Феминизмийн давалгаа ба эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл

2015-11-11

Эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал харьцангуй хожуу үед буюу XIX зууны эхэн үеэс эхлэлтэй юм. Чухам энэ үеэс эмэгтэйчүүд  нийгмийн амьдралд татагдан орох эхлэл тавигдсан байдаг. Энэ үед эрэгтэй эмэгтэй хүйсийн тэгш байдлын тухай нийгмийн шинэ онол  феминизмын үзэл санаа бий болж эмэгтэйчүүд эдийн засаг, нийгмийн амьдралд тэгш оролцох суурь тавигдсан байна.

 

Феминист үзэл нь эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх улс төр ба эрх зүйн нөхцөл бололцоо олгохыг шаарддаг.  Феминизмийн онол сургаал нь харьцангуй хожим үүссэн гэдэг нь эмэгтэйчүүдийг анхаарч авч үзсэн улс төрийн сургаал номлол XV-р зуун хүртэл байгаагүйтэй холбоотой. Улс орноо удирдаж байсан эмэгтэйчүүд түүхэн тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь  угсаа залгамжлах ёсонд суурилсан байснаас хэтэрсэнгүй.

          Феминизм гэдэг үгийг Кэмбриж болон Вебстерийн толь бичигт “Эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгмийн тэгш эрхийн хамгаалах, түүнийг бий болгоход чиглэгдсэн үзэл санаа болон  хөдөлгөөнүүдийн нийлбэр цогц юм” гэжээ.  Үүнд мөн эмэгтэйчүүдийн боловсрол эзэмжих болон ажил эрхлэлтийн тэгш бололцоо хамаарна.  Феминизм гэсэн нэр томьёо 1890-ээд оноос Франц хэлнээс Англи хэлэнд орчуулагагүйгээр шууд хэрэглэгдсэн байна. Өнөөдөр феминизм нь нэг талаас эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх хөдөлгөөн, нөгөө талаас улс төрийн үзэл онол, мөн нийгмийн шинжлэх ухааны арга зүйн хандлага гэдэг утгаар хэрэглэгдэж байна. 

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх үзэл санаа бэхжин тогтож АНУ болон Европд феминизм зэрэгцэн хөгжиж голчлон олон нийтийг хамарсан хөдөлгөөний шинж чанартайгаар XX зууны эхний хагас хүртэл үргэлжилжээ. XIX-р зууны эцэс гэхэд эмэгтэйчүүд гэр бүлийн хувьд өмчийн эрхтэй, хүүхдээ асран халамжлахад нь зориулагдсан нийгмийн бодлоготой, биеийн хүчирхийлэлийн хувьд хамгаалагдсан, нөхрөөсөө салах эрхтэй болсон байсан боловч нөхөр нь эхнэрээ хүчирхийлэх бүхий л хэлбэр нь хуулиар хориглогдоогүй байсан юм. Боловсрол эзэмших эрхийг хүлээн зөвшөөрсөн ч эрчүүдийн адил дээд боловсрол эзэмших эрхтэй болж чадаагүй.  Харин чухам энэ үед эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөөх хөдөлгөөн үүсэн бий болжээ.

АНУ-ын феминизмийн эхний давалгаа дараах байдлаар Европын феминизмээс ялгардаг.

  1. Өргөн цар хүрээ бүхий хөдөлгөөний шинж чанартай.
  2. Дараа үеийнхээ феминист хөдөлгөөнийг бэхжилтэд шууд нөлөөлсөн шинжтэй байв.

АНУ дахь феминизмийн эхний давалгааны эхэн үеийн онцлог нь феминист хөдөлгөөн болон феминизмийн онол нэг утгатай байсанд оршино.Эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь, үүрэг болон хүйсийн ялгаатай байдлыг өөрчлөн шинэчэлэхээр феминист хөдөлгөөн өрнөж байсан байдаг. Энэ үед мөн өнгөт арьст эмэгтэйчүүд болон ажилчин ангийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай анхны үзэл санаа үүсэн бий болж 1868 он гэхэд эмэгтэйчүүдийн асуудлаар тусгайлан ажиллах үйлдвэрчний эвлэл байгуулагдсан юм. Хэдий тийм боловч феминизмийн эхний давалгааны үед эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал зөвхөн цагаан арьстай, боловсролтой, дундаж давхаргын эмэгтэйчүүдэд л хамаарагдаж байлаа. 1848 онд Нью-Йорк хотноо 300 төлөөлөгчид Сенека Фаллын конвенцийг баталсан юм. Энэ үеээс АНУ-д эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг төлөөх хүчтэй тэмцэл өрнөж эхэлсэн гэж үзэж болно. Энэ конвенцид эмэгтэйчүүдийн тэгш эрх болон улс төрийн тэгш оролцооны тухай анхлан тусгах асуудлыг санаачлан амжилтад хүрсэн байна.

Английн эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөө тэмцэгч Миллисент Гаррет Павсетт (1847-1929) 1919 он хүртэл Их Британи дахь “Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөөх нийгэмлэг”-ийг удирдаж байсан бөгөөд Миллийн адил утлитари хандлагаар  “Common Cause” өгүүлэлээ бичсэн бөгөөд тухайн өгүүлэлдээ “Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг олж авах нь эрчүүдийн хувьд улс төрийн аливаа асуудлыг эмэгтэйчүүд, хүүхдүүдийн байр сууринаас харахад туслана.” гэжээ. Англид эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг эрчүүд ихээр эсэргүүцэж байсан бөгөөд харин эмэгтэйчүүдтэй зэрэгцэн ажиллаж байсан дундаж давхрагын эрчүүдийн санаа бодол удалгүй өөрчлөгдөж анги давхарга дээр суурилан нийгмийн зарим хэсэг эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хүлээн зөвшөөрөх болсон байна.

            Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг тухайн үед нийгэмд хамгийн “эмэгтэйлэг бус эмэгтэйчүүд” гэж үзэж байсан бөгөөд нийгмийн чиглүүлэгч нь хэзээ ч эмэгтэй хүн байж таарахгүй гэсэн тогтсон үзлийн эсрэг тэмцэлд нь ямагт эсэргүүцэн хандаж байлаа. Энэ үед гэрийн ажил бол зөвхөн эмэгтэй хүний ажил гэсэн үзэл санаа дэлхий даяар тогтож байлаа.  Феминизмийн хөдөлгөөн эмэгтэйчүүдийг үг хэлж үзэл санаагаа илэрхийлэх боломж олгож, ингэснээр удирдагч эмэгтэйчүүдийн шинж чанар бий болжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн биологийн сул талуудыг үгүйсгэх үндэслэл гарч ирэх эхлэл болжээ. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүд хэдийгээр өөр өөр биеийн бүтэцтэй боловч нийгэмд эзлэх байр суурь үүнээс хамаарах ёсгүй юм.

            Эмэгтэйчүүд улс төрийн амьдралд оролцсоноор  гэрийн эзэгтэй нарын болон хүүхдээ асран хамгаалж байгаа эмэгтэйчүүдийн нөхцөл байдал мөн сайжирах бөгөөд эмэгтэйчүүд нийгмийн баялаг бүтээхэд нөлөө үзүүлэнэ. Нэн ялангуяа эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсоноор  эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал мэдэгдэхүйц сайжирч, ардчиллын зарчмууд бүрэн биелэх бололцоо бүрэлдэх юм.  Үүнд хүрэх цорын ганц арга зам бол эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулсан хууль юм.  Хууль нь утгаа эмэгтэй хүнд эс үйлчилбээс бүгдэд үйлчлэхгүй гэсэн үг гэж анхны феминист даваалгааны тэмцэгчид үзэж байв.

            Эмэгтэй хүний биологийн ялгаа нийгмийн болон жендэрийн байр суурьт нөлөөлөх ёсгүй  ба  хэдийгээр хүйсийн ялгаатай байдал нь гарцаагүй боловч улс төрийн болон нийгмийн амьдралын үйл явцад оролцох ялгаатай байдлын шалтгаан гэж үзэж болохгүй юм.  Улс төрийн хувьд феминизм эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүд ижил тэгш эрхтэй гэсэн гол зарчимтай бөгөөд эрэгтэйчүүдэд байгаа өрсөлдөх чадвар, эрх мэдэл, тэдэнд давуу олгогддог мэдээллийг эмэгтэйчүүдэд тэгш нөөцтэйгөөр өгөх учиртай  гэдэг үзэл гарч цаашид тэгш бололцооны феминизм гэж нэрлэгдэх болсон юм.          

Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн улс бол өрнөдийн орнуудаас Шинэ Зеланд бөгөөд 1894 онд анх энэ эрхийг хуульчилсан байдаг. Үүний дараахан Австрали, Европд Финланд, Норвеги 1914 он гэхэд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хүлээн зөвшөөрсөн байлаа. Ихэнх улс  орнууд дэлхийн 2-р дайны дараа эмэгтэйчүүдийн сонгох эрхийг хүлээн зөвшөөрсөн. Харин Их Британид 1918 онд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хязгаартайгаар баталсан бөгөөд их сургууль төгссөн, орон нутагтаа татвар төлөгч, эсвэл татвар төлөлгчийн эхнэр, 30 нас хүрсэн эмэгтэй санал өгч болно гэж хуульчилжээ. Энэ нь насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 50 хүрэхгүй хувь нь болж байжээ. Харин АНУ-ын хувьд 1920 онд 19-р нэмэлт өөрчлөлтөөр АНУ-д эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг тунхагласан юм. Улс орон бүрт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, улс төрийн нөлөөлөл харилцан адилгүй байсан нь тухайн улсад байгаа уламжлал, феминист хөдөлгөөний нөлөөллөөс ихээхэн хамаарсан байна.

 АНУ болон Их Британийн арал дээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан хөдөлгөөнүүд үүсэн бий болж улс төрийн эрх, өмчийн эрх, боловсрол олж авах бололцоог эмэгтэйчүүдэд олгохыг шаардаж тодорхой амжилтад хүрсэн байна.  Энэ үед Их Британид “Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөөх нийгэмлэг”, АНУ-д “Үндэсний эмэгтэйчүүдийн нам”, “Нэгдсэн улсын эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн ассиоцаци” байгуулагдсан. Энэ нь эмэгтэйчүүд феминизмийн I давалгааны хугацаанд эрхийн төлөөх тэмцэлдээ тодорхой амжилт гаргаад зогсохгүй эмэгтэйчүүдийн хөдөлгөөн институтжиж эхлэсэн гэж дүгнэхэд хүргэнэ.

1945 он гэхэд эмэгтэйчүүд барууны ертөнцийн ихэнх орнуудад улс төрийн эрхээ баталгаажуулж эрэгтэйчүүдтэй ижил тэгш боломжтой болжээ. Франц хэдийгээр феминизмийн үзэл санаа анхлан бий болсон улс орнуудын тоонд орж байсан ч 1944 онд л эмэгтэйчүүдийн  улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрчээ. Нийгмийн бодлогод ихээхэн анхаардаг бүх нийтийн сайн сайхны төр үүсэн бий болж, энэ хандлага баруун европын улс орнуудад дэлгэрчээ. Их Британи 1942 онд Бевриджийн тайлан гэх баримт бичгээр 2 ба түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүүдэд төрөөс халамжийн мөнгө олгож байхаар шийдвэрлэсэн байдаг. Ихэнх улс орнууд өндөр насны тэтгэвэр, эрүүл мэнд, боловсролын хүртээмжээр нийгмийн бодлогыг хүртээмжтэй болгож байлаа. Дайн үед эмэгтэйчүүд нийгмийн бүхий л салбарт ажиллах болж, дээд шатны албан тушаалуудыг мөн хаших болжээ. Гэсэн хэдий ч энэ нь дайны дараах хандлагыг өөрчилсөнгүй, эмэгтэйчүүдийн байр суурь дахин эрчүүдийнхээс доогуур тооцогдох болж ажил эрхлэдэг эхнэрүүдийн тоо нэмэгджээ. Энэ хугацаанд феминист хөдөлгөөнүүдийн эрчим суларсан байдаг. 1950-1970 оны хооронд феминизмийн тухай Симон ДеБоувэрийн “Дайвар хүйстэн”-ээс өөр доривтой бүтээл гараагүй юм.

1970 оны эхээр Кэйти Миллетийн “Хүйсийн улс төр” бүтээл хэвлэгдсэн. Кэйти Миллетийн “Хүйсийн улстөр” бүтээлийн 2-р бүлэгт феминист сургаалийн эцгийн эрхт ёсны гол концепци тусгагдсан гэж үздэг.  Эцгийн эрхт ёсны тухай асуудал нь улс төрийн шинжлэх ухааны салбарт шинэ ойлголт огт биш боловч Кэйти үүнийг феминизмийн хандлагаар тайлбарласанаараа онцлог юм. Тэрээр эцгийн эрхт ёсыг 2 үндсэн зарчимтай гэж үзээд “Нэгд, эрэгтэй хүн эмэгтэй хүнийг захирана. Хоёрт, эрчүүд насны ялгаанаасаа хамаарч бие биедээ захирагдана.” гэж тодорхойлсон байна. Үүгээрээ тэрээр нийгмийн харилцаа болон гэр бүлийн харилцаанд эрэгтэй хүн давамгай эрхтэй болохыг илэрхийлж харин эмэгтэй хүн дагавар, туслах үүрэгтэйг харуулахаар зорьжээ. Тэрээр нийгмийн бүхий л харилцаа засаглал дээр үндэслэдэг бөгөөд тэр засаглалын эрх мэдэл нь эрчүүдэд хамаарагдаж байна гэж үзжээ. Тэрээр эмэгтэй хүний хүйсийн онцлог нь гэрлэлт болон эх болох үүрэгтэй нь ямар ч хамааралгүй гэж үзэв.  1960 он гэхэд АНУ-д үр хөндөлтөөс болсон эхийн эндэгдэл буураагүй бөгөөд энэтхэгийн нөхөртэй нь хамт оршуулдаг уламжлал, хятадад охидын хөлийн хатааж боох уламжлал, африкийн охидын бэлгэ эрхтэнийг зэрэмдэглэх ёслол зэрэг нь түүхийн хугацаан дахь эрэгтэйчүүдийн хүмүүнлэг бус үйлийн илрэл юм. Бүхий л эцгийн эрхт ёс давамгайлж ирсэн нийгэмд эмэгтэйчүүд хүчирхийлэл, бэлгийн дарамтад амьдарсаар ирсэн. Хэдийгээр байгалийн хүчин зүйл болон хөдөлмөрийн хуваарийг үгүйсгээгүй боловч эрх мэдлийн хуваарилалт өнөөдөр ч эрэгтэйчүүдийн давамгайлалд байгааг тэрээр онцгойлон авч үзсэн байна.

Кэйти Миллет “эрэгтэй хүйсийн давамгайлал засгийн эрх мэдэлд ноёрхож байгаа цагт хүйсийн зөрчил, дарангуйлал байсаар байна, хүн төрөлхний энэхүү 2 хүйс нь гэр бүл ба нийгмийн гэсэн хоёр хэсэгт амьдарч, засгийн эрх баригчид энэ ялгааг олон нийтэд үл мэдэгдэх зорилготой байдаг.” Тийм ч учраас радикал феминистүүд бусад феминистүүдээсээ анхлан улс төрийн тавцан дахь эмэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал,  нийгмийн болон соёлын нөлөөллийн тухай гарган тавьсан  гэж үзэж болно. Эмэгтэйчүүд улс төрийн үйл явцад оролцох нь эцгийн эрхт ёс давамгайлсан нийгэмд соёлын хүндхэн шалгуурыг давж гарах шаардлагатай болох нь гарцаагүй юм.

1980 он хүртэл эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо тэр тусмаа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нь судлаачдын огтхон ч сонирхдоггүй сэдэв байсан байна. Зөвхөн өнгөрсөн түүхийн хугацаанд түүхэн үүрэг гүйцэтгэж байсан эмэгтэйчүүдйн тухай дурьдаж байсан нь ихэвчлэн эмэгтэйчүүд нийгэмд 2-р зэргийн үүрэг гүйцэтгэж байсантай холбоотой. Феминист хөдөлгөөн идэвхижиж эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл энэ тогтсон ойлголтыг өөрчлөж, судлаачдын анхаарлыг татаж чаджээ.

1990-ээд оноос эхлэн эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай феминизмийн сургаал глобаль шинжтэй болж цар хүрээ нь өргөжиж эхэлсэн байна. Эмэгтэйчүүдийн тухай нэг улс орны эмэгтэйчүүд тэмцэх бус харин дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх болж улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг арилгах, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг нь сайжруулахад голлон анхаарах болжээ. Энэ давалгаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

 Эмэгтэйчүүдийг байгалаас төрсөн тэр хэвээр нь хүлээн зөвшөөрөх, эмэгтэйчүүдэд хандсан хавчлага дарамт агуулсан хэвшмэл ойлголтуудыг өөрчлөх гэсэн уриатай феминизмийн олон урсгал бий болжээ. Эмэгтэйчүүдийн давуу тал, нийгэм улс төрийн амьдралд нөлөөлөх цар хүрээг нь илүү өргөн хүрээтэйгээр тайлбарлах байгалийн төрөлх шинж чанарт нь нөлөөлөхгүйгээр эрхээ эдлэх, нийгэмд байр сууриа эзлэх боломж олгох нь чухал гэж үзэж байна.

 Жендэр судлаач Жудит Батлер “Жендэрийн асуудал” бүтээлдээ “Феминизмийн III давалгаа бол өмнөх үедээ тэмцэж олсон амжилтуудаа бодит амьдрал хэрэгжүүлэх үе” гэж тэмдэглэжээ. Энэ үе дэх хамгийн анхаарал татсан болон чухал үзэл бол судлаач Нира Ювал Дэвисийн “Огтлолцсон улс төрийн бодлого” гэх ойлголт юм. Тэрээр “Жендэр ба үндэстэнүүд” бүтээлээ 1997 онд хэвлүүлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн хил хязгааргүй шашин шүтлэг, ёс заншил, үндэстнүүдийн онцлог хоорондын харилцаанд тулгуурлан бүтээлээ тууривсан байна. Түүний тодорхойлж байгаа “Огтлолцсон улс төрийн бодлого” нь  өөрийн улс орны соёл, уламжлал, шашны нөлөөлөлд байгаа эмэгтэйчүүдийн үзэл санаа ч өөрчлөгдөж байгааг тэмдэглээд үүнийг  идэвхижүүлэхдээ олон улсын түвшинд хүчээр болон шууд тулгах бус ойлгуулах, тайлбарлах, нөлөөлөх ёстой үзсэн байна.

Феминизмийн давалгааг өнөөдрийг хүртэл  үргэлжилсэн байдлаар нь авч үзвэл феминизмийн үзэл санаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрх эрх чөлөөний ололтуудын үр дүн дээшлүүлэх, дэлхийн хэмжээнд ижил тэгш ажилтад хүрэхийг чухалчлан авч үзэх, эмэгтэйчүүдийн эрх өнөөдрийг хүртэл зөрчигдсөөр байгааг шийдвэрлэх эрэл хайгуул хийж байгаа үе гэж дүгнэж болох юм. Энэ давалгааны дараа эмэгтэй ба эрэгтэй хүйсийн эрх тэгш огтлолцол үүснэ гэж зарим судлаач үздэг билээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй