ өнгө, төрх болсон, монголын үнэхээр шигшээ баг л энд бүрэлдэж байх ёстой. Өнөөдөр улс төрийн намыг тойроод шигшээ баг бүрэлдэж байна уу, ямар баг бүрэлдэж байна. Монгол улсыг хариуцлагагүй болгож байгаа, энэ сонголтын ардчилалыг утга учиргүй болгож байгаа этгээдүүд нам дор цуглардаг болсон шүү... Хэрэв нам хариуцлагатай болохгүй бол төр хариуцлагатай болохгүй байна. Ёс зүй гэдэг бол улс орныг урагш нь түлхдэг. Хариуцлага гэдэг бол тогтвортой байдлыг бий болгодог” гэж өнөөгийн монголын нийгмийн улс төрийн амьдралыг ёс зүй талаас нь  дүгнэжээ.

“Өрх гэрт тулгарч байгаа эдийн засгйин асуудлаа шийдэх арга замаа тодорхойлно уу”  гэсэн асуултанд судалгаанд хамрагсдын гуравны нэг нь орлого сайтай ажлын байртай болох, мөн энэ тооны иргэд хэрэглэгээ хасч, орлого зарлагаа зохистой төлөвлөн амьдарч сурах” гэж тодорхойлсноос хоёр талын дүгнэлт хийж болохоор байгаа юм.

Нэгд: айл өрхүүд амьжиргааныхаа түвшинг дээшлүүлэх боломж олгохуйц ажлын байр нэн дутагдалтай, эндээс иргэд хувиараа ажил хөдөлмөр эрхлэж, сайн сайхан амьдрах эдийн засаг, эрх зүйн орчин бүрдэж чадаагүй байна,

Хоёрт. нэг талаас иргэд бүтээснээсээ илүү ихийг хэрэглэх гэдэг муу зуршлаасаа салж зах зээлийн жамаар амьдрах учиртайг ойлгож ухаарч байгаа төрх төлөв харагдаж байгаа юм шиг ойлгогдовч нөгөө талаасаа зохистой хэрэгцээ нь хангагдаж чадахгүй байгаа өнөөгийнхөө амьдралын түвшинг ойрын жилүүдэд тэвчиж өнгөрөөхөөс өөр зам гарц байхгүй болсныг хүлээн зөвшөөрч, цөхөрч байгаа бодит байдал илэрч байна гэж дүгнэж болохоор байгаа юм.

“Нийгэмд шударга ёс алга гэж хүмүүс ярьж байна. Та үүнтэй санал нийлэх үү?” гэсэн асуултанд  судалгаанд оролцогчдын 75,3 хувь нь “тийм” гэж хариулжээ. Сүүлийн жилүүдийн ажиглалт судалгаанаас үзвэл ардчилагдаж байгаа монголын нийгмийн тухайд ёс суртахууны уналт, доройтол дээрээсээ эхлэлтэй байлаа. Өөрөөр хэлбэл төр, засгийн дээгүүр албаныхан олон нийтэд ёс суртахууны хувьд хариуцлага хүлээдэггүй зохисгүй дүрээр харагддаг. Тухайлбал:1-д авилга хээл хахуульд автсан, 2-д улс төрийн хариуцлагаа ухамсарлаагүй, 3-д олон түмэнд өгсөн амлалтаа биелүүлдэггүй, 4-д эрх мэдэлд шунасан зэрэг ниймийн хувьд олон нийт, ялангуяа залуучууд, өсвөр үеийнхэнд үлгэр дууриал, зан үйлдлийн стандарт  болох учиртай дүр төрх нь ийнхүү ихэвчлэн сөрөг талаасаа ойлгогдож, үнэлэгдэхээр мэдээлэгдэж байна. Нөгөө талаас нь авч үзвэл төр, засгийн өндөр дээд албаныхны үнэн байдал ч ийм сүүдэртэй мэдээлэлийн бодит уг сурвалж болохоор төлөв байдалтай байгаа юм байна дүгнэж болох талтай байна. Ардчилсан үзэл санааг түгээж, өмгөөлдөгөөрөө  уншигч олон түмний дунд зохих үнэлэмжтэй болсон “Өдрийн сонин”ы зөвхөн 2015 оны 11-р сарын 24-нөөс 12-р сарын 1 хүртэлх 8 дугаарт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Д.Ганхуяг, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нарын улс төрчид өөрсдийн хийж байгаа ажлыг сурталчилж, сөрөг хүчнийхээ намыг шүүмжилсэн ярилцлага, мэдээлэл гарчээ. Төр засгийн дээд албаны улс төрчид Монголын өдөр тутмын сонинуудаар энэ мэтээр өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлсэн ярилцлага өгч, хийж бүтээж байгаа ажлаа  байнга сурталчилсаар байхад тэдний нэр хүнд байнга буурч байгаагийн учир юу вэ? гэсэн асуудал гарч байна. Эндээс өнөөгийн УИХ, Засгийн газрын гишүүд, намын удирдагчдын нэр хүнд олон түмний дунд унаж, тэдний улс төржсөн агуулгатай  ярилцлага, мэдэгдэл, мэдээлэлүүдэд олон түмэн үнэмшихээ больсныг харуулж байна. Манай төвөөс хийсэн чанарын судалгаанд хамрагдсан оюутан Майнбаяр “Манай улс ямар байгаа билээ. юу болоод байгаа билээ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Улс төр ямар байна улс орон тийм л байдаг. Төрийн дээд удирдлагад гарсан хүн ард иргэдийнхээ төлөө ажил хийх ёстой. Улс төр удирдах хүнд бусдын төлөө гэх сайхан сэтгэл, үнэт зүйлс, үнэлэмж, сайхан харилцаа байх ёстой. Би үнэхээр сэтгэл дундуур байгаа. Яагаад гэвэл улс орон маань яана даа,  аль улсын колони болох гээд их зүйлийг боддог болсон. Улс төрийн тэргүүнд ямар үзэлтэй, ямар бодолтой хүн гарна, тэр хүний үйл ажиллагаанаас манай гэр бүл шууд хамаарна. Манай ээж сүү компанид ажилладаг байсан, гэтэл шинэ захиралтай болсны улмаас  ажлаасаа халагдсан, Захирал өөр намын хүн байсан учраас ээжийг минь ажлаас нь халчихжээ” гэж өчсөн байхадБаянгол дүүргийн ХV хорооны өндөр настан Б.Ламжав гуай “Төрийн албанд дэвшиж байгаа хүмүүсийг дотоод ертөнц нь цэвэршээгүй, нийгэм, ард түмний тусын төлөө гэсэн ариун сэтгэл байхгүй, зөвхөн амин хувиа хичээгсэд зонхилж байна...Намын удирдлагууд мөнгөний шалгуурыг голлож зохисгүй хүмүүсийг нэр дэвшүүлж байгаа будлиантай, самуунтай улс төрийг бий болгож байгаа юм. Мөнгөөр зодож гарч ирсэн хүмүүс олигтой ажилладаг ч үгүй юм байна...Зөвхөн сонгуулиар олсон шархаа нөхөх гэж улайрдагийг хүмүүс хангалттай мэдэрлээ. Энэ бүхний эцэст улс орон эдийн засгийн уналтанд орж байна. Төрд гаргамааргүй, төсөвт ойртуулмааргүй хүмүүс байх юм гээд

Ертөнцийн гурван дайсан гэвэл:

Адуу малд чоно нэг дайсан

Амь зуулганд хулгайч нэг дайсан

Алтан төрд авилгач нэг дайсан” гэж хэлжээ.(Өдрийн сонин 2015.№247) Энэхүү чанарын судалгаагаар санал бодлоо илэрхийлсэн оюутан, өндөр настан хоёрын яриа өнөөгийн мянга мянган иргэдийн санал бодол, дүгнэлтийг төлөөлж байж ч болох юм. Ахмад, залуу үеийг төлөөлж буй энэ иргэдийн  санаа бодлын илэрхийлэлээс дүгнэлт хийж үзвэл

нэгдүгээрт: Өнөөгийн төр засгийн эрх баригчид бүх шатанд ажиллаж буй боловсон хүчнүүдийг намчирхан хальж, сольж байгаа нь улс орондоо нэгэнт бүрэлдэн бий болсон эрдэм боловсрол, ажлын туршлага, ёс суртахууны нөөц чадамжаа зохистой ашиглаж чадахгүй байгааг

 Хоёрдугаарт : хүн ам, нэгэнт бэлтгэгдсэн боловсон хүчнээ нам эвслээр нь ялган гадуурхдаг ёс бус үйлдлийн жишиг бий болж байгааг нотолж байна. 

“Нийгмийн шударга ёс  аль хүрээлэлд (салбарт) илүү үнэ цэнэгүй болж байна вэ?” гэсэн асуултанд судалгаанд оролцсон бараг 80 орчим хувь нь төр, захиргааны алба, шүүх, цагдаад шударга ёс илүүтэй алдагдсан гэж үзжээ.Боловсрол, хувийн хэвшлийн байгууллагад ажиллагсад болон оюутнуудаас бүрдсэн иргэд буюу судалгаанд оролцогчдын 60 орчим нь  өнөөгийн монголын нийгэмд шударга ёс хэрэгжихгүй байна гэж хариулсан нь манай өнөөгийн төр засаг эрх мэдэлгүй хүмүүст хүнийрхүү  ханддаг юм байна гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм.

Өнөөгийн монголын улс төрчид, эрх баригчдын шударга зан үйлийн гол хэмжүүрт :

Нэгд. Сонгуулийн үеэр намынхаа нэрийн өмнөөс амалсан амлалтаа эрх барьж буй хугацаандаа хэрхэн биелүүлж байгаагаар

Хоёрт: Эрхэлж байгаа албаныхаа үүргийг хэрхэн биелүүлж хэрэгжүүлж байгаагаар

Гуравт: Эрх мэдлээ ашиглаж, өөрийнхөө үүсгэн байгуулсан компани, хувьцаа эзэмшдэг аж ахуйн нэгждээ бондын мөнгөнөөс их зээл олгож, тендерт ялах боломж гаргаж байгаа эсэх асуудал юуны өмнө хамаарч байна гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дээгүүр эрх мэдэлтэй улс төрчдийн хувьцааг нь хүртдэг, ашгийг нь хуваалцдаг компаниуд олз ашиг ихтэй ажиллаж, бусад нь  уруудаж доройтох хандлага илэрч байна. Америкийн судлаач Р.Т.Де Джордж “шударга ёс бол америкийн ард түмний зан үйлдлийн үндсэн хэв маяг болдог үнэт зүйл мөн. Аливаа ажил хэрэгч үйлдэл, үйл ажиллагаа шударга байх ёстой гэсэн нэг л үнэлэмж америкт байдаг” гэж тэмдэглэсэн байна.(Р.Т.Де Джордж.Деловая этика.М.2001 стр.26). Өнөөгийн монголын шийдвэр гаргах түвшний улс төрчдийн зан үйлдлийн үндсэн үнэт зүйлс шударга ёс болж хараахан төлөвшиж чадаагүй байгаагаар барахгүй, харин ч эрх мэдлээ ашиглан шударга бусаар өмч хөрөнгө ахиу олж авах, илүү дээд эрх мэдэлд хүрэх гэсэн бодол санаа, дотоод хүсэл, шуналынхаа эрхшээлд оржээ гэсэн дүгнэлт хийж болохоор байдаг.

“Нийслэлийн иргэний хувьд та эрхэмлэж байгаа үнэт зүйлээ дурдана уу?” гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 82,5 хувь нь гэр бүлийн амгалан тайван байдал, бие биенээ эрхэмлэн хүндэтгэх зан чанар илүү хэрэгцээтэй байна гэж хариулжээ. Өнөөгийн зарим судалгаагаар Монголын айл өрхийн гуравны нэг нь буюу гурван айлын нэг нь хүчирхийлэлтэй амьдарч байна гэсэн дүн гарсан байдаг. Энэ тоогоор бол Монголын 720 000 өрх айлын 240 000 нь ямар нэг төрлийн хүчирхийлэлтэй амьдарч байна гэсэн үг болж байна. Хүчирхийлэлийн объектийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд, үлдэх хувь нь бараг хүүхэд, хөгшид болдог судалгааны дүн байна. Гэр бүлийн хүчирхийлэл яван явсаар нийгмийн хүчирхийлэл болон хувирч сэтгэл сэрдхийлгэм гэмт хэргийн тоо өсч, хүн хүндээ хүнийрхүү ханддаг болсны ёс суртахуунжсан тод илэрхийлэл нь шударга ёсны алдагдал ч байж болох юм гэж үзэж байгаа юм.

“Иргэнийхээ хувьд ямар асуудалд илүү санаа зовж байна” гэсэн асуудалд судалгаанд оролцсон иргэд нийслэлийн агаарын бохирдол, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түгжрэл, нийгмийн ёс суртахууны доройтол, төр засгийн удирдлагын завхрал гэсэн дөрвөн асуудлыг нэрлэжээ. Манай төвийн судлаачдын үзэж байгаагаар судалгаанд оролцсон иргэд өнөөгийн нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг онож тодорхойлжээ гэж үзэж байна.

Нэг. Өнөөгийн монголын нийгмийн улс төрийн дампуурал, эдийн засгийн хямрал, ардчилалын үзэл санааны гажуудал нь эцсийн эцэст эрх баригч улс төрчид, намуудын ёс суртахууны итгэл үнэмшил, үнэлэмж, хариуцлагын хоцрогдлоос үүдэлтэй байна.

Хоёр. Улс төрчдийн сонгуудийн амлалт, өөрсдийнхөө үйл ажиллагааг зөвтгөсөн олон мэдэгдэл, бодлого, үйл ажиллагаа, ёс суртахууны хариуцлагад итгэхээ байсан олон түмэн ойрын үед монгол улс хөгжил дэвшлийн шинэ замд орж, аж амьдралаа дээшлэнэ гэдэгт нэгэнт итгэхээ  больжээ.

Гурав. Хүн ард ялангуяа төр засгийн дээд, дунд шатны шийдвэр гаргах эрх мэдэл бүхий эрхмүүдэд ардчилалын үнэт зүйлсийг эрхэмлэсэн ёс суртахууны үнэлэмж төлөвшүүлэхгүйгээр нийгмийн дэвшилтэд өөрчлөлт хийх үзэл санааг хэрэгжүүлж болохгүй юм байна.

Б.ГАЛИНДЭВ

ОТИС-ийн багш, философийн ухааны доктор (Ph.D), профессор

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй