2016-02-24
150 гаруй өгүүлэг, тууж бичиж Японы үндэсний уран зохиолын өгүүллэг,
туужийн хаан хэмээн алдарших ахуйдаа ердөө л 35-хан насалсан Акутагава Рюүносүкэ-тай(1892-1927) монголын уншигчид танилцах болов.
Энэ эрхэм зохиолчийн зарим өгүүллэг, туужуудийг Д.Төмөрбаатар нарын орчуулагчид эх хэлнээ буулгаж “Японы шилдэг тууж, өгүүллэгийн түүвэр”, “Намрын уулс” гэсэн тусгай номууд хэвлүүлжээ. Мөн зарим өгүүллэг туужуудыг нь ч залуу орчуулагчид хөрвүүлсэн байна. Буддын шашин, түүний зэн хувилбар, өөрсдийнх нь уламжлалт Шинто, самурайн ёс дэг Япон хүний оюун санаа, ертөнц үзэхүйд том байр эзэлдэг. “Нэгэн хэмээр зогсоо зайгүй зүсрэх хүйтэн бороо зогсохын хүлээсэн нэгэн зарц Рашёомон хаалганы дор бөмбөгнөтөл чичрэн сууна” Ийнхүү Акүтагава-гийн Рашёомон өгүүллэг эхэлдэг.
Өвчин зовлон, газар хөдлөлт, хар салхи, өлсгөлөн гуйланчлалд хайр найргүй балбуулсан Кёото хотынхон ядууралын туйлыг амсч, амьд үлдэж үйл лайгаа эдлэх хувь тохиосон нэг нь сайн сайхан амьдралын тухай бус харин эцэс төгсгөлгүй үргэлжлэх зовлонт хоногуудыг яаж шүү тэсч өнгөрөөх тухайгаа л бодож арга эв хайдаг болсон хэцүү цаг байлаа. Хотынхны ариун шүтээн, бэлгэдэл байсан Рашёомон цамхаг ч урьд өмнөх эрхэмлэлээ аль хэдийн алдаж, орон гэргүй тэнүүл ядуусыг турж эцээд, тартагтай тулж амьгалаа хураахаар нь авчирч оршуулдаг газар болж хувирав.
“Ингэж...гөлөрч суугаад, суугаад яах вэ? Ямар нэг арга бодъё” гээд өлбөрч үхсэн хойно нь энэ цамхагийн дээд давхарт байгаа үхдэлүүдийн дунд хаягдах ганц л зам”тай болсон зарц дээш гардаг шат руу зүглэв. Цамхагийн дээвэр дээр зөвхөн үхдэлүүд л байгаа гэж хатуу итгэсэн хөөрхий зарц “хувцастай, хувцасгүй, нүцгэн шалдан, эрэгтэй эмэгтэй, гараа алдалж амаа ангайсан шавар хүүхэлдэйнүүд шиг овоолж хаясан.. үхдэлүүдийн дунд явган сууж гартаа барьсан бамбараа нааш цааш хөдөлгөн ямар нэг зүйл хийж байгаа туранхай буурал эмгэн байхыг олж хараад агдгасхийн цочиж, ухаан санаа нь балартдав. Хөөрхий эмгэн амьд ахуйдаа могойн хайрс шарж “хатаасан загас” хэмээн харуулуудад зарж амь зогоодог байсан нэгэн урт үстэй,туранхай эмэгтэйн шарилын өмнө суучихсан үсийг нь зулгааж эхэлдэг. Хиймэл үс хийж, түүнээ зарж амь зуудаг бас л нэг эцэстээ тултал ядарсан нэгэнтээ ядуу зарц ийн тулгарав. “Хэрэв би чамайг дээрэмдвэл намайг битгий буруутгаарай. Би ч гэсэн бас өлсөж үхэх аюулд тулаад байна. Мэдэж байна уу гэж хашгираад, айж гайхсан эмгэний кимоног хуу татан авлаа” (Японы шилдэг тууж, өгүүллэгийн түүвэр.УБ.2010.х116) Кёото хотод тохиолдсон өлсгөлөн гуйланчлалаас болж илүү зардал гаргаж зарц тэжээх чадал чинээгүй болсон эзнээсээ хөөгдсөн ядуу зарц, амь зогоохын эрхээр үхдэлүүдийн үс зулгааж суугаа эмгэн хоёрыг хэн хэн нь өлбөрч үхдэгийн даваан дээр Рашёомон цамхагт үйлийн үрээр учруулж өлсөж ядарсан ч арай хүч чадалтай нэг нь нөгөөгөө дээрэмдэхэд хүргэдэг. Хүний“хүн чанар”,“айдас”,“ичгүүр”т хязгаар байдаг юм байна.
Энэ өгүүллэгийн философи ердөө л энэ гэж үү? Р.Акүтагава-гийн “Өргөмөл хүү” өгүүллэгийг дахин дахин уншмаар...Шингёожи сүмийн өвгөн хамбад харуул нь “үүдэнд өлгийтэй хүү байгааг ирж хэлэхэд бурхан багшийн өмнө залбирч зогссон хамба эргэж ч харалгүй “Тийм үү Наашаа аваад ир” гэж ажиг ч үгүй” хэлснээр эцэг эх нь хаяад явсан жаал хүү өрөвч зөөлөн сэтгэл, нигүүлсэлээс өөр атгаг санаа, сэжиг таамаггүй болтлоо гэгээрсэн өвгөн хамбын хайр эвээлд бүүвэйлүүлэн өсч өндийх хувь тохиодог. Шохойчин байснаа өндөр тавцангаас унаж ухаан алдсанаасаа хойш гэнэт бодь сэтгэлээ хөгжүүлэх хүсэл төрж огцом түргэн зангаа ариусган засч сүмийн хамба болсон түүхтэй Ниссоо азаар ч юм уу учирсан хүүдээ Юүноскэ гэсэн нэр хайрлажээ. Юүноскэг гурван настай байхад нь оо энгэсэгэндээ нүүр зүсээ түлсэн нэг хүүхэн хүүгийн ээж нь би байна, одоо хүүгээ авья гэсээр ирсэн ч хамба зальт хүүхний үг бүрийг цэнэж үзээд хуурамч нэгэн болохыг нь мэдэж хөөж явуулдаг. Амьдрахын эрхээр Токио хотоос харанхуй шөнөөр дайжин алс бөглүү тосгонд очиж нөхөртэйгээ жижиг дэлгүүр эрхэлж, ээрмэл нэхэж, банкинд хэд гурван хадгаламтай ч болж амьдрал нь одоо л нэг зөв харж инээмсэглэх нь үү гэтэл нөхөр нь хижиг өвчнөөр үхэж, эрүүл саруул өсч торниж байсан хөөрхөн хүү нь нөхөрөөс нь хойш зуу ч хонолгүй улаан суулга өвчнөөр амьсгал хурааснаас болж энэлэл зовлонд унасан эмэгтэй Ниссоо хамбын өрөөнд орж ирлээ. 35.36 орчим насны боловсон байрын энэ эмэгтэй хамбад шууд л би энэ хүүгийн ээж нь байна гэж хэлдэг. Эмэгтэйн төв түвшин яриа, намба төрхөд итгэсэн хамба улаан нялзрай байхаас нь өдий 6,7-н настай болтол өсгөсөн Юүноскэ хүүгээ хатуу ширүүн амьдралын харгуйд тэнцэж босох гэж зүтгэж чармайж яваа энэ бүсгүйд өгчээ. Хүний энэрч өрөвдөхүй сэтгэл, хүн чанарт бас л хязгаар байдаггүй юм шиг санагдана. Акүтагавагийн “Ширэнгэн ойд” өгүүллэг ойд гарсан хүн амны хэргийн талаар түлээчин, явуулын гэлэн, харуул, алагдсан хүний хадам ээж, зартай дээрэмчин Тадзёмару, алагдсан нөхрийн эхнэр болон алагдсан хүний сүнсний байцаагчид өгсөн мэдүүлэгүүдээр өрнөдөг. Дээрэмчин Тадзёмару ойн захаар зугаалж явсан морьтон эхнэр, нөхөр хоёрыг хуурч ойн гүнд аваачаад эхнэрийг нөхрийнх нь нүдэн дээр хүчирхчихээд нөхөртэй нь сэлмээр тулалдаж ам насыг нь хөнөөсөн гэж бардам ихэрхүү мэдүүлэг өгдөг бол эр нөхрийнхөө нүдэн дээр дээрэмчинд хүчирхийлүүлчихээд амьд явахад орвол нөхрөө алчихаад өөрийгөө хөнөөе гэж бодоод хайртай хүнийхээ чээжинд гинжаал зоочихсон гэж эмэгтэй мэдүүлсэн. Харин бүх мэдүүлэгийн дараа нөхрийнх нь сүнс эхнэрээ дээрэмчинд итгэж байгааг нь бодохоор амьд явах нь учир утгагүй бодогдоод өөрийгөө хөнөөсөн гэдэг. Өгүүллэгийн үйл явдал ингээд л төгсдөг. Мөрдөн байцаагч тэдний хэнд нь итгэж ял оноосон нь уншигч бидэнд огт хамаагүй харин хувь хүн бүрийн ёс суртахууны байр, суурь, нэр төрийнхөө төлөө юу ч хийхээс үл буцах зориг, тэвчээр, итгэл үнэмшилтэй байгаа нь гайхралд оруулдаг. Цагаа тулахаар хүн бас л санаанд багтмааргүй харгис хэрцгий авирлаж, ичгүүр сонжуургүй аашилж чадах аж.
Философийн ухааны доктор(PhD) Б.Галиндэв
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд