Хорьдугаар зуунд “харшилтай” монгол төр

2016-05-06

Орчин үед харшил гэж үхүүлдэг ч үгүй, сэхүүлдэг ч үгүй нэг айхтар өвчин гарч, амьтан хүнийг ханиалгуулж, хахаж цацуулж, нус нулимстай нь хутгах болсон.  Ургамлын, тоос шорооны, хоол хүнсний, химийн бодисын  гээд олон янзын харшил байдаг бололтой.  Ингэж сонссоноос биш, төр улс өнгөрсөн түүхийн аль нэг үед харшилтай болох, тэр тусмаа бүхэл бүтэн зууныг  шүд зуун занаж зүхэж, яс нь янгинаж өвчилдөг харшил байдаг гэж дуулаагүй санагдана. Учир нь түүхийн гэгээн, бараан аль ч  үйл явдал  тухайн цагтаа өөрөөр байж болохгүй байсан учраас л болж өнгөрсөн байдаг. Түүнийг харааж зүхэх хэрэггүй гэдэг.  Тиймээс ч өнгөрсөн түүхийн араас шороо цацаж болдоггүй гэсэн үг гарсан байх.

Гэтэл ардчилсан гэгдэх манай төр засгийн эрх баригчид хорьдугаар зуун гэхээр л толгойтой үс нь босч, хамаг бие нь шархираад,  гэрэл гэгээтэй болгоныг нь хорхойтой шүднийхээ завсраар сийгүүлсэн нянтай шүлсээр будацгаадаг болчихож. Энэ нь тэрхүү улс төрөөр өвчлөгсдийн харшил өвчний шинж  аж. Тэд яагаад хорьдугаар зуунд харшилтай болчихсоныг та бодож олох гэж тархиа гашилгах хэрэггүй. Учир нь хариулт нь маш энгийн. Цагаан морин жилийн хувьсгалаас хойш буй болсон энэ өвчин өнөөдөр улам гаарсан нь ч бас учиртай. “Морин дэл дээр давхиж дэлхийн талыг эзлэх амархан, мориноосоо бууж улс төрийг төвхнүүлэх  хэцүү” гэдэгчлэн Сүхийн талбай дээр хөлөө жийж хэвтээд төрийн эрхийг авах амархан, харин Сүхийн талбайгаас босоод ардчиллыг тогтоох амаргүй байсан нь мэдээж. Тиймээс  ч ардчилагчид маань хоёр удаа засгийн эрх барихдаа зургаан удаа огцорч, адаг сүүлд нь улс орныг өрийн тантан болгож, ард олныг айдас хүйдэст автуулсан хэрэг. Ёстой л “аав муу айлын там, төр муу түмний там” гэгч Улс төрийг тохинуулах мэдлэг туршлагагүй залуу удирдагчид маань ”хүүхэлдэй хүн болж бүжиглэнэ, салбадай сайд болж жүжиглэнэ” гэгчийн үлгэрээр барьц алдаж, балгаа тарьж явахад мөнөөх хорьдугаар зуун  гэгч гайхал тэдэнд гай  түйтгэр болоод амар заяа үзүүлэхгүй байгаа. Учир нь тэрхүү хорьдугаар зууны Монголчууд мянган жилийн турш хүрээгүй хөгжлийг ганцхан зуунд цогцлуулчихсан юм. Энэ зуун жилд Монгол орон Манжийн хоёр зуун хорь гаруй жилийн дарлалыг таягдан хаяж чадсан. Нэгэн найрагчийн бичсэнээр “улаан цулгуй элс, утаатай хар навтас” болчихсон улс орныг үйлдвэр завод сүндэрлэж, соёл боловсрол цэцэглэсэн орчин үеийн улс болгож чадсан юм. Улс орныхоо мал сүргийг ям бурзеллёзоос, хүн ардыг яр тэмбүүнээс нь салгаж чадсан юм. Нөхөн үржихүйд нь аюулт өвчин заналхийлж байсан таван зуун мянган хүнийг хоёр сая болгож, байгалийн гамшигт нэрвэгдэмтгий арван хэдэн сая малыг гучин саяд хүргэж, үүлдэр угсааг нь шинжлэх ухааны үндэстэйгээр сайжруулж чадсан юм. Хэзээнээсээ Хятадын нэг муж гэж харагддаг байсан Монгол орныг Нэгдсэн Үндэстний Байгууллага хэмээх дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн  болгож, даян дэлхийн хүн ардад таниулж чадсан юм болж байгаа нь энэ.

Энэ бүхнийг бүтээж цогцлуулж явсан ахмад үе, ард түмэн, тэдний үр сад ажил төрөлтэй, амьдралдаа санаа зовох юмгүй байсан үеэ дурсан санагалзах нь аргагүй. Энэ санаашралын буруутан нь мөнөөх гайтай хорьдугаар зуун. Яагаад гэвэл тэр бүхэн хорьдугаар зуунд цогцолсон. Тиймээс түүнийг түүхийн хуудас, нийгмийн ой санамжаас авч хаях хэрэгтэй, өлсөж ядарсан жирийн ардыг өмнө тийм байсан гэж   харьцуулж бодох дурсамжгүй болгох нэн шаардлагатай. Хуучныг ул, шинийг зул болгох гэж зорьж яваа улс төрчдийн хувьд энэ буруу зүйл биш. Ийм учраас хорьдугаар зуун тэдэнд нүдэнд орсон өргөс, шүдэнд орсон мах болоод байгаа хэрэг.  

Ардчиллыг бэхжүүлэх тэдний төлөвлөгөө хоёр зүйлд чиглэдэг. Түүний нэгийг гардан хийдэг, нөгөөг нь зөвхөн мөрөөддөг. Гардан хийдэг нь хорьдугаар зуунд буй болсон бүхнийг нурааж, дурсгалтай болгоныг нийгмийн ой санамжаас арчих. Энэ тухайд “Өмнөхөө нураадгийг нь өөрчлөн байгуулалт гэнэ, үнэгүй тараадгийг нь өмч хувьчлал гэнэ” гэж энэ төрд   нэр нөлөөтэй нэгэн эрхэм хүртэл хэлж орхисон байдаг. Үнэхээр тийм. Өмч хувьчлал нэрээр өнгөтэй өөдтэй бүхнийг нь эрх мэдэлтэй цөөн хүн хуваагаад авчихсан. Тэд хагартлаа баяжсан ч хөлсний хөдөлмөрчдийг хямд үнээр мөлжихийг бодохоос биш, хөөрхий ядуусыг яана даа гэж өрөвдөх нь  үгүй. Нийгэмд эргэлт гаргасан бужигнаанд төөрч будилаад толгойны нь эргээ гараагүй байсан, дээрээс нь ямар ч мэдээлэлгүй ард түмнийг хуурч хэдэн ягаан, цэнхэр цаас атгуулаад “социалист” гэгдэж байсан хамаг өмчийг хаман авч хагартлаа баяжсан. Тэр олигархиуд  төрийн толгойд гарч суучихаад эцэг өвгөд минь хэдэн үеийн туршид харийнхнаас харамлаж, хав дарж ирсэн газрын хэвлийн баялгийг гадаадын хөрөнгөтнүүдэд үнэгүй шахам өгч, шанд нь хүртсэн сая сая долларыг бохир мөнгө хадгалдаг харийн дансанд хийчихээд тив, улс дамжин тансаглаж яваа.

Ардчилсан улс төрчдийн хорьдугаар зуунд цанхаалдаг зарим өвчнийг дурдъя. Ойрын хэдэн жилээс Ардын хувьсгалын баяр наадмын үеэр ”Тулгар төр байгуулагдсаны”, “Их Монгол улс байгуулагдсаны” гэх мэт данхар хаягийг өмнөө барьж, өндөр дуугаар  зарлах болсныг ард иргэд бүгд мэддэг болсон. Жил бүрийн 7 дугаар сарын 11-нд болдог их баяр бол 1921 оны Үндэсний Ардчилсан Хувьсгал ялсан өдөр.  Тулгар төр үүссэн, Их Монгол улс байгуулагдсан өдрүүдийн аль нь ч биш билээ. Ингэж байгаагийн учрыг эрх баригчдаас асуувал “олон ойг хамтатган тэмдэглэдэг болсон” гэх байх. Гэвч цаад талд нь  хэдэн зуу, мянган жилийн өмнө болсон үйл явдалд дулдуйдан үнэ цэнийг буруулах бүрхэгдүүлж өдгөө дургүйд хүчгүй гэгчээр сулхан дуугарч байгаа “Ардын хувьсгал” гэдэг үгийг авч хаях гэсэн далд муу санаа явж байгаа нь тодорхой билээ. Харшдаг өвчин үүгээр дуусахгүй. Хоёр жилийн өмнө Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэх болсон. Мөнөөх хорьдугаар зууны их үсрэлтийн эх үндсийг тавьсан Ардын хувьсгалын удирдагчийг ард түмэн хүндэтгээд, гавьяа зүтгэлийг нь дурссаар байгаад нүд нь хорссон хэрэг. Шуудхан хэлэхэд  Д.Сүхбаатар гэдэг нэрийг өөрийн эрхгүй хэлүүлээд байгаа тэр объектийг нь үгүй хийж байгаа хэрэг. Тэрхүү цадиггүй шийдвэрийг ард иргэдээсээ эхлээд эрдэмтэн мэргэд нь хүртэл эсэргүүцэж бичиг сачиг илгээж, хэвлэл мэдээллээр шүүмжилсэн боловч “ардчилсан”  нэртэй дүлий төрийн чихийг цохиогүй юм.

Цадиггүй үйлдэл цааш гүнзгийрч сүүлдээ бүр аймгийн төвийг хүртэл Чингисийн нэрээр нэрлэх болсон нь зүгээр л хийрхэл юм. Улс үндэстнүүд ард түмний бахархал болсон хүнийхээ нэрийг гадаадын хүн хамгийн түрүүнд  хөл тавьдаг нисэх буудал  мэт нэг л газарт өгсөн байдаг. Гэтэл олон жилийн туршид бичиг түүхэнд тэмдэглэж, хүн ард нь хэлээд хэрэглээд хэвшчихсэн нэг аймгийн төвийн нэрийг өөрчиллөө гээд юу хожив? Түүний оронд үнэхээр Чингист хайртай л юм бол амьдралын дайсан архинаас эхлээд тамхины үнсний саван дээр хүртэл зурж дүрслээд байгаа зохисгүй явдалтай тэмцэх нь яасан юм бол. Нэлээд сүүлийн жишээ Монгол бахархлын өдөр гэгчийг гаргаж ирсэн явдал. Энэ нь бас л хорьдугаар зууны эхэнд гарсан Үндэсний эрх чөлөөний хувьсгал, түүнийг цаашид төгөлдөржүүлж Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Монгол улсыг тунхагласан түүхэн үйл явдлуудыг чадвал баллуурдах, эс чадвал бүрхэгдүүлэх гэсэн хорон санаа. Харших өвчин эцсийн хүнд шатандаа орсныг гэрчлэх бас нэг синдром саяхан илэрсэн нь Монгол Ардын Нам байгуулагдсан өдрийг зориуд сонгож “АСЕМ-ийн өдөр” гэгчийг гаргаж ирсэн явдал. ”Ууланд буга урамдахад талд илжиг жороолов” гэгчийн үлгэрээр  төр улсаа засаж, засаглаж чадахгүй байж тив дэлхий дамнасан нэг хурлын өдрийг тэмдэглэх юм гэнэ.  Ёстой л “шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг хөөрцөглөж байгаа хэрэг гэхээс өөрөөр юу гэх билээ!

Ард иргэдийн гайхлыг төрүүлсэн, ажил хэрэгт ямар ч ашиггүй энэ мэт шийдвэрүүд нь мөнөөх хорьдугаар зуунд харшлах өвчний уршиг мөнөөс мөн. Өнгөрсөн зууны ололт амжилттай барьцаж, түүнийг харааж зүхэж суухын оронд улс орноо буруу удирдаж чадахгүй өрийн барьцаанд оруулсан гэмээ мэдэж, алдсаа ариутгадаг ч болоосой.  

                                                                                                                        Н. Ариунзаяа

 

           

 

                                                                                                                                                 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй